Төмрийг халуун дээр нь давтвал юм болно, түүхийг шинэ дээр нь бичвэл үнэн үлдэнэ

2024-06-21
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Т.БААСАНСҮРЭН

СГЗ, зохиолч, сэтгүүлч

Эл номыг зохиогч өөрийгөө Монгол Улсын парламенттай ямар нэг байдлаар холбогдсон хүн гэж боддог. Монгол Улсын анхны парламентын сонгуулийн үр дүнд байгуулагдаж 1992-1996 онд үйл ажиллагаагаа явуулсан Улсын Их Хурлын Тамгын газарт Хэвлэл мэдээллийн албаны даргаар, УИХ-ын анхны даргын хэвлэлийн төлөөлөгчөөр дөрвөн жил ажилласан юм.

1992-1996 оны Улсын Их Хурал нь 1992 оны шинэ Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлж өмнөх БНМАУ-ын бүх хууль тогтоомжийг шинэчлэн өөрчилж батлах түүхэн үүpэr гүйцэтгэсэн парламент. УИХ-ын нэгдсэн чуулган бараг өдөр бүр хуралддаг байсан. Шөнө дөл хүртэл сууж хуралдана. Ирц дутагдана гэж ер үгүй. Монгол Улсын анхны Улсын Их Хурлын гишүүд ажилдаа үнэнхүү хариуцлагатай, өндөр ёс зүйтэй, туйлын ажил хэрэгч хүмүүс байсан гэдгээрээ түүхэнд бичигдэж үлдэнэ гэдэгт гүн итгэлтэй байдаг. Яагаад гэвэл бүтэн дөрвөн жилийн турш үйл ажиллагааг нь нүд цавчилгүй ажиглаж ширтэн харсан амьд гэрч нь би өөрөө байгаа юм.

Анхны Улсын Их Хурал Үндсэн хуулиар хүлээлгэсэн энэхүү үүргийг нэр төртэй биелүүлж 1992-1996 оны хооронд 369 хууль, 374 тогтоолыг баталсан байдаг юм. Тэр үед ажиллаж байсан УИХ-ын Байнгын хороо бүр дунджаар 60 орчим хууль, олон тооны тогтоолыг хариуцан боловсруулж УИХ-аар оруулж хэлэлцүүлснийг хэлэхэд хангалттай. 1992-1996 оны УИХ-ын нуруун дээр Монгол Улс, монголын ард түмэн ямар хүнд ачаа үүрүүлснийг дээрх баримтаас харж болно.

Энэ бүх ажлын урьдчилсан бэлтгэлийг УИХ-ын Тамгын газар хангаж, Улсын Их Хурал, түүний Байнгын хороодын үйл ажиллагааг Хэвлэл мэдээллийн алба өргөн олон түмэнд хүргэж сурталчлах ажлыг эрхлэн хариуцдаг байлаа. Бас "Төрийн мэдээлэл" эмхэтгэл, сүүлд нэмж "Төр засгийн ажилтанд тусламж" сэтгүүлийг гаргадаг байж билээ.

Ажил төрлийн энэхүү онцлог, зайлшгүй шаардлага нь Тамгын газрын дарга, орлогчид, ялангуяа хэвлэл мэдээллийн албаны даргыг УИХ-ын өдөр тутмын хуралдаанд байнга сууж төрийн хууль, тогтоомжуудын агуулга, ач холбогдлыг арван хуруу шигээ мэддэг байхыг шаарддаг байлаа. Өөрөөр хэлбэл би бүтэн дөрвөн жилийг яг УИХ-ын гишүүд шиг чуулганы танхимд хадаастай сууж өнгөрүүлсэн гэсэн үг.

Төвийн сонин хэвлэлд бараг өдөр алгасалгүй бичнэ. Гишүүдээс ярилцлага авна, тэднийг сурвалжлагчидтай уулзуулна. Үр дүнд нь миний "Төрийн түшээ гэж хэн бэ?" ном төрж гарсан билээ. Уг номд УИХ-ын гишүүдтэй хийсэн 21 ярилцлага, тэдний тухай бичсэн 109 таталбар бичвэр, 36 хөрөг багтсан. Бас монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн үйл ажиллагааны талаар УИХ-ын гишүүд-төрийн түшээдээс авсан асуулга-судалгаа, түүний үр дунгийн талаарх мэдээлэл орсон байгаа. "Төрийн түшээ гэж хэн бэ?" ном 1996 ба 2010 онд хоёр удаа хэвлэгдэж уншигчдын хүртээл болсон.

1992-1996 оны УИХ-ын гишүүдийн нэг Санжаасүрэнгийн Зориг "Та анхны парламентын 4 жилийн түүхийг бичлээ. Дараа дараагийн түүхийг нь хэн бичих юм бол" гэж надад хэлж байсныг би ер мартдаггүй юм. Ингэж би Монголын парламенттай анх хувь заяа холбогдсон хүн. Дараагийн он жилүүдэд ч төрийн гурван өндөрлөгүүдийн үйл ажиллагааг сурвалжлах, сурталчлах ажлаас алс хөндий ангид байсангүй.

Одоо эргээд харвал Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын тухай "Алдар нэр, алдаа оноо, атаа жөтөө" /2017/ эрэн сурвалжлагч сэтгүүлчийн тэмдэглэл, Монгол Улсын анхны таван Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны талаарх "Ерөнхийлөгчийн тод мөр, том толбо" /2021/ шинжлэлт нийтлэлийн ном бичсэн байх юм. УИХ-ын үе үеийн гишүүдийн тухай ч бас дуугүй байсангүй. Өлзийсайханы Энхтүвшин, Мөнхөөгийн Оюунчимэг, "Босоо" хэмээх Сайнхүүгийн Ганбаатар зэрэг нэг биш төрийн түшээдийн хөрөг нийтлэлийг бичиж уншигчдад хүргэсэн байна.

Үүгээр би юу хэлэх гээд байна гэвэл сүүлийн гучин жилийн туршид миний нийтлэлүүдийн маань нэг гол баатар нь яах ч аргагүй УИХ -ын гишүүд, төрийн түшээд байсан байна. Морь шинжилдэг, бөх шинжилдэг хүн гэж байдаг. Тэгвэл би монголын улс төрд арай ойрхон байж хүн шинжилдэг, тодруулбал төрийн түшээдийг шинжилдэг нэгэн болсон юмуу даа гэж бодогдож байна. Улсын Их Хуралд хамгийн олон жил сууж ажилласан хэн нэг гишүүний үйл ажиллагааг нээн үзүүлсэн шинжлэлт нийтлэлийн ном бичих юмсан гэдэг битүүхэн бодол цээжний гүнд хадаастай явдаг байв. Д.Лүндээжанцан, Б.Бат-Эрдэнэ, О.Энхтүвшин, С.Ганбаатар зэрэг олон гишүүнийг сэмхэн ажиглаж хэнийг нь сонгож авах вэ хэмээн бодлогоширсоор эдүгээг хүргэсэн билээ. Ахин дахин эргэцүүлж бодсон. Тэдгээр хүмүүс миний нүдэнд нэн тод тусч, сонирхол татаж ирсэн нэг гишүүн байв. Тэр бол Цэрэнпилийн Даваасүрэн.

 Монголын улс төр дэх цөөхөн шударга гишүүдийн нэг. Монголын төрд нүүрлэсэн шударга бус, худал хуурмаг үйлдэл бүхэнтэй тэр хайр найргүй тэмцэж ирсэн байдаг. Үүнийхээ төлөө төрөлх намаасаа хүртэл хөөгдөж байсан удаатай. Гэвч "даравч далдайгаад, булавч бултайгаад" Монгол Улсын Их Хурлын бие даагч гишүүнээр гараад ирсэн байдаг юм. Монголын ард түмэн, түүний дотор Хөвсгөл нутгийнх нь иргэд сонгогчид түүнд гүнээ итгэдгийг энэ баримт нотолдог билээ.

Тэр бас эх орон, газар шороондоо зүрх сэтгэлээсээ хайртай хүн. Оюутолгойн төлөөх гучин жилийн гал цогтой тэмцэл нь үүнийг батална. Хэн ч үгүйсгэж чадахгүй. Улс төрч хүн мятаршгүй тэмцэгч байхын үлгэр дуурайллыг Цэрэнпилийн Даваасүрэн, "босоо" хэмээх Сайнхүүгийн Ганбаатар зэрэг хуруу дарам цөөхөн Их Хурлын гишүүд Монголд харуулж чадсан гэж би боддог. Үүнтэй олон хүн маргахгүй болов уу. Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшил гэдэг ойлголт ийм хүмүүсийн хувьд хун болж төрснийх нь, амьд яваагийнх нь гол утга учир, мөн чанар болж байдаг юм.

Цэрэнпилийн Даваасүрэнгийн шударга зан чанар, эх оронч бадрангуй сэтгэлгээ, газар шороондоо амин хайртай, хүн арддаа хүндэтгэлтэй хандаж, тэдэнд гүн гүнзгий итгэлтэй байдгийн уг сурвалж нь түүний төрөлх хүмүүжил, хүн чанар, ёс зүйд байна гэж би харж байгаа. Дотоод, гадаадын хэдэн ч их, дээд сургуулийг төгсөж өндөр мэдлэг боловсрол, мэргэжил эзэмшлээ ч ёс зүйгүй бол, эд баялаг, өнгө мөнгө, өмч хөрөнгөнд шунах юм бол тэр хэн ч биш юм. Харамсалтай нь монголын төрд өнөөдөр нүүрлээд байгаа хамгийн том, хамгийн гүн эмгэнэл бол энэ. Үүнээс их хол яваа цэвэр гишүүний нэг нь Ц.Даваасүрэн.

Цэрэнпилийн Даваасүрэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдоод 16 дахь жил рүүгээ орж явна. Сүүлийн 4 удаагийн сонгуулиар Хөвсгөл нутгийнх нь ард иргэд түүнийг тасралтгүйгээр өөрсдийнхөө элч төлөөлөгчөөр Улсын Их Хуралд илгээсэн байна. Энэ бол том итгэл, бас ховорхон байж мэдэх их хүндэтгэл. Энэ хооронд Монгол Улсын Эрчим Хүчний сайд, Барилга хот байгуулалтын сайдаар тохоон томилогдож ажиллав. Оюутолгойн асуудлаарх УИХ-ын түр хороог ч толгойлж үзэв. Үзэлцэв. Ингэж хэлбэл үнэнд илүү дөхөж очно. Яагаад гэвэл уг ажлыг оронцоглож, нүд хуурч орхиогүй. Yp дүнд хүргэсэн юм. Байгалийн баялагтаа монголын ард түмэн эзэн нь байх ёстой. Ашиг хүртэх эрхтэй гэж гучин жилийн турш тэмцэж байгаа хүн тэр. Гуйвж дайвж, ганхаж гундаж, сөхөрч сөгдөж байгаагүй. Үзэл бодолдоо үнэнч тууштай явж ирсэн. Тэмцэж ирсэн гэж тодотгоё. Тийм учраас монголын ард түмэн түүнд итгэдэг. Эх орон, иргэд сонгогчдынхоо итгэлийг дааж ажилласан цөөхөн гишүүний нэг Цэрэнпилийн Даваасүрэнг нийтлэлийнхээ гол баатраар сонгож авсны учир шалтгаан энэ.

Өнгөрсөн хугацаанд Цэрэнпилийн Даваасүрэн юу юуг хийв, хэнтэй нөхөрлөж, хэнтэй яаж тэмцэж ажиллав, ямар амжилт бүтээл гаргаж, ямаршуухан үр дүнд хүрэв гэдэг талаар энэ номд өгүүлэх болно.

2008-2023 оны хоорондох түүний үйл ажиллагаанд ажиглалт шинжлэл хийж үзлээ. Бүтэн 16 жилийн архивын материалыг залхууралгүй онгичив. Улсын Их Хуралд 4 удаа сонгогдож ажиллахдаа Их Хурлаас гаргасан хууль, тогтоолуудын агуулгаар байнга санал хэлж өөрийн байр суурийг тов тодорхой илэрхийлж иржээ. Хэлсэн үг, гаргасан санал бүртэй нь танилцав. 15-16 жилийн хугацаан дахь ярьсан хэлсэн нь хэдэн боть ном болохоор аж. Иймд 2008-2018 оны хооронд хэлсэн үг, тавьсан санал, дэвшүүлсэн зорилтын агуулгыг нь базан багцалж хураангуйлан гарчиглав. Зөвхөн гол санааг нь авсан гэсэн үг. Харин 2019-2023 оны хооронд хэлсэн ярьсныг бүгдийг биш ч голлохыг нь аль болох үндсэн эхээр нь үлдээхийг зорилоо. Үг үсэг, найруулгын чанартай бага сага зүйлд гар хүрч үндсэн санааг хэвээр үлдээсэн. Гишүүнд өөрт нь үзүүлж, туслахуудаар нь ахин дахин уншуулж цаг хугацаа, тоо баримт сэлтийг шалгуулж магадлуулсан. Эндээс Цэрэнпилийн Даваасүрэн гэдэг хүн хэн бэ гэдэг нь их тод харагдана. Тольдох адил ил тод мэдрэгдэнэ.

Нэг талаас энэ нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн тухай шинжлэлт нийтлэл мэт харагдавч, нөгөө талаас УИХ-ын үйл ажиллагааны тухай үнэн бодитой тэмдэглэл болсон гэдэгт итгэлтэй байна. Үнэ цэн нь үүгээр хэмжигдэх болов уу. Төмрийг халуун дээр нь давтвал юм болно, түүхийг шинэ дээр нь бичвэл үнэн үлдэнэ гэсэн ард түмнийхээ мэргэн үгийг санан санан тэрлэв. Ямар хууль тогтоолыг хэрхэн яаж хэлэлцсэн нь он, сар, өдөртэйгөө, нэр устайгаа байж байгаа. Хөдөлшгүй түүхэн баримтууд. Зөвхөн өргөн олон уншигчдад төдийгүй Монголын парламент судлалыг сонирхогч эрдэмтэн судлаачдад, нийгмийн ухааны чиглэлээр суралцагч оюутан залууст хэрэг болж мэднэ гэж найдаж байна. Өөрөөр хэлбэл энэ номыг баримт, зөвхөн үнэн бодит баримтад тулгуурлаж бүтээлээ. Дааж давахын аргагүй хүнд ачааг сайн дураараа үүрэх гэж аймшиггүй санаархсанаа дөнгөж сая л ухаарав 16 жилийн ярианы бичлэг гэдэг барагдахгүй их материал байдаг юм байна. Гэвч ухрах арга байсангүй. Нэгэнт эхэлсэн шинжилгээг шүд зууж байгаад дуусгах гэж улайран зүтгэлээ.

Энэ маань бас "Монголын парламентын үйл ажиллагаа судлал"-д оруулсан миний өчүүхэн төдий хувь нэмэр болох болов уу гэж өөрийгөө зоригжуулав. Учир нь Улсын Их Хурлын хэн нэгэн гишүүний талаарх ийм дэлгэрэнгүй өгүүлэмж бүхий баримтат нийтлэлийн ном урьд өмнө нь гарч байгаагүй юм. Өвгөн бичээч бийвээр бүдэг бадаг ч болохноо харгуй замыг гаргав. Ухаант мэргэн дүү нар эл харгуйг зам болгож өргөжүүлэн тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Тавтай сууж таалан соёрхоно уу.

 

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин