М.Өлзийбат: Цогтцэцийн газар хөдлөлт гадны нөлөөтэй байж болзошгүй

2017-01-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

-Улаанбаатарт хүчтэй газар хөдлөлт болох магадлал өндөр болж байна-

Э.Бат-Уянга

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд энэ сарын эхээр олон чичирхийлэлттэй, 1.5-3.8 магнитутын газар хөдлөлт болж, 1100 хүнийг нүүлгэн шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.  Энэ талаар ШУА-ын   Одон орон, геофизикийн судалгааны төвийн Газар хөдлөлт судлах секторын эрхлэгч М.Өлзийбаттай ярилцлаа.

-Саяхан Өмнөговь аймгийн Цогтцэций суманд газар хөдлөлт болсон.   Юунаас болж газар хөдөлснийг тогтоосон уу ?

-Хамгийн хүчтэй нь 3.8  магнитудын газар хөдлөлт болсон.  Ер нь газар хөдлөлт хоёр тохиолдолд идэвхждэг. Нэгдүгээрт, байгалийнх. Хоёрдугаарт, гадны нөлөөллийн буюу хүний үйл ажиллагаатай холбоотой идэвхжил. Байгалийн газар хөдлөлт үү, хүний үйл ажиллагаатай холбоотой газар хөдлөлт үү гэдгийг нарийвчилсан судалгаа хийж мэдэх ёстой. Одоохондоо тодорхойгүй байна. Өвлийн улиралд газар хөлдчихсөн байдаг учир судалгаагаа хавраас хийж эхэлнэ.  Нэг километр, түүнээс ч бага гүнд болсон байх гэсэн таамаглал байна. Хүнд мэдрэгдэж байна гэхээр гүн нь бага, гадны нөлөөллөөс үүссэн байж болзошгүй. Хүмүүс яагаад сандраад байна гэхээр газар хөдлөлт уурхайн дор болсон. Байгууламжийн доор хөдөлж байгаа учраас магнитуд тав юм уу зургаа болоход л аюул учрах магадлалтай.

Гэтэл үүнээс ч хүчтэй газар хөдлөлт Улаанбаатарын  нутаг дэвсгэрт гарч байсан.  Эмээлтэд  гэхэд л нэг өдөрт 200-гаас их газар хөдлөлт болж байсан. Харин Таван толгойд нэг өдөрт хамгийн дээд тал нь хорь, гучин удаа л чичирхийлэл мэдрэгдсэн. Саяхан Польшид болсон уурхайн газар хөдлөлөөр олон хүн амь үрэгдсэн. Уг нь бол тийм ч хүчтэй газар хөдлөлт байгаагүй. Магнитуд 4.4-тэй л байсан. Сүүлийн 10 жилд ийм газар хөдлөлт Улаанбаатарт дөрөв, тав болж л байсан.

-Байгалийн, хүний нөлөөллийн газар хөдлөлтийн ялгаа нь юу вэ?

-Байгалийн газар хөдлөлт аюул учруулах магадлал маш өндөр, илүү гүнд явагддаг. Хүний үйл ажиллагаатай холбоотой нь өнгөн хэсэгт явагддаг. Зүгээр байсан газар руу ус шахаад эхлэхээр эвдэрнэ биз дээ. Эвдэрч эхлэхээр тэр орчиндоо газар хөдлөлт үүсч болно. Мөн идэвхитэй хагарал дээр уул уурхайн үйл ажиллагаа явуулахад угаасаа эвдрэх гэж байсан газрыг түргэтгэчихдэг. Таван толгойн хувьд идэвхтэй бүс эсэх нь тодорхой биш. Өөрөөр хэлбэл, хэдэн мянган жилийн өмнө тэнд газар хагарч, эвдэрчихээд танигдахгүй болчихсон хагалбар уу гэдэг нь бүрхэг. Ер нь судлахаас нааш таамаг тавихад хэцүү.

-Өмнө нь манай улсад уурхайтай холбоотой газар хөдлөлт болж байсан уу?

-Уурхайтай холбоотой гэдэг нь тогтоогдвол анхных нь.

-Ер нь сүүлийн үеийн газар хөдлөлт Улаанбаатарт олноор мэдрэгдэж байгаа гэлээ. Газар хөдлөлтийн тоо нэмэгдэх нь аюул ойртож байгаа гэсэн үг үү?

-Улаанбаатарт 2005 оноос хойш газар хөдлөлт идэвхтэй хагарлын дагуу ихэссэн гэдгийг тогтоочихсон. Энэ хагаралууд нь идэвхжиж эхэлж байгааг харуулж байна. Хагарал идэвхжиж байна гэдэг хүчтэй газар хөдлөлт болох магадлал өндөр болж байна гэсэн үг. Сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар Улаанбаатарыг тойрсон зургаан идэвхтэй хагарлыг илрүүлсэн. Эдгээр нь эрт хугацаанд гэхээрээ геологийн хугацаанд нэлээд залууд нь ордог. Гэхдээ хүний амьдарлын хугацаагаар мянган жил, зургаан мянган жил гэдэг урт. Энэ хугацаанд нэгээс доошгүй газар хөдлөлт болж байсан гэсэн үг. Хустайн нурууны газар хөдлөлт гэж яриад байна. Энэ нь 60-80 километр үргэлжилсэн хагарал. Энэ газар дээр 1000 орчим жилийн өмнө хүчтэй газар хөдлөлт болж байж гэдгийг судалгаагаар тогтоосон. Тийм хэмжээний голомт Улаанбаатар орчимд байна. Энэ голомтууд дээр болж байгаа газар хөдлөлтийн тоо огцом ихэсчихлээ. Хэзээ ч хүчтэй газар хөдлөх магадлалтай хагарлууд дээр газар хөдлөлтийн давтамж нь ойртсон зэргээс үзвэл байдал аюултай болоод байна. Гэхдээ ийм аюул байгааг тогтоочихлоо. Тэгэхээр энэ аюулын дор зүгээр амьдраад байж болохгүй. Урд нь хол байдаг газар хөдлөлийн долгионоор бид нар сандардаг байсан бол одоо хот дотроо газар хөдөлдөг болчихлоо. Өөрөөр хэлбэл, тайван амьдрах боломжгүй нутаг дэвсгэр боллоо гэсэн үг. Түүнээс Монголд хүчтэй газар хөдлөлт саяхан хүртэл болж л байсан. Пакистанд бол таван магнитудын газар хөдлөлтөд л хэдэн арван мянган хүн үхэж үрэгдсэн.  Учир нь яг хотынх нь хажууд газар хөдлөөд хотоо нураачихдаг. Манай улсад магнитуд нь зургаа хүрсэн газар хөдлөлт олон болсон. Гэхдээ тэр нь Улаанбаатар хүртэл 500 км зайтай. Газар хөдлөлт хөдөлгөөн үүссэн долгион, зайнаасаа хамаараад хүч нь багасдаг. Яг дуутай л адил.

-Газар хөдлөлтийг урьдчилан мэдэж боломжгүй. Харин урьдчилан сэргийлж хохирол багатай даван туулах нь чухал гэж мэргэжлийн хүмүүс анхааруулдаг. Бид юу хийх ёстой вэ?

-Гурван зүйлийг мэдчихвэл газар хөдлөлтийн аюулаас зайлж болно. Нэгдүгээрт, хаана газар хөдлөлт болж болох вэ, хоёрдугаарт, газар хөдөлвөл ямар хэмжээний аюул нүүрлэх боломжтой вэ гэдгийг судлах ёстой. Гуравт, хэзээ газар хөдлөлт болохыг тогтоох юм. Эдгээрийг тогтоочихвол газар хөдлөлтийг аюул багатай өнгөрөөх боломжтой. Гэхдээ илүү ач холбогдол өгдөг нь эхний хоёр тайлбар. Тухайлбал, Хустайд долоон магнитудын газар хөдлөлөө гэж бодъё. Тэгвэл Улаанбаатарын зүүн хэсэгт 9-10 балл, төв хэсэгт 8-9 балл, баруун хэсэгт найман балл байна гээд тогтоочихлоо. Тэгвэл ийм хэмжээний чичиргээ, аюул үүсэх нь тодорхой болгочихож байна. Түүнд тэсэх барилгыг орчин үеийн технологиор барих ёстой. Аюулыг урьдчилан харсан учир өртөхгүй байж болно. Анхнаасаа хот төлөвлөлтөө аюулгүй газар, сайн хийх хэрэгтэй. Бид одоо сарын өмнө газар хөдлөлт болохыг мэдлээ гэхэд ямар барилга барих вэ. Нүүлгэн шилжүүллээ гэхэд хаана амьдрах вэ. Нэг сая хүнд гэр хүрэх үү, эсвэл майхан барих уу. Байрлах газаргүй байсаар хөлдөөд үхчихнэ. Тэгэхээр аль болох хохирол багатайгаар давахын тулд түрүүний хэлсэн хоёр зүйлийг таамаглах, судлах тал дээр түлхүү ажиллах хэрэгтэй. Энэ маань өөрөө асар их хөрөнгө зарсан асуудал. Тэр их хөрөнгийг Америкт ч гэсэн бүрэн гаргаж чадахгүй. АНУ-ын Сан Францискод газар хөдөлнө гээд өчнөөн тэрбум доллар, цаг хугацаа зараад хяналтын систем байгуулчихсан. Үүгээрээ 7-10 хоногийн өмнө мэдэх боломжтой. Япон ч гэсэн газар хөдлөлтийн идэвхтэй бүстээ маш их станц байгуулчихсан. Тэгээд л газрын амьсгааг бичиж аваад сууж байна шүү дээ. Энэ бүхнийг дэлхий нийтээрээ бүрдүүлэх юм бол сая амжилтад хүрэх магадлалтай. Маш их хөрөнгө, цаг хугацаа зардаг учир амжилт олох нь бага байдаг.

Яахав, тохиолдлын чанартай хэлсэн үгнүүд байдаг. Газар хөдлөх магадлалтай газрын тухай илүү сайн мэдээлэлтэй байсан учир мэдэж, тухайн хугацаанд нь газар хөдөлж байсан тохиолдол бас бий. Үүний хамгийн амжилттай  жишээ нь,  Хятадад 1970 онд болсон Хайчигийн газар хөдлөлт юм. Маш олон багажаар газар хөдлөх гэж байгааг хэдэн сарын өмнө мэдэрсэн. Тиймээс хотоо тэр чигээр нь нүүлгэж амжсан. Асар их байшин барилга нурсан ч хүн өртөөгүй.

-Манайхны хэмжих багаж орчин үеийн шаардлагад нийцэж чадаж байна уу?

-Япон, Америк гээд бусад улсын хэрэглэдэг багажийг бид адилхан ашиглаж байна.  Давуу тал нь энэ чинь комьпютер шиг өргөн хэрэглээний бараа биш, тусгай зориулалтын багаж учраас нэг үйлдвэрээс, адилхан үнээр авна. Хүчин чадлын хувьд яг адил. Ялгаа нь гэвэл эдийн засгийн боломжоос хамаарч, Америк нутаг дэвсгэртээ 10 гаруй мянган станц ажиллуулж байхад бид 12-хон станцтай байна.

-Ойрын үед ойр ойрхон, олон чичирхийлэлттэй газар хөдлөлт ихэссэн гээд байгаа. Энэ нь юунаас хамаарч байна ?

-Ерөөсөө л газар хөдлөлтийн гүнд явагдаж байгаа процесс. Түрүүний ярьсан хагарал гэдэг маань байнгын хөдөлгөөнд байдаг. Хөдөлгөөнд орж байгаа хагарал газар эвддэг. Тэр хөдөлгөөн нь хурдасч, дараа нь хөдөлгөөнгүй болох гэхчилэн аюул тохиолдвол газар хөдлөлтийн идэвхжил улам бүр ихэсдэг. Тэр нь аюул болох гэж байна гэдгийг илтгэдэг. Улаанбаатарын орчимд ийм нөхцөл байдал үүссэн учир бид чамгүй олон станц тавьсан. Гэхдээ олон төрлийнх. Аль болох олныг тавибал илүү үр дүнтэй.

-Хэдэн станц тавьсан бэ?

-Газар хөдлөлтийн  станц 16, байр зүйн станц буюу газрын хөдөлгөөний шилжилтийг нарийн бичиж авдаг “GPS” 10 ширхэг суурилуулсан.  Газар хөдлөхөөс өмнөх процесс, өөрчлөлтийг бүртгэж, бичиж авахын тулд станцаа тавьж байгаа юм.

-Энэ онд  гарсан газар хөдлөлт өмнөх оны мөн үеийнхээс ихэссэн үү ?

-Монголд адилхан. Их хүчтэй газар хөдөлсний дараа тоо огцом ихэснэ. Гэхдээ аюул нь бага, хэвийн байдалдаа ортол уддаг. Тэр болгонд л газар хөдөлнө. 1991 онд Монголд хамгийн их газар хөдлөлтийн идэвхжилтэй жил байсан. Хөвсгөл аймагт 6.5, дөрвөн магнитудын хүчтэй газар хөдөлсний  нөлөөгөөр эхний нэг сард гэхэд л 2000 газар хөдлөлт болж байсан. Хүчтэй газар хөдлөлтийн дараах эффект учир энэ өсөлт бол аюулгүй. Харин Улаанбаатарт бол хүчтэй хөдлөөгүй. Тэгээд тоо нь өсөөд байна гэдэг бол аюул дөхөөд байгааг харуулж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

4 цаг 58 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

6 цаг 16 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

8 цаг 53 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

8 цаг 53 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

8 цаг 53 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

8 цаг 53 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

22 цаг 21 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

22 цаг 26 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

23 цаг 35 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин