Т.Нямдорж: Бид Монголын кино урлагийг олон улсад гаргах зорилготой

2024-10-03
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

 

“Зууны мэдээ” сонины энэ удаагийн “Дугаарын зочин”-оор “OI” энтертайнментын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Т.Нямдоржийг урьж ярилцлаа.

 

-“OI” энтертайнмент “Гурав дахь цохилт” шинэхэн уран бүтээлээ өлгийдөн аваад удаагүй байна. Энэ кино бүтэх болсон түүхээс яриагаа эхлэх үү?

- "OI" энтертайнмент байгуулагдсан цагаасаа өөрсдийгөө шинээр сорьж, сайн уран бүтээл хүргэхийг зорьж байгаа. Тиймдээ ч нийгмийн ямар нэгэн асуудлыг хөндөж, үзэгчдэд ухаарал өгөхийг хүсдэг. Орчин үед  цахим мөрийтэй тоглоом газар авч, хялбар аргаар мөнгө олох хүсэл, гадаадын улс орнуудад очиж амьдаръя гэсэн сонирхол Монголын нийгэмд нэмэгдэж байна. Үүнийг дэргэдээс нь харж суугаа залуусын хувьд энэ асуудлыг хөндсөн кино хийх хэрэгтэй гэж дүгнээд “Nomadia pictures”-ийнхэнтэй хоёр талаасаа ярилцсан. Үр дүнд энэ сэдвээр кино хийхээр сэтгэл шулуудаж, ханцуй шамлан ажилдаа орсон доо. “Гурав дахь цохилт” уран сайхны кино бол “Nomadia pictures”-тэй хамтарсан хоёр дахь бүтээл. Харин “OI” энтертайнментын маань 15 дахь кино.

-Та мэдээж дүр болгоноо амьд байлгахыг хичээдэг байх. Энэ удаагийн дүр юугаараа онцлог байв. Т.Нямдорж гэх хувь уран бүтээлчийн хэд дэх уран бүтээл болж байна?

-Миний хувьд бүтээсэн дүр болгоныхоо ялгаа, онцлогийг нь гаргаж ирэхийг хичээдэг. Энэ удаа цахим мөрийтэй тоглоомд донтсон залуугийн дүрийг бүтээсэн. Мөрийтэй тоглоомд донтсоноороо ганц өөрийгөө төдийгүй  гэр бүлээ хэрхэн сүйрүүлж, ямар шалбаагт унадагийг харуулахыг зорилоо. Мэдээж бүтээж байгаа дүрээ маш сайн судалж, тэр мэргэжлийн хүмүүстэй зорьж уулзах, адилхан тохиолдлыг хайх, эрэл хайгуулын ажил их хийдэг. Харин энэ удаа холоос хайгаад байх шаардлага гараагүй. Бидний эргэн тойронд дэлгүүрийн худалдагч, таксины жолоочоос эхлээд найз нөхөд хүртэл цахим мөрийтэй тоглоомыг тоглож байна шүү дээ. “Цохь цохиоч” гэж орилоод л янз бүрийн байдлаар тоглож байна. Тэр хүмүүсийг харж судлахаас гадна өөрөө тоглож үзлээ. Цаашлаад хууль бус газрыг нь хайж очоод, биеэрээ мэдрэхийг хичээж, дүр дээрээ ажилласан. Нарийн тоог нь гаргаагүй ч ойролцоогоор 20-оод кинонд дүр бүтээж байна.

-“Гурав дахь цохилт” кинонд жүжигчин О.Дөлгөөн шинэ дүр төрхөөр гарч ирлээ. Та хоёрын анхны хамтрал байхаа, хэрхэн гар нийлэв?

Дөлгөөнөө өмнө нь гүнжлэг, хайр булаам сайхан эмэгтэйн дүрийг бүтээдэг байсан. Манай Жульетта шүү дээ. Бүрнээ, Чука, Дөлгөөн эд нар маань нэг анги. Бүрнээ маань киноныхоо тухай танилцуулаад, санал тавьсан. Дөлгөөн маань саналыг их уриалгахан сайхнаар хүлээж авсан. Миний хувьд анх удаа нэг уран бүтээлд ажиллалаа. Оюутан байхад нөгөө ангийн охин л гэж мэддэг байсан болохоос яг ингэж ойр дотно харьцаж, ярилцаж үзээгүй байсан. Хувь хүний зан байдал нь зөөлөн, харьцахад амар хүн шиг санагдсан. Жүжигчний уран чадвар дээр ч ямар асуудалгүй, сайхан гар нийллээ. Кинонд маань үнэхээр өнгө, хүч нэмж орж ирсэн.

 -“OI” энтертайнментын үндэс суурь хэзээнээс тавигдсан бэ. Нөхөрлөлд суурилсан ажлын хамтрагчид гэж ойлгосон зөв үү?

-Хоёрдугаар курсийнхээ зун Бүрнээ бид хоёр “Сүүлчийн хичээл” гээд анхны богино хэмжээний киногоо хийж байлаа. Хэдийгээр телевиз, дэлгэцээр цацагдаагүй ч хүсэл тэмүүлэл дүүрэн насны анхны хамтрал минь сайхан дурсамж болон сэтгэлд үлдсэн. Чука, Бүрнээ хоёр маань СУИС-ийн нэг анги, хамтлаг байгуулаад дуулж явсан үе ч бий. Харин Чука бид хоёр нэг нутаг. Дорнод аймагт арван жилийн сурагч байхаасаа л найзалсан. Ингээд харахаар бид өнгө мөнгө, ашиг сонирхол харалгүй, гэнэн томоогүй хүүхэд наснаасаа найзалж нөхөрлөснөөрөө азтай. Ингээд хамтдаа амжилттай уран бүтээлээ туурвиад явж байгаа нь үүнтэй л холбоотой. Нэгнийхээ сайн мууг мэдэлцээд, сайхан муухай дурсамжийг нь бүтээлцээд л явж байна. СУИС-аа төгсөөд хоёр жил тусдаа уран бүтээл хийсний дараа сэтгэл шулуудаж, хамтдаа нийлж уран бүтээл хийх болсон ч үндэс суурь нь оюутны ширээнээс тавигдсан. Манай “OI” энтертайнмент одоо үндсэн, албан ёсны гэвэл таван гишүүнтэй. Болорчулуун, Эрхэмбүрэн, туслах найруулагч Г.Төмөртогоо, эвлүүлэгч Эрдэнэсайхан болон миний бие байна даа. Одоо бидний ажил, амьдрал бараг нэг цул болсон.

-Танай энтертайнментын  онцлог, эрхэм зорилго юунд оршиж байна?

-Бидний өмнөө тавьсан зорилго том, явах зам хол байна. Тиймээс чанартай уран бүтээл хийхийг зорьдог. Ашиг харсан хямдхан кино хийхийг хүсдэггүй. Монголын зах зээл жижигхэн учраас кинонд хийгээд баяжаад байгаа юм бол байхгүй. Хамтдаа тавьсан зорилго, мөрөөдөлдөө хүрэхийн тулд алхам алхмаар хичээж явна. Монголын кино урлагийн зах зээлийг тэлэх, олон улсад гаргах зорилготой. Тиймдээ ч гадаад жүжигчидтэй хамтарч, өөр улс орнуудад зураг авалтаа хийж явна. “Гурав дахь цохилт” кинон дээр ч мөн ялгаагүй хятад уран бүтээлчидтэй хамтарч Чунчин хотод зураг авалтынхаа нэг хэсгийг хийсэн. Чунчин гэж тоймлоод байгаа боловч хоёроос гурван тосгонд бас зураг авсан. Тэр тосгоны нэг нь л гэхэд 180-200 км байдаг. Манай энтертайнмент одоогоор Турк, Вьетнам, Солонгос, Орос, Хятад улсын уран бүтээлчидтэй хамтран ажиллаад туршлага солилцоод явж байна. Цаашид илүү олон улсын үүд хаалга нээлттэй байгаа гэдэгт итгэж байна. Уран чадвар, гүйцэтгэлийн хувьд бусад улсаас дутахааргүй хөгжсөн. Харин эдийн засаг, санхүүгийн асуудал л олон улс руу хүч сориход тулгардаг. Есөн жилийн хугацаанд дөрвөн цуврал, 11 бүрэн хэмжээний кино  хийсэн байна. Тодорхой туршлага хуримтлуулаад, өөрсдийгөө бэлдээд л байна. Юуны тулд энэ бүхнийг туулж, хөдөлмөрлөснийг бурхан тэнгэр хараад, бид өөрсдөөрөө бахархаад сууж байх цаг ирнэ гэж итгэдэг.

-Сүүлийн үед үзэгчдээс хүлээлт үүсгэсэн шилдэг цувралуудыг хийх болсон. Шинэ киноныхоо зохиолыг хэрхэн олдог вэ?

- Манай найруулагч, зохиолч Эрхэмбүрэн ерөнхий санаагаа гаргадаг. Дараа нь уран бүтээл болох боломжтой эсэхийг  хоорондоо ярилцаад, олонхын саналаар шийддэг. Дүр хөгжүүлэлт, зохиол баяжуулахад бүгд оролцдог. Ер нь өөрийнхөө дүрийн судалгааг нарийн нягт, сайн хийхийг л хичээдэг. “Гурав дахь цохилт” уран сайхны кино ч мөн ялгаагүй, ингэж л ажилласан. Энэ намрын шинэ кинонуудаас гурав хоногийн дотор хамгийн их үзэлттэйгээр шалгарсан байна. Магадгүй хүмүүс нэгэн хэмнэлийн кино үзсээр байгаад тэрийгээ өгүүлээд байж болно. Тиймээс үзэгчдэд өөр мэдрэмж өгч байгаа болов уу.

-Бүрнээ найруулагчийн хувьд хэр шаардлага тавьж ажилладаг хүн бэ?

