Ээж бидэн хоёр

2019-03-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Х.Цэвлээгийн “Сониндумаа” номын нээлт саяхан болж,  үг хэлж, баяр хүргэсэн  хүмүүсийн дотроос сэтгүүлч, орчуулагч Б.Өвгөнхүүгийн үг содон байсан билээ. Түүний   хэлсэн “Х.Цэвлээ гуайн “Ээж бидэн хоёр” нийтлэлийг дунд сургуулийн сурах бичигт оруулъя” гэсэн санал олон хүний сэтгэлд нийцтэй сонсогдов.  Нэр заан онцолсон “Ээж бидэн хоёр”-ыг бид сониныхоо Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн дугаарт нийтлэн уншигч түмэндээ хүргэж байна.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч

Хорлоогийн ЦЭВЛЭЭ

  БЯЦХАН ҮҮТГЭЛ   Хэрвээ түүхэн зайлшгүйн мөрөөр мөшгөж бодвоос  манай тооллын XII  зууны дундуур  Өгэлүн хэмээх ээж нь төрөөгүй юмсан бол  1162 онд Тэмүжин –Чингрис мэндлэхгүй л өнгөрөх  байсан биз ээ. Хэрэвхүйеэ Тэмүүжин-Чингис нь төрөөгүй  юмсан бол    Их монгол гэдэг     барагдашгүй баян  тансаг  гүрэн улс дэлхийг донсолгох нь   бүү хэл өөрөө байгуулагдахгүй байх   байсан. Хэрвээ Их монгол улс гэж буй болоогүй  юмсан бол  найман зууны  дараах өнөөгийн бидний энэхүү ардчилсан МонголУулс  бас байхгүй л  байх  юмсан уу? Энэ цагийн Монгол эх орны хамаг л сайн  сайхан, саруул гэгээн  хэрэг явдлын үр үндэс Өгэлүн хатан тэргүүт монгол ээж нар биенээсээ бие, аминаасаа амь,  сэтгэлээсээ сэтгэл  таслан өгч ангир шар уургаараа амлуулж, амтат цагаан сүүгээрээ тэжээж,  уруул амнаас нь угзран  хэлд оруулж, хуруу гараас нь  хөтлөн хөлд оруулан үр хүүхдээ хүмүний алаг хорвоод хөл нийлүүлэн жагсаадаг  байсан    сайхан монгол ээж нарын   хайр сэтгэлийн  хүч гэдэг ингэж л үл тасрах мөнхийн  аргамжаа  болон хөвөрч явдаг учиртай  байдаг  юм байна.  Гэвч өнөөгийн бидэн Чингисийн ээж Өгэлүн, Сүхбаатарын ээж Ханд, Цэдэнбалын ээж Заяат нар шиг  аугаа  удирдагчдыг төрүүлж өсгөсөн  монгол ээжүүдийн эгнэшгүй  түүхэн том  ач гавьяаг  тухайлан сайтар ухаарч, төдийлөн  сайн   соён гэгээрүүлэхгүй  байгаа учраас монгол  түмний  санаа сэтгэлийн ертөнц  ихээхэн  цөвтэй болж,  нийгэм зэрлэгших,  хүний чанар  муудах  хандлага мэдрэгдэж байна уу гэлтэй.  Ерөөсөө тэгээд монгол хүмүүс гэдэг ээжийнхээ сэтгэлийг дагаж амьдардаг болохоор заавал үлгэр жишээ  болгоно гэхгүй   ерийн  монгол ээж бүхний сэтгэл оюуны ертөнцийг аль болохоор нийтэд  нээж  байх нь  чухал байдаг болов уу. Ямар ч атугай энэ удаа  хамгийн сайн мэдэх  өөрийн  ээжийн тухай дурсамжаа толилуулъя. Үүнийг бичихсэн гэж  1952 оноос 1992 он хүртэл дөчин жил сэтгэлээр дуншиж, бүтэн хоёр жил бичиж  1994 онд дуусган “Засгийн газрын мэдээ” сонинд нийтлүүлж байсан  “Ээж бидэн хоёр” гарчигтай,  бичгийн цаасны дөрөвхөн хуудас хэмжээтэй нийтлэл бий. Түүнээс хойш үг үсгийн цөөн засвар  хийж хоёр гурван ч удаа номонд оруулан хэвлүүлсэн. Гэвч сэтгэлд нэг л дундуур санагддаг байсан тул 25 жилийн дараа 2018-2019 онд  дахин нэмэн засварлаж бараг хоёр дахин  томруулаад  одоо  түүнийгээ толилуулж байна.  Болгооно уу?    МИНИЙ ЭМЭЭ   ХХ зуун эхлээд удаагүй байсан цаг. 1906 он. Сайн ноён хан аймгийн Дашдоо гүний хошууны туслагчийн багийн албат сарвагар Адъяагийн гурав дахь охин Буянхүү арванесөн насандаа хөл хүнд болсон байжээ.  Өдгөө зулайг нь үнэрлэх, өтлөхдөө хөлөө хучуулах үртэй болох гэж байгаадаа    дотроо баярлавч айл саахалтын хүмүүс  ялангуяа аав Адъяа маань мэдчих бий гэж бас айхгүй ч гэсэн санаа баахан  зовно. Цэвэр ичимтгий зангаа орхиогүй  хөдөө нутгийн монгол бүсгүй учраас тэр. Хөл хүнд болсоныг ээж Мандах нь бүхнээс түрүүнд ажиж мэдсэн байж. Адъяагийн гэдэг тэр айлын анхны нь ач  ирж байгаа  нь энэ учраас  баярлахгүй яахсан билээ.  Тэгээд ээж охин хоёр амихандаа ярилцдаг болжээ. Хүүхдийн эцэг болох залуу нь  сүүлийн үед аав ээжээс нь зовоод  гэж хэлээд үзэгдэхгүй болсныг хүртэл  мэдээд авчээ. Ээж Мандах энэ тухай нөхөртөө битүүхэн ойлгуулж   зөвлөлдөөд  “Охиндоо тусад нь гэр орон төхөөрч, хэдэн мал тасалж өгөөд гаргая,  цаад бүлтгэр бандитайгаа нийлбэл нийлэг дээ” хэмээн тохиролцож  охиноо тусад нь гаргажээ. Хүргэн нь болох гэж байгаа Баатар гэдэг залуу нь энэ нутгийн ганц жас болох  Гэсээн жасын жасаандаа суудаг. Хурлын бус цагт Өлзийт голын Шар хамар, Цагаан аргал зэрэг газраас бургас авч араг шээзгий хийж амь зуудаг ядуу нэгэн байж. Баатар нь айлд хүргэн орохгүй гэж нэрлэхсэн үү, эсхүүл өөр ямар нэг учир шалтгаан байсан уу  ямарч атугай   тусдаа гэр оронтой  болсон ч өөрийнх нь анхны үрийг тээж яваа жирэмсэн бүсгүй Буянхүүтэй суухыг  хүссэнгүй ээ. Харин хоёр жилийн дараа зэргэлдээ Вангийн хошууны Циен гэгч нэртэй арай залуухан бүсгүйтэй гэрлэжээ. Алаг үрийг нь тээсэн  бүсгүйгээс гэнэтхэн  нүүр буруулсан шалтгаан нь тийм л учиртай байж. Замилан хорвоод хань болохгүй хүний үрд итгэсэн болохоор  энэ бүсгүй  гомдвол өөртөө гомдсон л биз, тэгээд Хорлоо гэдэг эцэг шигээ бүлтгэр биш боловч торомгор алаг нүдтэй, хөөрхөн булцгар цагаахан охинтойгоо л хоёулхнаа  амьдрах болж. Хэдэн жилийн дараа нанжин хэмээх хочтой Өвгөний Аюуш гэдэг нас тогтсон, сайн  хархүүтэй нийлжээ. Охин Хорлоо нь түүнийг  төрсөн эцэг шиг нь  халамжлан хайрлах овоо  зэгсэн  эцэгтэй болжээ. Тэр  басхүү ядуу нэгэн. Энэхүү Хорлоо охин 18 нас хүрэхдээ олны нүд булаагаад л эхэлж. “Ээ дээ ийм царайлаг охин жаргал үзэхгүй л байх бий  дээ, царайлаг төрөх хэцүү  л гэдэг”  хэмээн айл саахалтын настан буурлууд битүүхэн харамсангуй хүүрнэлдэнэ.   