“800 жилийн дараа Монгол төрийн тэргүүн Узбекистанд айлчилж байна”

2024-06-25
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Д.ХОРОЛДАМБА

 

Доктор /Ph.D/

Олон улсны харилцаа их ээдрээтэй болоод байгаа энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргийн хамт Узбекистан улсын ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн урилгаар энэ сарын 23-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. 1992 онд Узбекистан улс (ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч) тусгаар тогтнолоо зарласны дараа дипломат харилцаа тогтоосон анхны таван улсын нэг нь Монгол Улс юм.  Узбекистан нь Монгол Улсын Төв Ази дахь чухал түншийн нэг бөгөөд манай улсын төрийн тэргүүний энэ удаагийн айлчлал 32 жилийн дараа хоёр улсын хооронд хийж байгаа анхны дээд төвшний айлчлал болно. Энэ үеэр тус улсын ерөнхийлөгчтэй албан ёсны хэлэлцээ хийж, нийслэл Ташкент хотод Монгол Улсын ЭСЯ-ыг нээж, хэд хэдэн салбарт хамтран ажиллах тухай албан ёсны  баримт бичгүүдэд гарын үсэг зурж, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажээ. Тус айлчлалын бэлтгэлийг хангах талаар хоёр улсын Гадаад харилцааны яам, холбогдох байгууллагууд хоёр жил харилцан ажиллаж, энэ хүрээнд манай улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны гуравдугаар сард Ташкент хотод айлчилжээ.

Монгол Улс, Узбекистан улс түүхийн өнө эртний харилцаатай гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Түүхийн сурвалж бичгийн мэдээ баримтуудаас үзвэл XIII зууны эхээр Их Монгол Улс, Хорезм гүрэн (Сартуул иргэн)-тэй шууд харилцаж байв. Хорезм гүрний түүхэнд алдар нэр бүхий Бухар, Самарканд, Ургенч, Хива, Карши (Харш) тэргүүтэй голлох хотуудын түүх соёлын өв, уран барилга, архитектурын байгууламж, дурсгалууд Узбекистан  улсад оршдог. Тиймээс Хорезм гүрний гал голомтыг Узбекистан улс сахиж буй гэж хэлэх үндэстэй юм.

1224 онд “Чингис хаан Сартуул иргэнийг дагуулж” аваад Дундад Азийн шилдэг уран дархчууд, уран барилгачид, инженер зохион бүтээгч, уран зураачид, авьяас чадвар төгс мэргэжилтнүүдийг хороохыг чандлан хориглож, тэднийг олноор нь цуглуулж Монголд авчирчээ.

Чингис хаан Бухар, Самарканд тэргүүтэй хотуудыг эзэлсэн тухай тодорхой мэдээллийг түүхийн сурвалж бичгүүд өгдөг. Тухайлбал, их хаантан “хурилдайгаа Тонкатад хийхээр шийдээд Согдоос хөдлөхдөө тус улсын иргэдийг хэдэн жилийн алба гувчуураас чөлөөлжээ. Их хааны зарлигт Самарканд хотынхон машид хөхин баясав” хэмээн сурвалж бичигт тэмдэглээд цааш нь “Гэвч хот даяараа баяртай байсангүй. Учир нь Турхан (Теркин хатун) хатныг ордных нь бүх хүн, эзэнт гүрнийх нь том ноёдын хамт олзлогдогч болгон тэнд авчирахдаа Их хааны ялалтын баяр болгон олны өмнө туун явав. Энэ нь хатанд элэгтэй хэвээр хүмүүсийн хувьд таагүй байжээ” гэсэн байна. Мөн “Хатны араас шивэгчид, араас нь нэгэн цагт Султан Мехметэд үйлчилдэг байсан бүх том түшмэл дагалджээ. Эцэст нь Султанаас болон хатан эхээс хураан авсан титэм, хаан суудлыг үүрүүлэн алхуулсан байна. Чухам ийм л жагсаалаар Чингис хаан Согдоос гарч, Жахарт мөрнийг гатлан одов”. Сурвалжийн энэ мэдээ Чингис хаан Хорезмийн эзэнт гүрнийг эзлэн дагуулаад Самарканд хотод суу алдраа дуурсган явсан нь эдүгээ цагийн ялалтын парадтай адил төстэй үйл явдал мөн гэж үзэж болно. 

