Базарбямбын НЯМСҮРЭН
“Зууны мэдээ” сонин, NTV телевиз, itoim.mn, ub.life, lemonpress.mn, graph.mn...
Хамгийн ахмад нь 33 жилийн түүхтэй, хамгийн бага нь гурван жилийн өмнө байгуулагдсан хэвлэл мэдээллийн зургаан байгууллага “IFPIM” олон улсын хөтөлбөрийн анхны “элсэгчид” болж шалгарсан баярт мэдээг хамтдаа угтаж байсан өдөр яг нэг жилийн өмнө юм.
Тэр өдрөөс хойш манай зургаан байгууллага редакцын бодлогоо сайжруулж, олон улсын хөтөлбөрийн менторуудтайгаа сар тутамд уулзалт хийж, зорьсон зорилго, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа сар тутам тайлагнадаг уламжлал тогтсоор хэдий нь нэгэн редакц шиг болтлоо бие биеэсээ суралцаж хамтдаа хөгжжээ.
Тиймээс ч “IFPIM” гэж юу болох, энд хамрагдсан байгууллагууд ямар үр өгөөжтэй байдаг, бид юунд зорьж, юуны төлөө тэмүүлсэн тухайгаа салбарынхандаа уншигч, үзэгч, хүлээн авагчдадаа тайлагнан танилцуулж, амжилтын түүхээ хамтдаа хуваалцлаа. Мөн цаашдын төлөвлөгөөгөө хэлэлцэж, сэтгүүл зүйн экосистем, тулгамдаж байгаа асуудал болон шийдлийн талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Сэтгүүл зүйн Инновац хөгжлийн Үүр буюу “NEST” төв гэж салбарынхандаа өгөөжтэй, гадны төсөл хөтөлбөрүүдийг Монголдоо нутагшуулчих юмсан гэсэн хүсэлтэй чамбай хамт олон бий. Тэд анхлан зам гаргаж, жим бий болгосноор Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийн байгууллагыг дэмжих олон улсын сан (International Fund for Public Interest Media)-ийн дэмжлэгтэй, Financial Times сонины стратегийн багийн (Financial Times Strategies) мэргэжил, арга зүйн тусламжтай энэхүү төсөлд Монголын хэвлэл мэдээллийн зургаан байгууллага хамрагдаж эхлээд байна.
Гурван жилийн турш үргэлжлэх энэхүү дунд хугацааны хөтөлбөрт хамрагдсанаар байгууллагын ирээдүйн “Алтангадас” зорилгоо тодорхойлж, нийтийн эрх ашгийн төлөө нийтлэл бүтээлд илүүтэй анхаарах, мэргэжил арга зүйн зөвлөх үйлчилгээг олон улсын байгууллагаас авч үйл ажиллагаагаа сайжруулахын зэрэгцээ нийгмийн сайн сайхны төлөөх нийтлэл, нэвтрүүлэг бүтээхэд шаардлагатай санхүүгийн бодит дэмжлэг хүртэх боломжтой болсон гээд олон давуу талыг редакц хэвлэлийн байгууллагуудад олгодог байна.
Монголд гэлтгүй дэлхийн сэтгүүл зүйн салбарт нийгмийн болон технологийн хурдацтай хувьсал өөрчлөлтөд дасан зохицох бодит шаардлага тулгарсан. Мөн олон улсын хэмжээнд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх хумигдсаар байгааг цөөнгүй судалгаа харуулах болсон.
“Дэлхийн хэмжээнд нийт хэвлэл мэдээллийн байгууллагын 76 хувь нь зөвхөн үйл ажиллагааны зардлаа олох хэмжээнд ажиллаж байгаа бол 2019-2024 онд хэвлэл мэдээллийн зах зээл дэх зар сурталчилгаа 40 хувиар огцом буурсан. Зөвхөн энэ хоёр тоог харахад л дэлхий нийтээр хэвлэл мэдээллийн бизнес загварт ямар аюул үүсээд байгаа та бүхэн олж харж байгаа биз” хэмээн өчигдрийн арга хэмжээний хүндэт зочин “IFPIM” олон улсын байгууллагын Ази, Номхон Далайн бүс нутаг хариуцсан захирал хатагтай Аирин Жэй Ли хэлж байлаа.
Өөрөөр хэлбэл, технологийн салбарын хурдтай өсөлт, ковидын нөлөөгөөр өөрчлөгдсөн бизнес орчинд хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбар оновчтой дасан зохицож, өөрчлөгдөх хэрэгцээ улам бүр тулгамдаж байгаа учир сэтгүүл зүйд бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор
IFPIM хөтөлбөр олон улсад эхэлсэн юм. Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийн байгууллагыг дэмжих олон улсын сангаас гурван жилийн өмнө энэхүү хөтөлбөрийг дэлхий даяар эхлүүлснээс хойш 20 улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудад одоогоор 20 сая ам.долларын санхүүжилт олгоод байна.
Манай улсын хувьд 400 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагаас гурван шатны шалгуурыг даван дээрх зургаан байгууллага төсөлд анхдагч болон оролцоод нэг жил болж буй. Тэгвэл Монголд хэрэгжиж байгаа хөтөлбөр бүс нутагтаа амжилттай яваа хэмээн үнэлэгдэж, дараагийн шатны төсөлд хамрагдах хэвлэл мэдээллийн байгууллагуудаас “нэмэлт элсэлт” авах болсон тухай таатай мэдээг хатагтай Аирин дуулгалаа. Одоогоор хэчнээн байгууллагыг нэмж элсүүлэх тухай мэдээлэл хараахан эцэслэгдээгүй ч зөвхөн нийслэлд гэлтгүй орон нутагт үйл ажиллагаа явуулдаг бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ч хамруулахаар зорьж байгаагаа хэлж байлаа.
Сэтгүүл зүйн Инновац хөгжлийн Үүр төвийн тэргүүн Б.Дуламхорлоо:
-Юуны өмнө манай оролцогч зургаан байгууллагын оролцоо бүс нутагтаа онцгойрохуйц сайн байгаа учир “IFPIM” байгууллагаас нэмэлтээр дахин хэвлэл мэдээллийн байгууллага элсүүлэх болсон гэдгийг мэдэгдсэн. Энэ нь манай төслийн эхний үр дүнгийн бас нэг том амжилт болов уу гэж харж байна. Дунд болон урт хугацаанд үргэлжилдэг олон улсын хөтөлбөрүүдийн жишгээс харахад эхний жилдээ учраа олох гэж, загвар дизайнаа гаргах гэж багагүй хугацаа зарцуулдаг тал бий. Харин манай оролцогч зургаан байгууллагын тухайд бол 2026 онд хүрэх “Алтангадас” зорилгодоо хугацаанаасаа өмнө хүрчих боломжтой гэж би хувьдаа харж байгаа. Гэхдээ мэдээж үүнд нийгмийн дэмжлэг хэрэгтэй. Бидний хувьд энэ бүхнээс харж байгаа хамгийн гол ололт бол сэтгүүл зүйн экосистем маань бүхэлдээ хамтдаа салбараа өсгөхийн төлөө, хамтарч ажиллахад нээлттэй байгаа нь харагдаж байгаад баяртай байна. Хэвлэл мэдээллийн салбарыг бизнесийн үйл ажиллагаа явуулж болохгүй юм шиг хоцрогдсон үзэл хандлага бараг үгүй боллоо. Харин ч чөлөөт зах зээлд, эерэг зөв найдвартай мэдээ мэдээлэл дамжуулснаараа санхүүгийн хувьд хараат бус байх ёстой гэдгийг харьцангуй олйгоод эхэлж. энэ бол бидний ажлын бас нэг үр дүн гэж боддог. Ер нь сэтгүүл зүйн бүтээл сэтгүүлчдийн сэтгэлийн хат дээр явдаг байдлыг өөрчилье гэдэг үүднээс, ойлгомжтой тодорхой, ёс зүйтэй, нийгэмд ээлтэй сэтгүүл зүйг бий болгохын төлөө манай байгууллага зорьж ажиллаж байгаа гэв.
Хөтөлбөрт оролцсон зургаан байгууллагын удирдлагуудаас эхний жилийн үр дүнгийнх нь талаар товчхон хуваалцав.
“Зууны мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч Д.Отгонбаяр:
-“Зууны мэдээ” сонин уламжлалт цаасан хэвлэлээс цахим руу шилжих шилжилтийг амжилттай эхлүүлээд явж байна.
Хөтөлбөрт хамрагдсанаар “Зууны мэдээ”-г сонин хэлбэрээр нь дижиталаар унших боломж бүрдүүлсэн технологийн шинэчлэл хийлээ. Сониныг бүх төрлийн таблет, гар утсан дээр шууд унших хэлбэрийг бий болгосон. Мөн эрэн сурвалжлах бүтээлийн тоог тогтмолжуулж, сард хоёроос доошгүй удаа нийтийн эрх ашгийг хөндсөн бүтээлийг заавал нийтэлдэг боллоо.
Хөтөлбөрт хамрагдсаны дараах хамгийн том үр дүн гэвэл “Зууны мэдээ”сонин хэдхэн хоногийн өмнө JTI буюу Хэвлэл мэдээллийн Итгэлцлийн санаачилгад нэгдсэн Монголын хоёр дахь байгууллага, анхны хэвлэл мэдээллийн хэрэгсэл болсон баяртай мэдээг хуваалцмаар байна. Дэлхийн 130 гаруй орны 1300 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын нэгдсэн энэ стандартын шаардлагуудыг хангаж баталгаажихад IFPIM хөтөлбөрт хамрагдсан туршлага маань урам өгч, зоригжуулсан. JTI бол хэвлэл мэдээлэлд итгэх итгэл багассаар байгаа өнөө үед уншигч, үзэгчдийн итгэлийг нэмэгдүүлэх, найдвартай эх сурвалж бүхий хэвлэлийн байгууллагыг олон нийтэд таниулах зорилготой мэргэжлийн ISO стандарт гэж энгийнээр хэлж болно. Дэлхий дахинд мэдээллийн их урсгал дунд уншигч хэрэглэгчид найдвартай, баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авах нь томоохон сорил болсон. Тэгэхээр уншигчдын хувьд JTI цэнхэр тэмдэгтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг, ёс зүйтэй, найдвартай эх сурвалж мөн гэдгийг таньж мэдэх боломжтой. Цаашдаа Монголын сэтгүүл зүйд цэнхэр тэмдэглэгээтэй найдвартай эх сурвалж улам олон болсноор сэтгүүл зүйд итгэх уншигч, үзэгчдийн итгэл нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
“NTV” телевиз, Media Group компанийн гүйцэтгэх захирал А.Баярбат:
-Манай телевизийн хувьд хөтөлбөрт хамрагдахаасаа өмнөх нөхцөл байдлаа гурван чиглэлд дүгнэсэн. Байгуулагдаад 18 жил өнгөрсөн багагүй түүхтэй телевиз боловч задлаад харахаар цөөн тооны контентод төвлөрдөг байсан юм билээ. Тэгэхээр юуны өмнө контентын тоогоо нэмэхэд анхаарсан. Вэб сайт, сошиал хуудсуудын маань хандалтууд ч анх тийм сайн байгаагүй. Уламжлалт хэв маягтаа бид илүү их төвлөрдөг байсан юм билээ. Байгууллагын хувьд олон жил болсон учраас тоног төхөөрөмж маш их хуучирсан, механик ажиллагаа ихтэй, автоматжуулалт огт байгаагүй. Хүний нөөцийн хувьд авч үзэхэд хүйсийн болон насны төлөөлөл удирдлагын түвшинд ялангуяа нэлээд хязгаарлагдмал байдалтай байсан. Мөн санхүүгийн хувьд харьцангуй тогтвортой ч нийт орлогын 83 хувийг зөвхөн уламжлалт зар сурталчилгаа эзэлдэг байсан. Энэ мэтээр өөрсдийгөө хөндлөнгөөс харж дүгнэж байхад олж хараагүй олон зүйлээ хөтөлбөрт хамрагдаад олж мэдсэн. Засаж сайжруулах зүг чигээ сайн олж харж чадсан. Эдгээр нөхцөл байдалдаа бид дүгнэлт хийгээд хөтөлбөрийн гол зүг чиг болох “Алтангадас” зорилгоо тодорхойлсон. Цаашид бизнесийн байгууллганы өрсөлдөх чадвараа яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт өөрсдийн зорилго чиглүүлсэн.
Itoim.mn сайтын Ерөнхий эрхлэгч Э.Мөнхцэцэг:
-Төсөлд хамрагдахаас өмнө төлөвлөгөө гүйцэтгэлээ тэр болгон нягталдаггүй байсан юм билээ.
“Чи тийм контент хийнэ шүү” гэж хэлээд орхичихдог, тэгэхээр заримдаа долоо, 14 хоногоор хойшлох тохиолдол байдаг.
Тэгвэл хөтөлбөрт хамрагдаад эхлэхээр тодорхой зорилтууд дэвшүүлээд, хүрэх үр дүнгээ тодорхойлчихсон учраас хариуцлага илүү нэмэгдсэн. Ажлын бүтээмж ч сайжирдаг юм байна. Бүх өдөр тутмын үйл ажиллагаа, үр нөлөөгөө хэмждэг болдог юм байна. Сошиал орчинд биднийг үзэж байна уу, үзэхгүй байна уу гэдэг хандалтын мэдээллээ бүрэн дүүрэн цуглуулдаг болсон. Яг өнөөдрийн ажлын гүйцэтгэлээ дүгнээд харахад 2026 онд хүрэх “Алтангадас” зорилгын хэрэгжилт эхний жилээр 34 хувьтай явж байна. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар нийтийн эрх ашгийг хамгаалах нийтлэлийн тоо жилийн өмнөхөөс 50 хувиар нэмэгдсэн байна. Сайтад өнгөрүүлж байгаа уншигчдын дундаж хугацаа төслийн өмнө 42 секунд байсан бол 55 болж нэмэгдсэн. Санхүүгийн хувьд ч эерэг нөлөө үзүүлсэн, орлогын өсөлтүүд ажиглагдаж байна. Зөвхөн нэг салбараас хамааралтай бус орлогын олон төрлийг нэвтрүүлэх ёстой юм байна. Ирээдүйд мэдээллийн сайт хаашаа явах гол зурагаа харж болж байна. Хэрэглэгчдээ тогтмол судалж байгаа учраас аль платформыг илүү хөгжүүлэх үү гэдгээ харж болж байна. Энэ мэтээр хөтөлбөрийн үр дүн маш их байгаа.
“Lemon Press Media” гүйцэтгэх захирал Ц.Анхбаяр:
-Манай сайтын хувьд хөтөлбөрт хамрагдсанаар олж авсан хамгийн гол үр дүн бол зорилтоо гурван жилээр тодорхойлсон. Манайх шиг залуу компаниудын хувьд төлөвлөгөөгөө нарийн гаргах нь хэцүү даалгавар байсан. Гэхдээ энэ нь биднийг илүү өдөр тутмын ажилдаа сайжрахаас гадна урт хугацааны төлөвлөгөө рүүгээ бага багаар ойртоход маш их тусалж байгаа.
Хөрөнгийн зах зээл хөгжсөн оронд зах зээлийн мэдээлэл буцалж байдаг. Монголд харамсалтай нь хөрөнгийн зах зээл том биш.
Гэхдээ сүүлийн үед хурдтай хөгжиж байна. Энэ маань зах зээлийн мэдээ үнэ цэнэтэй болох нөхцлийг бүрдүүлж эхэлсэн. Гадны ихэнх хөгжилтэй оронд үүнийгээ дагаад санхүүгийн мэдээлэл нь ч өндөр хөгжсөн байдаг. Миний хувьд товч, нуршуу биш, текст багатай мэдээлэлд дуртай учир өөрийнхөө хүссэн бүтээгдэхүүнийг хийх гэж оролдсон. Манай бүтээгдэхүүнээс товхимол маань маш их хүнд хүрдэг. Товхимол бол хамгийн бага зардлаар хийгдэж болох хэвлэл мэдээллийн суваг учир үүнийг ашиглах гэж хичээж байгаа.
“Gereg&UB.Life” компанийн гүйцэтгэх захирал Ж.Тэгшжаргал:
-Хөтөлбөр эхлээд жил болж байна. Гэхдээ хөтөлбөр эхлэхээс өмнө жил гаруйн хугацаанд өөрсдийн тоо мэдээлэл, бүх үйл ажиллагааны мэдээлэл баримтуудаа өгч байж тэнцсэн гэсэн баяртай мэдээг хүлээж авсан. Энэ хөтөлбөрт хамрагдаад жилийн дараа тодорхой үр дүнгүүд харагдсан. Видео контентын давтамж илүү нэмэгдсэн. Үүнийгээ дагаад хандалт болон бизнесийн орлогод ч гэсэн эерэгээр нөлөөлж байгаа. Мөн сайт руу давтан орж байгаа хэрэглэгчдийг бид чухалчлан авч үздэг. Энэ тоо маань 33 хувиар нэмэгдсэн гэдэг үзүүлэлттэй байгаа нь бидний хийж байгаа ажлууд үр дүнтэй байна гэдгийг харуулж байна. Бас нэг онцолж хэлмээр зүйл нь “Алтангадас” зорилгуудаа хэрэгжүүлэхэд асуудал, бэрхшээлүүд гарлаа гэхэд сар бүр NEST болон IFPIM-ийнхэнтэй уулзалт хийдэг. Ингэж байнгын эргэх холбоотой байдаг учраас зөвхөн нэг удаагийн санхүүжилт өгөөд нэг удаа “Алтангадас” зорилго гэж тодорхойлуулаад гурван жилийн дараа уулзъя гээд орхичихолгүй сар бүр хоёроос гурван түвшний уулзалтуудаа хийдэг нь маш өгөөжтэй байгаа. Бид улирал тутамд тайлангаа гаргаж өгөхөөс гадна энэ улиралд юу нэмэгдсэн, хасагдсанаа тооцоо, судалгаатайгаар бодоод үзэхээр яалт ч үгүй ирээдүйн зураг маань тодорхой харагддаг юм билээ. Энэ бүхэн хамгийн гол давуу талууд юм.
Graph.mn-ийн Ерөнхий редактор Н.Саруулдөл:
-Манай сайт бол оролцогч бусад байгууллагуудас хамгийн залуу нь. Манай сайтын хувьд дандаа “GenZ” үеийнхэн ажилладаг. Тиймээс хөтөлбөрт хамрагдаад бусад таван байгууллагынхаа үйл ажиллагаа, амжилтаас суралцаад өөрсдийгөө хөгжүүлээд яваа нь бидний хувьд бас томоохон туршлага болж байна. Хөтөлбөрт хамрагдсанаар манай байгууллага хүний нөөцийн хувьд хоёр дахин нэмэгдсэн. Мөн орлого 43 хувиар өссөн. Сард нийтлэгддэг брэнд контентийн тоо тав дахин нэмэгдсэн, сошиалын дундаж хандалт 1,5 саяд хүрсэн гээд тоогоор илэрхийлэхүйц олон өөрчлөлт бий болсон байна. энэ утгаараа анх хоёр гуравхан хүнтэй жижиг сайтын хэмжээнд байсан бол мэргэжлийн редакц болж төлөвших замдаа явж байгаа гэж өөрсдийгөө ч тодорхой хэмжээнд үнэлж чадах хэмжээнд хүрсэн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 227 (7471)