П.АМГАЛАНБАЯР
“Polit-ийн нэг өдөр”-ийн энэ удаагийн зочин “Болор цом”-ын эзэн, яруу найрагч М.Отгонбаяр юм. Тэрээр 2018 онд “Ижийдээ нас гуйж бичсэн шүлэг”-ээрээ Янжинлхамын ивээлд багтсан билээ.
-“Polit-ийн нэг өдөр” булан уламжлалт асуултаа танд тавьж байна. Таны энэ өдрийн гэгээн өглөө хэрхэн эхэлсэн бэ? -Би өглөө бүр 7:00 цагт тогтмол сэрдэг. Орноосоо босоод хамгийн эхэнд хийдэг уламжлал болсон зүйл нь хэдэн тоот дасгал бий. Өмнөх өдрийнхөө орой маргаашийн ажлаа төлөвлөчихдөг учир хуваарийн дагуу явдаг. Ихэвчлэн урлаг соёл, номтой холбоотой асуудлаар хүмүүстэй уулзана. Өнөөдөр өглөө гэхэд Баянзүрх номын сангаараа ороод ирлээ. -Өглөө бүр дасгал хийхээс гадна өөр дадал болсон зүйл бий юу? - Өөрийн ч мэдэлгүй хийдэг зүйл бол цонхоор гадагш харах. Өглөөний үүл, нар, тэнгэрийг ажиглах дуртай. -Өнөөдөр та ямар ажил амжуулахаар төлөвлөж байна? -Өнөөдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгч хоёр хүнтэй уулзахаар цаг тохирсон. Дараа нь “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагатай номын сангийн ажлаар уулзана. Ирэх долоо хоногт манай номын санд Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолчидтой уулзах уулзалт болох гэж байгаа. Энэ үйл ажиллагаа нь манай номын сангийн сар болгон зохион байгуулдаг ажлын нэг. Ирэх долоо хоногийн зочноор яруу найрагч СГЗ Д.Нямаа гуайг урьсан. Цаашлаад эдгээр уулзалт, ярилцлагаа нэвтрүүлэг болгож цацах санаатай байна. Тиймээс өнөөдөр “TV 8” телевизийн удирдлагуудтай уулзаад ерөнхийдөө өнөөдрийн ажил дуусна. Ер нь их оройтож харьдаг шүү. Дуртай ажлаа хийж байгаа болохоор цаг хугацаанд баригдахгүй ажлаа амжуулахыг хүсдэг. - Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? - Багын найзуудтайгаа уулзаж волейбол тоглох дуртай. Мөн гэр бүлээрээ салхинд гарах, ууланд авирах сонирхолтой. Сүүлийн үед сайн шүлэг эрэлхийлж шүлгийн ном харах дуртай болсон. -Саяхан монголчуудын уламжлалт баяр Цагаан сар боллоо. Та нутагтаа очиж, азай буурлуудынхаа амар мэндийг мэдэж амжив уу? -Энэ жил нутагтаа очиж амжсангүй. Миний нутаг Ховд аймгийн Дуут сум. Аймгаасаа 70 км-ийн зайтай. Бага нас минь Хөх Бэлчирийн гол гэж зуслангийн газар өнгөрсөн. Манай аавыг Мөнгөнхүү гэдэг. Аав маань насаараа Ховд аймгийн дөрвөн сумын нэгдлийн даргаар ажилласан. Ээж маань худалдаа бэлтгэлийн ангид ажилладаг байлаа. Бид эцэг эхээс наймуулаа. Дөрвөн хүү, дөрвөн охинтой. Би айлын долоо дахь хүүхэд нь. Банди нарынхаа отгон нь юм. -Айлын удам залгах бага хүү гэхээд нэлээд эрх байсан байх даа? -Бага байхад биднийг гадаа унтуулдаг байлаа. Зуслангийн газар маань Далайн төвшинээс дээш 2800м, заримдаа 3000м өндөрлөгт оршдог. Гэрийн гадна унтаж байхад тэнгэрийн одод нүүрэн дээр байгаа юм шиг гялалзаад л. Олон гариг эрхэсийн хөдөлгөөн, элдэв онгоц, сансрын хиймэл дагуулын хөдөлгөөн гэх мэтчилэн тэнгэрт байгаа бүхэн доторхой харагддаг байж билээ. Бид тэр бүхнийг харж, ярьсаар их орой унтдаг байсан. Манай нутгийн уулын айлууд сарлагтай. Бух мөргөлдөхийг харах их хөгжилтэй шүү. Өглөө ээж маань биднийг сэрээнэ. Ээжийг үнээ саахад тугал татахаас эхлээд өглөөний ажил эхэлнэ дээ. Үхрээ бэлчээсний дараа