Ж.ЦОГЗОЛМАА
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп анх удаа НҮБ-ын дэлхийн индэрт гарч үг хэлэх гэж байна хэмээн “Ройтерс” мэдээлэв. Ингэхдээ тэрээр өөрийн бие төлөөлөгч Никки Халитай хамт НҮБ-ын хуралд оролцож байна. Никки Хали бол АНУ-ын гадаад бодлогын нүүр царай болоод байгаа нэгэн юм.
Өдгөө 45 настай Хали Өмнөд Каролинагийн захирагч байсан бөгөөд Трампын засаг захиргааны нэлээд өндөр эрэмбийн хүн юм. Тэрээр “Exxon Mobil Corp”-ийн гүйцэтгэх захирал асан Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоны “гадаад бодлогын дадлага туршлага дутмаг” гэсэн шүүмжлэлийг үл тоон ийнхүү албан тушаалаа хашиж буй билээ.
“АНУ-ын хувьд Хали бол тэмдэглүүштэй хүн. Түүн шиг хүнийг хайж олно гэдэг Трампын засаг захиргаанд хэцүү хэрэг. Яагаад гэвэл тэр бол аливаад цэгцтэй бас улс төрийн хувьд маш сайн нүүр царай юм. Би түүнээс Тиллерсоноос давах ямар нэгэн зүйл байгааг мэдэрсэн. Энэ нь түүнийг Ерөнхийлөгчийн захиргаанд урт хугацаанд ажиллах тодорхой нөхцөл нь болж байна” гэж Европын томоохон дипломатч хэлжээ. Саяхан олон нийтийн Тиллерсоны орыг Хали авна гэсэн яриа гараад байсан юм. Өнгөрсөн ням гаригт Хали CNN-д өгсөн ярилцлагадаа “Тиллерсон хаашаа ч явахгүй. Бас би өөрийнхөө хийж байгаа ажлаа үргэлжлүүлэн сайн хийх болно” гэж мэдэгдсэн билээ.
Тэгвэл өнөөдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейд Трамп үг хэлснээр өөрийн гадаад бодлогын үзэл баримтлал болоод “Америк нэгдүгээрт” хэмээх тунхагаа дэлхий дахинд илэрхийлэн таниулах анхны хамгийн өндөр хэмжээний талбар болох юм. Хали 193 улсыг гишүүнээрээ элсүүлсэн энэ байгууллагаас өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-ын бусад холбоотон орны нэрсийг тодотгон авсан билээ. Ерөнхийлөгч Д.Трамп Бүгд найрамдах намын нөхөр Халитай хамт илтгэлээ тавих талаар АНУ-ын засаг захиргааны албаны хүмүүс мэдэгдсэн байна.
Таван долоо хоногийн дотор тэрээр хоёр ч удаа НҮБ-ын 15 гишүүн орны төлөөлөл бүхий Аюулгүйн зөвлөлийн Хойд Солонгосын эсрэг хоригийг чангатгах хуралд саналаа өгсөн билээ. Энэ хугацаанд Хали хөрөнгөлөг бизнесмэн бас реалити шоуны од асан Трампын нэр хүндээс ч “хумслаагүй” юм. “Би хувьдаа тэр зөв хүмүүстэйгээ хамтарч байгаа. Бас тэр АНУ-ыг маш хүчирхэг болгох нь гарцаагүй” гэж Хали Цагаан ордны сурвалжлагчдад өнгөрсөн баасан гаригт ярьжээ.
Тэгвэл НҮБ-ын Гадаад харилцааны Европын зөвлөлийн шинжээч Ричард Гован “Халигийн амжилт Трампыг хөөргөж мэднэ. Гэхдээ тэрээр Тиллерсоны оронд Төрийн нарийн бичгийн дарга болохыг хүсвэл энэ нь түүний хувьд муу тохироо байх болно” гэсэн байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин