
Ц.БАЯР
Улс орнуудын баялгийн засаглалыг үнэлдэг дэлхийн хэмжээний индексээр манай улс 100 оноо авахаас “хангалттай” буюу 64 оноо авчээ. Судалгаанд хамрагдсан 89 орноос 15, Евроазийн бүс нутгийн есөн орноос тэргүүн байрт жагсчээ. Харин төрийн өмчит “ Эрдэнэс Монгол ” компанийн санхүүгийн тайлан болон үндэсний баялагийн сангийн засаглал тааруу байгаа нь манай улсын онооноос хойш татжээ. Мөн орлогын менежментийн үзүүлэлтээр бага оноо авсан байна. Энэ нь өрийн хэмжээ тэлж буйтай холбоотой ажээ. Засгийн газар төсвийн дүрэм буюу тусгай шаардлагыг хангаагүйгээс өрийн хэмжээ өсөхөд хүрсэн байна. Үүнээс гадна төрийн өмчийн компанийн засаглалаар 40 оноо авсан нь сүүл мушгих үзүүлэлт болжээ. Энэ талаар өнөөдөр /06.29/ Нээлттэй нийгэм форумд болсон Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ)-гээс зохион байгуулж буй “2017 оны Баялгийн Засаглалын Индекс”-ийн үр дүнг танилцуулах хурлын үеэр ББЗХ-ийн менежер Н.Дорждарь хэлж байв.
Эх сурвалж:www.polit.mn