
С.УЯНГА
Оюутнууд сүүлийн гурван сарын тэтгэлгийн мөнгөө хүлээж байгаа аж. Энэ талаар Монголын оюутны холбооны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргалаас тодруулсан юм.
-Сүүлийн гурван сарын тэтгэлэг оюутнуудын дансанд хэзээ байрших в?
-Үндэсний тэтгэлэг болох 70200 төгрөгийн сүүлийн гурван сарын тэтгэлгийг энэ сард оюутнуудад олгоно. Тиймээс оюутнуудын данс руу энэ сарын 14-18-ны хооронд 210 мянган төгрөг шилжин орох юм. Улсын хэмжээнд 160 мянган оюутан энэхүү тэтгэлгийг авдаг.
-Энэ жилийн хувьд сургуулиас хамааралгүйгээр оюутны дансанд ордог болсон. Энэ сарын тэтгэлэг бас шууд байрших уу?
-Өмнөх жилүүдэд сургуулиар нь дамжуулж өгдөг байсан бол энэ жил оюутны хувийн картад шилждэг болсон. Үүнийг оюутнууд буруу ойлгоод байна. Тухайн оюутан хичээлдээ суусан эсэх, мөн амжилттай суралцсан бол нэмэгдэл олгох зэрэг мэдээллийг сургуулиас нь төрийн санд хүргүүлдэг. Тиймээс хичээлдээ суугаагүй оюутнууд тэтгэлэг авах боломжгүй юм. Харин муу сурдаг оюутанд тэтгэлэг олгохгүй байх журам ирэх намраас хэрэгжиж эхэлнэ.