АРВАН НАЙМТ...   1925 оны хавар. Байдрагийн голын зүүн салаа  Өлзийт голын Хөгнийн булангийн  жижиг хадан цохиотой, армаг тармаг   харгана буттай тарлан цагаан дэнж дээр хэдэн саарал тогоруу тонголзоно. Усны шувууд ирчихжээ. Голын Цалгайн бууцны зүүн захын бор шороон дээр ямаа голдуу жар, далаад тооны бог мал налайн хэвтэж харагдана. Баруун урд талд эмээгийн бор аяга гэдэг шиг бумбагар бор гэрийн тооноор тулганы галын задгай цэнхэр утаа, самарч байгаа өглөөний цайны цагаан уур манан хамтдаа чихэлдэн савсана. Гэрт хүмүүс ярилцаж, зарим нь инээлдэнэ. Эсгий үүдийг овосхийтэл түлхэн залуухан бүсгүй инээд цацлан гарч ирэв. Тэнгэр хангайг зэрвэс нэг ажиглаж, сайхан өглөө налайж байхыг мэдрээд шинэхэн шаргал араг оосордон мөрлөөд, савраа дохин-чөшш- гэх төдийд хэдэн мал нь босч суниаж жаахан ямбалаад Өлзийт голын зүг аяндаа хандав. Хонио услахаар яваа энэ охин арван наймтай. Эдүгээгийн арван наймтууд лугаа адил цоглог нэгэн боловч өмссөн зүүсэн нь нэлээд өөр. Цэнхэр даалимбан алчуур хошуулдаж ар талаасаа хулгавчлан зангиджээ. Чихний доороос нарийн зэс утсан ээмгэнцэр санжганана. Бөгж, бугуйвч, цаг, гар утас гэж байх биш дээ. Зан нь жаахан бүрэг ичимхий, булчин шөрмөс чанга, нуруу өндөр, үс хар, нүд бүдэг давхраатай, сайн ажвал бодлогошронгуй тунгалаг. Шүд том цагаан, хацар ягаавтар, уруул зузаандуу, дух уужим. Хамар шулуун, хөмсөг өргөн. Ядуу зүдүү амьдралтай айлын хайртай ганц охин. Хонио мөс багатай задгай газар луу тууж оруулав. Өлзийт голын цөн түрээд бөөн сүр. Дэлэм зузаан хөлдсөн ч ирж яваа цагийн эрхэнд дутуухан хайлж сууринаасаа гулсан хөвсөн том том мөс уурлан агсран нударган зодоон хийх мэт тарр, нярр мөргөлдөж нэг нэгийг яйртал бяц цохих нь овилгогүй танхайчууд нэгнийгээ өшигчиж шанаадаж унагаах лугаа адил. Нүдний нь буланд гялс хийх шиг. Харваас ууган цэнхэр ишиг нь хөвж яваа мөсөн дээр харайн гараад сээтийж зогсоно. Зогссон мөсийг нь нэг том цөн хүчтэй шүргэв. Мөс цуурч сайх ишиг чардасхийн ус руу годройтов. Хорлоо хүүе хэмээн уулга алдсанаа гутлаа тайлан шидээд мөстэй ус руу ухасхийн зүсэн орж цэнхэр ишгээ шүүрч авав. -Дүрсгүйтэж байж загасны хоол болох гэж байгааг нь дээ. Тэр шүү, шогногоноод чичирч байна. Алив ингээд хэвт гээд гадуур өмссөн нөхөөстэй цэгдэгээ тайлж нөмөргөв. Ууган цэнхрийгээ усанд хөвүүлчихээгүйдээ бөөн баяр. Гэвч юуных нь баяр хөөр. Оройхон тийшээ өөрөө бага зэрэг бүлээрэв. Өглөө бостол нэг нүд нь бүрэлзээд нэг л биш. Нуухатсан юм боловуу гээд арчивч бүрэлзсэн хэвээр, -Ээж ээ, энэ нүдийг хараач гэсэн чинь, -Хүүе яана аа. Юм хаячихсан байна. Хувь тавилан гэнэтхэн ингэж урваж хөрвөжээ. Эр нөхрийн хань, айлын бэр, хүүхдийн эх болох хүүхэн заяа хулжих шиг, ер яалтай ч билээ. Нүдгүй болсон нь нөхөргүй ганц биеэр хорвоог туулахтай агаар нэгэн учрал байжээ. Толгойдоо цэнхэр даалимбан алчууртай, чихэндээ зэс утсан ээмэгтэй өрөөсөн нүдэндээ  том үүлэн цагаатай, тосон ухаантай, сүүн сэтгэлтэй энэ бүсгүйг Буянхүүгийн Хорлоо  гэх. Хорлоо ээжийн анхны хүү нь би байдаг юм. Миний эмээг Апъяагийн Буянхүү гэдэг. Би эмээгээ ажаа гэж  авгайлдаг байсан. Миний ээж бутач. Би бутач. Миний ээж ээжийнхээ элэг зүрхийг дэвтээж төрсөн, би бас ээжийнхээ элэг зүрхийг дэвтээж төрсөн. Ээж, эмээ бид гурвын хорвоог туулах учрал ингэж л бүрдсэн юм билээ.    БИ ДҮҮТЭЙ БОЛОВ   Зуны дунд сар дөнгөж гарч байсан болов уу. Яахын аргагүй аагим зун л байсан. Манайх чухам хэнийтэй нь айл байсныг санадаггүй юм. Одоогийн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нэгдүгээр багийн нутаг Хөгнийн буланд зусч байлаа. Тэгэхэд би таван настай байсан,1937 он буюу сүүлчийн Майдар эргэсэн зун л даа. Тэр нэгэн өглөө би ээжээсээ том даалгавар авсан юм. Өглөө ээжээрээ дуудуулан босч саадаг хэдэн ямаагаа барьж өгч саалгасан юм даг. Дээр үед саалийн цөөн малтай ядуувтар айлууд бог малыг өдөрт гурван удаа саадаг байсан юм. Төдөлгүй хонь бэлчээрт гарах болж манай ажаа хониндоо явлаа. Одоогийн хотынхны хэллэгээр бол, ажаа гэдэг нь миний эмээ л дээ. Манайх ердөө гуравхан ам бүлтэй айл. Ээж, ажаа, бид гурав. Хонь бэлчмэгц ээж сүү хөөрүүлэв. Надад нэг аяга сүү хийж өгөөд сүүгээ улам хөөсрүүлэхээр самарч байв. Гэтэл ээж чимээгүй гиншээд суун тусав. Намайг дэргэдээ дуудан ойртуулаад: -Миний хүү Хоньчийгоо /манайх дөрвөн нүдтэй халтар нохойгоо Хоньч гэдэг байв/ хөтлөөд хонины хойноос яваарай. Ажаагаа бушуухан хүрээд ир гэж хэлээрэй. Тэгээд миний хүү ажаагийнхаа оронд хонио хариулдаг юм шүү. Хонио хол явуулж Дэвхрэгийн бэл өөд битгий гаргаарай гэв. Би ч за л гэлээ. Тийнхүү ээжийнхээ анхны том даалгаврыг хүлээн авч үдийн хугас ганцаараа хонь хариулах албанд тохоогдсон юм. Миний ээж хүүдээ дандаа ингэж итгэдэг хүн байсан. Миний хонь хариулах гэж ч юу байхав нохойтойгоо эрхэлж, эрвээхий, хорхой шавьжтай хөөцөлдөж, хониныхоо хойд захаар тэгж ингэсхийж явтал ажаа маань дуудан даллаж би хонио тууж аваачиж тушаасан бөлгөө. Ирэхэд гэрийнхээ зүүнтээ газарт бамбай нэхий зэргийг дэвсэж ор засаад өмнө нь араг хөмөрч ээжийг түшүүлэн суулгасан байв. Ганцаархнаа хонь “хариулсандаа” ч юм уу, нойрсох цаг нь болоод ядарсан ч юм уу би тэр даруй үүрэглэж оройжин шөнөжин таг унтжээ. Нэг сэрэхэд өглөө болж нар унийн дундаас өнгөрч байсан санагдана. Ээж маань өндийгөөд юм түшээд суучихсан, мөнөөх үгээр илэрхийлж хэлэх аргагүй энхрий зөөлөн харцаараа намайг инээвхийлэн харж байв. Царай нь шингэн цагаан, хацар нь үл мэдэг улаан ягаан, магнайд нь хөлс дааварласан, ер бусын сайхан харагдаж билээ. Тэгтэл ээжийн өмнөх бяцхан нэхий боодол дотроос нэн өчүүхэн улаан гар сарвасхийв. Миний ганц дүү тэр шөнө мэндэлснээ ахдаа тийнхүү мэдээлсэн юм. Хожим мэдвээс сүү хөөрүүлж байхад усан ихэр нь гараад тэр шөнөдөө миний дүү мэндэлсэн юм билээ. Дүү, бид хоёр эхээсээ ишигний эвэр шиг хоёулхнаа. Дүү маань одоо олон хүүхэдтэй, хэр тааруу малтай, сумандаа байгаа. Нэр нь Хорлоогийн Самдан. (2004 онд бурхан болсон) Гучаад он байтугай саяхан болтол хөдөө нутагт эх барих тасаг, цагаан даавуутай өлгий энэ тэр гэж байсан биш. Манай саахалтын Гимаа гуай эх барьж аваад л нэхий өлгийд боочихсон хэрэг. Ингэлээ гээд муу юм болоогүй энх тунх л өссөн. Тийм ээ, тэр үед бараг эмээ бүр эх баригч байж, хүүхэд бүр нэхий өлгийд хүн болдог байсан юм. Уламжлал, хоцрогдол хоёр ингэж зэрэгцэн оршиж байсан боловч соёл иргэншлийн хөгжлийн явцад эдүгээ хоёулаа гээгдэж хоцорсон байна.   ҮНХЭЛЦЭГ МЭТ ЖИЖИГХЭН  ХӨӨРХӨН  БОР ГЭР МИНЬ   Нохой хуцав. Гарч харвал бараан морьтой хүн айсуй. Багийн дарга Жавчиг гуай ирж явна. Дуухад баяныхыг биш манайхыг чиглээд айсуй. Манай хот айлд ирдэг зочин гийчин баруун урд талын том цагаан гэрт эхэлж буудаг юмсан. Гэтэл зүүн талын умгар бор гэрийг чиглээд ирж явааг бодоход манай гэрийнхэнтэй уулзахаар яваа нь лавтай байв. Нохой хорьж гэрт оруулаад гаднаа тоглож байв. Намайг дуудлаа. Гэрт ороход намайг сургуульд хөөж яваа учрыг хэлж хугацаа хожимдохгүй очихыг сануулав. Таних айл байхгүй тул хүүгээ танайд байлгая гэж ээж түүнээс гуйв. Тэр зөвшөөрөв. Хэд хоногийн дараа сургуульдаа явах боллоо. Айлуудаас хоёр номхон унаа гуйж унаад өглөө эртлэн сумын төв рүү ээж бид хоёр шогшууллаа. Миний байх айл Жавчиг гуайнх сумын төвийн хойд дэнжийн олон айлын баруун урд захад байв. Маргааш нь бага үдийн хэрд ээж минь буцахаар миний морийг хөтлөөд мордох үед газар дэлхий хөмрөх шиг дотор давчдаад би байдгаараа бахиран уйлав. Ээж минь мориноосоо бууж нэлээн аргадаж хорьтын мөнгө өгч тайтгаруулаад мордов. Би дахин чарлаагүй ч сэмхэн уйлсаар хоцров. Тэр (1941 оны) үеийн сургуулийн хүүхдүүдийн дийлэнх нь над шиг гэр орноо, эцэг, эхийгээ, нутаг усаа санан санан, санаа алдсан, таних танихгүй “айлын тогоо хадаж” суусан чухамдаа бол нялх балчраасаа хэрсүү ухаан сууж хорвоогийн ховор сайхан ордон байдгийг таньсан юм. Манайх бол тэгтлээ үгүйлэн санаж, бэтгэрээд байхааргүй ердөө л бага дөрвөн ханатай, бүрээс муутай, хумсын чинээхэн умгар бор гэртэй айл байсан л даа. Гэтэл тэр өөдсийн чинээ бор гэрээс минь хаад ноёдын хаш цагаан өргөөнөөс олж сонсохооргүй далдын нандин уянга эгшиглэнхэн сонсдож, цаанаа л нэг содон сайхан тансаг үнэр нь ханхалж, ухаан санааг минь илбэдэн татаж байсныг хожим анзаарч мэдсэнсэн. Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь гэж мөн ч мэргэн үг юм билээ шүү.   ТАХИА ЖИЛИЙН ХАВАР БОЛСОН ЯВДАЛ   1945 оны тахиа жилийн эхээр их цастай хүйтэн болж, бас дэлхийн хоёрдугаар дайн дуусаагүй, юм юм ховордоод сургууль цаашид хичээллэх аргагүй болж бүр эрт гуравдугаар сарын эцсээр тардаг юм байна. Хүүхдүүд гэр, гэр лүүгээ явчихсан, би ганцаар дотуур байрандаа хоцорлоо. Захирлынхаар хаяа орж цайлдаг, ус цасыг нь ойртуулж өгдөг байв. Хоёр хонож байтал Бөмбөгөр сумын төвийн хойт талын вандан ширээ мэт тэгш  цагаан дэнж дээгүүр хүрэн дээлтэй, ар талдаа саваа мод хөндлөн хөшсөн явган хүн гараад ирсэн нь ээж  минь мөн байлаа. Их л ядарсан янзтай бөгтийн алхалж харагдана. Тэр үед ээж минь дөч хүрээгүй,  ердөө 39 настай байсан. Гэвч хоёр өртөө газрын холоос хоёр хоног бараг олигтойхон хоол цайгүй явган таваргасан нь цэл залуухан ээжийг минь бөгтийтөл ядраасан байлаа. Ээж минь хүрээд л ирлээ. Золголоо. Намайг үнслээ. Ноднин намар сургуульдаа ирж дотуур байранд орсноос хойш би хариагүй, ээж минь ч ирээгүй бүтэн долоон сар болсон тул ээж минь намайг их санажээ. Тэгтэл өврөө суйлж “Цагаан сарын хувь ” гэж ганц боов, хоёр домбон ёотон  гаргаж өгөхөд нь би өмөлзөөд л уйлсан гээч. Тэр хол газар туйлгүй их өлсөж цангаж явахдаа тэр ганц боовыг идчихгүй тэсээд л явсан байдаг юм. Сургуулийнхаа шургааг модон хашааны нөмөрт бид хоёрын хувтнан сууж байхыг харсан манай захирлын авгай Жавзмаа гуай гэртээ оруулж цай хоол өгсөн. Захирал Сундуй ээжтэй ярих зуураа “Танай энэ хүү сурлага сайтай, томоотой сайн хүү” гэж магтахад ээжийн минь дотор их л сайхан болсон байх, намайг нүдний булангаар хараад цаанаа л нэг сэтгэл дүүрэн инээмсэглэж  л суусансан. Тэгээд үд хэвийх үед гэрийн зүг явсан. Би тэгэхэд Адъяагийнхан гэх өөрийн ураг удмаас шинэ цагийн европ маягийн анхан шатны боловсролтой анхны хүн болж гэрчилгээгээ өвөрлөөд л ийнхүү ээжийгээ дагаад баяр хөөртэй явж байлаа. Миний ээж тэрхүү боловсролтой болж гэгээрсэн гэх ховорхон чухал эрдэмтэй хүүгээ дагуулаад юу ч гэмээр юм бэ дээ, олон жил зүүдлэн байж төрүүлсэн ганц бамбаруушаа дагуулсан мазаалай ч гэмээр юмсан уу, ямар ч атугай ядарсан ч сэтгэл дотроо их л баяртайгаар нутгийн зүг таваргаж явах нь тэр ээ. Дэрст хоолойд Эрэндоо хөгшнийд хоноод маргааш нь Гүний хөндий уруудаж явахдаа өнөөх боовыг хувааж идээд хойноос нь цэвэр цас идэж хоолойгоо чийглэчихээд цааш алхалсаар Гүний амны Хэвгийн бууцанд байсан манайхны хамгийн ахмад нагац эгч Чимэддуламд золгож тэндээ хонов. Дараагийн өдөр нь Уубулангийн Агуйт өөд өгсөн замдаа зуданд осгож үхсэн үхрийн танагтайхан зовлого тааралдахаар зоо нуруунаас нь хэсэг мах шулж авч үүрээд орой наран шингэхийн үед гэрийн бараа харж билээ. Дайн дуусаагүй, мичин жилийн зуданд хэдэн малаа бараг барчихсан тул тийнхүү осгож үхсэн малын зовлого түүж чанахыг нь чанаж, хуурахыг нь хуураад иддэг л байсан. Тэглээ гээд муу юм болоогүй ээ. Цаг цагаараа байдаггүй гэдэгчлэн хүн ер нь хэр хэрээрээ л зохицон амьдардаг юм байх аа. 1945 оны тахиа жилийн тэр хавар зуны хэдэн сар намайг  хариуцлагаа ухаарсан цоо шинэ хүн болгосон гэмээр санагддаг. Тэр хугацаанд Н.Ухна, П.Гомпил, О.Баасан, Б.Очирсүрэн гэдэг дөрвөн айлд нэг нэг сар хонийг нь хариулж өгөөд нэг нэг боодлын даалимбуу хөлсөнд нь авч ажаа, ээж, дүү бид дөрөв нэг нэг шинэ тэрлэгтэй болсон. Энэ бол өрхийн тэргүүлэгч гэж бичигддэг миний хувьд ар гэрээ хариуцан авч явах анхны шинэ алхам болсон. Ер нь гоё санагдаж байсан. Залуу цагт шил шилээ дагасан олон хүсэл төрдөг. Би арванзургаатай байсан байх. Нэг удаа багийн дарга баян С.Чойжилзав гуайтай хамт тэдний хээр алаг азаргатай адууг туугаад явж байхдаа “Нэг айл ийм олон адуугаар яадаг юм бол? Над шиг энэ ядуу хүүхдүүдэд хоёр гурван үрээ даага өгчихөж болдоггүй л юм байхдаа” гэж бодоод өөрийн унаж явсан хээр үрээнийхээ толгой руу харахад “Эзэн минь, та битгий хүний юманд дэмий шунаж бай, би чамайг ер явган явуулахгүй байж дөнгөнө гэсэн шиг хэрээрээ л дөмөн дөмөн алхалж явах шиг санагдаж билээ. Тэр хээр үрээ бол миний  нагац ах Даваа надад бэлэглэж өгсөн тэдний ганц гүүний нь төл байсан. Өгье гэвэл ганцаасаа гэж үнэн шүү.  Би тэр бодлоосоо эдүгээ ч заримдаа ичиж зовох шиг эвгүй байдаг. “Айлаас эрэхээр авдраа уудал“ гэж их үнэн үг юм билээ.    АРДЫН  ТӨРИЙН ДУУДЛАГА   ИРЛЭЭ   1945 оны намар. Манайх Өлзийт голын Улаан сайрын ам хэмээх уужим  саруул буланд  зусаад уруудаж нүүгээгүй л байв. Нэг өдөр Баянхонгор  аймгийн гэгээрлийн хэлтсийн байцаагч Тампуулин гэдэг хурцхан үг хэлтэй сэргэлэн бор залуу ирж биднийг аймгийн дунд сургуульд яв гэж хөөдөг юм байна. Ардын засгийн газар намайг өндөр боловсролтой оюунлаг хүн болоосой гэсэндээ тэр алс бөглүү хөдөө нутагт хүртэл өөрийн бие төлөөлөгчөө очуулан өчүүхэн намайг долоон жилийн дунд  сургуульд зориут  урьж залж байсны ач тусыг тэгэхэд бид тэр бүр сайн ухаарахгүй байсан ч  тэр даруй явъя  гэж  зөн совингоороо  гэнэт шийдээд  саахалт айлын Дагвын Авирмэдтэйгээ хамт явах болов. Сумын төвөөс морин өртөөгөөр гурав дамжиж /3 өртөө/ аймгийн төв хүрлээ. Сургуульдаа очлоо. Дайн дуусаагүй учир дотуур байрныхан их өлсдөг байлаа. Баянхонгорын хүрээний айлуудын гадаа хаясан үхрийн чөмөгний өрөөсөн булууг хүртэл авчирч цог дээр шарж тосыг сорно. Дэн хийхээр өгсөн өөхөн тосыг ээлжилж долоосоор байгаад дуусгана. Өлссөн хүүхдүүдийг аль элдэвлэхийг тэр гэхэв. Улаан бурхан, цусан суулга өвчин зэрэгцэж гараад тэр намар нэлээд олон  (20-иод) хүүхэд нас барсан юм даг. Тиймээс сэтгэл тавгүй байдаг байлаа. Тэгтэл нэг өдөр ургамал судлалын багш  маань өөр хүүхэдтэй андууран намайг заамдаж сэгсрээд, миний тэрлэгийг бага зэрэг урчихлаа. Гомдсон юм байлгүй гол  өөд нэг хар  юм гүйх шиг дотор жаахан бачуурлаа. Нулимс аяндаа гүйлгэнээд ирэв. Одоочилбол ингэхэд бяцхан хэлмэгдүүлэлт болсон. Гүтгэлэг ямар муухайг мэдрэх шиг болов. Гэвч багшийн өмнөөс  элдэв үг хэлж болохгүй тул нулимсаа гарынхаа араар  арчаад л өнгөрлөө.   “Ингэж байхаар гэртээ харья” гэсэн бодол зурсхийв. Авирмэддээ сэмхэн хэллээ. Шөнө нь орголоо. Зуу шахам километр газрыг бараг өдөртөө туулав. Тийн явахад учирсан зарим тохиолдол санаанаас үл гарна. Бид хоёр Алтана хөндий гэдгийг уруудаж, Өлзийт голд хүрээд дандаа гол сүлжиж уруудахаар ярилцаж явав. Алтана хөндийн амаар Өлзийт гол хүрээд   бие засахад  цус шиг улаан шээс гарч байсан. Их дугуй хэмээх буланд хүртэл тэнд хоёр гэр байна. Тэр нь Баяр авгайнх байж. Тэндээс нэг даагатай залуу шогшиж ирсэн нь нутгийн танил “гонзгой” хэмээх Дамдин /1993 онд өөд болсон/. Тэрбээр: -Та хоёр эндээс гол руу уруудаж Хусны хоёроор /тийм нэртэй хоёр гарам байсан/ гарна гэвэл загасны хоол болно. Би Дөрөө хавчдагаар давуулж өгье хэмээн зам зааж, даагандаа сундалж Бэрхийн шанаа хэмээх буланд оруулж өгсөн юм. Хэрэв Дамдин тааралдаагүй бол Авирмэд, бид хоёр үнэхээр хорвоогоос тонилж мэдэх байсан юм билээ. Үдшийн бүрэнхий болохын хэрд Хавчуурын ам хэмээх намаржаанд иртэл Чимэддулам эгчийнх саахаа ялгаж байв. Чимэддулам эгч бол миний эмээгийн төрсөн эгч. Надад их сайн байх. Гэтэл энэ удаа толгой түрүүгүй загнаад тэр даруй хөөж явуулав. Манай гэр тэндээс хонины бэлчээрийн зайтай газарт байсан болохоор бид хоёр юу ч бодсонгүй яваад л өгсөн юм. Хожим сонсвол, Чимэддулам эгчийн бага охин Жаалхүү нутгийн залуу Чойдогтой ханилан суух гэж байтал 1945 оны намрын түр цэрэгт татсан учир Арцат дэл хэмээх ууланд оргоод гарчихсан юм байж. Чингээд бидний хойноос цэрэг цагдаа хөөж ирж магадгүй, тэгвэл хүргэн хүү бас баригдаж орон шоронд орно гэж айж эмээхдээ тийнхүү бид хоёрыг хөөж туусан юм билээ. Гэртээ дөхөж ирээд ээж маань намайг Чимэддулам эгч шиг л хөөх байх гэж баахан болгоомжлоод, ер нь уул хаданд бүгдэг ч юм уу гэж нэг бодсоноо тэссэнгүй гэртээ ороод явчихлаа. Тэгтэл ээж минь “Миний хүү юү дээ?” гэж асууснаа гүйж ирээд тэврээд авлаа. Оргож босч ирсэн амьтнаас олон юм асууж зовоогоод яахав гэж бодсон янзтай олон үггүй хайрлаж эвийлсээр унтуулав.   ОРГОДОЛ БАРИГДАВ   Маргааш нь үдийн хэрд хатиртай хүрэн морь унасан үл таних хүн гол уруудсаар давхиад айсуй. Гадаа ирээд буусан нь манай сургуулийн цэрэгжлийн багш Шагдар аж. Яана гэхэв ингээд оргодол баригдах нь тэр ээ. Манай ээж уг нь хүнтэй ам мурийдаггүй шахам халирхай, зөөлөн хүн. Гэтэл Шагдар багшийн өмнөөс жигтэйхэн их догширч байж билээ. Гэтэл Шагдар багш маань, “Хүүхдээ явуулахгүй бол би явахгүй” гэж хэлээд, манай муу ноорхой гэрийн баруун хаяанд хажуулаад өгдөг байгаа. Төдөлгүй Авирмэдийн маань аав Дагва гуай ирж “Хүүхдийг хэрэв явуулахгүй бол буруудна” гэж учирлав. Үд хэвийхийн алдад ээж намайг дэргэдээ суулгаад “Манайх мал гэх дэвтэй юмгүй болохоор миний хүү сургууль номын мөр хөөсөн нь дээр байх. Ер нь чамайг төрсний дараа Эрэндоо гэцлээр үзүүлэхэд лам хүн болно гэж айлдсан юм даг. Миний хүү маргааш сургуульдаа явсан нь дээр” гэхэд гэртээ харьж нэг сайн гэдэс гартал цадаж авахыг бодож ирсэн миний бие толгой дохин зөвшөөрсөн билээ. Хэрэв ээж маань шийдвэрээ өөрчлөөгүй бол би гэдэг хүн мал дагасан хөдөөгийн хүн болох байсан. Хожим бодоход  би ер нь ихээхэн тэнэг амьтан  байсан юм билээ. Намайг анх есөн нас хүрэх гэж байхад алс бөглүү хөдөө нутгийн  тэр ядуу айлын жаал хүүг шинэ цагийн  мэдлэг боловсролтой хүн болгох замд оруулах цаг боллоо гэсэн юм шиг  Монголын  төр засаг  орон нутаг дахь  хамгийн том албаны хүн болох  багийн даргаа манайд зориут очуулан  залж авчран  дөрвөн жил үнэ төлбаргүй сургаад, дараа нь аймгийн гэгээрлийн хэлтсийн байцаагч ажилтай чухам түшмэдээ  бас манайх руу очуулан аймгийн дунд сургуульд дуудаж   авчраад, дараа нь оргоод зугтаахаар нь  дунд сургуулийнхаа ахмад багшийг хойноос нь гурван өртөө газар хөөцөлдүүлэн  бараг мөргөж сөгдөх нь холгүй ахин дахин  гуйж буцааж ирүүлэн  сургаж,  долоодугаар ангийн боловсролтой болгож  өгсөн байдаг юм.  Тэр үед ерөнхийдөө  ийм л хандлагатай байсан. Монголын төр засаг энэчлэнгээр өөрийн хайртай ганц хүүгээ бөөцийлж байгаа ээж шиг энхрийлэн  халамжилж байсныг  бодоход тийнхүү хүний өмнөөс   боловсролтой  хүн болох гэж байгаа юм шиг оргож  төр засгийнхаа санаа сэтгэлийг зовоож явсан байгаа юм. Мөн ч тэнэг амьтан шүү.  Одоо үүнийгээ бодоод өөрөө өөрөөсөө  ичиж зовох  шиг болдог.  Гэвч өмнөх тэнэг нь хойтох үедээ  хэрэг болдог учир бас  байдаг тул ингэж өөрийн тэнэг явдлыг илчилж бичлээ.   МУИС-ИАС ЦЭРВЭЖ  ТАТГАЛЗАВ   Би ер нь хэзээний баахан дур зоргоороо, бас тулга тойрсон  жижиг  бодолтой хүүхэд байсан.  Бид нар гурван жилийн дараа 1948 оны хавар төгссөн. Манай ангиас таван хүүхэд МУИС-д хуваарилагдсаны нэг нь миний бие байв. Гэвч би өмссөн гутал хувцаснаасаа болж амьтнаас зовоод явахыг хүссэнгүй. Гачигдлын өргөдөл аймгийн гэгээрлийн хэлтэст явуулчихаад үлдлээ. Намайг их сургуульд сургаж  дээд боловсолтой болгох  шаардлага эх оронд минь байсан учраас л намайг тийш нь хуваарилсан байж таарна.  Гэвч   хуучин муу монгол гутлаасаа ичээд яваагүй.  Би ийм л өчүүхэн бодолтой хүн байсан.  Харин тэгтэл 1948 оны намар Бөмбөгөр сумын бага сургуульд дуудаж багшаар авсан. 1948 оны 11 дүгээр сарын 18-ны пүрэв гаригт тус сургуулийн хоёрдугаар ангид тооны хичээл зааж энэ насныхаа хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Одоо санахад миний анхны шавь нар энэ 2018 онд цөм наян насны босго давсан байх учиртай. Амьд сэрүүн үлдсэн нь их цөөн байх шиг байна. Элдвийн болохгүй бүтэхгүй юманд орооцолдсон, хэрэг түвэгт орсон хүүхэд гэж байхгүй ээ. Ер нь багш хүний бахархал гэдэг хамгийн гол нь ямар сайхан хүмүүжилтэй хүнийг хүмүүжүүлэв гэдгээр хэмжигддэг байх. Тиймээс миний шавь нар зөв сайн хүмүүс болж төлөвшсөнд их баяртай явдаг.    ХҮҮХЭД- БАГШ НАР   Барагцаалбал 1945-1950 оны хоорондох зурвас үед хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулийн сургалт хүмүүжлийн ачааг долоон жилийн сургууль төгссөн хүүхэд-багш нар үүрч явсан. Багшийн сургууль төгссөн цөөн тооны багш байдаг байсан. Бас түр курсийн багш гэж байсан. Тэр үеийн долоодугаар анги дөнгөж төгсөөд ирсэн хүүхэд-багш нарын талаар тусгайлан хэдэн үг хэлэх гэж байна. Тэр үеийн долдугаар анги төгссөн багш нар нь ихэвчлэн 16-18 настай, ердөө л хүүхдүүд байдаг байсан. Тийм болохоор нэг их хаяагаа манасан хашир санаа суугаагүй, элдэв үгсэл хуйвалдаан энэ тэр гэж огт мэдэхгүй, цөм хөөрхөн ааштай хүүхэд зантай гэнэн цайлган амьтад байлаа. Багш нар нь ямар бол шавь нар тийм байдаг учиртай. Тэр үеийн багш сурагчид нь ерөнхийдөө бол улс эх орныхоо дайны дараах сэргээн босголтын үеийн хүнд хэцүү нөхцөл байдлыг ойлгоод түүнд өөрсдөө сэтгэл оюунаараа шингээд бүрэн дасчихсан байсан шүү. Өөрөөр хэлбэл өлсөөд сурчихсан, даараад сурчихсан, явган яваад сурчихсан, ядарч зүдрээд сурчихсан, нэг нэгэндээ юм байвал өгч аваад сурчихсан байдаг. Их амархан баярлана. Уур уцаар холтой. Настайчууд, дарга нараа их хүндэлнэ. Ихэнх нь хөдөө өссөн учраас ихээхэн төлөв даруу, тусархаг хүмүүжилтэй, хүн ба мал амьтныг хайрлах өрөвч нинжин сэтгэлтэй, хүнийг алагчлан гадуурхах дээрэнгүй үзлээс хол хөндий өссөн тийм л голч шударга багш нар байсныг энд онцолж хэлэх учиртай. Миний өөрийн баримжаа тооцоогоор эдгээр он жилүүдэд Баянхонгорт байсан аймгийн төвийн болон Баянзүрх сумын гэх долоон жилийн хоёр дунд сургуулиас хоёр зуу орчим хүүхэд-багш нарыг тус аймгийн хорин сумын бага сургуульд томилж илгээсэн шиг байгаа юм. Тэр үед Баянхонгор аймагт бүрэн дунд сургууль байгуулагдаагүй байсан тул долдугаар анги  төгссөн  нь хамгийн өндөр боловсролтой хүн болдог байсан. Тэгэхлээр тэд бол 1955-аас жараад оны үед нийгмийн бүтээлч хөдөлмөрийн салбарт шинээр орж ирсэн сэхээтэн хүмүүс байх учиртай. Зөвхөн ганц Баянхонгорт биш улс орон даяар боловсролтой ажиллах хүчний нэгэн шинэ сэлбэн хангалт болсон байх аа. Энд юу нь онцлог байв гэвээс мөнөөх атрын шинэ аянууд, Улаанбаатар төмөр замын ажиллах хүчний элсэлт, Дархан хот зэрэг шинэ хот болон атрын сангийн аж ахуйнуудыг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах зэрэг 1960-1970 аад оны тэр аугаа их бүтээн байгуулалтын фронтын оньсон техник барьсан дайчид, энэ фронтыг удирдан залуурдаж асан инженер мэргэжилтнүүдийн өвөр энгэрт юуны өмнө 1947-1950 онд долоо төгссөн хүүхэд- багш нарын зааж сургасан ерөнхий эрдмийн боловсролын гэрчилгээ, зүрх сэтгэлд нь тэдгээр багш нарын шударга дайчин хүмүн төрх,  тархи зүрх хоёрт нь хадгалаастай явсныг хэлэх нь зөв байх. “Хүн болох нь багаасаа” гэж нэг иймэрхүү л баримжааны сурлага хүмүүжлийг хэлээд байх шиг байгаа юм. Миний тухайд тийнхүү хүүхэд-багш болсноос хойш өнөөг хүртэлх он жилүүдэд олон сайхан юм үзсэн шүү.   АЮУЛ   1949 оны наймдугаар сард юмсан. Би малын тооллогын ажлаар нэгдүгээр багт ажиллаж дуусгачихаад сумын төв дээр тооллогынхоо тайлан бүртгэлийг хийлцээд байж байтал ээжийн чинь гар дээр “газрын юм” гараад (хавдар боомыг тэгж нэрлэдэг байсан) бие нь тааруухан байна, сумын докторын газраас эм аваад ир гэж хэлүүлсэн байв. Сумын эмч Балжинням гуайн өгсөн эмийг аваад гэр лүүгээ яаран давхилаа. Гүний хөндий рүү уруудан цогиулсаар гэрийнхээ өмнөх Зэхрийн богочны орой дээр гарах дөхөөд ирэв. Уулын сүүдэр баралзаж байсан санагдана. Тэгтэл гэнэтхэн энэ дээр гараад харахад манай гэрийн өрх тэгшлээтэй байвал яана аа гэсэн шүү муухай юм бодоод бие арзасхийв. Тэгээд богочны орой дээр бараг навталзах нь холгүй гарлаа. Ямар байсан гэж санана. Манайх үүдээ гэр дээр тавьчихсан байна. Хоттой малын дунд хоёр гурван хүн явж байгаагийн нэг нь манай ээж мөн байв. Сэтгэл амраад шалавхан давхиад очлоо. Ээж намайг харснаа миний хүү хүрээд ирлээ гээд инээж харагдав. Тэгтэл хөл нь гуйвж дайваад ч байх шиг нэг л өөр байв. Сайн ажвал согтуу байна шүү. Манай эмээ учрыг хэлж өглөө. Архи биш архи шиг согтоодог ланчинханд гэдэг эм уусан юм байж. Их ховор эм юм байна. Хоёр жилийн өмнө өөд болсон Дондог тойн гуайн орон сууринд хадгалаастай байсныг олж уулгасан байв. Миний муу эмээ Буянхүү тэрхүү тойн гяланхайн бэлэвсэн эмгэн Гуйлан гуайтай уулзаж “Танай тэр хүнд газрын юм эдгээдэг их сайн эм байдаг гэж ярьцгаадаг байсан юм. Та тус болооч, охин минь тэсэхгүй нь шиг байна” гэж уйлж гуйсан юм гэнэ. Тэгээд тэр эмийг олсон юм байна. Гэтэл ямар хэмжээгээр яаж хэрэглэдгийг мэддэг нэг өвгөн гуай тэднийд ирж тааралджээ Тэр хүнийг Цэвээний Пил гэдэг юм. Тэр бээр “Би сая танайхаар ороод ирлээ. Хорлоогийн бие тун хариугүй байна. Тэгээд эднийд сайн эмний шавхруу байгаа байлгүй гэж бодоод явж байгаа юм. За ашгүй, ямар хэмжээгээр яаж уулгадгийг нь би мэднэ”. Ингэж хэлээд тэр эмийн тун хэмжээг тааруулаад яаралтай очиж уулгасан юм гэнэ. Өглөө нь ээжийн хоёр дал мөр ба баруун гарын эрхий хуруун дээр зэрэг гарсан өнөөх айхтар хавдар нь тэр шөнө цөм хага үсрээд хамаг л идээ бээр нь гоожоод, өвчин нь намдаад хоносон байв. Бид ч бөөн баяр. Өнөөх өвгөн Пил гуай өглөө эртлэн хүрч ирээд тэр чинь их хортой эм гэдэг юм. Хорыг нь тайлахгүй бол осолтой гээд тэртээ уулын ар бэл дээр есөн сөөм хэрийн гүн нүх ухаж ёроолынх нь чийглэг зөөлөн шороог усанд хийж манай ширмэн тогоонд гал дээр даргилуулан баахан буцалгаж байгаад усыг нь тунгааж аваад нэг хумбан шаазан дүүрнийг ээжид өгч уулгасан. Тэр эмийн хорыг тэгж тайлдаг ёс жаягтай байсан юм билээ. Тэгээд л ээж минь бүрэн эдгэрсэн. Бусдад сайхан санаж явдаг хүн учраас ээж минь тийнхүү азтай ховорхон учралаар амь аврагдсан  байх гэж төсөөлдөг. Манай малд туссан тэрхүү боом нь цахилгаан боом гэгч байсан гэдэг, цахилгаанаар цохиулсан юм шиг нэг жаад хийтэл орилон дээшээ цоройгоод л годройтоод унана. Тэгээд л үхчихнэ. Манай хэдэн малын бараг тэн хагас нь үхсэн байв. Ердөө гуравхан хоногийн дотор тийнхүү хиаруулчихсан. Харин азаар ээжийгээ  аварч чадсан.   ХАГАЦАЛ [caption id="attachment_57585" align="aligncenter" width="850"] Хөх хад, ээжийн газар. “Сониндумаа” номын хэсэг[/caption] 1952 оны зун цаг. Сумын эвлэлийн үүрийн даргын хувиар би хоёрдугаар багт албаны ажлаар яваад ирлээ. Гэрийн гадаа буутал ёолох дуу сонстов. Орж харвал, ээж минь ханынхаа модноос зуураад хар хөлс нь чийхарчихсан үг хэлэх чадалгүй тийчилж байв. Гэдэс ходоодны тус газар нь нэн хүчтэй өвдөж байгаа аж. Миний ирэхийн урд өдрөөс өвджээ. Нэг хонь муулуулж аваад гэдсийг нь чаначихаад идэж эхэлтэл ийн өвдөж эхэлсэн гэнэ. Үнэхээр өрөвдмөөр болчихож. Сумын эмнэлэг дээр очлоо. Тэр үед суманд их эмч байдаггүй, бага эмч, сувилагч хоёр л байдаг байв. Эмч нь эзгүй Галуут сумын Овооны голын тасаг дээр согтуу яваа сураг гарав. Сувилагч нь нэг цагаан эм өглөө. Авчирч өгөөд л өвчин нь намдах юм бодоод горьдлоо. Ямар ч нөлөө өгсөнгүй хонолоо. Дэмий л ээжийнхээ гэдсийг дарж өгнө. Дараад байхаар арай намдах шиг. “Миний хүүгийн гар нь өвдчихнө. Юу хийхэв” гээд ээж маань удаан дарахыг үл тэвчинэ. Биеийн байдал нь улам л муудаад байхыг ажаа минь ажсан бололтой. Намайг сэмхэн дуудаад: - Чи явж унаагаа юүлж ир. Ээжийн чинь бие нэг л биш байна. Юу ч болж мэднэ гэх нь тэр. Дотор хачин болоод явчихлаа. Би ааштай /булгидаг/ ганц хүрэн морьтой. Тэр маань Хөвийн аман усанд /10-аад км хол/ айлын адуунд явсан юм. Түүнийг барьж авахаар явлаа. Барьж авч эмээллэчихээд айлд аяга цай ууж суутал сумаас ирсэн нэг залуу, ээжийн чинь бие тун хариугүй байна гэнэ гэв. Харихаар явлаа. Их ч харанхуй байлаа. Гэртээ ойртоод иртэл: -Миний хүү юу гээд гэрийн гадаанаасаа ажаа маань дуугарах аядав. -Би байна ажаа! гэтэл -Муу ээж чинь бурхан… гэчихээд “болчихлоо” гэдэг үгийг нь хэлж чадсангүй. Тэр харанхуйд гэрийнхээ үүдэн тушаа нэг муу адасга орхичихоод түүн дээрээ хэвтэхчээ болж байсан бололтой. Бас “Морь чинь үргэх вий, сайн бөхөл” гэж байна. Тэр адсага  дээр хоёулаа үүр хаяартал хэвтэх аядав. Чингээд үүрийн гэгээ орохоос арай өмнөхөн гэрээсээ цөөн унь сугалж толгойг нь нийлүүлж боогоод дээгүүр нь нэг муу дээврээ авч нөмөргөн шовоохой босгоод /манай тэнд өөд бологсдын шарилыг ийм шовоохойд байрлуулж нэг ёсны таних тэмдэг болгодог заншилтай байсан юм/ бас нэг туурга дэвсээд талийгаачийнхаа цогцсыг арай ядан зөөж оруулав. Маргааш нь шарил ачих тэмээ, яс барих, хамт явах хүн олох хэрэгтэй болов. Наймдугаар сарын 1нэгний өдөр байлаа. Тэр үеийн улсын мал тооллого энэ өдөр эхэлдэг байсан юм. Сумын төвийн бүх эрчүүд мал тооллогод явчихсан ажээ. Хоёр гурав­хан хүн үлдсэн боловч надад тус болохыг хүссэнгүй. Өөрийн найз С.Шагдарсүрэнгийнд очиж учраа хэлтэл, хазгайдуу бөхтэй номхон тэмээгээ өглөө. Миний дүү Самдан 15 нас хүрсэн боловч тэр үед үертэй Өлзийт голын цаана нэгэн нагацындаа бай­сан тул хэл хүргэж ирүүлж чадсангүй. Эр бие ганцаардаж байлаа. Тулгар­сан давааг давах хэрэгтэй байлаа. Нутаглуулах газрынхаа баримжааг газар мэдэх хүнээр хэлүүлж авлаа. Маргааш нь үүрийн харанхуйгаар эмээтэйгээ хоёул ачааллаа. Тэмээгээ хомнож хоосон араг уруу нь харуулж тэгнээд түүний дээр ээжийнхээ шарилыг хөндлөн тавиад л гүйцэх нь тэр. Тэмээгээ босгохоор шарил нь урагшаа ороод ирэх вий гэсэн чинь тэгдэггүй юм байна билээ. Тэгээд л үүрийн харанхуйгаар мөнөөх заалгасан чигээ бариад ээжийнхээ шарилыг тэмээнд ачиж хөтөлчихөөд ганцаархнаа алхуулж явлаа. Яваад л байлаа, яваад л байлаа, хүнээр заалгасан тэрхүү цохио цагаан чулуутай, Түмэнхоньт хэмээх хүн тавьдаг хонд нь тааралдсангүй. Тэгтэл сэтгэл тэниймээр нэг сайхан налгар бууцан дээр хүрээд ирлээ. Сэтгэл цэлсхийх шиг нэг л сайхан санагдаад  явчихлаа.  Мөн ч, биш ч тэнд л нутаглуулахаас өөр аргагүй боллоо. Тэр нь миний зорьсон  мөнөөх Түмэн хоньт нь биш, харин Дэлийн арын Хөх хад нэртэй өвөлжөө байсныг дараа нь л мэдсэн. Заалгасан ёсоороо л тавилаа. Ээжийнхээ  толгойг цагаан чулуу  дэрлүүлэн газар тавих л хэцүү байв. Хэцүү гээд яахсан билээ. Тушаатай морь дэгээд холдчихлоо. Хэвтэж байсан тэмээ ч босоод явчихлаа. Нар ч нэлээн дээр гараад ирлээ. Ингээд л ээжийнхээ ариун цогцсыг ер нь энэ хорвоод тээж төрүүлж, хамаг байдгаараа хайрлаж өмөөрч явсан ээжийгээ эзгүй хээр орхисон юм даа. Хорвоо хатуу гэдэг үнэн. Гэхдээ хорвоо  эзэнтэй  юм шиг байна билээ. Тэрхүү Хөх хадын бууц нь  хэдүйгээр хүн тавьдаг газар биш байсан боловч миний ээжийг шингээн   авах учиртай   ариухан газар нь мөн байсан  учраас надад тийм онцгой таатай мэдрэмж төрүүлсэн байх. Би хэдүйгээр орь ганцаараа бас газраа мэдэхгүй мунгинаж явсан атлаа ямар нэг далдын оноолт бүхий зурлагаар  ээжийнхээ газрыг яалт ч үгүй  зөв олж нутаглуулсан гэж боддог билээ.   ХЭЛЭХ ҮГ   Ээж маань 1907 онд төрсөн хонь жилтэй хүн байсан.  Тэгээд дөнгөж 45 нас хүрээд л бурханы оронд буцаад явчихаж байгаа юм. Би хэзээ нэгэн цагт ээжгүй хоцорно гэдгээ мэддэг байсан ч түүнийг тухайлан бодож ч зүрхлэхгүй айж бэргэж  явсаар нэг л мэдэхэд ээжгүй болчихсон. Ээжийнхээ амьгүй хөрсөн биеийг тэвэрч  мэдэрч байсан хэрнээ л түүнийг бурхан болчихсон гэдэгт нэг хэсэгтээ үнэмшиж чадахгүй байсан. Ямар ч гэсэн уйлах нулимс байхгүй юм шиг чээжин дээр хоосон цанхайгаад хачин байсан. Бараг гурван сарын хойно ямар нэг шалтаггүйгээр ганцаархнаа хээр явж байгаад гэнэт чанга дуугаар  цурхиран асгартал уйлсан, тэгээд л дотор жаахан онгойх шиг болсон. Би ээжийгээ тэр үеийн бусад хүүхдийн ээжүүд шиг байлгаж огт чадаагүй ээ. Торго дурдан дээл хувцас эдэлж, савхин гутал өмсч огт үзээгүй хүн гээд бодохоор зэрэг  дотор хачин болоод ирдэг. Эвий эвий   миний муу ээж  ёстой өрөвдмөөр  шүү,  өнгөтэй өөдтэй  хувцас хунар гэж байхгүй, навсайчихаад л таваргаж явдагсан. Тэгсэн мөртлөө   дандаан   инээд алдаж  явах.  Байж байсан байдлыг нь одоо эргээд бодохоор байж суух газар олдохгүй юм шиг хачин хэцүү болчихдог  юм аа. Ээж минь дэндүү  өрөвч цайлган сэтгэлтэй, чухам л  хүний хайлан байсан юмсан. Мичин жилийн зуд турхантай хавар   хоёр гурван удаа тарваганы ичээ ухаад   гэрийнхнийгээ баярлуулж байсан шүү. Ямар сайндаа гэж  тэгэхсэн билээ. Бүсгүй хүн ичээ ухна гэдэг чинь  бардаг ажил биш шүү дээ. Бурхан болдог тэр жилийнхээ урд намар  хөдөө очиж хар хүн гуйж  нэг байдсан гүү байсныгаа идшинд  төхөөрүүлж махыг нь тэр айлын  гадаа бараан дээр тавиад хоносон байж. Тэгтэл  тэр  айлын нэг муухай гуриа жингэр  цоройж байгаад  нэг  гуяыг нь газар унагаж баргийг идчихсэн байсан гэсэн. Өглөө нь ээж минь   үзээд  сэмхэн  уйлаад  зогсож байсан гэж  мөнөөх  айлын залуу  хожим дурсан ярьсан.  Энэ бүхнийг нь эргээд бодохоор одоо ч  хамар шархирах шиг болоод эвгүй  байдаг. Сонин шүү, эх үрийн элбэрэл заяа гэж. Ээжийнхээ хэвлийд тээлгэж төрөөд  эцэст нь ээжийгээ зүрхэндээ тээж  санаашран үлддэг нь энэ л хорвоогийн хатуухан жам юм даа. “Навсгар ч гэсэн ээж минь, ноорхой ч гэсэн орон гэр  минь” гэж их л учиртай үг ээ. Төрсөн ээж гэдэг ганган ч байсан навсгар ч байсан  бурхан  л байдаг, өөрийн орон гэр гэдэг   цагаан ч байсан хар ч байсан  хааны ордноос үнэ цэнтэй ариухан  харш  шиг  байдаг  гэсэн  үнэн санаа  энд  байдаг юм байна. Бурхан ээж минь урагшгүй муу хүүгээ өршөөгөөрэй гэж зүрх  сэтгэл дотроо залбирч л явах юм. Өөрөөр яахсан ч билээ. Ээжийгээ амьд сэрүүн  байхад нь л ачилсан шиг ачлах хэрэгтэй байдаг юм байна. Ээжийгээ ачлахад маргааш гэж байдаггүй юм байна. Ээжийгээ амьдад нь ачилцгаая, хүмүүс ээ! Эх сурвалж: “Зууны мэдээ “сонин 2019.3.7 № 47, 48 (6014, 6015)
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

11 цаг 40 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

13 цаг 20 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

17 цаг 39 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

17 цаг 44 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

17 цаг 52 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

17 цаг 57 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

18 цаг 9 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

18 цаг 11 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

18 цаг 33 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

18 цаг 35 мин