С.УЯНГА
Азийн 50 гаруй улс орны өндөр дээд хэмжээний сайд, олон улсын байгууллага, иргэний нийгмийн 3000 гаруй төлөөлөгч Гамшгийн эрсдэлийг бууруулахаар гурав дахь өдрөө санал солилцлоо. Монгол Улс Азийн сайд нарын II бага хурлыг эх орондоо зохион байгуулж, хоёр том салбар хуралдааныг удирдан явуулж байгаад олон улсын төлөөлөгчид сэтгэл хангалуун байгаа төдийгүй салбар хуралдаанууд үр дүнтэй, боломж гарц, шийдэл хайсан гэдгийг энэ үеэр хэлж байсан юм. Мөн Азийн сайд нарын хурлаас гарах гурван томоохон баримт бичигт санал бодол, зөвлөмжөө тусгаж чадсан гэдгийг улс орны төлөөллүүд онцлон тэмдэглэж байв.
Монгол Улсын Засгийн газар “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь”, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдэвт онцлох хоёр салбар хуралдааныг удирдан явууллаа.
Азийн сайд нарын хурлыг Монгол Улсад зохион байгуулах болсон талаар Шведийн Улаан Загалмайн нийгэмлэгийн Ерөнхийлөгч “Гамшгийн эрсдэлийг даван туулах чиглэлээр улс орнууд төлөвлөгөө гаргадаг.Энэ хурлыг зохион байгуулах гурван жилийн хугацаанд төлөвлөхдөө Монгол Улсын саналыг оруулсан. Тиймээс илүү их ач холбогдол, давуу талтай. Монгол Улсын хэмжээнд Гамшгийн эрсдэлийг хэрхэн даван туулах вэ гэдгийг Азийн бүс нутгийн төлөвлөгөөнд тусгаж байгаа. Хамгийн чухал нь урьдчилан сэргийлэх үйл явц юм. Ямар ч үед бэлтгэл сайтай байж даван туулж чадна” гэлээ.
БАЙГАЛЬД ХАЛГҮЙ ТЕХНОЛОГИ, МАТЕРИАЛЫГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД АШИГЛАХЫГ ХҮСЛЭЭ
Нийгэм эдийн засгийн хөгжил, хотжилт эрчимтэй явагдаж буй Ази, Номхон далайн бүс нутагт хот суурин газруудын гамшигт тэсвэртэй байдлыг хангах, барилга, байгууламж, дэд бүтцийн чанарыг сайжруулахыг “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах нь” сэдэвт хуралдааны үеэр танилцуулав. Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, далайд гарцгүй, хүн амын гуравны хоёр нь хот суурин газарт амьдарч байгаа Монгол Улс нь төв Азийн бүс нутгийн газар хөдлөлтийн өндөр идэвхтэй бүсэд оршдог бөгөөд сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн тоо давтамж эрс ихсэж байгаа юм. Мөн үндэсний болон бүсийн хэмжээнд гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд гарсан ахиц дэвшил, тулгамдаж буй асуудлын шийдэл, ач холбогдлын талаар хэлэлцлээ. Салбар бүрт чиглэсэн стратеги болон хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж, салбар бүрийг хотын хөгжлийн нэг зорилго болгон авч үзэх нь хотуудыг гамшигт илүү тэсвэртэй, гамшгаас хамгаалах чадавхтай болгоно.
Тиймээс хөгжлийн бодлого, хот төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцох нь улсын тогтвортой хөгжлийг хангах үндсэн асуудал тул бүс нутгийн улс орон бүр өөрсдийн хөгжлийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, стратегийг Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигтэй уялдсан эсэх, хэрхэн уялдуулах, гамшгийн эрсдэлийг тооцсон хот төлөвлөлтийг хэрхэн бий болгоход анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа. Энэхүү онцлох хуралдаанаар улс орнуудын гамшигт тэсвэртэй, хот суурин газрыг бий болгосон тэргүүн туршлага, ололт амжилт, тулгамдаж буй асуудлын талаар харилцан мэдээлэл солилцож бүс нутгийн олон хот суурин газруудын хамтын ажиллагааны эхлэл тавигдана гэдэгт итгэж буйгаа Шадар сайд Ө.Энхтүвшин онцолж байв.
Мөн энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “Бидний оршин буй Ази номхон далайн бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хурдацтай хөгжил, түүнийг дагасан эрчимтэй хотжилт, хүн амын хэт төвлөрөл, экосистемийн доройтол, байгалийн нөөцийн болон газрын зохисгүй ашиглалт нь бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлтийг ихэсгэж, гамшгийн эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна. Хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийг төлөвлөхдөө уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээтэй уялдуулан хэрэгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгальд халгүй өндөр технологи, материалыг бүтээн байгуулалтад ашиглах асуудалд анхаарах шаардлагатай” гэв.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЧУХАЛ
Монгол Улсын удирдсан бас нэг онцлох хуралдаан бол “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” юм. Гамшгийн эрсдэлийг бууруулах “Сендайн үйл ажиллагааны баримт бичиг”-т үндэсний, орон нутгийн, олон улсын болон бүс нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлээс оруулах хөрөнгө оруулалт, түншлэл, хамтын ажиллагааны ач холбогдлыг тэмдэглэж, аль салбарт хэрхэн яаж хэрэгжүүлэхийг тодорхойлсон байдаг аж. Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 48 хувийг бүрдүүлж буй Ази, Номхон далайн бүс нутгийн хувьд экологи, байгаль орчны доройтол, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад харилцан хөрөнгө оруулалтыг дэмжих, техник технологийн шинэ ололтыг нэвтрүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд энэхүү хуралдаан чухал нөлөө үзүүлж байгаа юм.
Улс орнуудын гамшгийн эрсдэлийг бууруулахад хувийн хэвшлээс оруулж буй хөрөнгө оруулалтын хувьд санхүү, даатгал, барилга, дэд бүтэц, мэдээллийн технологи болон харилцаа холбоо, ахуй үйлчилгээ, тээвэр, эрүүл мэнд, боловсрол, сургалт, сурталчилгааны салбарт ихэнх хувийг эзэлдэг байна. Энэ талаар ОБЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа “ Гамшгийн эрсдэлийг бууруулах нь дан ганц Засгийн газрын хүлээсэн үүрэг биш. Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг төр дангаараа авч явах боломжгүй учраас хувийн хэвшлийг татан оролцуулах маш чухал юм. Хувийн хэвшлийнхэн орсноор илүү өргөн хүрээг хамарна. Хувийн хэвшил гамшиг тохиолдоход нөхөн сэргээх зэргээр маш их хөрөнгө мөнгө зарцуулдаг. Харин барилга байшингаа хүчитгэх, тэсвэртэй болгох талаас нь урьдчилан сэргийлэх юм бол гамшгийн үед хохирол амсахгүй. Эрсдэлээ бууруулахын тулд бизнесийн үйл ажиллагаандаа төлөвлөлтөө хийснээр эерэгээр нөлөөтэй. Ард иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй болгохоос гадна урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт илүү чухал. Хот суурин газруудыг барьж босгох хөрөнгө оруулж гамшигт тэсвэртэй болгох нь гол зорилго” гэсэн юм.
Түүнчлэн Азийн сайд нарын бага хурал өчигдөр оролцогч талуудын мэдэгдэл хуралдаанаар үргэлжиллээ. Тус хуралдааныг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал даргалан явуулав. Хуралдаанаар Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцож буй оролцогч талуудын 2016 онд Энэтхэг улсад зохион байгуулагдсан Азийн сайд нарын бага хурлын үеэр өгсөн үүрэг амлалтын биелэлтээ танилцуулж, үйл ажиллагааны мэдэгдэл хэлбэрээр үүрэг амлалтаа дахин шинэчлэх боломжийн талаар хэлэлцлээ. Энэхүү хуралдаанаас гаргасан сайн дурын үйл ажиллагааны мэдэгдлээ Азийн сайд нарын бага хурлын хаалтын нэгдсэн хуралдаанд танилцуулж, Азийн сайд нарын бага хурлаас гарах 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөө, “Улаанбаатарын тунхаглал”, Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл баримт бичгүүдэд тусгуулах юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Эрсдэлийг тооцсон хөрөнгө оруулалт чухлыг онцоллоо
2018-07-06
Нийтэлсэн: Админ
 1 мин