ээлжээр хонинд явдаг байсан. Өндөр уулан дээр гарч хонио хариулна. Хонь хариулж явахдаа аргал, түлээ түүнэ. Уулын гоо үзэсгэлэнд шимтэж, тэр бүхэнд дурлаж, өнгөрүүлсэн тэр цаг хугацаа өнөөдрийн шүлэгч намайг бий болгосон гэж боддог. Миний ихэнх шүлэг уулсын тухай, уулын хүмүүсийн тухай өгүүлсэн байдаг. -Таны шүлэг ихэнх нь байгалийн сайхныг үгийн урнаар урласан байдаг нь ийм учиртай байжээ. Алс хязгаар Ховд нутаг аргагүй таны онгод бололтой? -Хүн хайртай зүйлийнхээ төлөө л шүлэг бичдэг гэсэн ойлголт бий. Оюун тархиндаа мэдэрсэн мэдрэмжээ шүлэг болгон буулгана гэдэг хэн бүхэнд тохиохгүй хувь тавилан. Энэ хувь тавиланд ээрэгдсэний хувьд хамгийн яруу сайхнаар урьд нь хэн ч бичээгүй бүтээлийг туурвихсан гэж хүсч байна. -Хувь хүн болж төлөвшихөд эцэг эхийн хүмүүжил их чухал юм шиг. Таны ижий аав хүүхдүүддээ юу гэж захиж, сургадаг байсан бэ? -Аав намайг нэг ч удаа зандарч үзээгүй. Үргэлж эрхлүүлж, үргэлж хайрладаг байсан. Харин ээж аливаа зүйлийн сайн мууг ярьж, ойлгуулдаг, сургааль хайрладаг байлаа. Эргээд бодоход тэд минь хүүхдүүдээ их зөөлөн аргаар хүмүүжүүлсэн юм байна гэж санагддаг. Тиймээс бид бусдын болоод, өөрийн үр хүүхдийг эрхлүүлэх, бусдыг хайрлах энэрэх, сэтгэлтэй, хүмүүжилтэй болж төлөвшиж гэж боддог. -Анх сургуульд ороход тань хэн танийг хөтөлж байв? - Би долоон настайдаа сургуульд орсон. Аав намайг өглөө сургуульд хүргэж өгдөг байлаа. Орой тарахад хүлээгээд л зогсож байна. Тэр дүр зураг одоо ч санаанд тодхон байна. Аав ээж хоёр намайг муу сурвал сургуулиас гаргана гэж ярьдаг байсныг санадаг юм. Тиймээс би онц сурахын тулд их чармайсан. Жил бүр өвлийн өвгөнөөс бэлэг авдаг байлаа. Орой унтахын өмнө том ах маань бидэнд үргэлж үлгэр ярьж өгдөг байсан. Тэр үлгэр одоо ч миний сэтгэлд хадгалаастай байдаг. Хүүхэд насны эдгээр сайхан мөчүүд орчлон хорвоог сайхнаар харах, мөрөөдөх, уярах, догдлох мэдрэмжүүдийг надад өгсөн юм болов уу. Мөн ээж маань багаас дуу зааж өгдөг хүн байсан. Урианхай ардын уртын дуунуудаас эхлээд 60-70-аад оны ихэнх дуунуудыг бид мэднэ. Одоо ч ээжийнхээ заасан дуунуудыг дуулах дуртай. Би анх сургуульд орж бичиг сурсан тэр жилийнхээ зун нь тэнгэр харж хэвтэж байгаад “Хөх тэнгэрт хөвөх хөвөн цагаан үүлний цаанаас Нар алгын чинээ өчүүхэн харагдана. Өндөр өндөр уулс шиг Өвлийн хунгарласан цас шиг Хөх тэнгэрт хөвөгч үүлэнд Хүүхдүүд бид нар дуртай” .... гэсэн шүлэг бичсэн байдаг.Тэр үед аав минь намайг чи яруу найрагч болно. “Миний хүү Б.Явуухулангийн шийрийг хатаана” гэж байсныг тодхон санаж байна. Дараа нь гуравдугаар ангид орсон жилээ зохиосон шүлгээ харахад Ц.Дамдинсүрэнгийн зугаацахаар мордсон нь гэсэн шүлэгтэй нь их төстэй байсан. Аавын минь хэлсэн үг миний амьдралын чиг шугам болж намайг гийгүүлж дээ гэж боддог юм. Аав бас залуудаа шүлэг туурвидаг байсан юм билээ. -Та хүүхэд насны гэгээн хүсэл мөрөөдөлдөө өөрийгөө хүрсэн гэж боддог уу? -Мөрөөдсөн бүхэн биелдэг хорвоо юм даа гэж боддог. Миний багийн хүсэл мөрөөдлөөс ихэнх нь биелэсэн. Багаасаа шүлэгтэй нөхөрлөсөн хэрнээ шүлгээ бусдад хүргэх, унших, түгээх тал дээр ямар ч бодолгүй явсан. Туулж өнгөрүүлсэн цаг хугацаа бүрт яруу найраг гэх гайхалтай ертөнц амьдралд минь үргэлж холбоотой байсаар ирсэн. Санаандгүй нутгийн найз нэрт зохиолч сэтгүүлч Б.