Монгол эр хүн- Таван найрагч бүсгүй хэрхэн шүлэглэв

2017-03-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Яруу найрагч Р.Эмүжин

Эр хүнд хүргэх үг.

Эр хүн
Бүсгүй хүний дэргэд хаан нь байг
Бүдэг одны хажууд сар нь байг
Бүлээн энэ орчлонгийн нар нь байг
Бүрэн энэ улсын эзэн нь байг.

Эр хүн
Оргил өндөр уулсын салхи нь байг
Оршихуйн их үнэний учиг нь байг
Олонтой энэ амьдралын гал нь байг
Омог төгөлдөр Монголын сүлд нь байг.

Эр хүн
Бүслүүрт энэ ертөнцийн ухаарал нь байг
Бүргэд дүүлэх халилд зориг нь байг
Бүдэрч боссон үрсийнхээ аав нь байг
Бүтэн энэ Монголын сүр нь байг.

Эр хүн
Энгэр зөөлөн ээждээ үр нь байг
Эрсхэн хатуу аавдаа бахархал нь байг
Эндүү андуу хагацалд нулимс нь байг
Эгэл энэ Монголын түшиг нь байг.

Эр хүн
Охид эмсийн харцанд шүтээн нь байг
Оломгүй нүүдлийн замд итгэл нь байг
Оготор энэ тавилангийн зүг чиг байг
Оосор бүчгүй Монголын зүрх нь байг

Эр хүн
Сэрж боссон түүхийн илд нь байг
Сэрүүн намрын найранд дуу нь байг
Сэлгээ нь үгүй тэмцэлд ялалт нь байг
Сэхүүн энэ Монголын сэтгэл нь байг

Эр хүн
Уяралт сайхан ханьдаа хайр нь байг
Унаж, боссон амьдралд хатуужил нь байг
Урт холын анддаа нөхөр нь байг
Удамт энэ Монголын амь нь байг

Эр хүн
Дээлтэй их шастирын оюун нь байг
Дэндүү их жаргалын цулбуур нь байг
Дээвэрт энэ Монголын голомт нь байг
Дэлхийг зориод мордсон жолоо нь байг.

Яруу найрагч Б.Чулуунцэцэг Халхын сайхан эрд /шүлэг/

Халхын сайхан эрээс

Харахад нар үнэртэнэ

Хань бараа татаад хайрлахад

Хайрлахад нүнжиг ханхална

Дээлээ ялитгүй хөөргөж, шар дурдан бүс намируулна

Дэврэж жаахан халамцаад, тэнзэн ташуур тулж ханхалзана

Дэнгийн гэрэлд намайг ширтэж бас үе үехэн бишүүрхэнэ

Дэндүү сайхан харагддагаа л харцнаас минь үл олж харна

Хаа холын наадамд хүлэг хөтлөж, зодог бүслээд одно

Харьж ирэхдээ булан нь мөлийсөн хэдэн чихэр л авчирна

Хангал эрэмгий ажнайд үнэ хайрладаггүй атлаа

Ханзархай шилбэтэй дээлээ гоёлд өмсөхөө ч тоодоггүй

Арван алдын хар суран цалмыг толгой алдахгүй хаяна

Алтан богдын шилийг нугалаа алдахгүй исгэрнэ

Ан ав гөрөөлөхдөө хараа алдахгүй онилно

Алтан дэлхийд ховорхон төрсөн түүний

Гуниггүй хар нүдэнд нь нулимс шүүдэрлэхийг хармаар

Гуч гаруйхан насанд нь гэргий болж очмоор

Гурван жилийн цэрэгт явуулж, араас нь захиа бичмээр

Гуравдугаар сарын цаснаар хамтдаа нэг төөрмөөр өө

Халхын сайхан эрээс

Харахад нар үнэртэнэ

Хань бараа татаад хайрлахад

Хайрлахад нүнжиг ханхална

Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Цоодолын Хулан

Ц.Хулан "Найрагч хүүхнээс нөхөртөө хэлсэн үг"

Явлаа би! Шөнөдөө л эргэж ирэх байх шүү

Яруу найрагч бүсгүй хүн өөрөөр амьдардгийм

Айлын гэргий болж галыг чинь манаснаас хойш

Алдрын болор хэвнэгтэй шивэгчин болж гүйцлээ!

Туул голын усыг бидэр хээ таттал

Тунгалагхан инээлдэж нөхөд минь наргиж байгаа

Тэдэн рүүгээ явлаа!

Дуулиан алдрыг минь надтай цуг бүтээсэн

Дундрашгүй сайн муу нөхөд хаана хэзээд бэлэн байгаа

Тийшээгээ явлаа!

Мөнгөрсөн санчигтай Сэнгийн Эрдэнийг гэрээс нь оргуулж

Мөнхөрсөн гоо Санжмааг нь яриулан нулимс арчиж байснаас

Хар зандан тавилгыг өглөөдөө ёс юм шиг зүлгэдэг

Ханат гэрийн зардас яваагүй ээ би, нөхөр минь!

Дарс шампаансаг оргиход уран цэцнийг урсгадаг болохоос

Данхтай цай дэврээхэд уулга алддаг чавганц бишээ санавал

Гэрээс гарч малгайн тоос үргээе!

Гэргийн албанаас өнөө нэг чөлөөлөгдөе!

Би ямар чамтай эс бүхнээрээ холбогдож

Бий үгүйг чинь мэдээлж суудаг лавлах товчоо биш

Урианхай.Бадарч бугайг дагуулсан шиг хаа нэгтээ савъя байз

Уранхай оймс, оройн хоол… чамайгаа ч мартаад жинхэнээсээ нэг сэвье байз…

Айлын харчуулаас Таныгаа дор гэсэнгүй

Авдар шиг цээжинд чинь гэвч эрээн хормогч зохихгүй

Гавьтай гавьгүй цэнгэлээс шүлгийн санаа олдохгүй

Гал алдаж чи минь л зутарч суухаас хэтрэхгүй

Явахаа больдогч юм билүү?

Найзхан хонгор минийхээ үнэнч хишигтэн

Найргийн чин сүсэгтэн ханиасаа уйдчихвал

Татарч үзээгүй мөрний эрэг дээр

Тавтиргүйдээ хайргадсан загас шиг болбол би яана?

Ерөөсөө больё!

Амьдрал гэдэг шүлэг биш, тэрнээс долоон дор юм байдаг

Арай дээр болгох гэж үгээр аргаддаг

Хамаг орчлонг аварна! гэх найрагчийн андгай

Хажуудахаа хайрлах тэвчээрээс эхэлдэг!

Сэнтийтэй уулсын орой надад харагдаж л байхад

Сэхээвчээрээ би тэр зүг дээжээ өргөсөөр л байхад

Орчлонгийн булайгаас цэрвэж чихээ бөглөөд

Орогнол эрсэн Янжинлхам манайд залардгаараа заларна!

Онгод эрж би хаашаа гүйх юм,

Одоохон харья!

Хамгийн дундаас очиж очиж найрагч хүүхэн авч

Хатуу зөөлөн хоёрт минь балбуулдаг ганц эр хүн

Хаштай гаанс тогшиж, гэзэг тавих завгүй

Халхын нэгэн Юндөн гөөгөө – Миний хань

Үүдээ тайлаа!

 

Нэргүй шүлэг

 

Сайрхах юм даанч биш дээ,

Санчгандаа бууралтай эр хүнд би хайртай…

Жаргахын өмнө зул бадамлан асдаг шиг

Дөч хүрсэн эр үнэнч л баймаар даа.

Намар оройн жимс гашуун болоод амттай

Надад дурласан та минь хаан бугуйвчаар дөнгөлөөтэй.

Янаг зөөлөн харцны тань аясаар

Ятга хуур шиг би хөглөгдөх дуртай.

Уруулын будгийг минь цамцныхаа хээнээс

Угааж орхидог муухай зантай ч

Урваж хөрвөдөг насны минь аалийг

Уучлан боддогт тань би танд хайртай.

Дурлал гэдэг зугаа бишийг

Дуулим орчлонд та одоо л ойлгоно

Дутуу хайрласан ханиа аргадахаар

Дурлаад хоцорсон намайгаа ч мартана

Сүслэн залбирдаг гараараа тэвэрч

Шүлэг хэлдэг уруулаараа үнсэхэд минь

Сүүлчийн болоод анхны хайр гэж байдаггүйг

Сүүрс алдан ухаарах болно.

 

 

Яруу найрагч А.Цолмонтуяа “Эх хүн танаа”

Ингээд бодоход эр хүн таныг эгдүүцэж хараад бухимдмаар
Эргэж бодоод дурсахад эрхэлж туниад танд уйлмаар
Инээгээд нэг харахад эвийлж хайрлаад ундуйцмаар
Эр хүн та энэ орчлонд эгэл биш ганц бурхан заяа юмаа

Ханийн түшиг, хатан баатар эр хүн танийг би дээдэлдэг
Хайрын эзэн, халамжийн дээд эр хүн таныг би хайрладаг
Хатуужлын хязгаар, хагдраагүй тогтоц эр хүн таныг би шүтдэг
Хатан бүүвэй, хариу нэхэлгүй эр хүн танд би залбирдаг аа


 

Эвдрээгүй эргэх орчлонгийн эрхэмсэг алдрай, бүсгүйд та шүтэгддэг
Эндүүцээгүй буурал амьдралын эзэн, ижийд та бишрэгдэн дээдлэгддэг
Элбэрэлгүй сааралтах сүүдэр шиг амьдралыг, өөд нь аваад та босгодог
Эцэсгүй үргэлжлэх аз жаргалын зовлонг нь та нимэглэн жаргаадаг аа

Эр хүн та бурхан заяа, булхайгүй тавилан
Эр хүн та будант тэнгэр, булзайраагүй түшиг
Эр хүн та уудамт хөндий, ухаант мэргэн
Эр хүн та утгат уянга, устамгүй сахиус аа

Яруу найрагч Х.Тэргэл

 Халх монгол эр хүн танд

Хар, шар, цагаан арьстнаар
Халх монгол залуу чамайг би солихгүй ээ
Хачин баян, энхрий янаг байсан ч
Харийн хүний эхнэр болохгүй ээ
Эрхэм агаад бардамхан ааштай
Эр хүн чамаараа би гоёж
Энэ дэлхийн хаана ч амьдарсан
Энгэрийн чинь товчийг бөхлөж явна
Хар хөмсгөө нумартал атируулж
Хааяа нэг ширүүн харц илгээдэг ч
Хань минь юм шүү гээд чамайгаа би
Харамлаж өмөөрч явах болно
Архи дарс наргиан хөөж
Авгай хүүхний хормой сөхөж
Амьдралд минь намайг олон бүү гомдоогоорой
Авааль нөхөр минь гээд чамайгаа түшиж явна
Халх Монголын цусыг таслахгүй
Хайртай үрсээ өсгөж өндийлгөе
Дэлхийд ховорхон Монгол удмаа
Дээлэндээ бөөцийлж торниулж явья.

Эх сурвалж: polit.mn

4 дэх #нэргүй_шүлэг нь О.Заяа дүүгийн ммнь шүлэг байна
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

1 цаг 45 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

2 цаг 2 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

2 цаг 7 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

2 цаг 18 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

2 цаг 22 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

2 цаг 26 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

2 цаг 29 мин
Парламент ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

2 цаг 32 мин