Ц.БАЯР
Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан заамар” компанийн уурхайд гарсан гэнэтийн ослоос болж өнөөдөр дөрвөн хүн амь насаа алдаж, хоёр хүн хүндээр бэртэж гэмтсэн. Хөрсний нуранги үүссэн энэ харамсалтай үйл явдлаас болж дөрвөн уурхайчнаа бид аварч чадаагүй. Уул уурхайн салбарт нөхөж баршгүй гарз хохирол нь нөгөө талдаа хариуцлагатай уул уурхай, хариуцлагагүй уул уурхайн ялгааг санууллаа. “Эко Алтан заамар”-т осолдсон уурхайчдад туслах хандивын аяныг эдийн засагч Л.Наранбаатар санаачлан энэ сарын 4-12-нд 33.8 сая төгрөг цуглуулж, амь насаа алдсан дөрвөн уурхайчны ар гэрт тус бүр зургаан сая төгрөг, гэмтсэн хоёр уурхайчинд тус бүр гурван төгрөгийн хандив өгөхөөр болсон байна. Түүний эхлүүлсэн санаачилгыг уул уурхайн салбарынхан ялангуяа, энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд идэвхтэй дэмжсэн байна.
Мөн АНУ, Солонгост ажиллаж, амьдарч буй монголчууд оролцжээ. Зөвхөн уул уурхайн салбар гэхгүйгээр өнөөдөр өөр салбарт ажилладаг монголчууд уг аянд нэгдсэн байна. Хандивын зорилго нь улс, өрх гэрийнхээ хүнд бэрхийг нуруун дээрээ үүрч яваа хэдэн бор уурхайчдынхаа ар гэрт хүнд үед нь сэтгэлийн дэм өгөх, туслах, хариуцлагагүй уул уурхайд ташуур өгөх, Үйлдвэрчний эвлэл, төр засаг, компани нь уурхайчдаа анхаарч хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хатуу чанд мөрддөг болоосой гэж чин сэтгэлээсээ хүссэндээ энэ ажлыг эхлүүлсэн. Би өөрөө уурхайчны хүүхэд, уурхайн тосгонд өссөн уурхайчин. Тэднийхээ ажил, амьдралын зовлонг мэднэ. Шарын гол, Шивээ-Овоо, Багануур, Оюутолгой, Энержи Ресурс, Өсөх зоос, Монполимент болон уурхайд ажилладаг найзууд маань хандаж, дэмжлээ. Та нартаа их баярлалаа. Хариуцлагагүй уул уурхайд цэг тавьцгаая. Дахин хүний амь насаар бүү төлөөс хийгээсэй. Маш хүнд, аюултай, эрсдэлтэй нөхцөлд ажилласан аврах ангийнхан, ОБЕГ-т баярлалаа” гэж “Уурхайчиддаа туслая” аянг зохион байгуулсан Л.Наранбаатар хэлж байлаа. Хандивын тайланд олон улсын Эрнэст Янг аудитын компани хяналт тавьжээ.
Эх сурвалж: www.polit.mn
“Уурхайчиддаа туслая” аянд 33.8 сая төгрөг цуглажээ
2019-03-13
Нийтэлсэн: Админ
 1 мин