Х.ОЮУНБОЛД
Японы ерөнхий сайд Шинзо Абэ түүний цорын ганц өрсөлдөгч Батлан хамгаалахын сайд асан Шигэрү Ишибаг ялсанаар Ардчилсан либерал намын тэргүүнээр дахин сонгогдсон байна. Тэрээр 807 саналаас 553-ыг авснаар дахин гурван жил Засгийн газраа тэргүүлэхээр болжээ. Харин Шигерү Ишиба 254 санал авсан байна. Ингэснээр Шинзо Абэ Японы Засгийн эрхийг хамгийн удаан хугацаанд барьж байгаа ерөнхий сайд болж байгаа юм. Хэрэв 2019 оны арваннэгдүгээр сар хүртэл одоогийн албан тушаалаа хашвал 2886 хоног ерөнхий сайдаар ажилласан Таро Кацураг ардаа орхих юм. Шинзо Абэ 2007 оны есдүгээр сард огцрох хүртлээ Засгийн газрыг жилээс багагүй хугацаанд тэргүүлж байв. Харин 2012 онд дахин ерөнхий сайд болсноос хойш одоог хүртэл энэ албан тушаалаа хашсаар байгаа билээ. Тэрээр намын тэргүүнээр улируулан сонгосон санал хураалтын үеэр амласан гол амлалтад Японы Үндсэн хуулийг дахин шалгах,эдийн засгийг сэргээнэ гэсэн амлалт багтжээ. Түүнчлэн “Үндсэн хуулийн шинэчлэлтийг та нартай хийхийг хүсч байна” гэж өнөөдөр 64 нас хүрч байгаа Шинзо Абэ мэдэгдсэн байна. Дараагийн парламентын сонгууль 2021 онд болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин