П. Амаржаргал: Үндсэн хууль бол ард түмнээс эх үндэстэй

2024-11-20
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Амаржаргалтай Үндсэн хуулийн тухай ярилцлаа.

 

-100 жилийн өмнө Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, бүгд найрамдах улсаа тунхаглажээ. Монгол хүн бүр өндөр ач холбогдол өгөх учиртай түүхэн ой гэж ойлгож болно. Ер нь Үндсэн хуулиа албан ёсоор баталгаажуулна гэдэг улс орны хувьд ямар ач холбогдолтой юм.  Манай Үндсэн хуулийн онцлог нь юу байв. Энэ талаар яриагаа эхэлье?

-Та бүхэндээ Монгол Улсад анхны Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр бид анхны Үндсэн хуулиа албан ёсоор баталсан. Хүн бүрийн хүндэтгэн дээдлэх өдөр мөнөөс мөн. Энэхүү Үндсэн хуулийг батлагдахаас өмнө Монгол Улсад Үндсэн хуулийн шинжтэй хууль, тогтоомжууд хэрэгжиж байсан. Тухайлбал, 1914 оны Жамсрангийн Цэвээний “Улсын эрх” байдаг. Мөн 1914 оны Улсын дээд доод хурлын найман зүйлийн дүрэм журам гэж бий.

Энэхүү дүрмээр Монгол Улсад парламентын анхны хоёр танхимын хурлыг бий болгосон түүхтэй. 1918 оны Зарлигаар тогтоосон хууль зүйлийн бичиг гэж бий.  Богд хаан Ерөнхий сайд Бодоо нарын хоорондоо байгуулж байсан 1921 оны Тангаргийн гэрээ байна. Энэхүү гэрээгээр Богд хааны эрх мэдлийг анх удаа хязгаарлаж байсан түүхтэй. Мөн 1922 онд Ерөнхий сайд Д.Бодоо боловсруулсан “Монгол хэмжээт засагтай ард улсын Үндсэн хууль” гэж бүрэн дуусаж амжаагүй хуулийн төсөл хэвээрээ түүхэнд үлдсэн байдаг. Түүнчлэн Элбэгдорж Ренчинов 1919 оны Оросын Үндсэн хуулийг Монгол бичигт хөрвүүлэн гаргаж байлаа. Эдгээр баримт бичгүүдийн араас 1924 онд Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж байсан түүхтэй.

-Өмнөх таны хэлсэн баримт бичгүүд Үндсэн хууль батлагдахаас өмнө Үндсэн хуулийг орлох хэмжээнд хэрэгжиж ирсэн юм байна. Тэгвэл анхны Үндсэн хуулийг батлах болсон тухайн цаг үеийн нөхцөл шалтгаан юу байв?

- Ер нь эдгээр баримт бичгүүд дээр үндэслээд Үндсэн хууль боловсруулах ажлын хэсгүүд байгуулагдаж байсан. Эдгээр нь анхдугаар Үндсэн хуулийн суурь баримт бичиг байсан гэхэд болно. Дэлхийн анхны Үндсэн хууль бол 1215 оны Англи Улсын “Магна Харт” шүү дээ. Ази тивийн анхных бол 1889 оны Япон Улсын Үндсэн хууль батлагдсан байдаг. Энэ мэтчилэн тухайн үед байгуулагдсан ажлын хэсгүүд зургаан орны Үндсэн хуулийг судалж байсан баримт байдаг. Гэхдээ Ерөнхий сайд Балингийн Цэрэндоржоор ахлуулан батлуулсан анхны Үндсэн хууль бол Оросын 1919 оны Үндсэн хуультай их ойролцоо болсон түүхэн агуулгатай. Элбэгдорж Ренчинов монгол хэлнээ орчуулсан Үндсэн хууль шүү дээ. Үндсэн хуулийн түүхийн хувьд Монгол Улс 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа өөрчлөн баталж байсан.  Гэхдээ 1949 оны Үндсэн хууль гэж бас бий. Тухайн үеийн “Улаан-Од” сонин дээр 2-3 нүүр дамнуулан энэхүү Үндсэн хуулийг нийтэлж байсан.  Энэ нь бараг Шинэ Үндсэн хуулийн төсөл байлаа. Дараа нь 1990 оны Үндсэн хуулийн Нэмэлтийн тухай хууль гэж гарсан. Үүнийг нарийн харвал бас л шинэ Үндсэн хуулийн шинжтэй хууль харагдаж байгаа юм.

-Анхдугаар Үндсэн хуулийн нийгэмд үзүүлэх гол өөрчлөлт нь юу байв.  Ажлын хэсгүүд байгуулагдаж, олон орны Үндсэн хуулийг судалж байсан юм байна?

 -Хүн төрөлхтөн хүний эрх, эрх чөлөөний төлөө, улмаар үүнийг баталгаажуулсан Үндсэн хуулийн төлөө тэмцсээр ирсэн билээ. Энэ бол зүгээр өөрөө олддог, аяандаа бий болдог, цаасан бичиг баримт биш юм. Манай улсад авчирсан анхны Үндсэн хуулийн гол өөрчлөлт нь Хэмжээгүй эрхт хаант засаглалаас Бүгд найрамдах засаглал руу шилжсэн шилжилт юм. Мөн тал нутагт анх удаагаа бичмэл Үндсэн хуультай болсон явдал юм. Гаднын улс оронтой харьцуулаад үзвэл, дэлхийн хамгийн анхны Үндсэн хууль 1215 оны Магна Харт юм. Азид хамгийн анхны Үндсэн хууль 1889 оны Японы Улсын Үндсэн хууль байдаг. Үүний дараа Монгол Улс 1924 онд Үндсэн хуулиа баталсан түүхтэй. 

-Анхдугаар Үндсэн хуулиар засаглалын хувьд маш том өөрчлөлт бий болсон.  Монгол Улсын иргэн хүний хувьд эрх чөлөөгөө баталгаажуулсан зүйл бий юу?

-Мэдээж Хаант засаглалаас Бүгд найрамдах засаглал руу шилжинэ гэдэг тухайн улсын иргэний эрх зүйн байдалд дэвшил гарна. Гэхдээ иргэний эрх энэ Үндсэн хуулиар бүрэн хангагдсан гэж үзэхэд дэндүү өрөөсгөл болно. Мөн 1940, 1960 оны өөрчлөлтүүд бол бүхэлдээ социалист нийгэм зориулагдсан өөрчлөлтүүд байсан. Харин 1992 оны Үндсэн хуулиас эхлээд иргэний эрхүүд ардчилалаар хангагдаж эхэлсэн. Тухайлбал, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан иргэний болон улс төрийн эрхийг тусгайлан  зааж өгсөн. Иргэн бүр хувийн өмчтэй байхаас эхлээд иргэн хүний эрх хангагдаж эхэлсэн байдаг.

-Хоёулаа эргээд анхдугаар Үндсэн хууль руу оръё л доо. Үндсэн хуулиа баталчихлаа. Батлагдсаны дараах үйл явц хэрхэн яаж өрнөсөн бэ?

-Мэдээж засаглалын хэлбэр өөрчлөгдөж байгаа учраас томоохон үйл явдлууд өрнөсөн. Бүгд найрамдах засаглалд улс төрийн нам голлох байр суурьтай байж таарна. Ингээд улс төрийн анхны нам МАХН бий болж, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын нэр томьёог хэрэглэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульдаа нам бол бүхний тэргүүнд байна гээд заачихсан байгаа шүү дээ.

-1940 оны өөрчлөлтийн гол үзэл баримтлал нь юу байв.  Засаж сайжруулах цаг үеийн нөхцөл шаардлага байв уу?

-Тухайн үед ЗХУ-ын Үндсэн хууль өөрчлөгдөж байсан. Үүний нөлөө манайд бас тусгалаа олж Үндсэн хуулиа өөрчлөн баталжээ. Тухайн үеийн Зөвлөлтийн Үндсэн хуулийг хуулбарлаж, баталсан гэж ярих хүмүүс ч байдаг. Ерөөсөө тэгээд 1940, 1960 оны өөрчлөлтүүд бол үндсэндээ социалист хэв маягийн Үндсэн хууль байгаа юм. Хоорондоо багахан ялгаатай. Тухайлбал, 1940 оны Үндсэн хуулийн гол онцлог нь 33 дугаар зүйлд заасан Сайд нарын зөвлөлийн (Засгийн газрын) яамдын 11 нэрийг анхлан Үндсэн хуульдаа тухайлан зааж өгсөн байдаг. Мөн 1949 оны өөрчлөлтөөр иргэний сонгуульд саналаа өгөх эрхийг нээж өгснөөрөө онцлогтой. Мөн эмэгтэйчүүдийн эрхийн асуудал дээр дэвшил гарсан.

-1960 оны Үндсэн хуулийн тухайд?

-Социалист хэв маягтай Үндсэн хууль хэвээр байсан. Нэг их айхтар онцын өөрчлөлт байхгүй. 1940, 1960 оны Үндсэн хууль хэв маягийн хувьд ойролцоо юм. Гэхдээ 1960 оны Үндсэн хуулийн оршил хэсэгт БНМАУ-ын төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч МАХН гэж тодорхойлсон нь онцлог юм. Өөрөөр хэлбэл, улс төрийн намыг бүхнээс дээгүүр тавьсан юм. Харин 1992 оны Үндсэн хуулиас эхэлж иргэний хувийн өмчтэй байхаас эхлээд  олон эрхүүдийг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Мөн 1992 оны Үндсэн хуулиас эхэлж Үндсэн хуульд засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна гэж заас өгсөн. Гэхдээ энэ бол ард түмэн засгийн эрхийг өөрийн мэдэлдээ байлгах биш, ард түмнээс эх сурвалжтай байх ёстой. 1992 оны Үндсэн хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж зааж өгсөн. Энэ заалт бол Монгол Улсын иргэн хүнд улс төрийн томоохон эрх мэдлийг олгосон чухал заалт юм. Ингэснээр өмнө нь улс төрийн тоглогч улс төрийн нам байсан бол одоо иргэн юм гэдгийг гаргаж ирснээрээ онцлог. 

-Ер нь олон улсад ийм жишиг байдаг уу?

-Тийм ээ. Энэ заалт зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль дээр биш бусад улсын Үндсэн хууль дээр ч байна. Тухайлбал, 1993 онд батлагдсан ОХУ-ын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлд “ОХУ-д засаглалын цорын ганц эх сурвалж болон бүрэн эрхт байдлын эзэн нь түүний олон үндэсний ард түмэн байна” гэжээ. Үндсэн хуулийн гол эзэн гол эх сурвалж нь ерөөсөө ард түмэн байна гэдгийг тунхагласаар байна. Үндсэн хууль хэний төлөө байдаг юм бэ гэхээрээ ард түмний л төлөө байдаг. Ард түмэн өөрөө энэ Үндсэн хуулийг төлөөллөөрөө бий болгож батална. Ард түмэн Үндсэн хуулийг өөртөө  ашигтай, хэрэгтэй байдлаар баталж, өөрсдийн эрх чөлөөг хангаж, төрийн эрх мэдлийг хязгаарлах ёстой.  1949 онд батлагдсан ХБНГУ-ын Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “Улсын бүх эрх мэдэл ард түмнээс эх үндэстэй байна” гэжээ. Ерөөсөө Үндсэн хуулийн эх үндэс нь бол ард түмэн байна гэдгийг дэлхий нийтээрээ ойлгож, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрсөн. 

-Үндсэн хууль маань хөгжлийн­хөө явцад илүү төгөлдөршиж ирсэн байх. Цаг хугацааны шаардлагаар оруулсан өөрчлөлтүүд маань хэр оновчтой байсан юм бэ?

-Үндсэн хууль бол ерөөсөө тухайн үеийн түүх, улс төр, эрх зүйн бодит байдлыг илэрхийлдэг зүйл. Манай Үндсэн хууль өөр өөрсдийн түүхэн, улс төрийн, эрх зүйн үүргээ гүйцэтгээд л явж ирсэн. Мэдээж 100 жилийн дараа эргээд харахад алдаатай болон оносон зүйлүүд бол бий. Хамгийн сүүлд 1992 оны Үндсэн хууль дээр хэрэгжилтийн судалгааг хамтарсан судлаачид 2019 онд хийсэн. Ингэхдээ 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилт зарим зүйл дээр хангалтгүй байна гэсэн дүгнэлт гарч байлаа. Өөрөөр хэлбэл, 1992 оны Үндсэн хууль 32 жил болчихлоо.  32 жилийн хугацаанд манай улсын хувьд олон өөрчлөлтүүд гарсан. Тэгэхээр  дахиад өөрчлөх зүйлүүд бий гэсэн үг л дээ. Ер нь нийгэм сүүлийн үед маш хурдацтай хөгжиж байна. Энэ нийгмээ дагаад Үндсэн хууль өөрчлөх зайлшгүй хэрэгцээ шаардлага бий болж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 20. лХАГВА ГАРАГ. № 225 (7469)

 

ШААРДЛАГА

ШААРДЛАГА

15 цаг 11 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

18 цаг 29 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

20 цаг 58 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

21 цаг 6 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

21 цаг 9 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

21 цаг 16 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

22 цаг 28 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

23 цаг 18 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

23 цаг 29 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Өчигдөр 09 цаг 54 мин