
Түрүүч нь http://www.polit.mn/content/85386.htm
6.АСЕМ-ЫН ХУРАЛ БОЛОВ
АСЕМ буюу Ази, Европын Дээд түвшний уулзалт долдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдав. Дээд хэмжээний уулзалтад АСЕМ-ын 53 гишүүн, үүнээс Европын 30, Азийн 21 орон, мөн олон улсын хоёр байгууллагаас өндөр, дээд түвшний зочид ирж оролцов. Тэднийг дагалдах албаны хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн нийлээд 5000 гаруй төлөөлөгч Улаанбаатарт ирсэн байна. Монголд зохион байгуулагдсан Ази-Европын дээд хэмжээний уулзалтаас “Улаанбаатарын тунхаг” гэсэн баримт бичиг гаргасан.
АСЕМ-ын уулзалт дөнгөж эхлээд байтал Туркт төрийн эргэлт хийх оролдлого гарч, тус уулзалтад оролцож байсан Туркийн Ерөнхий сайд уулзалтыг хаян яаралтай нутаг буцаж, олон улсын анхаарал Туркийн зүг хандаж, Монголд болсон АСЕМ-ын уулзалт тэгсхийгээд олны анхаарлын гадуур болж өнгөрөв.
АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулахдаа Улаанбаатар хотын гудамжны хөдөлгөөнийг энд тэндгүй байн байн хааж, газар сайгүй цэрэг цагдаа зогсоож, хэтэрхий их журамласан нь зуны дэлгэр цагт Улаанбаатартаа үлдсэн хотынхныг бухимдуулав. Түүнчлэн АСЕМ-ын уулзалтын өмнө Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд нар Улаанбаатарчуудад хандан: зүс царай муутайнууд нь уулзалтын үеэр Улаанбаатараас гарч яваарай, гарч явж чадахгүй нь гэр, хашаанаасаа гадагшаа хамраа битгий цухуйлгаарай гэх утгатай үг хэлсэн нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлж, Ардын зохиолч, алдарт яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай түмэн олноо өмөөрөн Ч.Сайханбилэгт хаяглан хатуухан үгтэй ил захидал бичсэн нь хүмүүсийн анхаарлыг татаж, дэмжлэгийг авав.
АСЕМ-ын уулзалтад бэлтгэх нэрийдлээр олон олон тэрбум төгрөгийг хууль, журмаас гадуур хамаагүй зарсан, энэ уулзалт Монголын хээл хахуулийн төвшнийг улам өсгөлөө гэсэн шүүмжлэл гарсан.
Ямар ч байсан хэлтэй амтай АСЕМ-ын уулзалт болж өнгөрөв. Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн гуайн хэлснээр: харамсалтай нь манай төрийнхөн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулчихаад гаргасан дүгнэлтээ өөрсдөө ойлгосонгүй бололтой.
7.НААДАМ, ОЛИМП
1024 бөх барилдаж Архангайгаас шинэ аварга, арслан төрлөө.
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмаар 1024 хүчит бөх барилдсанаас Архангай аймгийн Хашаат сумын харьяат “Алдар” спорт хорооны бөх Ч.Санжаадамба түрүүлж, Архангай аймгийн харьяат Р.Пүрэвдагва үзүүрлэв. Шинээр Начин 14, Харцага 6, Заан 2, Арслан 1, Аварга 1 тус тус төрөв.
Сүүлийн жилүүдэд бөхийн хорхойтнууд Ч.Санжаадамба наадамд түрүүлнэ гэж байнга таамаглан, хүсэн хүлээж байсан ч Ч.Санжаадамба энэ жилийн наадам хүртэл олон түмний хүсэлт хүлээлтийг биелүүлж чадахгүй явсаар энэ жилийн наадамд ийнхүү түрүүлж шууд аварга цолтой болов.
Зарим бөх цэцдийн шийдвэртэй санал нийлэхгүй, шударга бус барилдаан боллоо гэхдээ тахимаа өгөхгүй байх, өвс ногоон дээр удаан хэвтэх зэргээр бөхчүүд маань наадам болгоноор “эрхэлдгээрээ эрхэлж”, наадамчин олон ч нутаг ус, “балиашилдаг” бөхөөрөө хоорондоо талцан хуваагдан шуугилдаж, ер нь жил жилийн наадам болдгоороо дуулиан шуугиантайхан болов.
Бразил Улсын Рио Де Жанейро хотноо хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, спортын их баяр цэнгэл – зуны Олимпийн 31 дэх наадам 8 дугаар сарын 5-22-ны өдрүүдэд болж өнгөрлөө.
Бразилийн жирийн иргэд Олимпийн наадамд бэлтгэх нэрийдлээр олон олон тэрбум ам.долларыг үр ашиггүй зарав, Бразилийн хээл хахууль тэнгэрт хадлаа хэмээн шүүмжилж, Бразилийн Парламент Ерөнхийлөгч Д.Русеф хатагтайг төсвийн мөнгийг дураараа захиран зарцуулах хэрэгт хутгалдан оролцсон хэмээн буруутгаж албан тушаалаас нь огцруулсан дуулиан шуугиан Олимпийн нээлт, тоглолттой давхцав. Ямар сайндаа Риогийн зуны Олимпийн наадмыг огцорсон Ерөнхийлөгч Д.Русеф биш харин Ерөнхийлөгчийн үүргийг түр хамаарагч М.Темэр албан ёсоор нээв.
ОХУ-ын тамирчид, хөнгөн атлетик, хүндийн өргөлтийнхөн багаараа болон спортын бусад төрлийн зарим тамирчид сэргээш хэрэглэсэн гэх үндэслэлээр Олимпийн наадамд орох эрхээ хасуулсан нь бас л багагүй шуугиан дэгдээв.
Монгол Улсаас спортын есөн төрөлд 43 тамирчин оролцон өрсөлдөж, нэг мөнгөн медаль, нэг хүрэл медаль хүртэж, багаараа 67-р байрт жагсав.
Манай чөлөөт бөхийн дасгалжуулагчид, шүүгчид Монголын бөх өрсөлдөгчөөсөө тойрон зугтаж барилдаанаа дуустал шударга хийсэнгүй хэмээн торгож бараг гарт нь орж ирсэн байсан хүрэл медалийг мултлан өрсөлдөгчид нь өгөх шийдвэр гаргасныг шударга биш шийдвэр байна хэмээн эсэргүүцэж, дэвжээн дээр гарч хувцсаа тайчин шидсэн нь Youtube-ийн хамгийн их үзсэн бичлэгүүдийн нэг болов.
Зуны Олимпийг залган есдүгээр сарын 7-18-ны “Рио-2016” Паралимпийн XV дахь удаагийн наадамд Монгол Улсаас найман тамирчин оролцож, хоёр хүрэл медаль, шагналт IV, V дугаар байрт шалгарсан амжилт үзүүлж, манай тамирчид багаараа 75 дугаар байр эзэллээ.
8.МОНГОЛ УЛСАД ЭДИЙН ЗАСГИЙН ГҮНЗГИЙ ХЯМРАЛ НҮҮРЛЭВ
Монгол Улс улс төр-эдийн засгийн хувьд сүүлийн жилүүдэд үзээгүй хямралд оров. Тухайлбал Fitch агентлаг арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан бол Мoody’s агентлаг тусдаа судалгаа хийж Монгол Улс болон арилжааны долоон том банкны зээлжих зэрэглэлийг бууруулсан юм. Одоогийн байдлаар Монгол Улсын зээлжих зэрэглэл CAA (латин үсгээр) буюу энгийн хэллэгээр “хогийн сав” гэсэн зэрэглэлд оржээ. Энэ нь Монгол Улс, Монголын компанид зээл өгөх нь мөнгөө хогийн саванд хаяж байгаатай буюу тийм найдваргүй түншид мөнгөө өгч байгаатай адилхан хэрэг хэмээн тооцогдоно гэсэн үг юм.
Энэ нь МАН-АН-ын засагласан он жилүүдэд “дураараа дургин дунд чөмгөөрөө жиргэж”, байгалийн баялгаа гадаад, дотоодын олигархуудад найр тавин үнэгүй өгч (тухайлбал, хамгийн багаар бодоход 30 сая тонн зэс, 1500 тонн алтны нөөцтэй Оюу толгойн ордын ХОГ-г 2009 онд Улаанбаатарт байгуулахдаа, сүүлд нь Дубайд баталгаажуулахдаа Монголын талын ногдол ашгийг зөвхөн 2035 оноос эхлэн буюу гэрээ байгуулснаас хойш бүтэн 26 жил өнгөрсний дараа л авахаар тооцож тохирсон байдаг), улс орны нэрийг барьж гадаадаас авсан их хэмжээний зээлийг (Монголын нийт өр 23 орчим тэрбум ам.доллар, үүнээс тал нь Засгийн газрын өр болжээ) үр ашиггүй зарцуулсны гор нь өнөөдөр ийнхүү гарч, энэ их хүнд ачаа балаг тарьсан улс төрчдийн биш харин татвар төлөгч ард түмний нуруун дээр тохогдож байна.
Монголчууд бид өөрсдөө хаширахгүй олиггүй улс төрчдийг дахин дахин эрхлүүлэн сонгосоор байгаад гадныханд “Алтан дээр суусан гуйлгачингууд” хэмээн хэлүүлэн басамжлуулж байгаагаа хэзээ ойлгож засна, тэр цагаас эхлэн Монголын улс төр-эдийн засаг эрүүлжих нь ойлгомжтой гэж дүгнэхээс өөр аргагүй.
9.ЁСЧЛООГҮЙ ГЭСЭН ШАЛТГААНААР ТАВАН ХУУЛИЙГ БУЦААЛАА
МАН олонхийн суудалтай болсон шинэ УИХ наймдугаар сарын 30-ны өдөр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай”, “Хууль сахиулах ажиллагааны тухай”, “Прокурорын байгууллагын тухай”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-иудыг буцаах тухай” УИХ-ын 26 дугаар тогтоол баталж буцаав. Буцаасан шалтгаанаа одоогийн эрх баригчид өмнөх УИХ-аар дээрх хуулиудыг баталсан боловч ёсчлоогүй, “Төрийн эмхэтгэл” сэтгүүлд хэвлүүлээгүй гэж тайлбарлав. Есдүгээр сарын 5-ны өдөр энэхүү тогтоолд бүхэлд нь Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан ч УИХ хоригийг хүлээж авсангүй зүтгэсээр байгаад буцаав. Уг нь эдгээр хууль энэ оны есдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжсэн бол хууль эрх зүйн орчин жаахан ч гэсэн сайжрах, хууль шүүхийнхний хэт даварсан ажиллагаа ямар нэгэн байдлаар хазаарлагдах, нийгмийн харилцаа бага ч гэсэн эрүүл саруул, эе эвтэй болох, иргэд өөрсдөө илүү хариуцлагатай болох боломжууд байсан юм.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ынхан эдгээр хуулийг буцаахдаа ганцхан зорилго агуулж байгаа. Тэр бол Н.Энхбаярыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй гэсэн зорилго хэмээн шүүмжлэв.
Ингэж батлагдсан хуулиудыг буцаасан нь өмнөх парламентынхаа баталсан хуулиудыг дараагийн парламент нь улстөрийн явцуу сонирхлын дагуу буцаадаг, хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг дур мэдэн өөрчилдөг зохисгүй муу “практик”-ийг Монголын улс төрд буй болгов.
10.XIV ДАЛАЙ ЛАМ АЙЛЧИЛЛАА
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам арваннэгдүгээр сарын 18-23-ны өдрүүдэд Монгол Улсад ес дэх удаагаа айлчиллаа. Тэрээр урьд өмнө айлчлахдаа сүсэгтэн олонд сургаалиа айлдах, уулзалт зохион байгуулах, лекц уншихаас гадна IХ Богдын хойт дүрийг тодруулах гэж ирсэн тухай мэдээ шуугиан дэгдэв. Тэр нь Монголын өнөөгийн эрх мэдэлтнүүдийн аль нэгнийх нь хүүхэд, садан төрлийн хүү байх болно гэсэн хардлага нийгэмд хүчтэй өрнөж, ийм мэдээ сонссон хүмүүс илэрхий дургүйцэв. Ийм байдлаас болоод өмнө нь Далай багшийн айлчлалд дургүйцэх хүн бараг байдаггүй байсан бол энэ удаад дургүйцсэн хүмүүсийн тоо нэмэгдэж, бараг дуртай байсан хүмүүсийнхээс ч илүү олон болов.
Далай ламыг урьж айлчлуулсанд уурлаж бухимдсан урд хөрш гурван ч удаа анхааруулга, мэдэгдэл гаргаж улмаар Монгол Улсын дээд түвшний хэд хэдэн айлчлалыг цуцалж, хил гаалийн хураамжаа нэмэгдүүлж, улстөр, эдийн засгийн хүчтэй дарамт шахалт үзүүлж эхлэв. Эрх баригчид ч “энэ буруутай, тэр буруутай” гэх зэргээр нэг нэгийгээ “барьж өгөв”. Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил: Далай лам өөрөө Ерөнхийлөгч урьсан тухай хэлсэн, манай Засгийн газар энэ айлчлалд хамаагүй гэх зэргээр бултах гэж оролдохдоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “барьж өгөв”. Уг нь аль ч улсад, түүний дотор Монголд гадаад бодлогын хувьд төр засгийн ямар ч албан тушаалтан нэг л амтай байх ёстой гэсэн хатуу зарчим ийнхүү алдагдав. Тэгээд ч зогссонгүй Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил Хятадад “Дахин Далай ламыг Монголд хэзээ ч авчирахгүй” гэсэн утга санаа бүхий мэдэгдэл хүргүүлснийг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдэгдэв. Энэ мэдэгдэл өнөөгийн төр засгийн гадаад бодлого хоорондоо уялдаа холбоогүй, дотроо зөрчилтэйг нотолж, Монгол Улс бие даасан гадаад бодлоготой эсэхэд эргэлзээ төрүүлсэн алхам болов.