Төмөрбаатарын БАТСАЙХАН
Азербайжан Улсын нийслэл Баку хот орчин үеийн архитектур, түүхэн дурсгалт газрууд хосолсон олон мянган жилийн түүхтэй үзэсгэлэнт хот юм. Хязгаар нь үл харагдах Каспийн тэнгисийн эрэг дагуу орших бөгөөд далайн түвшнээс доош 28 метрт байрлана. Далайн чийглэг уур амьсгал, ширүүн салхитай тул “Салхит хот” хэмээх нь бий. Мөн орчин үед Баку хотыг Дорнын Парис хэмээн өргөмжлөх болжээ. Арга ч үгүй юм, сүүлийн жилүүдэд Баку хот хурдтай хөгжиж, орчин үеийн барилга, архитекторын өвөрмөц шийдлүүдээрээ дэлхийд гайхагдах болсон. Алдарт Flame Tower буюу Дөлт цамхгууд, нэрт архитектор Заха Хадидын зохион бүтээсэн Хейдар Алиевын төв зэрэг байгууламжуудаараа ирээдүйн хотын дүр төрхийг бүтээдэг байна. Мөн хотын өнгө төрхөд хуучин уламжлалт хэв маяг донжийг нь олсон мэт давамгайлна. Баку хотод ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Ичеришехер буюу Хуучин хот болон алдарт Мэйдэн цамхаг, Ширваншахын ордон зэрэг түүхэн дурсгалт газрууд бий.
Азербайжан улс газрын тос, байгалийн хийн салбарын гол төв бөгөөд дэлхийн эрчим хүчний зах зээлд стратегийн ач холбогдолтой улсад тооцох болжээ. Газрын тосны нөөцийг өдгөө 100 гаруй жилийн турш олборлон ашиглаж байна. Энэ нь Баку хотын хөгжил цэцэглэлт төдийгүй тус улсын эдийн засгийн чухал хөдөлгүүр болдог. Түүнчлэн Баку хот нь торгоны замын нэг төв байсан бөгөөд эдүгээ Өрнө, Дорныг холбосон соёлын уулзвар хэвээр байна. Баку хотын хүн ам 2023 оны байдлаар 2.3 сая байсан бөгөөд Азербайжаны хамгийн олон хүн амтай хот юм. Засаг захиргааны хувьд 12 дүүрэг, 48 нэгжид хуваагддаг ба эдгээрт Баку Арчипелагийн арлууд болон Баку хотоос 100 км зайд орших Гиннесийн номд бүртгэгдсэн Нефт Дашлары аж үйлдвэрийн байгууламжийн суурин мөн багтдаг байна.
Хотын нийтийн тээврийн систем нь маш сайн хөгжжээ. Автобус, метро болон такси үйлчилгээний хүрэлцээ, хангамж сайтай. Баку хотын метро үнийн хувьд хямд бөгөөд такси үйлчилгээний Bolt, Uber зэрэг сүүлийн үеийн аппликейшнийг ашиглах боломжтой. Баку хот үйлчилгээний байгууллага болон залуучууд англи хэлээр чөлөөтэй ярьдаг. Гадаадын жуулчид аялахад тааламжтай төдийгүй аюул багатайд тооцогддог байна.
Мөн алдарт Каспийн тэнгисийн эрэг дээр байх Баку хотод Монголын түүхийн эх сурвалжууд хүндэтгэлтэйгээр хадгалагдаж байна гэдэг нь гайхалтай юм. Түүх сөхвөл, 1256 онд Чингис хааны ач Хүлэгү хаан Перс болон Кавказын нутгийг эзэлж, Ил хаант улсыг байгуулсан. Энэ нь XIII зууны эцсээс XIV зууны дунд үе хүртэл Кавказ, Иран, Иракийн бүс нутгийг захирч байсан Монголын хаант улсын нэг хэсэг юм. Азербайжан нь Ил хаант улсын бүрэлдэхүүн, засаг захиргаанд орж байсан түүхтэй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Азарбайжаны Баку хотод очиж, COP-29 хуралд оролцохын өмнөх өдөр тус улсын Үндэсний түүхийн музейгээр зочилсон юм. Тус музей нь 1920 онд “Эх орны судлалын музей” нэртэйгээр байгуулагджээ. 1953 онд Баку хотын төвд байх одоогийн байрандаа нүүн орж, 2005 Засгийн газрын шийдвэрээр Үндэсний статустай болсон байна. Ойролцоогоор 350 гаруй үзмэртэй бөгөөд эх орны дайн, археологи, зоос, угсаатны зүй, зэвсэг болон далбаа, баримтат сурвалж, бэлэг дурсгал, уран зураг, аж үйлдвэрийн түүх зэргээр ангилсан бөгөөд номын сан сэргээн завсарлах танхимтай байна.
Үндэсний музейн Дундад зууны танхимд “Монголын эрхшээлийн үе ХIII-XIV” нэртэй булан байсан нь анхаарал татна. Археологич Салих Казиевын удирдлагаар 1946-1953 оны хооронд Арраны Мингечевир нутагт хийсэн малтлага судалгааны үр дүнд Ил хаант улсын үед холбогдох гурван монгол цэргийн булшнаас олдсон олдворуудыг дэлгэн тавьжээ. Монгол цэргийн булшнуудаас сумны зэв, жад, төмөр толь, хутга бусгасан бамбай зэрэг зэр зэвсгийн зүйлээс гадна Бурхан багшийн дүрсний үлдэгдэл, гоёл чимэглэлийн зүйл зэрэг Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох дурсгалууд тэнд байв. Мөн Азарбайжаны нутгаас олдсон Монголын зоосон тэмдэгтүүдийг дэлгэн харуулжээ. Бас болоогүй тус танхимын гол үзвэр нь монгол дээл байв. Монгол цэргийн булшнаас хоёр торгон дээл гарсан бөгөөд үүнийг 1950-иад оны үед тухайн үеийн Ленинград хотын Эрмитаж музейд сэргээн засварлажээ.
Монголын түүхтэй холбогдох дараагийн чухал эх сурвалж бол Өлзийт хааны зарлигийн бичээс юм. Баку хотын хуучин хорооллын төвд байх Баасан гарагийн мөргөлийн сүмийг Ил хаант улсын үед буюу 1309 оны нэгдүгээр сард барьжээ. Дараа нь дундад зууны үед хэд хэдэн удаа засвар хийсэн байдаг. Харин 1899 онд Баку хотын тэргүүн баячуудын нэг Хажи Шихэли Дадашов хуучин сүмийг нурааж, өөрийн хөрөнгөөр шинэ загвартай сүмийг сүндэрлүүлжээ. Энэ үед сүмийн түүхэн эх сурвалжуудаас нураалгүй өнгөрөөсөн нь түүхэн ач холбогдолтой юм. Баасан гарагийн мөргөлийн сүмийг Ширван Шахын үе буюу 1437 онд байгуулсан хэмээн судлаачид үздэг байсан боловч 1893 онд археологич А.М.Павлиновын хийсэн малтлагаар уг суурь хэсгээс Өлзийт ханы зарлиг гарч ирснээр Ил хаант улсын үе хэмээн нотлогджээ. Энэхүү сууринд Чингис хааны хөвүүн Толуйн хөвүүн Хүлүгэ ханы хөвүүн Абага ханы хөвүүн Аргун ханы хөвүүн Ил хан Өлзийтийн зарлиг нь 1309 оноос 1316 оны хооронд бичигджээ. Уг зарлигт Өлзийт ханы зарлигийн дагуу Баку хотод гувчуур, хүн ам, нефтийн татварыг хотын захиргааны тогтоосон хэмжээнээс илүү хураахыг хатуу хориглосон тухай тунхагласан байна. Перс хэлээр бичсэн уг зарлигт гувчуур, зарлиг, хаан хэмээх монгол үсгийг тэмдэглэсэн нь Ил хаант улсын Ойрх Дорнодын төр ёсны уламжлалд монгол нэр томьёог оруулсан дэвшилтэт үзэгдлийн гэрч болж байлаа.
Мөн зарлигт, Хамгийн агуу, үнэн зөвийн дээд танд мөргөмүй. Исламын падишах, дөрвөн тивийн эзэн, удирдагчдын удирдагч та мөнхжих болтугай
• Хамгийн агуу, үндэстнүүдийн дээд удирдагч агуу их хаан, Араб, Ажемийн эзэн, Өлзийт султан Ходабанде - Аллах түүний засаглалыг мөнхжүүлэх болтугай.
• Ертөнцийг байлдан дагуулагчийн зарлигийн заалтаар муж болон хотын ард иргэдээс гувчуур, нефть, арфи татахыг цаазлан хорьсон болой.
• Энэхүү Бакугийн захиргаанаас, захиасыг зөрчсөн хэн бүхнийг ертөнцийн сүүлийн өдөр хүртэл хараагдана гэдгийг тодорхойлов гэжээ.
Өлзийт хаанд зарлигийн дэргэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүрэлцэн ирэхэд, музейн тайлбарлагч “Эх орондоо тавтай морил” гэж хэлсэн нь нэг л сайхан. “Эх орондоо тавтай морил” гэхэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бид ахан дүүсийн барилдлагатай улс байна” гэсэн юм. Их түүхийн үнэ цэн яндашгүй байдгийг энэ үйл явдал батлах шиг болсон. Хэдийгээр Азербайжан улс Зүүн өмнөд Азийн орнуудаас хамгийн хурдацтай хөгжиж буй, тусгаар тогтносон, хөгжлийн зам мөрөө тодорхойлсон улс орон хэдий ч ХIII зууны үеийн нөлөө ард түмний нь ой санамжид үлджээ. Азербайжанд Чингис нэртэй хүн олныг мөн тэнд онцолж байв.
Баку хотын орчин үеийн шийдлийг Flame Towers буюу Дөлт цамхгууд илэрхийлнэ. Энэ нь зочид буудал, албан байгууллага, орон сууцнаас бүрдсэн гурван томоохон барилга. 2012 онд ашиглалтад орсон бөгөөд шөнө тус барилгууд өнгө өнгөөр гэрэлтдэг байна. Гадна талыг нь диодон гэрлээр хучсан учир дүрэлзэж буй гал мэт харагддаг. Хот төлөвлөлтийн асуудлаар зохион байгуулагдсан олон улсын форумын үеэр Бакугийн Flame Towers-ийг дэлхийн хамгийн өвөрмөц барилгаар нэрлэж байжээ.
Бакугийн өргөн чөлөөнд хүний хөл тасрахгүй. Энэ газрыг Бакугийн сувд, нэрийн хуудас хэмээн нэрлэдэг. Бакугийн өргөн чөлөөнд хотын хамгийн орчин үеийн барилгууд, томоохон худалдааны төвүүд байрлажээ. Гайдар Алиевын төв хамгийн гайхалтай нь Азербайжаны анхны Ерөнхийлөгч Гейдар Алиевын нэрэмжит соёлын төв нь орчин үеийн соёлын объект, Азербайжан түүн дотор Бакугийн шинэ бэлэг тэмдэг хэмээн тооцогддог. Содон хэлбэртэй тус барилгыг Их Британийн алдарт архитектор Заха Хадид зохион бүтээжээ. Урсаж буй усны урсгал мэт тус барилга нь хязгааргүй, эцэс төгсгөлгүй гэсэн санааг илэрхийлдэг байна. Гейдар Алиевын нэрэмжит соёлын төвд хурлын танхим, музей, концертын танхим, үзэсгэлэнгийн заал зэрэг байдаг юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 226 (7470)