Ж.ЦОГЗОЛМАА
Мексикт болсон газар хөдлөлтийн улмаас ерөнхий боловсролын сургуульд хүүхэд, том хүн нийлсэн 26 хүн амиа алдлаа хэмээн Засгийн газраас нь мэдээлэв. 7.1 магнитудын хүчтэй аймшигт газар хөдлөлт тус улсад хамгийн багадаа 230 хүний аминд хүрсэн хэмээн мэргэжилтнүүд тооцоолж байна. Учир нь энэ гамшиг улсын төв хэсэгт болсон юм.
Аврагчид нурангин дундаас иргэдийг аврах ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж байна. Сургуулийн нурангин дундаас нэгэн охин амьд олдсон нь хүмүүсийн итгэл найдварыг нэмэгдүүлж, аврах ажиллагааг улам эрчимжүүлжээ.
Улсын хэмжээнд олон арван барилга байшин нурсны дотор сүмд байсан хүмүүс ч амиа алдсан байна. Нялх хүүхэдтэй гэр бүлүүд гэрийнхээ гадаа, гудамжинд унтаж таарсан байжээ. Ерөнхийлөгч Энрику Пена Ниета энэ гамшгийн дараа гурав хоногийн гашуудал зарлаад байна. Тус улсын нийслэлд олон хүний аминд хүрсэн газар хөдлөлтөөс хойш 32 жилийн дараа дахин ийм гамшиг тохиож байгаа юм. Энэ сарын эхээр Мексикийн зүүн бүсэд 8.1 магнитудын чичиргээ болсны улмаас хамгийн багадаа 90 хүн нас барсан билээ.
Мексикийн өмнөд Коапа дүүрэгт орших ерөнхий боловсролын сургууль Энрику Ребсамен гамшигт өртсөн юм. Боловсролын сайд Ауриелио Нуногийн хэлж буйгаар 11 хүнийг аварсан бөгөөд хоёр хүүхэд, нэг том хүнийг хайж байгаа юм байна. Орон нутгийн мэдээллийн хэрэгслийн дамжуулж буйгаар амиа алдагдсдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж. Мексикийн “Миленио” сонинд дурдсанаар армийн болон усан цэргийн 500 бие бүрэлдэхүүн, 200 гаруй цагдаа нийлсэн баг газар хөдлөлтийн талбайд ажиллаж байна. Гамшгийн улмаас хамгийн багадаа 209 сургууль ямар нэг хэмжээгээр хохирол амсаад байгаа юм байна.