АЗИЗ НЕСИН
Бид хөдөөгийн нэгэн дэлгүүрийн өмнө зогслоо. Эзэн нь нэг тариачин эмэгтэйн лонхонд керосин хийж өгч байв. Биднийг харуутаа хоёулаа эхлээд эмэгтэй, дараа нь эзэн инээмсэглэв.
-Решид гуай та нарыг хүлээж байгаа. Энэ толгой өөд гарахад баруун талд нь цайны газар харагдана. Тэнд хүлээж байгаа гэж дэлгүүрийн эзэн хэлсэнд,
-Решид гуай гэж хэн билээ гэж би асуулаа.
-Оч оч, тийшээ оч. Та нарыг хүлээж байгаа. Хэн болохыг нь очоод мэдээрэй.
Бяцхан толгой өөд гарвал нэг цайны газар харагдав. Өөдөөс нэг хүүхэд гүйж ирээд,
-Решид өвөө та нарыг хүлээж байна гэж хашхирчихаад дорхноо баруун тийш арилав.
Бид улам гайхсаар толгой уруудав. Цайны газар пиг дүүрэн аж.
-Ноёд оо, амархан сайн байцгаана уу гэж бид мэндэллээ.
Хүмүүс биднийг хараад бие бие өөдөө учиртайхан харцгааж тохуурхсан янзтай мушилзав.
- Решид гуай гэж хэн бэ?
-Тэр, тэр хүн…
Вандан дээр бавгар сахалтай нүдэнд дулаахан өвгөн завилан сууж байна.
Биднийг очсонд босоод,
-Тавтай морилно уу гэв.
-Амархан сайн байна уу, та Решид гуай юу гэлээ.
-Тийм ээ, би байна.
-Биднийг хүлээж байна гэв үү?
-Тиймээ, бид хүн хүлээж байна гэхдээ та нарыг биш. Та нарыг хот газрын хувцастай болохоор манайхан андуурч л дээ. Юу уухсан бол?
Бид хоормог захилаа. Тэгээд дараа нь тэрэг эвдэрч суучихаад энэ тосгонд байхаас өөр арга байхгүй боллоо гэдгээ тайлбарлав.
Решид гуай кофе ууж суугаа тариачдад хандаж,
-Эд бидний хүлээсэн улс биш байна. Ноднин ирж байсагн зочдоо та нар танина биз дээ гэв.
-Танилгүй яахав гэж хэдэн хүн хэллээ.
-Та нар ямар хүн хүлээж байгаа юм бэ гэж би сонирхов.
Өвгөн бидний өмнө хатгамалтай цагаан алчуур тавьж нямбайхан дэлгэвэл дотор нь тамхины дөрвөн хоосон хайрцаг байна. Хоёр нь “Ениже”, нэг нь “Гелинжик”, нөгөө нь “Богазичи” маркийн тамхины хайрцаг ажээ.
-Эдний эздийг хүлээгээд байгаа юм гэж Решид гуай тайлбарлаад бидэнд тэр хайрцгаа сарвайв. Надад “Гелинжик” таарчээ. Дээр нь махир тахир зураас, юу болох нь мэдэгдэхгүй тоо, зураг байлаа.
-Энэ юу юм бэ, Решид гуай гэж асуусанд,
-Бидний зовлон зүдгүүр байгаа юм гэхээр нь,
-Зовлон зүдгүүр гэнэ ээ гэж би лавлав.
-Жил болгон сонгуулийн өмнө том дарга нар тойргоос тойрог, тосгоноос тосгон дамжиж иргэдийнхээ санал гомдлыг сонсдог баярламаар уламжлалтай юм.
Ноднин манайд дөрвөн дарга зэрэг ирж билээ. Хүмүүсийг цуглуул, санал бодлоо хэлэг гэж тушаав даа. Тэгээд тэд ч машинаас буулаа. Бид ч “Тавтай морилцгооно уу” гэж урилаа. Тэд сүрхий эелдэгхэн мэндлээд нэг нь “Ноёд оо, бид та нарын санал гомдлыг одоо болтол нэг ч удаа сонссонгүй, харин ардчиллын үед ард түмнийхээ санаа бодлыг сонсох учиртай. Бид ингэж л ирлээ. Хэнд ямар хүсэлт байна, ярьцгаа” гэлээ. Бид ч амьдрал ахуйгаа ярьж, зовлон зүдгүүрээ тоочив. Бид ярьж, тэд тамхины хайрцган дээр тэмдэглэж авч байлаа.
“Эрхэм ээ хумхаа өвчин биднийг мөн ч их зовоож байна даа” аврал алга. Бидэнд туслаач” гэж бид давын өмнө хэлсэн юм. Тэд тэмдэглэж авсан. Манай нэг багш “Би ганцаараа таван анги дааж байна. Их хүнд байна. Одоо нэг багш явуулаач” гэж гуйсан. Дөрвүүлээ л тамхины хайрцаг дээрээ тэмдэглэж авч байлаа даа. Тавьсан хүсэлт болгонд “За нэг арга бодно” гэж хариулж байлаа. Нэг ч юман дээр татгалзаагүй. Би бөхийж багшийн чихэнд “Хүүе ээ, би итгэхгүй байна. Уул овоо шиг юм амлаад л байна. Бардам ам, шалдан гуя байж байх вий” гэж шивнэсэн юм. “Та нар бүгдийг нь бичиж авсан нь ямар сайн хэрэг вэ”. Надад нэг санал байна. “Төмөр зам тавиулмаар байна” гэлээ. Энэ хүсэлтийг маань ч тамхины хайрцаг дээрээ бичиж авав.
Орой боллоо. Нөгөө дөрвийн хоёр нь тамхиныхаа хайрцгийг шидчихэж байгаа харагдав. Би аваад халаасандаа хийчихлээ. Бас нэг нь цайны газраас гарахдаа тамхиныхаа хайрцгийг чулуудчихаар нь би авав. Дөрвүүлээ машиндаа суугаад хөдөллөө. Бид далласаар хоцров. Машины цонхоор бас нэг хайрцаг хийсэн унав. Бидний санал гомдлыг бичсэн хайрцаг шүү дээ. Тэр дарга нар манай тосгонд дахиад ирнэ гэж мэдэгдсэн юм. Бид тэднийг л харуулдаад байгаа улс д даа.
Би хайрцгуудыг анхааралтай үзлээ. “Ениже” тамхины хайрцаг дээр “Шюкран” гэдэг хүүхний нэрийг зургаан удаа бичээд бас “Шюк…” гэж тавиад орхижээ. Доор нь гурван од, нэг завь, гурвалжин, дөрвөлжин замбараагүй юм зураад орхисон байна.
“Богазичи” дээр нь “Хадам ахын төлөө хөөцөлдөх, Вафи-бейд дулаан байр хайх, Итали явах төлөөлөгчдөд хүргэнээ оруулах. Ажил бүтэхгүй тийшээ хандвал огцрох тухай цуурхал дэгдээх. Гурван зуун мянгын хэрэг… Энэ тоог хоёр удаа бичгээр, нэг удаа цифрээр тавиад орхижээ. Бас “бүжигчин бүсгүй” гэж таван удаа эрээчсэнийг уншиж болохоор бичжээ. Доор нь зургаан зүрх зурсан байв.
“Гелинжик” дээр нэг том нүд, шоо зуржээ. Доор нь “За зүйтэй, болно, хийнэ, сайн байна” гэжээ.
Тэгтэл хүмүүс гэнэт,
-Ирлээ, ирлээ гэж шуугилдав.
Хөнгөн тэрэг давхин ирлээ. Гурван хүн бууж ирээд,
-Сайн байцгаана уу, ноёд оо?
-Бүгдээрээ сайн сууцгааж байна уу?
-Сайн биз дээ найз минь гэж тариачдын амрыг уралдан эрэв.
Тариачид биднийг угтдаг шигээ доогтой мушийцгаав.
Ирсэн хүмүүсийн хоёр нь Решид гуайн хажууд өндөр сандал дээр, нөгөө нь вандан дээр суулаа. Тэд гараа цээжиндээ наагаад хүүхэд хөгшид бүгдтэй нь мэндлэв.
-За ноёд оо, амьдрал ахуй сайн уу? Энэ жилийг амар амгалан өнгөрөөв үү гэж нэг нь асуулаа.
-Баярлалаа, сайн. Та нар сайн уу гэж Решид гуай хариуд нь бүгдийг төлөөлөн хэлэв.
-Бидний ажил төрөл бас сайн. Ноднингийнхоосоо ч илүү сайн. Та нар ч гэсэн сайн байгаа юм байна. Инээд баясал царайд нь гэрэлтээд л, мэдэгдэж байна. Аллах тэнгэр та нарыг дандаа тэтгэж байг.
