Ц.БАЯР
Экспортод бүтээгдэхүүнээ гаргах сонирхол манай дотоодын компани, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн гол зорилго байдаг. Харин энэ зорилгод хүрэхэд тэдэнд төрийн нэгдсэн бодлого, дэмжлэг, нэгдмэл байдал чухал байгааг онцолдогч төр болон төрийн бус байгууллага мэргэжлийн холбоод өнөөдөр шийдвэртэй алхам хийхгүй байгаа талаар хурал зөвлөгөөн бүрт л ярьдаг. Өнөөдөр манай улс Европын холбооны улс болон Японы Засгийн газартай худалдааг хөнгөвчлөх гэрээ байгуулан ажиллаж байгаа. Гэвч далайд гарцгүй манай улсын тухайд түүнчлэн тээвэр ложистикийн хүндрэлтэй орны хувьд энэ гэрээг ашиглах боломж бага аж. Гэсэн хэдий ч манай улс Европын орнуудад 7500 нэр төрлийн бүтээгдэхүүн экспортлоход хөнгөлөлт эдлэх гэрээтэй. Харамсалтай нь эдгээр бүтээгдэхүүний жагсаалтад манай оронд үйлдвэрлэдэггүй бүтээгдэхүүн 50 орчим хувийг эзэлдэг байна. Түүнчлэн олон улсын стандартын өндөр шаардлага тавьдаг. Тухайлбал, Европ болон Японы хэрэглэгч манай ноос, ноолуур болон эсгий бүтээгдэхүүнийг ихээр авах сонирхол байдаг ч стандартын шаардлага хангадаггүй. Нөгөөтэйгүүр Япон улсын хэрэглэгч манай эсгий шаахайг хэрэглэхийг хүсдэг ч тэдний хэрэглээ, шаардлагыг хангадаггүйгээс гадна барааны код олгохдоо учир дутагдалтай зүйл байдаг гэнэ.
Өөрөөр хэлбэл, эсгий шаахайны улыг хальтрахаас сэргийлж арьс болон бусад резин зүйлээр хийхэд хилээр уг бүтээгдэхүүнийг гаргадаггүй. Учир нь эсгий бүтээгдэхүүн зөвхөн эсгийгээр байх кодтой. Өөр ямар нэгэн туслах материал ороогүй байхаар кодлодог учраас тэр. Энэ мэтчилэн олон бүтээгдэхүүн дээр ийм зүйл элбэг. Тэгэхээр ямар нэгэн улс оронтой худалдааг хөнгөвчлөх гэрээг байгуулахдаа төрийн байгууллага нь мэргэжлийн холбоод, судлаач төрийн бус байгууллагатай хамтарч тэдний санал хүсэлтийг тусгах хэрэгтэй. Ингэснээр уг гэрээг үр дүнтэй ашиглах боломж ихэснэ хэмээн судлаач зөвлөж байсан юм. 1990 онд манай улс АНУ-ын худалдааны хөнгөлөлтийн нэгдсэн системд хамрагдаж байжээ. Гэхдээ зөвхөн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн дээр ашиглагддаг байв.
Хэлэлцээрийн үр дүнгээр тухайн үед манай оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байжээ. Тухайн үед манай Засгийн газрын алдаатай бодлогоор уу, Хятадын хөрөнгө оруулалттай оёдлын үйлдвэрүүд олноор байгуулагдаж түүхий эд, материалаа тус улсаас авдаг болж түүгээр зогсохгүй манай оёдолчдыг үйлдвэртээ ажиллуулж бүтээгдэхүүнээ экспортод гаргаж эхэлжээ. Харамсалтай нь уг бүтээгдэхүүний орлого Хятад улс буюу хөрөнгө оруулагч руугаа ордог. Ингээд хөнгөлөлтийн систем хэрэгжих хугацаа дуусангуут хөрөнгө оруулагч нар гарч явжээ. Харин оронд нь хэдэн эвдэрхий оёдлын машин, ажилгүй болсон оёдолчид үлдсэн гэдэг. Хөнгөлөлтийн системийн үр дүн манайд хангалтгүй хэрэгжсэн ч манай оёдолчдын чадвар сайжирч, туршлагажсаны үрээр өнөөдөр тэд хувьдаа амин зуулгаа залгуулах оёдлын цех байгуулж байсан түүхтэй.
Харин өнөөдрийг хүртэл тэднийг нэгтгэх хөнгөн үйлдвэр байгуулах төрийн бодлого үгүйлэгдэж тэдний төлөө ажиллах ТББ-ууд болон МҮХАҮТ нь хүртэл санаачлагатай ажиллахгүй байгааг шүүмжилсээр. Тэгэхээр цаашдаа манай улс худалдааг хөнгөвчлөх чиглэлээр ямар нэгэн улсын хөнгөлөлтөд хамрагдвал дараа нь үүний үр дүнд бидэнд юу үлдэх вэ гэдгийг хөгжлийн бодлогтойгоо уялдуулах ёстой хэмээн эдийн засагч, хуульч Б.Хаш-Эрдэнэ ярьсан юм. Манай улсад элэгтэй АНУ-ын Конгрессын гишүүн манай оронтой худалдааг хөнгөвчлөх гэрээ байгуулахаар ажиллаж буйг салбарын яамны мэргэжилтэн хэлсэн. Нөгөөтэйгүүр хүн ам, эдийн засаг багатай манай орны тухайд ядаж хоёр хөрштэйгөө гадаад худалдааг хөнгөвчлөх гэрээг аль аль талдаа ашигтайгаар байгуулах хэрэгтэйг эдийн засагч онцолж байв. БНХАУ, ОХУ манайхаас мах, махан бүтээгдэхүүн болон ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн авах сонирхол их байгааг ашиглаж мэргэжлийн холбоод нь нэгдэж төр нь дорвитой хөдлөх цаг болсныг ч бизнесийнхэн онцолж байв.
Эх сурвалж www.polit.mn
Экспортын барааны жагсаалтад манайд үйлдвэрлэдэггүй бараа ихэнхийг нь эзэлдэг
2019-02-25
Нийтэлсэн: Админ
 1 мин