Д.АРИУН
Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцсэн жагсаал бямба гаригт Румыны нийслэлд дахин болж, хотын төв талбайн эргэн тойрны замын хөдөлгөөнийг хаасан талаар “Agerpres” агентлаг мэдээлснийг РИА-Новости уламжилжээ. “Таван мянга орчим хүн бямба гаригийн орой өмнө нь Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал болсон Виктория талбайд цугласан” гэж мэдээнд дурдсан байна.
Талбайн эргэн тойронд цагдаагийн болон түргэн тусламжийн машинууд байсан бөгөөд ойролцоох гудамжны замын хөдөлгөөнийг түр хаасан байжээ. Жагсаалд оролцохоор ирсэн хүмүүс чанга яригч, бөмбөр авчирсан байсан ч, ерөнхийдөө уур амьсгал тайван байсныг хэвлэлүүд онцолжээ.
Энэ удаад зам дээр сууж эсэргүүцлээ илэрхийлэн төрийн дууллаа дуулж байсан жагсагчдыг дохионы пуужин, усан буугаар заналхийлж байсан талаар цуглаан зохион байгуулагчид нийгмийн сүлжээнд бичжээ. Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал энэ өдөр Брашов, Клуже-Напок зэрэг зургаан хотод болсон байна.
Үүнээс өмнө буюу баасан гаригт Бухарест хотноо болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр үймээн дэгдэж, 450 гаруй хүн бэртэж гэмтсэнээс 70 хүн эмнэлэгт хүргэгдсэний 11 нь цагдаагийн ажилтан байсан юм. Румын улсад иргэд нь гудамжинд гарч төр засгаа эсэргүүцэх болсон гол шалтгаан нь авлига хээл хахуультай холбоотой юм. Эрх баригч Социал демократ намыг жагсаалд оролцогчид “хулгайч дээрэмчдийн нам” хэмээн нэрлэж, нэн даруй парламентыг тарааж, ээлжит бус сонгууль явуулахыг шаардсан юм. Жагсаалыг хүчээр тараах гэж оролдох үеэр цагдаагийнхан болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарсны улмаас олон хүн бэртэж гэмтэхэд хүрчээ. Харин Румыны Ерөнхий сайд Виорика Данчилэ жагсаалын үеэр үймээн дэгдээснийг буруушааж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг хуулийн байгууллагаас шаардсан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Бухарестад дахин эсэргүүцлийн жагсаал болов
2018-08-13
Нийтэлсэн: Админ
 1 мин