-Энэ хугацаанд манай уран бүтээлийг хүлээж үздэг үзэгчидтэй болж чадсан. Энэ бүхэн найруулагчтай хамгийн холбоотой зүйл. Бүрнээ маань чанартай уран бүтээл хийхийн тулд үнэхээр өндөр шаардлагыг тавьдаг. Гэвч бид мөнгө төгрөгийн бололцоогүй байдлаас болоод найзынхаа хүссэн зүйлийг хийж чаддаггүй. Төсөөлөл бодит байдал хоёр нь алд, дэлмээр зөрөх үе бий. Удахгүй зураг авалт, гүйцэтгэл, хөрөнгө оруулалт нь тэнцэж ирээд найзынхаа төсөөллийг 100 хувь биелүүлсэн уран бүтээл хийнэ гэж боддог.

-Танай энтертайнментын хувьд Фантастик продакшны ах нартайгаа ойр дотно санагддаг. Тэднээс үлгэр дуурайлал авдаг уу?

-Манай энтертайнментыг Фантастик продакшнаас ургаж, нахиалсан гэж хэлэхэд буруудахгүй байх. Найруулагч Бүрнээ маань Б.Тамираа ахын гарын шавь. Фантастикыг уран бүтээлээ хийж эхэлсэн цагаас л Бүрнээ туслах найруулагчаар ажилласан. Их ч зүйл сурсан. Энэ цаг үеийн Монголын номер нэг продакшн гэвэл хүн болгон Фантастикыг хэлэх болов уу. Уран бүтээл, биеэ авч яваа байдал, нөхөрлөл гэсэн бүхий л зүйлээрээ үлгэр дуурайлал болдог. Сайхан муухай, болж бүтэхгүй зүйлсээ нууж хаалгүй нээлттэй ярилцдаг. Бие биеийнхээ арыг даадаг. Ах нарын киноны нээлт ойртоод ажил нь амжихгүй байхад хамгийн түрүүнд, хэлээгүй байхад очиж тусалдаг. Манай кинонд асуудал тулгарахад ах нар шийдэж өгдөг. Бид ийм л харилцаатай. Энийгээ хувь тавилан гэж хардаг даа.

-Тайз амьд харилцаан дээр тогтдог учраас жүжигчнээс илүү уран чадвар шаарддаг гэдэг шүү дээ.  Таны хувьд төдийгүй энтертайнментын зүгээс тайзны уран бүтээлд хүч сорих бодол байна уу?

-Мэдээж байлгүй яах вэ. Гэхдээ одоо цаг нь биш. Сургуулиа төгсөөд би “Шилдэг өнгө” продакшнд, Чука маань “Мөрөөдлийн театр”-т ажилд орсон. Тэр хугацаанд тайзны жүжиг, хошин номеруудад оролцдог байлаа. Тайз суурьтай болохоор ирээдүйд энэ чиглэлийн бүтээл хийнэ гэсэн бодол бол байдаг.

-Та кино бүтээдэг хүний хувьд үзэж буй киноныхоо юунд ач холбогдол өгдөг вэ. Хамгийн сүүлд ямар кино үзсэн бэ?

-Өөрөө энэ салбарын хүн болохоор кино үзэх дуртай. Хэдийгээр кинондоо орж үзэж  байгаа боловч энэ хэсгийн зураг авалт гоё юм байна. Энэ дээр ингэсэн бол ч гэдэг юм уу мэргэжлийн хүний нүдээр хараад байх болсон байна лээ. Т.Нямдорж гэх хувь хүний  хүлээж үздэг, хүлээж байгаа Joker, Gladiator 2 кинонууд байна. Харин хамгийн сүүлд хүүхдүүдтэйгээ “Inside out” үзлээ.

-Жүжигчний амьдрал тогтсон цагийн хуваарьгүй. Ажлынхаа хажуугаар гэр бүлтэйгээ хэр цагийг өнгөрүүлж байна даа?

- Одоо энэ ярилцлагын дараа Дундговь, Өмнөговь аймаг руу киногоо гаргахаар хөдлөх гэж байна. Хөдөө орон нутгаар “Гурав дахь цохилт” киноныхоо нээлтийг хийгээд, үзэгчдэдээ цаг алдалгүй хүргэхийг зорьж байна. Солонгос, Япон, Австрали тэргүүтэй цаашлаад европын орнуудаар киногоо гаргах төлөвлөгөөтэй байна. Ингэхээр жүжигчний амьдрал тогтсон цагийн хуваарьгүй гэдэг үнэн. Гэр бүлдээ төдийлөн цаг гаргаж чадахгүй л байна. Тусгайлан долоо хоног амралт, сувилалд явдаг ч юм уу тэгж л хааяа анхаарал хандуулах юм даа. Чөлөөт цаг гарвал дасгал хийж, мишок цохихыг хичээдэг. Гэвч тэр цаг нь хомс олдох юм даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 192 (7436)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

10 цаг 51 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

12 цаг 30 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

16 цаг 50 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

16 цаг 54 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

17 цаг 3 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

17 цаг 8 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

17 цаг 20 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

17 цаг 22 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

17 цаг 43 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

17 цаг 45 мин