Шинэ төгсөгчдөд ажлын байран дээр ямар бэрхшээл тулгардаг вэ

8 цаг 31 мин
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Чулуунхүүгийн БЯМБАХАЖИД

 

Энэ хавар нийт 27.555 оюутан сургуулиа төгсөж дээд боловсролын диплом өвөртөлсөн. Тэгвэл өнөөдөр тэд ажилтай байна уу.

Хэдий их сургуулиа амжилттай төгсөж, дээд боловсролтой болсон ч залууст дахин олон сонголт тулгардаг. Эцэг, эхийнхээ зарцуулсан мөнгө, өөрийн хичээл зүтгэл, цаг хугацаагаа зориулж суралцсан мэргэжлээрээ ажиллах уу, эсвэл тэс өөр чиглэлийг сонгох уу, гадаадад сурах уу гэдгээ шийдэх чухал үе.

Ер нь залуусын хөдөлмөр эрхлэлт ямар түвшинд байна вэ. Үндэсний статистикийн хорооноос 20-24 насны залуусын хөдөлмөр эрхлэлтийн судалгааг хийжээ. Судалгаагаар Монгол Улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар улирлын байдлаар залуусын хөдөлмөр эрхлэлт 48.7 хувьтай гэж гарсан. Эндээс харвал 20-24 насны залуусын 50 хувь нь албан хөдөлмөр эрхэлж байна.

Сүүлийн үед залуус ажил эрхлэх дургүй байгааг шүүмжлэх болсон.

Ажилд орсон хэдий ч удалгүй ажлаасаа гарах хандлага өсөж байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Үүний шалтгааныг Монголын хүний нөөцийн менежментийн холбоо НҮТББ-ын дэргэдэх хөдөлмөрийн биржээс тодруулсан юм.

Мэргэжилтний яриагаар “Ажил солих олон шалтгаан байна. Залуус хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ л хийж гүйцэтгэх сонирхолтой. Харин ажил олгогчид сэтгэлээрээ, өөрөөр нь санаачлуулж нэмэлт ажил хийлгэхийг хүсдэг. Дээрээс нь хөдөлмөрийн хөлс муу, залуус богино цагаар ажиллахыг хүсэх зэргээс шалтгаалан үл ойлголцол үүсч байна” гэсэн юм.

Мөн ажил олгогчдын шаардлага дөнгөж төгссөн залууст хүндрэл учруулдаг. Учир нь салбартаа 1-3 жил ажилласан туршлага болон бусад төрлийн хэтийдсэн олон шалгуур шаардлагыг тавьдаг. Эдгээр шаардлагууд нь шинэ төгсөгчдийг хүссэн ажилдаа орох боломжийг багасгаж байгаа юм.

 

“Надад зүгээр л урам өгдөг,  найрсаг хамт олон байхад хангалттай”

 

Тэдний, бидний нэг шинэхэн ажилтан Л.Энхцэцэг. Их сургуулиа төгсөөд дөнгөж таван сар гаруй л болж байгаа юм. Тэрээр “Ер нь ажилд орно гэхээс их сүрдсэн. Чадах болов уу, ямар байх бол гэсэн айдастай. Ажлын хамгийн эхний өдөр хамт ажилласан эгч заавар зөвлөгөө сайн өгч, мэдэхгүй зүйлээ асуугаарай гээд үнэхээр харилцаа сайтай, гоё хүн таарсан. Дөнгөж төгсөөд ажил дээр гарч байгаа учраас алдаа гаргахаас айж байсан ч хамт ажилладаг эгч төвөгшөөлгүй бүгдийг зааж, зөвлөсөн болохоор ажилдаа хурдан дасаж, илүү идэвхтэй ажиллаж эхэлсэн.

Гэвч тэр эгч маань ажлаасаа гарч өөр хүн оронд нь ирсэн. Тэр үеэс би шинээр ирсэн эгчтэй ойлголцож ажиллаж чадаагүй. Учир нь надаас насаар эгч гэдгээрээ түрий барьж бүхнийг мэддэг мэт аашилж, “Би чамаас илүү туршлагатай, ахмад хүн. Тиймээс чи миний зааснаар байж, хэлснийг л хийх ёстой” гэж хэлдэг. Энэ нь надад хамт ажиллахад маш их стресс, дарамтыг бий болгосон. Тиймээс ажлаа хийх хүсэлгүй болсон. Өрөөнд хүн орж ирэхээр өөрийнхөө хийсэн ажлыг дөвийлгөж ярина. Бас надад огт зааж, зөвлөдөггүй. Тэгсэн хэр нь “Чи иймхэн юм мэддэггүй юм уу, энийг мэдэж байхгүй юугаа хийж байсан юм. Би л энэ газрын бүх ажлыг хариуцаж хийх юм даа” гэх зэргээр дээрэлхэж харьцдаг, хүмүүст ярьдаг нь маш хэцүү бас муухай байсан.

Анх ажилд ороод өөрийн хийх ёстой зүйлээ маш сайн хийнэ гэсэн итгэл дүүрэн байхад ийм харилцаа хандлагад маш их дургүй хүрч, урам хугарсан. Миний хийсэн зүйлийг үнэлэхгүй, юу ч хийгээгүй мэт аашлах, хийсэн зүйл маань бусдын нэрээр гарах маш муухай юм билээ. Бас “хагархай ам шиг” зан нь огтоос таалагдаагүй. Тиймээс ажлаасаа гарсан.

Ажлаа сольсон ч энэ байдал дээрдээгүй. Хоёр газар ажиллаж үзээд болохгүй болохоор нь надад өөрт асуудал байгаа мэт санагдаж эхэлдэг юм билээ.

Хийсэн ажлыг минь үнэлдэг, надад урам өгч чадах, би өөрөө хөгжих боломжтой тийм газар л ажиллахыг хүссэн.

Гэхдээ маш энгийн зүйлээс л сайхан уур амьсгал бий болж, эсрэгээрээ жижигхэн зүйлээс л тухгүй мэдрэмжийг авдаг. Тиймээс шинэ ажилтныг  ойлгож, дэмжиж, сайхан харилцахад ажилдаа дуртай болж, илүү хариуцлагатай ажиллахаар хичээдэг шүү гэж хэлмээр байна” гэсэн юм.

Энэ мэт дөнгөж ажил дээр гаран, учраа олох гээд хичээж яваа олон залуус бий. Тэдэнд зүгээр л урам зориг өгч, туршлага, мэдлэгээсээ хуваалцдаг, найрсаг хамт олон байхад сайн ажилтантай болох нь.

 

Залуус илүү чөлөөтэй сэтгэлгээгээр ойлголцож ажилладаг

Тэгвэл сүүлийн үед GenZ үеийнхэнтэй харилцахад хэцүү, ажил хийлгэх амаргүй гэж ажил олгогчид хэлдэг. Үнэхээр залууст асуудал байна уу, эсвэл ажлын байранд, ажил олгогчид учир байна уу. Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Хүрэлбаатартай энэ сэдвээр ярилцсан юм.    

 

-GenZ үеийнхэнтэй хамт ажиллахад амаргүй гэх болжээ. Та залуустай хэрхэн ойлголцож байна. Тэд үнэхээр ойлголцоход төвөгтэй, ажил хийж сураагүй байна уу?

-Харин ч шинэ ажилтнуудтай харилцах нь хуучин ажилчдаас илүү амар байдаг. Залуусын харилцаа хандлага нь тэдний давуу тал болдог. Тэднийг зарим зүйл дээр анзаарахад хувь хүний үзэмж нь чухал. Бидэнд чухал санагдаж байгаа зүйлс шинэ ажилчдад чухал бус санагдах тохиолдол бий. Мөн ажлын байрны дэг журам, албан харилцаа, ажлын байраа хүндлэх зэрэг асуудал дээр бага зэрэг дутагдалтай талууд ажиглагддаг.

-Тэд юунд дургүй байна?

-Залуусын хувьд бусдаар шаардуулах дургүй байдаг. Тиймээс ажилтнуудын хооронд үл ойлголцол үүсэж болно. Ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх нь тааруухан санагдсан. Ахмад үеийнхэн бол ажлын байрны ёс зүй, албан харилцааг илүү өөрөөр хардаг бол залуучууд хөгжилтэй, найзархаж ажиллах дуртай байна. Ажил дээрээ албаны бус илүү чөлөөтэй сэтгэлгээгээр ойлголцож ажилладаг мэт харагддаг юм. Нэг байгууллагад ажиллаж байгаа хүмүүс дотор олон янзын л ааш зантай, мэдлэг боловсролтой хүмүүс бий. Хүн бүр бие биедээ таалагдах албагүй. Тиймээс залуучууд өөрсдөө хариуцлагатай, зүтгэлтэй бас бусдыгаа ойлгож ажиллах хэрэгтэй.

-Тэгвэл олон жил ажилласан хүмүүст ямар дутагдал байна?

-Уг нь олон жил ажилласан туршлагатай үеийнхэн маань залууст зааж зөвлөдөг, туршлага, мэдлэгээсээ хуваалцдаг л байхад болчихно. Дөнгөж шинээр ажилд орж байгаа хүмүүст дасах хугацаа хэрэгтэй. Тэр хугацаандаа хийх ажил, хамт олонтойгоо дасан зохицож, бэрхшээлүүдээ даван туулах ёстой. Үүнээсээ өмнө зарим залуус шантарчихдаг бололтой. Тиймээс тэсвэртэй, тууштай зан чанар хүн бүрд хэрэгтэй нь ажиглагддаг.

 

Ахмад үеийнхэн өөрсдийн залуу насаа шинэ үеийнхэнтэй харьцуулдаг нь алдаа

М.Алтанцэцэг

Залуусын амьдарч буй орчин нь, нийгэм нь, хүмүүжил нь эрс тэс ялгаатай. Одоо 20 настай залуучууд, 1970, 1980-аад онд 20 настай байсан бол ямар байх бол. Эсрэгээрээ 40-50 настай хүмүүс одоо 20-той байсан бол юу сурч, хийх байсан бол гэдэг ч өөр. Энэ талаар Хувь хүний хөгжлийн институтийн захирал, сэтгэл зүйч М.Алтанцэцэг тайлбарлахдаа “Дээрх зөрчлүүдэд нөлөөлж буй хамгийн гол зүйл нь нийгмийн орчин. Залуу үеийнхэнд удирдлагын хатуу ширүүн харилцаа ч юм уу, хэцүү зүйлийг даван туулж, тэмцэх зан чанар дутмаг байдаг. Харин ахмад үеийнхэн илүү тэмцэгч зан чанартай. Энэ нь өссөн нийгмийн орчин, ялгаанаас л үүдэлтэй. Гэхдээ энд ахмад үеийнхний гаргадаг алдаа бол өөрсдийнхөө залуу настай, одоогийн залуусыг харьцуулдаг. Илүү их зүйл үзэж туулснаараа залуу үедээ зөвлөж, залуу үетэйгээ хүндэтгэлтэй харьцах хэрэгтэй. Ахмад үеэ хүндэл гэдэг шиг залуу үеэ ч мөн хүндэлж харьцах ёстой.

Одоо үед бүх зүйл бэлэн, хангалуун болсон. Үүнээс болоод залуусын даван туулах, тэвчих зэрэг чанарууд нь сул байж магадгүй юм. Шинэ төгсөгчдийн хувьд бүх зүйл шинэ байдаг. Орчин, ажил, хүмүүс гээд л. Эдгээр шинэ байгаа зүйлс нь өөрөө залууст стресс үүсгэдэг. Яагаад гэвэл дасан зохицож, танилцахад цаг хугацаа орно. Залуус энэ үеэ даван туулах сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй.

Судлаачид  ямар нэгэн зүйлтэй шинээр танилцаж, дасан зохицоход гурван сар орчмын хугацаа шаардлагатай гэж үздэг. Тэгэхээр залуус дасан зохицож, ойлгох хугацаанаасаа өмнө шантарчих тохиолдол их байна.

Мөн ажиглаад байхад залуус асуудлаасаа зугтдаг.  Асуудалтайгаа нүүр тулгарч, түүнийгээ даван туулахаас айдаг мэт. Ямарваа зүйлд сэтгэл хөдлөлөөрөө хандчих гээд байдаг талтай. “Сэтгэл хөдлөл бол бидэнд айлчлан ирдэг зочин юм” гэх үгийг хэлмээр санагддаг. Ажил, хамт олон таалагдахгүй зэрэг асуудлаас болон ажлаас гарах шийдвэр гаргалаа гэж бодъё. Үүнийгээ тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө шийдэж огцом шийдвэр гаргасан уу, эсвэл үнэхээр ажлаасаа гарах ёстой байсан уу гэдгээ ялгаж ойлгох хэрэгтэй.

Ажлаа солиод шинэ ажилд орчихлоо. Гэтэл нөгөө л нэг тулгардаг бэрхшээлүүд байсаар л байдаг. Тухайн зүйлд дасан зохицох хугацаанд асуудлаа даван туулах туршлага суух хэрэгтэй. Хүн асуудлаасаа зугтаад байхаар асуудлаас зугтаах зуршилтай болчихдог. Энэ нь эргээд сэтгэл ханамжгүй болох, олон дахин ажил солих зэрэг хор уршигтай үр дагаврыг бий болгодог.

Залуусын маш гоё давуу тал бол бүх юмыг эхлүүлж үзэх хугацаа юм. Цаашлаад асуудал, бэрхшээлээс зугтаж, олон дахин ажил солих зэрэг нь сэтгэл гутралд оруулж, өөрийнхөө үнэлэмжийг бууруулах, итгэл найдварыг үгүй болгох, “би болохгүй, чадахгүй юм байна” гэх зэрэг сөрөг зүйлсийг бий болгодог. Тиймээс ямарваа зүйлийг даван туулах сэтгэлийн хат, тэнхээтэй байх хэрэгтэй гэж зөвлөе” гэсэн юм.

 

Тэгвэл үе, үеийнхэнд ялгаатай, онцлог талууд гэж байна

 

Хүний нийгэмд бүх зүйл харилцаан дээр оршдог. Бидний сайн мэдэх X, Y, Z гэх нэршлээр хүмүүсийг үе үеэр нь ангилдаг. Үүнээс шалтгаалан нийгмийн орчин харилцан адилгүй болж ирнэ. X- үе хэмээн нэрлэдэг 1965-1980 оныхон ажил амьдралын тэнцвэрт байдлыг гол зорилгоо болгодог. Түүнчлэн удирдах арга барилын хувьд харилцан зохион байгуулах сонирхолтой, туршлагатай хүнээр зөвлүүлэх дуртай байдаг байна.

Харин 1981-1996 оныхон буюу Y  үеийнхний гол зорилго нь эрх чөлөө, уян хатан байдал юм. Тэд чиглүүлж, дагуулах арга барилд дуртай, найз нөхөд хамт олноороо зөвлүүлэхийг илүүд үздэг байна.

Z үеийнхэн буюу одоогийн шинэ залуу үеийнхний хувьд аюулгүй тогтвортой байдлыг илүү эрхэмлэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Мөн залуус дэмжин урамшуулахад дуртай, форум, эвентэд хамрагдаж мэдээлэл, зөвлөгөө авахыг илүүд үздэг гэжээ. Эндээс харвал ажлын байранд үүсдэг үзэл бодлын ялгаатай талууд харагдаж байгаа юм.

Өөр өөр нийгмийн орчинд өссөнөө хүлээн зөвшөөрч, ойлголцож, хэн хэндээ хүндэтгэлтэй хандахад зөрчил, үл ойлголцол үүсэхгүй. Залуусын урам зоригийг мохоодоггүй, найрсаг, мэдлэгээ хуваалцаж, зааж зөвлөдөг тийм л хүмүүс хэрэгтэй гэдгийн тод жишээ нь шинэ төгсөгчдийн төлөөлөл байлаа. Харин мэргэжилтний зөвлөснөөр олон жилийн туршлагатай ажилтнууд ч тэр, шинэ ажилтнууд ч хэн хэнийгээ ойлгож, хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах хэрэгтэйг хэллээ. Ингэснээр харилцан суралцаж, сайжрах боломж бүрдэнэ. Нэмж хэлэхэд нас насны хүмүүс ажилладаг байгууллага цаг үеийнхээ онцлогт тохируулан ажиллаж, нийгмээ ойлгон улам хөгжин дэвжих боломжтой болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 226 (7470)

 

 

 

шинэ үеийнхэн зарим нь их л хувиа хичээсэн хүүхдүүд байх юм даа, хүний нийгэмд амьдрана гэдэгийг сайн ойлгож ойлгуулвал тэдэнд өөрсдөд нь хэрэгтэй юм да
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй

"Ачит Ихт" компанийн хувьцаа эзэмшигч Пунцагийн Цагаантай сонгуулийн эргэн тойронд болж өнгөрсөн явдлаар ярилцлаа.

1 цаг 34 мин
Гоо үзэсгэлэнгийн тайзнаа өрсөлдсөн монгол охид

Дэлхийн хамгийн нэр хүндтэй миссийн дөрвөн тэмцээний гурав нь энэ

8 цаг 31 мин
Шинэ төгсөгчдөд ажлын байран дээр ямар бэрхшээл тулгардаг вэ

Энэ хавар нийт 27.555 оюутан сургуулиа төгсөж дээд боловсролын диплом өвөртөлсөн. Тэгвэл өнөөдөр тэд ажилтай байна уу.

8 цаг 31 мин
Бакугийн тэмдэглэл

Азербайжан Улсын нийслэл Баку хот орчин үеийн архитектур, түүхэн дурсгалт газрууд хосолсон олон мянган

8 цаг 31 мин
Хөрөнгийн захын “Жижигхэн тоглогч”

“Амралтын хоёр өдөр цагийн ажил хиймээр байна” хэмээн Бат-Ирээдүй хүү ээждээ хэлжээ.

8 цаг 31 мин
Хуванцар цуглуулах “RePlus” аппликэйшн

Дахивар хог хаягдал цуглуулах дижитал платформ болох “RePlus” аппликэйшн гар утсандаа татаад

8 цаг 31 мин
“Хариуцлагатай аялцгаая” аян дахин эхэлнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин Монгол Улсаас гадаадын

8 цаг 31 мин
Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга JTI стандарт

Сүүлийн жилүүдэд хүчээ авах болсон нийгмийн сүлжээн дэх худал мэдээллийн урсгал

8 цаг 31 мин
Ерөнхийлөгчийн хориг ба Засгийн газрын “үг”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн 33 дугаар зүйл, Ерөнхийлөгчийн тухай хуулийн

8 цаг 31 мин
Хамтарсан Засгийн газар, 126 гишүүнтэй парламент Гашуунсухайт-Ганцмодны төслийг хөдөлгөж чадах уу?!

Монголын нүүрсний цорын ганц худалдан авагч нь Хятад улс, нүүрсээ тийш зөөх хамгийн том

8 цаг 31 мин