Зээлийн хүүг бууруулахыг олон нийт үргэлж шаардсаар ирсэн. Харин эдийн засагчид толгой сэгсрэн, шүүмжилнэ. Банкууд өндөр хүүтэй зээл олгож, иргэдийг шулж, мөнгө хүүлж байна гэх хандлага ч бий. Тэгвэл эдийн засгийн мэдлэгтэй хэнбугай ч банкууд зээлийн хүүгээ өсгөх хүсэлгүй байдгийг төвөггүйхэн мэдэж чадна. Өөрөөр хэлбэл, зээлийн хүү өсөхийн хэрээр эрсдэл бий болж, эргээд сөрөг үр дагавар авчирдаг байна.
Харин улстөрчдийн хувьд олон нийтээс оноо цуглуулахын тулд чихэн дээр цэцэг ургуулахаас өөрөөр эрсдлийг үл харгалзан асуудлыг зүтгүүлдэг. Яг тэр жишгээр Зээлийн хүүг бууруулах хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Төрөөс зээлийн хүүд хязгаар тогтоох боломжтой. Яг л соц үе шиг ганц алх цохиод бүхнийг төрийн төмөр нударгаар шийдэх боломж бий.
Гэвч төрөөс үнэ тогтоож байгаад нийтээрээ сүйрэн унасан жишээ олон бий. Өдгөө ч зарим салбарт төр үнэ тогтоосон хэвээр. Харамсалтай нь, үнийн зөрүүгээс үүссэн алдагдлыг татвар төлөгчид үүрдэг гажуудалтай. Тухайлбал, үр тариа, гурил, нүүрс, цахилгаан, дулаан, шатахууны үнийг төрөөс үе үе зохицуулах гэж оролдож байгаа нь эдийн засаг, бизнесийн харилцаанд гажуудал үүсгэж, хэсэг хүнийг хөлжих боломжоор хангадгийг ЖДҮ-гийн сангийн зээлээс ч харж болно. Төрийн оролцоо байгаа онохгүйгээс болж дээрх салбарт дотоод, гадаадын хөрөнгө оруулалт орох, бүтээгдэхүүн үйлчилгээний хангамж нэмэгдэх, зах зээлийн бодит үнэ тогтоход саад болдог гэж судлаачид дүгнэдэг.
Үүнтэй ижил зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтооно гэдэг аливаа зүйлийн үнийг барина гэж байгаатай адил. Эдийн засагч Б.Найдалаа “Хэрэв зээлийн хүүг хуулиар буулгаж болдог бол бусад барааныхаа үнийг ч хуульчлаад буулгаад байцгаая. 20 жилийн өмнө ганц хууль батлаад буулгачихгүй яасан юм. Жишээ нь өндөгний үнэ 100 төгрөг байя, хуушуурын үнэ 50 төгрөг байна гээд хуульчилчихвал юу болох вэ, боломжгүй биз дээ” гэж хэлж байсан удаатай. Хуушуурыг 50 төгрөг болгох нь сайхан үг. Үүнтэй ижил зээлийн хүү бол олон нийтэд таалагдаж болохуйц популист алхам гэсэн үг. Гэтэл зээлийн хүүг хүчээр тогтоох нь далайд сэлүүргүй гарахтай ижил юм.
Монгол Улсын зээлийн хүү 2012 онд хамгийн доод түвшинд байсан. Тэр үед зээлийн хүүгийн дундаж түвшин 15 орчим хувь болж чадсан нь эдийн засаг сайн байсантай холбоотой. Түүнээс хойш өссөөр 2016 оны төгсгөл 2017 оны эхээр 20 гаруй хувьд хүрчээ. Харин 2017 онд эдийн засаг сайжирч 2018 онд сайжирсан байдал үргэлжилсний улмаас өнөөдөр хүүгийн дундаж түвшин 18 хувь болж буцаад буурсан байна. Өнөөдрийн байдлаар арилжааны 14 банк хадгаламжийг жилийн 13-14 хувийн хүүтэй татаж, зээлийг дунджаар жилийн 18 хувийн хүүтэй олгож байгаа юм. Мэдээж ЖДҮ-гийн сантай адилхан яагаад 3 хувийн хүүтэй болгож болохгүй гэж. Ийм болговол бүх зүйл сайхан болох мэт төсөөлөл олон хүнд бий. Бизнесээ өргөжүүлж, ажлын байр бий болгож, бараа бүтээгдэхүүний үнэ буурах мэт төсөөлөл.
Энэ тохиолдолд банкны салбарт хуримтлагдсан хадгаламжийн үлэмж хэсэг банкнаас гадагшилна. Суларсан мөнгө валют худалдаж авснаар төгрөгийн ханш сулрах эрсдлийг дагуулна. Энэ бүхэн дүүрч. Үүнээс илүүтэй бүхий л салбарт хөөсрөлт явагдана. Нэг хэсэг нь орон сууц, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авна. Тэгэхээр энэ салбарт “хөөс”-тэй үнэ тогтоно. Эдийн засаг 17 хувиар өсч байх тэр үед барилгын салбарт хэрхэн үнэ өссөнийг нийтээрээ харсан. Нөгөө талаас нь харвал банкнаас татсан хадгаламжийн мөнгөө өөр хоорондоо өндөр хүүтэй зээлдүүлж эхэлнэ. Ингэснээр сүүдрийн эдийн засаг томорч иргэдийн хадгаламж болон банкуудаас авч байгаа татварын орлого буурна. Бас нэг эрсдэл нь хөрөнгийн урсгал удааширна. Хөрөнгийн бирж рүү нэг хэсэг хөрөнгө явж болох хэдий ч илүү эрсдэл үүрэх магадлал өндөр.
Өөрөөр хэлбэл, зээлийн хүүг бууруулах хуулийн төсөл өргөн барьсан нь банкуудыг дампуур гэсэнтэй ялгаагүй. Хэрэв банкны үйл ажиллагаа зогсонги байдалд орвол байдал улам хүндэрнэ. Уул уурхай, барилгын салбарт санхүүгийн том хямрал үүсэх аюултай. Ингэснээр гадны банк Монголд эзэн суух ирээдүйн зорилго ч байж болох хувилбар бий. Хиймлээр, хийрхлээр, популист маягаар хүүг буулгах нь хүссэн үр дүнд хүрдэггүйг эдийн засгийн шинжлэх ухаан хэдийнэ баталчихаад байна.
Эх сурвалж: niigmiintoli.mn
Зээлийн хүүг бууруулах хуулийн төсөл банкуудыг дампуур гэсэнтэй ялгаагүй
2019-03-01
Нийтэлсэн: Админ
 1 мин