-Ноёд оо, ардчилсан байгууллагын үед удирдагчид ард түмний санал хүсэлтийг сонсож байх ёстой юм гэж ирсэн хүмүүсийн хамгийн ахмад нь тариачдад хэлэв. Тэгээд халааснаасаа “Гелинжик” маркийн янжуур гаргахад цайны газрын эзэн цог хавчиж аваад тамхийг нь асааж өгөв. Ирсэн хүн цааш нь,
-Та нартай хийсэн уулзалтад урам зориг орж, бид шаргуу ажиллаж байна. Өнөөдөр бид дахиад ирлээ. Нэрэлхэж, ижиж зовох хэрэггүй, санад хүсэлтээ зоригтой гаргацгаа. Та нарын үгийг сонсох нь бидний үүрэг. За ярьцгаа, ямар санал гомдол, ямар бэрхшээл байна гэв.
Тариачид дуугүй байснаа хоорондоо шивнэлдэж эхлэв. Миний хажууд зогсож байсан тариачин:
-Давын өмнө намгийг хатаах хэрэгтэй байна. Хумхаа өвчин дийлдэхээ болилоо. Шүршээд дийлэхгүй нь… гэсэнд гурвуулаа л тамхиныхаа хайрцаг дээр тэмдэглэж байна. Решид гуай ирсэн хүмүүсийн “Богазичи” тамхий барьсан эр рүү бөхийж,
-Уучлаарай та буруу тэмдэглэчихлээ гэв.
Цаадахь нь бичсэнээ зурж дараад дахин юм бичиж эхлэв.
-Яагаад буруу гэж энэ хүн намаг хатаах тухай ярилаа шүү дээ гэж “Гелинжик” тамхины хайрцаг барьсан хүн хэлэв.
-Өө тийм үү, буруу биччих шиг санагдахаар нь л би… гээд Решид гуай өвөр дээрх хатгамалтай алчуураа болгоомжтой дэлгэж, ноднингийн уулзалт дээр хумхаа өвчний тухай ярьсныг та ингэж зурсан шүү дээ гээд “Гелинжик” тамхины хайрцгийг бүх хүнд харууллаа.
Хүмүүс нирхийтэл инээлдэхэд ирсэн зочид ч инээв.
-Бид багш ирүүлээч гэсэн юмсан. Сургууль маань таван ангитай нэг багш хаана нь ч хүрэхгүй байна… гэж нэг тариачин хэллээ.
-Тэгнэ дээ, аргагүй гэж “Ениже” тамхины хайрцаг дээр юм тэмдэглэж байгаа депутат хариулав.
-Та ноднин эндүү бичсэн байна билээ. Ноднин багшийн талаар “Шюкран”, “Шюкран”, “Шюк…” гэж тэмдэглэсэн байсан гээд Решид гуай “Ениже” тамхины хайрцаг гаргаж ирэв.
Зочид тушаал авсан юм шиг нэгэн зэрэг тамхины хайрцгаа халаасандаа хийв.
-Энд бүгдээрээ бий. Харцгаа даа, энэ зургууд үйлдвэр, энэ зургаан зүрх төмөр зам юм байна. Энэ бол ноднин ирсэн ноёны тамхины хайрцаг байгаа юм. Одоо тэр хүн энд алга гэж Решид гуай хэлэв.
-Энэ чинь юу гэсэн үг вэ гэж нэг депутат шанаагаа тулан сандран хэлэв.
-Юу юу гэсэн үг вэ гэж. Энэ бол бидний гаргаж байгаа гомдол. Бидний зовлон зүдгүүр. Энэ чинь бидний зовлон юм уу, та нарын зовлон юм уу. Би ер ойлгохгүй юм.
Цөмөөрөө бослоо. Зочид явах гэж яарав.
-“Шюкраны” бас “гурван зуун мянгын” тухай хэргийг мартав даа. Тэр завь, одоор юу тэмдэглэсэн бол түүнийгээ бас бүү мартаарай гэж Решид гуай сануулав. Зочдыг машин уруугаа явахад тариачид дагалдав. Бид Решид гуайн хажууд явж байлаа. Ирсэн хүмүүсийн нэг ханиаснаа,
-Энэ тамхийг хаяя гэв.
-Тийм ээ, их хатуу болжээ гэж нөгөө нь нэмэв.
-Тийм, хаявал таарна. Тамхи ч дэндүү хүчтэй үйлчилдэг эд байна гэж гурав дахь нь хэлэв.
Машин хөдөллөө. Тариачид араас нь хөгжилтэй инээлдсээр хоцорлоо.
Эх сурвалж: Азиз Несин “Буян заяаны нууц” номоос /Ц.Доржготов, Ц.Сүхбаатар нарын орчуулга/
Уран зохиол: Бидний зовлон үүнд байгаа юм
2019-03-02
Нийтэлсэн: Админ
 1 мин