Золбаярт шүлгээ үзүүлсэн. Тэр хүн “Энэ шүлгүүдээрээ ном гарга” гэж хэлсэн юм. 2006 онд “Нил гийх гүүр” нэртэй яруу найргийн анхны номоо гаргасан. Тэр ном намайг утга зохиолын хүрээнд таниулж, яруу найргийн замналд хөтөлсөн. Одоо дөрөв дэх номоо өлгийдөн авчээ. “Болор цом”-ын эзэн болсон нь миний амьдралд тохиосон хамгийн сайхан, мартагдашүй цаг хугацаа. -Яруу найрагчдын хувьд шүлэг бичих онгодыг нь олон зүйл хөглөдөг байх. Өөрөө эмэгтэйхүнд зориулж хэр их шүлэг тэрлэж байв? -Яруу найрагч бүхэнд шүлгээ хөглөх олон арга барил, дадал зуршил байдаг. Үүнийг онгод орох гэдэг шүү дээ. Мэдээж онгод өөрөөс үл хамааран орох үе ч бий. Яруу найрагч, мөн эр хүний хувьд олон хайрын шүлэг туурвисан. Мэдээж сайхан бүсгүй бол хүний зүрх сэтгэлийг догдлуулж, уянга эгшгийг хөглөдөг гэдэгтэй маргах зүйлгүй. -Хүн бүхэнд ирээд буцдаг анхны хайрын тухай өөрөөс тань асуумаар санагдлаа? -Анхны хайр, мэдрэмж гэж юу болох тухай зохиолч хүний хувьд их бодсон. Үерхэл, нөхөрлөл гээд олон зүйлийг бодож бясалгадаг. Энэ сэдвээр туурвисан олон зохиол бий. Хайр хэзээ ч хуучирашгүй гайхалтай сэдэв. Тэр тусмаа анхны хайр. Миний хувьд анхны хайр минь миний гэргий. Есдүгээр ангидаа бид хамт шилжиж ирсэн юм. Тэр цагаас эхнэртээ дурласан. Бидний хамт өнгөрүүлсэн цаг хугацаа бүхэн анхны хайрын үр шим. Гэргий минь олон сайхан хайрын шүлэг тэрлэх онгодыг минь хөглөсөн. -Энэ жилийн “Болор цом” наадам таны хувьд хэр болж өнгөрөв. Яруу найрагч Б.Баттулгын шүлгийг уншихад өөрт тань ямар бодрол, мэдрэмж төрдөг вэ? -“Болор цом”-ын дэвжээнд шүлгээ уншиж байгаа олон аавын хүүхдүүд бие биенээ сайн танина. Хэн нь ч түрүүлсэн байсан энэ тэр гэсэн бодол төрдөггүй. Бүгд яруу найрагт хайртай, эх хэл, эх орондоо хайртай хүмүүс юм. Б.Баттулгатай би сайхан нөхөрлөдөг. Найз маань олон сайхан бүтээлээрээ уншигчдын хайрыг татсан яруу найрагч. “Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна” гэсэн шүлгэнд нь би их дуртай. Б.Баттулгга өөрөө бусдын шүлгийг цээжээр мэддэг. Бидэнд бусад0 найрагчдын шүлгүүдийг уншиж өгдөг юм. Миний хувьд энэ жил “Болор цом” наадмаа нээж мялаалгын шүлэг уншсан. Намайг тайзнаас буухад Б.Баттулга маань “Хоёрын даваанд тэнцчихлээ. Зохиолчдын эвлэлийн шагналтныхаа тэмдгийг гэртээ орхичихсон байгаа” гээд миний тэмдгийг зүүгээд шүлгээ уншиж байсан юм. Тухайн үед би “Миний тэмдгийг зүүсэн болохоор түрүүлж магадгүй” гэж наргиан болгож хэлж байлаа. Амны бэлгээс ашдын бэлэг гэж үнэхээр найз минь “Болор цом”-ын эзэн болсон шүү. -Таны хувьд шинэ оны эхэнд уран бүтээлийн олз омог хэр байна. Хавар танд олон гайхалтай шүлэг бичих онгод мэдрэмжийг хөглөж байгаа байх? -Ирэх дөрөвдүгээр сард багтаад яруу найргийн шинэ номоо гаргахаар төлөвлөж байна. “Хөх тогоруухайн дуу” гэсэн нэртэй. Хаврын тухай миний нэг шүлгэнд “Хөх тогоруухайн дуунд голын мөс хагарна” гэж орсон байдаг. Мөн дууны уран бүтээл дээр ажиллаж байна. Хүмүүсийн хүсэлтийн дагуу олон дууны шүлэг бичсэн. Удахгүй аялгуут сайхан дуу болоод сонсогчдын сониорыг мялаанаа. Эх сурвалж: www.polit.mn