“Зүй” хэмээх үгийг зүггүй хэрэглэх боллоо

2024-06-18
Нийтэлсэн: Админ
 19 мин унших

Банзрагчийн Оюунчимэг.

Гавьяат багш, доктор (Ph.D), профессор  

1990 онд сэтгэл судлалын ухааны докторын зэргийг одоогийн ОХУ-д хамгаалж ирсэн цагаас сэтгэл судлалын шинжлэх ухаан (ерөнхий сэтгэл судлал, удирдлагын сэтгэл судлал, харилцааны сэтгэл судлал, бизнесийн сэтгэл судлал, хуулийн сэтгэл судлал, гэр бүлийн сэтгэл судлал), сүүлчийн 20-иод жил ёсзүйн шинжлэх ухаан (мэргэжлийн ёсзүй, харилцааны ёсзүй, бизнесийн ёсзүй)-ыг Монголын их, дээд сургуулиудад зааж, ухагдахуун, нэр томьёог нь судалж, дээрх шинжлэх ухааны чиглэлээр сурах бичиг, гарын авлага бичиж, ном орчуулж, байгууллага хамт олон, иргэдэд лекц уншиж ирсэн хүний хувьд өөрийгөө энэ сэдвийг хөндөх үүрэгтэй гэж үзлээ. Өмнө нь сэтгэл судлалын шинжлэх ухаанд хамаатуулан бичиж байсан, харин энэ удаад бусад хэд хэдэн шинжлэх ухааныг хамруулахаар зүрхлэн шийдсэн болой. Буруу нэрлэж л байдаг, яваандаа зөв болно биз, заавал зөв байх албатай юм уу гэж үздэг хүмүүс байдаг. Нэг буруу олон бурууг дагуулдаг. Нэгэнт бий болгосон бурууг хожим нь өөрчлөх тун төвөгтэй. Энэ бол жам. Бурууг, мууг бага дээр нь “дарж ав” гэж мэргэд сургаж ирсэн дээ, уг нь.

Сүүлийн үед “зүй” хэмээх үгийг үнэхээр “зүггүй” ашиглах боллоо. Уг үгийн мөн чанарыг эс хэрэгсэж, үндсэн утга агуулга, зориулалтыг алдагдуулж байна. Ингэснээр алдаатай нэршил нутагшуулж, бүр зөв зүйтэй юм шиг ойлгож, буруу хэрэглэж хэвшдэг. Нэршил нь аливааг нэрлэсэн байдал, хэлж тогтсон нэр (Монгол хэлний их тайлбар толь) юм.

“Зүй” хэмээх үг хэд хэдэн утгатай аж. Судлаач, толь зохиогч Я. Цэвэл уг үгийг “Монгол хэлний товч тайлбар толь”-доо  “1. зүй зарчим, зүй ёс; 2. сургаал, онол, багц, цогц; хэлний зүй, газар зүй, арга зүй, авиан зүй” гэсэн бол “Монгол хэлний их тайлбар толь”-д ...1. “учир зүй (а. юм үзэгдлийн жам ёс; б. логик), зүй тогтол (тогтсон хууль ёс, тогтолцоо, учир зүйгээр тогтож хэвшсэн зүйл) ...; 2. Ямар нэгэн сургаал, онол: арга зүй (аливаа ажлыг гүйцэтгэх дэг ёс, арга барил), хууль зүй (хууль дүрмийн мөн чанарыг судлан шинжлэх ухаан), хэлний зүй (хэлний бүтцийн жам ёс, хэлний тогтолцоо) гэжээ. Үгийн чухам энэ утгад анхаарал хандуулах, энэ утгаар нь зөв хэрэглэх шаардлагатай болж хэмээн үзэж, сургаал, онол, багц, цогц гэсэн утгыг нь нийтлэлдээ би цохон хөндөж буй.

Өнөөгийн Монголд “зүй” хэмээх үгийг ёсзүй, гоозүй, хуульзүй, эрхзүй, аргазүй, эмзүй, сэтгүүлзүй зэрэг шинжлэх ухааны нэрэнд өргөн хэрэглэж байна. Манай эрдэмтэн багш нар эдгээр шинжлэх ухааныг Монголд хөгжүүлж, их, дээд сургуулиудад зааж эхлэхдээ л тун зөв нэр оноон нэрлэж гэж бодогддог. Ёс суртахууны тухай онол, сургаалын тогтолцоо болох шинжлэх ухааныг ёсзүй (англиар - ethics, оросоор - этика), байгалийн, хүний, урлагийн гоо сайхны тухай ерөнхий онол, сургаалын нэгдэл болох шинжлэх ухааныг гоозүй (англиар - aesthetics, оросоор - эстетика), хүний онолын болон практик үйл ажиллагааг зохион байгуулах аргуудын тухай сургаалын багц, цогц болох шинжлэх ухааныг аргазүй (англиар methodology, оросоор методология) гэсэн байдаг. Ташрамд өгүүлэхэд нэг асуултад хариулагдаж, нэг утга илэрхийлж, хамт хэлэгдэн нэршиж хэвшсэн, утгын болон бүтцийн нэгдэлтэй нийлмэл үгийг хамт бичих учиртай тул дээрх үгсийг ийнхүү бичсэн болно. Зарим сонин, хэвлэлийн газар ингэж бичдэг болж байгаа нь сайшаалтай. “Зүй” хэмээх үгийг өмнөх үгээс нь салангид бичсэн тохиолдлууд нийтлэлд бий. Хүний бичсэнийг эшлэл болгон авахдаа өөрчлөх учиргүй тул эх сурвалжуудад бичсэнээр нь нийтлэлдээ оруулсан болно.

Аливаа шинжлэх ухааны нэр нь түүний судлагдахуун, үүрэг, ач холбогдол, ухагдахуунуудынх нь мөн чанарыг илэрхийлсэн, онож өгсөн, хамгийн тохирсон үг байдаг тул түүнийг зөв нэрлэж, алдаа мадаггүй хэлж хэвшүүлэн хэрэглэх учиртай. Үүнийг хийхэд юуны өмнө буруу нэрлэж, нэршүүлээд байгаа дараах үгийн тухай үнэн зөв мэдлэг, ойлголттой болох шаардлагатай байна. Энэ нь сэтгэл, сэтгэц, сэтгэл судлаач, ёс суртахуун, түүний зарчим, хэм хэмжээ, ёс суртахууны дүрэм, гоо сайхан, гоо сайхны боловсрол, хууль, түүний орчин, хуульч, түүний зөвлөгөө, хүний эрхийн олон улсын болон үндэсний орчин, хэм хэмжээ, судалгааны, сургалтын арга зэрэг үгийг зөв хэрэглэдэг болоход ч тустай юм.

Нэг. Ёсзүй, ёс суртахуун. Сүүлийн үед манайхан дээр доргүй ярих болсон зүйл бол “ёсзүй”. Уг нь хөөрхий ёс суртахууны тухай ярих гээд байгаа нь тэр. Даанч ёсзүйн шинжлэх ухааны мэдлэггүй, ёс суртахууны боловсрол нимгэнээс Их хурлын гишүүн, сайд, дарга, багш, сэтгүүлч бүгд иймэрхүү байгаа. Ингээд байгаад байж болохгүй. Энэ талаар миний бие хэвлэлд бичиж, ярьж, лекц уншиж хэдэн жилийг элээж буй. Манай багш нар, судлаачид ч зүгээр суугаагүй. МУИС-ийн философи, нийгэм судлалын багш Ж. Отгонбаяр “Ёс зүй нь ёс суртахууны харилцааг судалдаг шинжлэх ухаан. Хүн өөрийн ёс суртахуун, үнэт зүйл үнэлэмжтэй байна ... (Өдрийн сонин. 2024.04.10, № 067)”, тус сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Философи, шашин судлалын тэнхимийн зөвлөх профессор Р. Дарьхүү “Ёс зүй гэсэн шинжлэх ухааны нэр томьёог манай нийгэмд дураараа, замбараагүй хэрэглэж байгаа. Жишээ нь, “ёсзүйтэй хүн гэж ярих нь буруу. Ер нь “математиктай хүн”, “физиктэй хүн” гэж ярьдаггүй биз дээ ...(Өнөөдөр. 2023.03.21, № 053) гэж сонины сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа тус тус өгүүлсэн нь бий.

“Ёсзүй” гэдэг нь шинжлэх ухааны нэр. Ёсзүй философийн бүрэлдүүнд үүсэж бойжсон ч өнөө цагт бие даан хөгжиж буй. “Ёсзүй” хэмээх шинжлэх ухааны нэр  “этос” (ethos) гэсэн герег үгээс эхтэй бөгөөд түүнийг латинаар ч,  оросоор ч “этика”, харин англиар “ethics” гэдэг. Энэ шинжлэх ухаан ёс суртахууныг судалдаг. Ёс суртахууныг латинаар “moralitas”, англиар  “morals“, оросоор  мораль” гэдэг. Ёс суртахуун хэмээх үгийн ёс нь зайлшгүй зүй тогтол; суртахуун нь сурч, мөрдвөл зохих ёс, хоёр үг хамтдаа зайлшгүй сурч, мөрдвөл зохих ёс (хүний ёс) гэсэн утгатай. Ёс суртахуун нь хүнд хүн болохынх нь хувьд Байгалийн тавьдаг шаардлага, хувь хүн, улс орон, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс, хэмжүүр үзүүлэлт.

 “Ёсзүй” хэмээх үгийн “ёс” нь  зайлшгүй зүй тогтол, жам, хүний дагаж баримтлах хэв хууль, зарчим;  “зүй” нь онол, сургаал, багц, цогц; хоёр үг хамтдаа хүний зайлшгүй дагаж мөрдөх жам ёсны хууль, зарчмуудын тухай онол сургаалын багц цогц гэсэн утга илэрхийлдэг. 

Өнөөгийнхөн гаргасан хуулиа биелүүлэхгүй байгаа тул ёс суртахууны шаардлагуудыг ашиглахыг оролдож эхлээд буй. “Ёс зүйн дүрэм” хэмээн буруу нэрлэсэн, алдаатай бичсэн зүйл хаа сайгүй гаргах болсон. Байгууллагууд ёс суртахууны шаардлагыг тусгасан дүрэмтэй байя гэвэл түүнийг сургуульд “Багшийн ёс суртахууны дүрэм”, “Суралцагчийн ёс суртахууны дүрэм”, эмнэлэгт “Эмч, сувилагч, эмнэлгийн ажилтны ёс суртахууны дүрэм”, Улсын Их Хуралд “Улсын Их хурлын гишүүний ёс суртахууны дүрэм” гэж нэрлэн үйлдэх нь зүйд нийцэх юм. Багш, суралцагч, эмч, сувилагч, Их хурлын гишүүн, ажилтан хүн бүр сахин мөрдөх зүйл ёс суртахууны  зарчим, хэм хэмжээ тул энд ёсзүйн шинжлэх ухааны талаар ярих шаардлагагүй. Ер нь ёс суртахуунгүй хүн орширсны улмаас  мянга мянган хууль үйлдвэрлэв ч, биелүүлэхгүй байна. Тийм ч учраас “Ёс зүйн дүрэм” гээчийг гаргаж иржээ. Хүмүүс ёс суртахуунтай болохгүй л бол хэд хэчнээн хууль, дүрэм байгаад нэмэргүй.

Ёс суртахууны шаардлага болох ёс суртахууны зарчим, хэм хэмжээг өөрийн хүсэл зоригоор, сайн дураараа сахин мөрддөг хүнийг ёс суртахуунтай хүн гэнэ. Ёсзүйгүй суралцагч, багш, эмч, улстөрч  гэж ярих нь туйлын буруу, ёс суртахуунтай багш, сурагч, эмч, улстөрч гэх ёстой.

Хоёр. “Зүй” хэмээх үгийг зориулалтаар нь хэрэглэх шаардлагатай нэг салбар бол хуулийн салбар. Эл салбарт хуульзүй, эрхзүй, эрхзүйн хэм хэмжээ, эрхзүйн орчин, эрхзүйн акт, хуульзүйн зөвлөгөө, эрхзүйч гэх зэрэг нэр, нэр томьёо будилаантай байна. Миний бие “Ёсзүй, хүний хөгжил, эрхзүй” нэрт шинжлэх ухааныг зарим их, дээд сургуульд зааж байсны хувьд ийн өгүүлж буй юм.

Хуульзүй, эрхзүй. Хуульзүй нь хууль дүрмийн мөн чанарыг судалдаг шинжлэх ухаан (Монгол хэлний товч тайлбар толь), хууль нь хууль ёсоор хамгаалагдах ёстой хүмүүсийн жам ёсны эрхийн байгууламж  (“Хууль” хэмээх ном бичсэн Ф. Бастиа) гэсэн тодорхойлолтууд байна. Хуулийг хүний эрхийн хэм хэмжээний тусгал, түүнийг хэрэгжүүлэх хэрэгсэл, албан ёсны, биежсэн (цаасан дээр буусан, бичмэл) дээд хүчин чадал бүхий акт гэж ойлгууштай аж.

Хуульзүйн зөвлөгөө гэсэн нэр томьёо бий. “Хууль зүйн зөвлөгөө нь иргэд, хуулийн этгээдэд эрх зүйн асуудлаар өгөх мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа” гэж “Монгол хэлний их тайлбар толь”-д тодорхойлж. Эл тодорхойлолтод хөндөн тэмдэглэхээр хоёр ч зүйл байна. “Хууль зүйн зөвлөгөө” гэдгийн оронд хуульчийн зөвлөгөө, хуулийн талаарх зөвлөгөө гэмээр. Хуульзүй чинь шинжлэх ухаан, шинжлэх ухааны зөвлөгөө гэж байх уу. Хуульзүйн шинжлэх ухааны зөвлөгөө нь эрхзүйн талаар гэнэ. Эрхзүй бас л шинжлэх ухаан. Суурь шинжлэх ухаан болох “хуульзүй” нь хавсарга шинжлэх ухаан болох “эрхзүй”-н талаар зөвлөгөө өгөх юм аа даа, янз нь.   

Эрхзүйн шинжлэх ухааныг эрх судлал, эрхийн тухай мэдлэг, практикийн нэгдэл, эрхийн тухай нийгмийн мэдлэгийн цогц гэдэг. Эрхзүй нь эрхийн тухай онол сургаалыг судалдаг шинжлэх ухаан.  Эрхзүйн шинжлэх ухаан нь хүний хүлээх үүрэг, эдлэх эрхийн тухай онол сургаалын багц, тогтолцоо. Эрхзүй нь иргэний, эрүүгийн, Үндсэн хуулийн, харьцуулсан гээд олон салбарлажээ. Иргэний эрхзүй нь хүн иргэнийхээ хувьд хүлээх үүрэг, эдлэх эрх, түүний зохист хэм хэмжээ, хэмжээ хэтрүүлсэн тохиолдолд авах арга хэмжээ, ногдуулах ял шийтгэлийн тухай онол, сургаалын нэгдэл. Эрхзүй нь шинжлэх ухаан атал “Монгол хэлний их тайлбар толь”-д түүнийг тухайн улсын нийт нутаг дэвсгэр болон тодорхой хүрээнд заавал биелэгдэх шинжтэй гэсэн байх юм. Эрхзүйн шинжлэх ухааны юуг нь улсын нийт нутаг дэвсгэрт заавал биелүүлэх ёстой болж байна вэ. Энд эрхзүйн шинжлэх ухааныг бус, харин хүний эдлэх эрхийн хэм хэмжээний тухай өгүүлэх гэсэн бололтой. 

Эрхзүйн орчин, эрхзүйн орчин бүрдүүлэх гэцгээх юм. Эрхзүйн орчин гэж баймааргүй. “Эрхзүйн орчин” гэдэг үгийг эрхзүйн шинжлэх ухаанд л хамааруулж, түүнийг хөгжүүлж дэвшүүлэх, боловсронгуй болгох орчны тухай ярихад хэрэглэж, “эрхийн орчин”-г хүн эдлэх ёстой эрхээ хэмжээнд нь, зохих ёсоор нь хэрэгжүүлэх боломж олгох биет болон биет бус хүчин зүйлсийн нэгдэл гэж үзмээр. Хүний эрхийн түгээмэл тунхаг, хүний эрхийн олон улсын болон үндэсний байгууллага, хүний эрхийн зөрчил гэдэг. Эдгээрт “зүй” хэмээх үг хэрэглэхгүй байхад яагаад “орчин” гэхээр “зүй”-тэй болгосон юм бол. Бүх тохиолдолд гагцхүү хүний эрхийн тухай өгүүлж буй.

Сэтгэл судлал, сэтгэлзүй. Сэтгэл судлал нь сэтгэц, түүний үзэгдлүүд болох сэтгэцийн үйл явцууд, сэтгэцийн шинжүүд, сэтгэцийн байдлыг судалдаг шинжлэх ухаан. Сэтгэц нь хүний оюун, сэтгэл, тэдгээрийн нэгдэл.

Монголчууд шиг сэтгэл судлалын шинжлэх ухааныг “сэтгэл судлал”, “сэтгэлзүй”, сэтгэл судлалын шинжлэх ухааны судалдаг зүйл болох сэтгэц, түүний үзэгдлүүдийг бас л “сэтгэлзүй” гэж нэрлэдэг улс үндэстэн дэлхийд байхгүй. Ганц  жишээ татахад: орос хэлэнд сэтгэл судлалын шинжлэх ухааныг “психология”, түүний судалдаг зүйл болох сэтгэцийг “психика”, сэтгэл судлалын шинжлэх ухааны гэдгийг “психологический” /психологические знания-сэтгэл судлалын шинжлэх ухааны мэдлэг/, сэтгэцийн гэдгийг “психический” /психические процессы-сэтгэцийн үйл явцууд/ гэж ялган нэрлэж, ярьж, бичдэг. Бид ч ингэх л учиртай.

Манайд сэтгэл судлаачийг “сэтгэл судлаач”, “сэтгэлзүйч” гэж хоёр янзаар нэрлэж байна. Энэ мэргэжлийг ингэж хоёр янзаар нэрлэдэг улс орон дэлхийд манайхаас өөр бас л үгүй  болов уу. “Сэтгэл судлаач” гэдэг үг оросоор “психолог”, англиар “psychologist” гэсэн ганц, ганц  нэршилтэй. Сэтгэл судлаач гэдэг нь “сэтгэл”, “мэдлэг” хэмээх эртний грек үгсээс гаралтай, “хүний сэтгэцийн тухай мэдлэг эзэмшсэн хүн” гэсэн утгатай. Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “Сэтгэл судлаач нь сэтгэл судлалд (сэтгэл судлалын шинжлэх ухаанд) мэргэшсэн хүн” гэж оновчтой тодорхойлсон байдаг. Гүйцэтгэх үүрэг, явуулах үйл ажиллагааны онцлогоор нь олон улсад сэтгэл судлаачийг онолч-сэтгэл судлаач, практик-сэтгэл судлаач, багш-сэтгэл судлаач болон психоаналитик-сэтгэц задлан шинжлэгч (дээд түвшний мэргэжилтэн, манайд одоохондоо ийм мэргэжилтэн байхгүй болов уу) гэж ялган нэрлэдэг. Сэтгэцийн зөвлөгөө өгөх төвд ажиллаж буй сэтгэл судлаач бол практик сэтгэл судлаач юм.

Манайхан “сэтгэлзүй” хэмээх нэршлээр хүний сэтгэцтэй холбоотой бүхнийг илэрхийлж, хүний сэтгэлзүй, хуульч мэргэжилтний сэтгэлзүйн онцлог, гэр бүлийн сэтгэлзүйн байдал, нийгэм, сэтгэлзүйн хүчин зүйлс гэх мэтээр буруу ярьж, бичсээр. “Сэтгэл”, “сэтгэл санаа” хэмээх үгсийн оронд ч нөгөө “сэтгэлзүй” гэдэг үгийг хэрэглэж, “Сэтгэл тавгүй байна” гэхийг “сэтгэлзүй муу байна”, “сэтгэл санаагаар унаад байна” гэхийг “сэтгэлзүйгээр унаад байна”, “сэтгэлгүй, сэтгэл гаргадаггүй хүн” гэхийг “сэтгэлзүй муутай хүн”, “сэтгэцийн хямрал”-ыг “сэтгэлзүйн хямрал” гэх зэргээр туйлын буруу ярьж байгаа нь харамсмаар, бас ичиж зовмоор. Урлагийн бүтээлүүдэд, ялангуяа кинонд ингэж буруу хэргэлэх нь элбэг. “Уулын намар” МУСК-ны гол дүрийн эмэгтэй “Хүн байгаа цагт сэтгэл зүй байдаг л байхгүй юү” гэх жишээний. Ингэж ярихад хамгийн ихээр нөлөөлж буй хүмүүс бол өөрсдийгөө сэтгүүлч гэж нэрлэдэг сурвалжлагч, элдэв нэвтрүүлэг хөтлөгч зэрэг хэвлэл мэдээллийнхэн, ялангуяа телевизийнхэн.

“Сэтгэлзүй” хэмээн ойлгож, ярьж, бичиж байгаа болгоныг “сэтгэц”, “сэтгэл” гэдэг нэр томьёогоор сольж хэрэглэх нь зүйтэй. Жишээ нь: хувь хүний сэтгэцийн онцлог, нийгэм, сэтгэцийн үзэгдэл, хуульч мэргэжилтний сэтгэцийн шинж чанар, гэр бүлийн гишүүдийн сэтгэцийн байдал, “сэтгэлээ шинжих”, “сэтгэл сайтай байх”, “сэтгэл санаагаар унах” гэх ёстой. Хүн бие, сэтгэл, оюунтай. Хүнд “сэтгэлзүй” гэдэг юм байдаггүй. Сэтгэл (сэтгэл санаа), сэтгэцийг “сэтгэлзүй” гэж хүнд огт байдаггүй зүйлээр нэрлэх нь зохисгүй, мулгуу явдал.   

Аргазүй, арга. Манайхан зүггүй хэрэглэж буй өөр нэг үг бол аргазүй. Манай судлаачид, багш нар эл үгийг өргөн хэрэглэж буй. “Аливаа судалгааг тухайн шинжлэх ухаанд тохирсон арга зүйг ашиглан хийх нь нэн чухал. Хууль зүйн шинжлэх ухаанд дараах 3 арга зүйг түгээмэл хэрэглэдэг” гэж МУИС-ийн нэгэн багш “Хуульзүйн шинжлэх ухааны судалгааны үндсэн арга зүй” хэмээх бүтээлдээ ( http://mergen.coo.mn 2009.01.05) бичсэн байх юм. Багшийн бичсэнээр бол гурвын гурван аргазүйн шинжлэх ухаан байдаг, хуульзүйн шинжлэх ухаан тэр гурвыг гурвууланг нь хэрэглэдэг, багш өөрөө шинжлэн судлах аргуудын оронд аргазүйн шинжлэх ухааныг ашигладаг бололтой. Энэ багш ганцаар ийм биш, ингэж ойлгож, хэрэглэж буй хүн олон.

Аргазүй нь арга судлал, шинжлэх ухаан. Аргазүй (англиар мethodology, оросоор методология) хүний онолын болон практик үйл ажиллагааг зохион байгуулах зарчмууд, аргуудын тухай онол сургаал, үйл ажиллагааны мөн чанар, тогтолцоо, арга, арга замын тухай мэдлэгийн нийлбэр. Аргазүй буюу арга судлалыг судалснаар хүний үйл ажиллагааг зохион байгуулах зарчмууд, аргуудын тухай мэдлэг эзэмшинэ. Иймээс аргазүйн шинжлэх ухааныг сайтар судалж байж аливаа үйл ажиллагаа тухайлбал, шинжлэх судлах үйл ажиллагааг үр дүнтэй явуулах арга, арга барилыг олж мэднэ. Аргазүйн шинжлэх ухааны зорилго хүмүүсийн өдөр тутмын туршлагад хуримтлагдсан үйл ажиллагааны бүдүүвчийг тайлбарлах, бүтээх, өөрчлөхөд оршдог.

Харин арга (англиар method, оросоор метод) бол аливааг хийж бүтээхэд гаргадаг ур ухаан, эв дүй, бодож олсон барил. Ийм учраас аргыг арга барил гэдэг. Аргыг хэрэглэхэд баримтлах аргачлал гэж бий. Аргуудын алийг нь сонгох, яаж ашиглах, хэрхэн үр өгөөжийг нь үзэх тактик, хийх үйлдлүүдийг аргачлал гэж ойлгоно. Тийм ч учраас арга, аргачлал гэж хамтад нь авч үздэг. Эдгээрийг зөв ялгаж, ашиглаж, хэргийг нь гаргаж сурах шаардлагатай. Сургалтын арга нь сургалтын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн багшийн сурган хүмүүжүүлэх, суралцагчийн сурах аргуудын цогц, нэгдэл. Сургалт зохион байгуулахад баримтлах зарчмууд, хэрэглэх аргууд, арга барилын талаар энд ярина, “аргазүй” гэдэг үг хэрэглэх учиргүй.

“Хичээлийн аргазүйг хэрхэн сайжруулах талаар суралцагчдаас асууна” гэдэг. “Хичээлийн аргазүй” гэдэг юм байхгүй. Үүний оронд хичээл заахад хэрэглэх арга, арга барил (багшийн сургах, сурагчийн сурах аргууд)-ын тухай яриуштай. Багш нар аргазүй, арга хоёрыг ялгахгүй байхад багшийн зааж сургах аргыг суралцагчид мэдэх үү, тэднээс асуух нь зөв үү. Тэднээс сурах ямар аргыг хэрхэн хэрэглэдэг, үр дүн нь хэр зэрэг байгаа талаар асуусан нь дээр, гэхдээ эхлээд багш нар өөрсдөө аргазүй, арга, аргачлал зэргийг зөв ялгаж, хэрэглэж чаддаг байх ёстой.  

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс 2018 оны I сарын сүүлчээр зохион байгуулсан “Боловсрол судлалын судалгааны орчин үеийн арга” сэдэвтэй багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтад МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн зөвлөх профессор Н. Оюунцэцэг уншсан лекцдээ  “Судалгааны шинэлэг арга зүйд суралцах шаардлага үүссэн, хичээлийн судалгааны арга зүй, сурагчдын графиктай ажиллах чадварыг явцын үнэлгээгээр хөгжүүлэх арга зүй” гэж, аргыг аргазүй хэмээн эндүүрч. Тэрээр судалж шинжлэх шинэ арга, хичээл судлах арга, сурагчдыг хөгжүүлэх аргын тухай ярих гэсэн байх.

Гоозүй, гоо сайхан. Өнөөгийн монголчуудын олонх гоозүй, гоо сайхан хоёрыг тун тааруу ялгаж байна. Эдгээр үгийг буруу хэрэглэж байгаа өндөр боловсролтойд тооцогддог хүн цөөнгүй тааралддаг. Олонх нь гоо сайхныг гоозүй гэдэг. Энэ нь ёс суртахууныг ёсзүйгээс ялгаж эс чадаж байгаатай агаар нэг. Уг нь гоозүй нь гоо сайхныг, хүний ухамсар, үйл ажиллагаа, харилцааны гоо сайхныг судалдаг шинжлэх ухаан. Энэ шинжлэх ухааныг олон улсад “эстетика” гэдэг. Манайхан үүнийг “гоозүй” хэмээн оновчтой нэрлэсэн. “Эстетика” нь Эртний Герегийн “aisthetikos” хэмээх мэдрэгдэгч зүйлс гэсэн утгатай үг аж. Гоозүйг “сайхны философи” гэх нь бий. Түүнийг урлаг судлалын олон салбарын ерөнхий онол сургаал ч (Википедиа. Чөлөөт нэвтэрхий толь) гэдэг.  “Урлаг” гэдэг үг ердийн ухамсрын түвшинд ур чадвар, эв дүй, чадвар, чадварлаг үйлдэл, уран гоё, уран сайхан гэсэн утга санааг илэрхийлдэг. Гоозүй нь урлаг, байгаль, хүний амьдралын гоо сайхан, түүний хөгжил, үүсэл, мөн чанар, зарчим, ерөнхий зүй тогтол тэргүүтнийг судлах гүн ухааны сургаал (Монгол хэлний их тайлбар толь) юм.

Гоозүй хэмээх шинжлэх ухааны онолын үндэс гүн ухаан (философи) хэмээх шинжлэх ухааны мэдлэгийн хүрээнд анх тавигдаж, XVIII зууны дунд үеэс түүнээс тусгаарлаж, бие даан хөгжжээ. Энэ шинжлэх ухааны үндсийг эртний Грекийн агуу сэтгэгчид болох Сократ, Платон, Аристотель нар тавьсан гэж үздэг. Гоозүйн шинжлэх ухааны дараа үеийн хөгжилд хувь нэмэр оруулсан хүмүүс бол Германы суут гүн ухаантан Иммануил (1724-1804) Кант, XVIII зууны үеийн Германы соён гэгээрүүлэгч, гүн ухаантан Александр Готлиб Баумгартен (1714-1762) нар. И. Кант гоозүйг ёс суртахууны тухай шинжлэх ухаан болох ёсзүйгээс салгаж, гоозүйг философийн тогтолцоонд багтах шинжлэх ухаануудын сүүлчийнх нь гэж үзсэнээрээ гоозүйг жинхэнэ философийн шинжлэх ухааны түвшинд тавьж байгаагаа илэрхийлжээ. Тэр 1790 онд “Оюун дүгнэлтийг шүүмжлэх нь” хэмээх нэртэй ном бичиж, “Байгаа байдлаараа, сонирхолд захирагдахгүйгээр таалагддаг бүхэн гоо сайхан” гэж гоо сайхныг тодорхойлсон бол Готлиб Баумгартен “Гоозүй бол мэдэрч танин мэдэхүйн тухай шинжлэх ухаан” гэж үзжээ. Уг шинжлэх ухаан гоо сайхны тухай мэдлэг олгоно.

Хүн гоо сайхны тухай мэдлэгээр зогсохгүй, гоо сайхны боловсрол эзэмших учиртай. Энэ нь хүн насан туршдаа хийх ажил. Сайхан муухай, гайхамшигтай, гутамшигтайн тухай  ойлголтуудыг гоо сайхны боловсрол эзэмшиж байж л олж авдаг. Гоо сайхны боловсрол нь гоо сайхны болон урлан бүтээх үйл ажиллагааны олон талт байдлыг задлан шинжлэх, түүний мөн чанарыг ухаарч ойлгоход шаардлагатай мэдлэг, сэтгэл, чадвар, дадлын цогц. Гоо сайхныг чин сэтгэлээсээ мэдэрч чаддаг хүн бусдыг үзэн ядах, харааж зүхэх, гутаан доромжлох, дарамтлах, хүчирхйлэхийг хүсдэггүй, муухай, гутамшигтай үйл үйлддэггүй. Юмс, үзэгдлүүдийн гоо сайхныг мэдэрдэг, ойлгож хүлээж авдаг, биширч бахархдаг хүний сэтгэл хайр, энэрэлээр дүүрэн байдаг. Ийм ч учраас “Гоо сайхан ертөнцийг аварна” гэдэг. 

Өнөөгийнхөн гоозүйн мэдрэмж, гоозүйн боловсрол гэх зэргээр ярьж, бичиж байна. Уг нь гоо сайхныг мэдрэх чадвар, гоо сайхны боловсрол гэх учиртай. Гоозүйн алдаа гэх нь бий. Гоозүйн шинжлэх ухааны алдааны тухай өгүүлэх гэвэл ийн ярих ёстой бус уу. “Бичгийн гоозүйг бодож дүрэм өөрчлөхөөр шийдсэн” хэмээн судлаач Д. Отгонтөгс  (2009.07.03) бичсэн байх юм. “Бичгийн гоозүй” гэгч шинжлэх ухаан хараахан бий болоогүй. Тэрхүү бичигч “бичгийн гоо сайхан”-ы тухай өгүүлэх гэсэн болов уу. “Мэдрэмж” хэмээх үгийг хэлтэй болгон хэлж ярих болж. Мэддэггүйгээ мэдэхгүй байх амар ч юм уу даа. Уг нь “мэдрэмж” нь сэтгэлийн хөдөлгөөнийг бодоход ул суурьтай, урт хугацаанд үргэлжилдэг сэтгэлдэл гэсэн утгатай үг. Аливаагийн талаар сэтгэгдэл буюу мэдрэмж төрөхөөс хавьгүй өмнө мэдрэхүйн эрхтэнүүдээр дамжуулан гадаад болон дотоод дохиог хүлээн авч мэдэрдэг. Аливааг мэдэрч байж мэдрэмж буюу сэтгэгдэл төрдөг.

 

  Хүн төрөлхтөн сэтгэл, оюуныхаа хүчээр Орос, Америкийн нэрт яруу найрагч, Нобелийн шагналт Иосиф Бродскийн тодорхойлсон “ёс суртахууны эх болох гоо сайхан”-д тэмүүлж, түүнийг эзэмшсэнээрээ Францын яруу найрагч Льер Ревердигийн мэдэрсэн “сэтгэлийн гоо сайхан болох ёс суртахуун”-ыг дээдлэн эрхэмлэж, хэм хэмжээг нь сахин мөрдөх болж, гоо сайхны, сэтгэлийн, ёс суртахууны соёлуудыг цогцлуулан бүрдүүлжээ.

 

Ёс суртахуун, хууль хоёулаа нийгэмд үйлчилдэг. Ёс суртахууныг хэн ч зохиохгүй, энэ бол жам ёс. Хуулийг хүмүүс, бүр ёс суртахуунгүй хүмүүс ч зохиодог тул алдаа мадагтай гаргадаг, байнга өөрчилж байдаг. Олон хууль зохион гаргадаг ч тааруухан мөрддөгдөг, бид. Энэ нь ёс суртахуунгүй байгаатай холбоотой. Хууль сахих үндэс нь ёс суртахуунд ач холбогдол өгч, ёс суртахуунтай байхад суралцаж, шаардлагыг нь мөрдөн биелүүлэх явдал.

 

Ёс суртахуунтай үндэстэн болцгооё.

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2024 06 13 №117/7361/

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин