Б.Нандин
Бүгд найрамдах Энэтхэг улсаас манай улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад томоохон дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа. 2026 он гэхэд ашиглалтад оруулахаар зэхэж буй энэ төслийн үргэлжлэл болгож манай улсад дараагийн хоёр томоохон төслийг эхлүүлээд байгаа таатай мэдээг тухайн улсын Элчин сайдын яамнаас дуулгалаа.
Боловсролын салбарт хийгдэх энэхүү хоёр том төслийн эхнийх нь тус улсын хөнгөлөлттэй зээлээр баригдах Мэдээлэл технологи, боловсрол, аутсорсингийн төв юм. Одоогоор ШУТИС-ийн дэргэд үйл ажиллагаагаа эхлүүлэн, бэлтгэл ажлаа базааж буй энэ төслийн хүрээнд манай улс Энэтхэгийн гол нөү хау болсон мэдээлэл технологи, инновацын томоохон төвтэй болох боломж бүрдэнэ гэсэн үг.
ШУТИС-ийн Мэдээлэл технологийн сургуулийн дэргэд баригдаж буй тус төвийн барилгын ажил үргэлжилж байгаа бөгөөд Монгол Энэтхэг хоёр улсын найрамдалт харилцааны илэрхийлэл болгож БНЭУ-ын Ерөнхий сайд асан А.Б.Важпайн нэрэмжит болгожээ.
Хоёр орны Засгийн газар харилцан тохиролцож, Энэтхэгийн 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр байгуулж буй энэхүү төвийн үйл ажиллагааг зөвхөн сургалтын үйл ажиллагаагаар хязгаарлаж ойлгож болохгүйг тус төслийг хариуцаж буй энэтхэг мэргэжилтнүүд онцолж байна. Тухайлбал, төслийг хариуцан ажиллаж буй WAPCOS группийн төслийн удирдагч Gaurav Tanwer “Энэ төв бол улсын төсвөөс бус өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг, инновац шингэсэн үйл ажиллагаа явуулах боломжтой” хэмээн тодотгож байлаа. Мэдээллийн технологи, харилцаа, аутсорсингийн төв хэмээн одоогоор нэрлээд буй тус төв IT чиглэлээр суралцах хүсэлтэй хүн бүрд нээлттэй. Энэтхэгийн Lovely Professional University их сургуулиас манай улсад зориулан тусгайлан бэлтгэсэн 16 төрлийн хичээлийг энэ төвд суралцах боломжтой. Олонх нь мэдээлэл технологийн мэргэжлийн түвшний хичээлүүд байхаас гадна хувь хүний хөгжилд чиглэсэн сургалт, мөн хүний нөөцийг чадавхжуулах, бизнесийн чиглэлийн хичээлүүдийг ч хүссэн хүн бүр үзэж судлах боломжтой гэдгээрээ ихээхэн онцлогтой. Мөн инновацын төвийн үйл ажиллагаа нь бизнес эрхлэхээр бэлтгэж буй хүмүүст зөвлөгөө өгөх, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх боломжтой юм байна.
БНЭУ-ын хувьд дэлхийд аутсорсинг буюу зайнаас ажиллах салбарт ихээхэн туршлагатай. Тэгвэл энэхүү төвд мөн аутсорсинг байдлаар ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг суурилуулснаар монголчууд эх орноосоо гадаадын компаниудад ажиллах боломж нээгдэнэ гэсэн үг.
Бид тус төслийг удирдаж байгаа Энэтхэг талын төслийн удирдагч Gaurav Tanwer-ээс зарим зүйлийг тодрууллаа.
-Төслийн явц ямар шатандаа явна вэ. Хэзээ ашиглалтад орох төлөвтэй байгаа вэ?
-2012 онд анх санаачилсан энэ төсөл 2015 онд Ерөнхий сайд Моди Монголд айлчлал үеэр анхны шавыг тавьж, үндсэндээ эхэлсэн. Төслийн хувьд хоёр үе шаттай. Эхнийх нь барилгыг барьж ашиглалтад оруулах, хоёрдугаарт, хичээлийн анги танхимыг бэлтгэх, сургалтын үйл ажиллагааны тоног төхөрөөмжийг суурилуулан зохион байгуулах гэж ойлгож болно. Есөн давхар барилгад мэдээллийн технологийн төвийн сургалт, аутсорсингийн төв, компьютерын лаборатори байгуулах бөгөөд шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг суурилуулна. Эхнээсээ зарим тоног төхөөрөмж ирж байгаа.
-Мэдээллийн технологийн төв өөрөө өөрийгөө санхүүжүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Чухам ямар байдлаар санхүүжилт бий болгох боломжтой гэж харж байгаа вэ?
-ШУТИС-ийн дэргэд байгуулагдаж байгаагийн хувьд мэдээлэл технологийн мэргэжлийн түвшний хичээлүүдийг тусгайлан бэлтгэсэн. Тиймээс хүссэн хүн бүр нээлттэй байдлаар сурч болно. Нөгөөтэйгүүр, IELTS, SAT, TOEFL зэрэг олон улсын шалгалтуудыг авдаг төв болгон ашиглах боломжтой. Анги танхим тоног төхөөрөмжөө тодорхой хураамжтайгаар ашиглуулж түүнээсээ орлого олж болно. Мөн шинэ бий болж байгаа гарааны бизнесүүдэд зөвлөгөө өгөх, тоног төхөөрөмжөөр туслах зэргээр олон хэлбэрээр ашиглаж болно.
-Аутсорсингийн чиглэлээр ажиллах болно гэж хэлж байсан. Энэтхэг улс дэлхийд аутсорсингийн чиглэлээр тэргүүлдэг шүү дээ?
-БНЭУ бол дэлхий дахинаа мэдээлэл технологийн салбарт тэргүүлдэгээрээ хэдийнээс танигдсан. Мөн аутсорсинг буюу зайнаас ажиллах салбарт томоохон тоглогч гэж хэлж болно. Мэдээллийн төв нийтдээ 1100 хүний багтаамжтай, мөн үүн дээр 650 гаруй зайнаас ажиллах боломжтой ажлын нөхцлийг бүрдүүлнэ гэсэн тооцоолол бий гэсэн юм.
Мөн бид энэхүү хичээлийн хөтөлбөр боловсруулах багийг ахалсан “Lovely Professional University “сургуулийн дэд захирал Nidesh Mahajan-гаас зарим зүйлсийг тодрууллаа. Тэрбээр “Бид Монголын талуудын санал зөвлөмж болон залуучуудын сонирхолд аль болох нийцсэн байдлаар хөтөлбөрөө боловсруулж, хичээлүүдээ сонгохыг хичээсэн. Нийтдээ 16 төрлийн хичээлийг багтаалаа. Ялангуяа сүүлийн үед зөвхөн мэдээллийн технологи гэлтгүй бүх салбарт хүч түрэн орж ирэх болсон хиймэл оюун ухаан судлал, гар утасны апп хөгжил, мөн зөөлөн чадвар гэж нэрлэгдэх болсон EQ сэтгэл зүй, харилцааны төрлийн хичээлүүдийг ч оруулсан. Мөн орчин үед эрчимтэй хөгжиж байгаа data analyst буюу тоон мэдээллийн судлал, цахим аюулгүй байдал зэрэг аль болох орчин үеийн шинэ чиглэлийн хичээлүүдийг оруулахыг зорьсон. Зарим ахисан түвшний хичээлийг Энэтхэгт очиж суралцах, Энэтхэгээс багш нарыг авчирч хичээл заалгах зэрэг аль болох хоёр улсын аль алины багш сурагчдыг холбосон, олон талаар ярилцаж байна. Анги дүүргэлтийн хувьд нэг удаад нэг ангид 50 хүртэлх сурагчийг танхимаар суралцуулах боломжтой. Хичээл болгоны суралцах хугацаа өөр өөр байх учраас тухайн үед ямар хичээлийг сонгохоос шалтгаалж хаана сурахаа шийдэж болно” гэлээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 48 (7292)