Их хаантан сүр хүчээ цуурайтуулан явсаар Туркестаныг өнгөрөн Найманыг дайрч явсаар Хархорумд хүрэлцэн ирэв. Ингээд Дундад Азиас олзолсон гар урчуудыг юуны өмнө Монгол Улсын газар нутгийн төв хэсэг Орхоны сав нутаг, Хархорум орчимд нүүлгэн шилжүүлж суурьшуулах, нийгмийн тустай хөдөлмөрт татан оролцуулах ажлыг төрөөс зохион байгуулсан бололтой. Энэ нь Хархорум болон түүний орчимд мусульманы шашинтнуудын хороолол, суурьшлын голомтуудыг бий болгосноос шууд нотлогддог.

Хархорумын Хорезмээс гаралтай мусульман иргэд олноороо амьдран суух болсны бас нэг тодорхой жишээ бол Хорезм Шах Мухаммедийн эх, их эрх мэдэл, нэр нөлөөтэй байсан нь дээрх Теркин хатан юм. Теркин хатан шадар бараа бологчид, аягачин шивэгчдийн хамт Хархорумд хүргэгдэн ирээд хижрийн тооллын 630 (1232-1233 он) онд насан өөд болтлоо амьдарчээ. Теркин хатан дагалдах шивэгчин, шадар бараа бологсдынхоо хамт Хархорумд хүргэгдэж ирснээс хойш 10-аад жил оршин суусан тул Хархорумын суугуул иргэн болсон гэж үзэх үндэстэй юм.

Өгэдэй хаан Хархорум хотоос нэг өдөрчийн газарт исламын урчуудад зарлиг буулган  гоёмсог сайхан орд байгуулжээ. Хаан  хавар нь тийш очиж ав шувуу тавьдаг байвай. Үүнээс үүдэн Хархорум хотоос зайдуу өөр дагуул хот, орднуудыг бүтээн босгоход Дундад Азийн урчууд оролцсон болой.

Хархорум хот, түүний ойр орчимд хэд хэдэн хот суурин байгуулснаар үл барам Өгэдэй хаан Дундад Азийн эртний домог түүхт Бухар хотыг ч сэргээн засварлуулж, шинэчилсэн бүтээн босголтын нөр их ажлыг шийдвэрлэн гүйцэтгүүлсэн ажгуу. Хархорум хотод христос, будда, ислам шашны 15 сүм хийд зэрэгцэн оршиж байлаа. Мөнх хаан Хархорумд дэлхийн олон шашны төлөөллийг дэмжин тэтгэж байсан тухай анхдагч сурвалжийн мэдээ цөөнгүй. Мөнх хаан тодорхой өдрүүдэд ордондоо хүлээн авалт хийдэг заншилтай байв. Энэ үед христ шашинтны гэлэнгүүд өмсгөлтэйгөө ирж түүний төлөө залбирч аягатай умдааныг нь ариутгана. Тэднийг явсны дараа саррацин гэлэнгүүд, сүүлд нь буддын гэлэнгүүд ирж мөн ёслолыг үйлдэнэ. Хархорумын татах хүчний нөлөөгөөр христосын болон мусульман шашин Европ, Ойрхи Дорнод, Дундад Азиас дорно зүг тэлэн түрсээр Монгол, Зүүн хойд Азид хязгаарлагдмал хүрээнд боловч түгэн дэлгэрсэн гэж үзэж болохоор байдаг.

Энэ нь археологийн малтлага, шинжилгээгээр давхар батлагдсаар буйн нэг жишээ бол Хархорумаас зүүн зүгт  орших Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгойн нэгдүгээр булшнаас араб үсгээр “Аллах” гэж сийлэн урласан (ардаа усны шувуу барьж буй шонхрын дүрстэй)  алтан бөгж олдсон явдал мөн. Мөн Оросын археологичид Тува улс дахь Элегест хотын ислам шашинтнуудын хорооллын үлдэгдлийг малтан шинжлэхэд тухайн шашинтнуудын зан үйлийг харуулсан оршуулга олджээ.

XIV зуунд Хархорумд исламын шашны сүм, сургууль соёлын газар байгуулж, хотын хөгжилд өнгө нэмсэн байна. Үүнийг судлахад 1341 оны үед холбогдох Хархорумын перс бичээстэй хөшөө үнэт эх сурвалж болно. Түүнд Хархорумд байсан лалын шашны сүмийн тухайн үеийн байдал, түүний ерөнхий бүтэц, зохион байгуулалтын талаар маш чухал мэдээллийг тэмдэглэжээ. Тухайлбал, тус сүмийг эвдэрч муудахад тусгай элч төлөөлөгчийг томилон ирүүлж, зарлигаар дахин сэлбэн засварлуулсан болон энэ ажилд 200 балыш зарцуулсан, сүмийн усны хэрэгцээг хангахын тулд энд худаг, усан сан, угаалгын газар бүхий усан хангамжийн бүхэл бүтэн системийг шинээр байгуулсан. Мөн сүмийн сүсэгтнүүд, хотын иргэдийн үйлчилгээнд зориулж дөрвөн дэлгүүр барьж байгуулсан тухай түүхэн үйл явдлыг алдаршуулан тэмдэглэжээ.

Хархорум хотод “Мухамедийн сургаалийг номлогч лалын хоёр сүм” оршиж буйг нүдээр үзснээ нэрт аялагч Г.Рубрук тэмдэглэсэн. Түүнчлэн Хижрийн тооллын 742 он буюу нийтийн он тооллын 1341 оны (Хижрийн тооллын 742 он) үед Хархорумд оршин сууж байсан исламын шашинт иргэд араб үсгээр перс хэлээр хөшөө сийлэн босгосон нь  “Хархорумын перс бичээстэй хөшөө” нэрээр алдаршсан юм. Дээр дурдсан бүхэн нь Их Монгол Улс, Хорезм, Дундад Азийн улс төр, худалдаа харилцааны түүхийг судлахад төдийгүй дундад эртний еврази, Дорно дахины шашин соёл, эдийн засгийн харилцааг нягтлан тодруулахад зохих хувь нэмэр болох нь дамжиггүй.

Дундад Азийн янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүс нүүдлийн болон суурин соёл иргэншлийн ололтыг хослуулсан хөгжлийн голомт Орхоны хөндийд ирээд Хархорум хотод лавтайяа XIV зууны дунд үе болтол оршин суужээ. Тэд он удтал идээшин сууж байхдаа Монгол төдийгүй Ази, Европ дахины улс төр, соёл, шашны амьдралд идэвхтэй байр суурь эзэлж, бүтээн байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. Хархорум хотын удирдлагууд ислам шашинт ард иргэдээ төрөлх хэл, соёл, шашин, зан заншлаа хэвээр хадгалах, шүтэн бишрэх эрх чөлөөг бүрэн олгож, өөрийн иргэдийн нэгэн адил хөхиүлэн дэмжиж байсан нь тодорхой байна.

Эцэст нь тэмдэглэж хэлэхэд XIV зууны эхэн, дунд үед Хархорум хотын бүтээн босголтын нэг үе шат явагдсан нь лавтай боллоо. Энэ бүхэн нь Зүүн хойд Азийн хөгжил дэвшилд нөлөөлсөн. Үүнийг мусульманчууд манлайлсан гэх үндэстэй. Уг санаагаа үүнийг тэрлэгч бээр 2024 оны зургадугаар сарын 5-ны өдөр Узбекистаны Ургенчийн улсын их сургуульд болсон “Түүх, хэл шинжлэлийн салбар дахь Узбек-Монголын шинжлэх ухааны харилцаа” ОУЭШ-ний хуралд тавьсан илтгэлдээ онцолсон билээ. Ингээд эртний түүхт Узбекистан, Монгол хоёр улсын соёл, шинжлэх ухаан, түүх судлалын ажлын хүрээнд цаашид юу хийж болох талаар зарим санаа бодлоо хуваалцах нь зүйтэй гэж үзэв. Үүнд

1. Их Монгол Улс-Хорезмын худалдаа, улс төр, дипломат харилцаа, цэрэг дайнтай холбоотой баримт, эх сурвалжуудыг нэмж илрүүлэн эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах;

2. Энэ талаар суурь бүтээлүүд туурвих, хоёр улсын эрдэмтэн мэргэжилтэн, холбогдох байгууллагууд саналаа нэгтгэн хийх ажлын төлөвлөгөө боловсруулж ажиллах;

3. Хорезм, Цагадайн улсын нутаг дахь Монголын эзэнт гүрний үед холбогдох түүх, соёлын дурсгалуудыг олон нийтийн хүртээл болгох, үүний тулд сурвалж бичгүүдэд гарч буй мэдээ баримтуудад үндэслэн ТВ цуврал контент хийх;

4. Их Монгол Улс-Хорезмын харилцаанд холбогдох дурсгалт газруудыг тогтоож, аялал жуулчлалын чиглэл маршрут, бүтээгдэхүүн бий болгох;

5. Узбекистан, Монгол Улсын их, дээд сургуулиудад оюутан солилцож сургах, магистр, докторын зэрэг хамгаалуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг бодлогоор дэмжих;

6. Монгол Улс, Узбекистаны музей, номын сан болон хувь хүн, байгууллагад хадгалагдаж буй баримт, дурсгалт зүйлсийг аль болох хэмжээгээр илрүүлэн бүртгэлжүүлэх, хуулбар хувь авах, нэгтгэн төвлөрүүлэх ажлыг хоёр тал холбогдох байгууллага, судлаач мэргэжилтнүүдийг татан оролцуулах;

7. Их Монгол Улс-Хорезмын худалдаа, улс төр, дипломат харилцаа, Чингис хааны  аян дайн, Мухаммед султаны эх Теркин хатныг Хархорум хотод оршин сууж буй байдал гэсэн түүхэн үйл явдлуудыг харуулсан баримтат болон олон ангит уран сайхны киног хамтран хийх, урлаг, уран сайхны бүтээл туурвилыг дэмжих;

8. Хархорумын перс хөшөөний эхээс хэв хуулга авч Узбекистан улсад хөшөө босгон, Дундад Ази дахины хүртээл болгох;

9. Узбекистан, Монгол хоёр улс хамтарсан археологийн шинжилгээний анги гаргаж Хархорум, түүний ойр орчмын газар нутагт болон Бухар, Самарканд, Харши тэргүүтэй хот, түүх, соёлын дурсгалт газруудад археологи, түүх угсаатны зүйн хайгуул, судалгаа хийх;

10. Хархорумын гэрэлт хөшөөний бичээст нэр алдар нь сийлбэрлэгдэн мөнхөрсөн Хархорум хотын захирагч (Хорум хотын бүгд захирагч) Абу ал-[Хасан?] Эмир Бадр ал-Дин Бинкати? болон алдарт Теркин хатны булш оршуулгыг хайх, тэдний дурсгалыг мөнхжүүлэх ажлын хүрээнд Хархорумд гэрэлт хөшөө, ногоон байгууламж бүхий дурсгалын цогцолбор байгуулах, нэрэмжит газруудыг бий болгох;

11. XIII-XIV зууны үед холбогдох Хархорумын мусульман шашинтнуудын булш, оршуулгыг малтан шинжлэх;

12. Хархорум болон түүний бүс нутаг дахь ислам шашинтнуудын хорооллын ор суурийг  малтан шинжилж, судалгааны үр дүнг нийтлэх;

13. Хархорум, Бухар, Ургенч тэргүүтэй хотуудад мусульманы алдарт түүхч А.Жувейни, шашин соёлыг ивээн тэтгэгч-меценат хатан Сорхагтани бэхи тэргүүтний хөшөө, дурсгалын цогцолбор бүхий цэцэрлэгт байгууламж бий болгох боломжийг эрэлхийлэх зэрэг болно.

Энэ бүхэн нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын мөрөөр Монгол, Узбекистан улсын харилцааг цаашид улам баяжуулан хөгжүүлэх, Монгол Улсын Дундад Ази дахь “зөөлөн хүчний бодлого” бэхжихэд  зохих хувь нэмэр болох болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 125 (7369)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин