Насантуяа ЖАРГАЛМАА
Дөрөвдүгээр сарын 30-ныг "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр" тохиодог. Энэхүү өдрийг тохиолдуулан Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх "Хүүхэд-Сэтгүүлч" клуб "Хүчирхийлэлгүй ирээдүйг хамтдаа бүтээе" уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Хүүхдийг ивээх сангийн Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн ажилтан Э.Оюумаа, Улаанбаатар их сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ, Хэвлэлийн хүрээлэнгийн судлаач Л.Батбадрах нар илтгэгчээр оролцож хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг авч хэрэгжүүлж болох арга хэмжээ, боломжуудыг танилцуулсан юм. Мөн хүүхдийг зодож шийтгэхээс өөрөөр эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нар авч хэрэгжүүлж болох хүүхэд хүмүүмжлийн эерэг аргуудын талаар хэлэлцүүлэгт оролцсон нийгмийн ажилтан, иргэний нийгмийн төлөөллүүд өөрсдийн туршлага мэдлэгээ хуваалцлаа.
Хүүхдийг цохиж шийтгэх нь тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг
Хүүхдийг ивээх сангийн Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн ажилтан Э.Оюумаа “НҮБ-аас болон АНУ-ын Иелийн их сургуулийн сэтгэлзүй, хүүхдийн сэтгэцийн тэнхимийн профессор Алан Каздин, Өмнөд Методистийн их сургуулийн профессор Жорж Хоулден нарын гаргасан судалгаанаас үзэхэд хүүхдийг цохиж шийтгэх нь хүүхдэд айдас, стрессийг бий болгож байдаг. Мөн цохиж шийтгүүлсэн хүүхэд төд удалгүй дахин тухайн зан үйлийг хийдэг буюу учир шалтгааныг тодорхой ойлгоогүй байдаг. Түүнчлэн биемахбодын шийтгэл нь хүүхдийн урт хугацааны хөгжилд хүндрэл учруулж, танин мэдэхүйн чадварыг бууруулдаг хэмээн Нью-Йоркийн их сургуулийн профессор Молли с Кастеллое өөрийн судалгааны дүнд тодорхойлсон юм. Хэдийгээр эцэг эхчүүд хүүхдээ хүчирхийлэхийн тулд цохих биемабодийн шийтгэлийг ашигладаггүй ч энэ нь урт хугацаандаа хүүхдэд маш сөрөг нөлөөтэй байдаг. Хүүхдийг цохих нь түүний тархины эс хоорондын холбогч эд болох саарал хэсгийг үйл ажиллагааг бууруулдаг. Энэхүү саарал хэсэг бол төв мэдрэлийн системийн салшгүй нэг хэсэг бөгөө хүүхдийн оюун ухааны сорил, суралцах чадварт нөлөөлдөг байна.
Түүнчлэн хүүхдэд үүссэн стресс нь юмсын учир шалтгааныг тайлж ойлгох, аливаад тайван хүлээцтэй хандахад бэрхшээл бий болгож байдгаас гадна дархлаа муудах шалтгаан болдог байна” гэв.
Хүүхдийнхээ сэтгэлзүйг хамгаалснаар бүхэл амьдрал нь хамгаалагдах болно
Олон улсын Улаанбаатар их сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ “Хүүхдийн хэрэгцээг хангах хамгийн энгийн арга бол сэтгэлзүйн хэрэгцээг хангах явдал юм. Жишээлбэл, хүүхдүүд төрсөн өдрөө догдлон хүлээж байдаг. Учир нь төрсөн өдрөөр түүний сэтгэлзүйн бүхий л хэрэгцээ хангагдаж байдаг хэмээн судлаачид үзсэн байдаг. Цаасан дээр бичигдсэн хууль дүрмээс илүүтэй бодит амьдрал дээр хэрэгждэг зүйл нь тухайн үндэстний ёс заншил юм. Эртний монголчуудын уламжлалт хүмүүжлийн арга орчин үеийн шинжлэх ухааны дүгнэлт санал болгож буй аргуудтай тохирч байдаг.
Хүн өөрөөсөө хүчгүй дорой нэгэнд өөрийн стрессийг гарах зан төлөвтэй байдаг. Тиймээс зарим тохиолдолд эцэг эхчүүд нийгмийн стрессээ хүүхдэдээ гаргах хандлага бий. Гэвч хүүхэд насанд үүссэн айдас траума цаашлаад бие хүний амьдрал, нийгмийн харилцаанд ч нөлөөлж байдаг. Эцэг эх асран халамжлагчийн зүгээс хүүхдэд нэгэнт үүссэн траумаг даван гарахад тусалж, асуудлыг эергээр тайлж ирээдүйн амьдралдаа өөрийгөө буруутгах сөрөг хандлагыг бий болгохоос зайлсхийж даван туулахад дэмжлэг үзүүлж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Мариа Монтесорригийн хэлснээр Хүүхдийнхээ сэтгэлзүйг хамгаалснаар бүхэл амьдрал нь хамгаалагдах болно гэдгийг анхаарч сэтгэлзүйн хэрэгцээг нь хөгжлийн үе шатууд нь нийцүүлэн хангах шаардлагатай” гэлээ.
Мэдлэгээ практик дээр хэрэгжүүлэх хэрэгтэй
Хэвлэлийн Хүрээлэнгийн судлаач Л.Батбадрах хүүхэд хүмүүжлийн долоон эерэг аргыг танилцууллаа. Мөн тэрээр “Эцэг эх асран хамгаалагчид нэг үеэ бодвол мэдээлэл сайтай болсон. Гэвч бодит амьдрал дээр буюу практик хэрэгжилт сул байна. Мэдээж хүүхдийн сэтгэлзүйн онцлог нас насандаа буюу хөгжлийн үе шатуудаараа өөр өөр байна. Тэр бүрд найз шиг нь итгэж найдах хүн нь байх шаардлагатай. Харин зодож шийтгэх нь эцэг эх, хүүхдийн хооронд ангал үүсгэж харилцааг хөндүүлж байна” гэдгийг онцоллоо. Хэлэлцүүлгийн үеэр илтгэгчид орчин цагийн хүүхэд буюу цахим эриний хүүхдийн хүмүүжилд эцэг эхчүүд өөрөө маш сайн үлгэрлэж, асуудлын учир шалтгааныг тайлбарлан ойлгуулж байх хэрэгтэй" гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 87 (7331)