“Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа гуравдугаар сарын 6-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын дарга Г.Занданшатарыг онцолж байна.
Г.Занданшатар 1970 оны гуравдугаар сарын 6-нд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төржээ. Тухайн үед аав Д.Гомбожав нь тус суманд Сум-нэгдлийн даргаар ажиллаж байв. Занданшатар гэдэг нэрийг эх барьж авсан эмч Ёндонцоо нь ном харж байгаад өгсөн гэдэг.
Гэрийн эзэн Намын дээд сургуульд суралцах болсон тул тэднийх 1972 онд Улаанбаатарт нүүж иржээ. Эцэг Д.Гомбожав нь шатарт хорхойтой, Намын дээд сургуулийн Сум-нэгдлийн дарга нар голдуу оюутнууд тэднийд ирж шатар тоглох нь олон тул Занданшатар хүү тэдний тоглохыг харсаар дөрвөн настайдаа өөрөө шатар нүүж сурчээ. Д.Гомбожав 1976 онд сургуулиа төгсөж, Баянхонгор аймгийн Өлзийт суманд Сум-нэгдлийн даргаар томилогдсон тул Г.Занданшатар 1977 онд тус сумын дунд сургуулийн нэг ангид оржээ. Сургуульд тэрбээр сурлага сайтай, урлаг, спортод идэвх сонирхолтой хүүхэд байжээ. Шүлэг уншдаг, бөхийн спортоор хичээллэдэг байсан байна.
Тэрбээр 1998 онд МАХН-д элсэж, 2004, 2008, 2016, 2020 онд Баянхонгор аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Парламентын гишүүнээр сонгогдсон дөрвөн удаагийн бүрэн эрхийн хугацаандаа тэрбээр УИХ-ын Төсвийн зарлагын дэд хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, Гадаад харилцааны сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Их Хурлын даргаар ажилласан байна.Г.Занданшатар банк, санхүү, татвар, хяналт шалгалт, зөвлөлдөх ардчилал, ард түмний Үндсэн хуулиар олгосон засаглах эрхийг хангах зэрэг чиглэлээр 30 гаруй томоохон хууль санаачлан батлуулжээ.2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн. Түүнийг "шинэчлэгч" хэмээн тодорхойлж болно. Яагаад гэвэл түүний ажил, амьдралын зам мөр ямагт шинийг бүтээж, шинэ зам гаргаж, шинэ шан татаж явсан түүх байдаг.
Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын даргаар парламентын хоёр бүрэн эрхийн хугацаанд үргэлжлүүлэн ажилласан анхны хүн юм. 2019 оны хоёрдугаар сард анх сонгогдсоноос хойшхи таван жил шахмын хугацаанд ардчилсан, шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал дор, УИХ-ыг орчин үеийн дэлхийн улс орнуудын парламентын жишигт нийцүүлэн шинэчлэл хийх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү шинэчлэлийн үзэл санаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, түүнийг амилуулж хэрэгжүүлэх Эрх зүйн шинэчлэл, Улсын Их Хурлын хяналт шалгалтын чиг үүргийг шинэ шатанд гаргах, Цахим шилжилт хийх, Хүний эрхийг дээдэлж, хууль бүхэнд хүний эрхийг амин сүнс болгон суулгах, шударга ёс, хуулийн засаглалыг төлөвшүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хийж буй эрх зүйн шинэтгэл, иргэд, хүүхэд залууст парламентад ёсны талаарх боловсрол, мэдлэг олгох соён гэгээрүүлэх шинэ чиг үүргийн зорилтууд зэрэг өргөн хүрээг хамран өрнөж байна.Эдгээрээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, парламентын хяналт шалгалтын чиг үүргийн шинэ тогтолцоо, цахим парламент болох, ард түмний засаглах эрхийг хангах зөвлөлдөх ардчиллын зарчмыг нутагшуулах гэсэн 4 шинэчлэлийг онцолж болно.
Үндсэн хуулийн шинэчлэл
Хорь гаруй жил яригдаж, гурван парламент дамжин өрнөсөн, дөрвөн төсөл өргөн баригдсан ч шийдэлд хүрч чадаагүй байсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг манлайлж, амжилттай хэрэгжүүлсэн спикер бол Г.Занданшатар юм.
Монгол төрийн энэхүү томоохон үйл хэргийг УИХ гурван жилийн турш өрнүүлсэн. Нэмэлт, өөрчлөлтийн төслийн эх 2019 оны зургадугаар сард албан ёсоор өргөн баригдсанаас хойш УИХ таван сарын турш тасралтгүй хэлэлцэж, зун ч завсарлаагүй.
Зөвлөлдөх санал асуулга
Г.Занданшатар АНУ-ын дэлхийд нэр хүндтэй Стэнфордын их сургуульд зочин судлаачаар ажиллаад ирэхдээ хоёр шинэ бодол, онол тээж ирсний нэг нь “Цэгцрэх хөдөлгөөн”, нөгөө нь “Зөвлөлдөх ардчилал” юм. “Молекулын эмх замбараагүй хөдөлгөөн нэг шугаманд цэгцэрч, цэгцтэй хөдөлгөөнд орохоороо энерги болж хувирдаг. Үүнийг физикийн ухаанд энтропи буюу цэгцрэх хөдөлгөөн гэж нэрлэдэг. Яг үүнтэй адил хүний нийгэм цэгцэрсэн цагт хөгжил ирдэг. Тиймээс Монгол Улсаа цэгцэлье гэвэл төрөө цэгцлэхээс эхлэх хэрэгтэй” гэж тэр ярьж, ном бүтээл болгон хэвлүүлж, төрд цэгцрэх хөдөлгөөн эхлүүлэхээр чармайсны бодит жишээ нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт юм.Үндсэн хуульд “ард түмэн засаглах” эрхийг хуульчилсан. Энэ эрхийг хангах нэг хэрэгсэл нь “Зөвлөлдөх ардчилал” юм. Үүнийг төр, засгийн бүх шатны байгууллага аливаа шийдвэр гаргахдаа ард түмэнтэйгээ заавал зөвлөлдөж, зөвшилцдөг байх хэрэгтэй хэмээн товчхон томьёолж болно. Нийт ард иргэд, нийгмийн бүхий л бүлгийг төлөөлж чадахуйц цөөнх нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж чаддаг нь онол, практикаар батлагдсан зүйл.
Шашин шүтлэг
Буддын шашинтай. “Жавзандамба хутагт” төвийн гишүүн. Буддын шашны гүн ухаан, Чойрын номыг сонирхон судалдаг. Далай лам, Жода рэнбүүчи нартай дотно харилцаатай.
Хобби
Дөрвөн настайдаа шатар тоглож сурсан. Шатар сугавчилчихаад хүн хүн дээр очиж “Тоглоё” хэмээн гуйж явдаг, аавыгаа шөнө орой ирсэн ч ялгаагүй тоглох гээд хүлээгээд сууж байдаг хүүхэд байжээ. Дунд сургуулийн сурагч байхаасаа эхлээд очсон газар бүртээ сайн шатарчин гэгддэг байв.
УИХ-д шатар сонирхогчид цөөнгүй. Тэрбээр гишүүдийн дунд зохион байгуулсан шатрын тэмцээнүүдэд цөөнгүй удаа I-III байр эзэлж байжээ.
Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, Болгарын шатарчин, дэлхийн аварга эмэгтэй Антоанета Стефанова нараас гадна Монголынхоо их мастеруудтай тоглож байв. Хувьдаа шатрын баялаг цуглуулгатай. 1994 онд Энэтхэгт суралцаж байхдаа зандан модоор хийсэн шатар олж авч, их баярлаж байснаа дурссан нь бий. Шатар тоглохоос гадна усанд сэлэх дуртай. Хөлбөмбөгт хорхойтой. Испанийн “Реал Мадрид” багийг дэмждэг.
Сонирхолтой баримтууд
- Оюутан Г.Занданшатарыг нэгдүгээр дамжаанд байхад орос хэлний хичээл дээр багш нь А.Пушкиний шүлгийг уншиж өгөөд, долоо хоногийн дотор цээжлэх даалгавар өгөхөд тэрбээр тэр дор нь цээжлээд уншиж өгч, ой сайтайгаараа гайхагдаж байжээ.
- Зах зээлийн коллежид ажиллаж байхад нь Монголын их, дээд сургуулийн нийт багш нараас шалгалт авч, хамгийн өндөр оноо авсан 12 хүний 6-г Австрали улсад тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах болоход Г.Занданшатар багтсан боловч тодорхой шалтгааны улмаас явж чадаагүй аж.
- Украин Улсын төрийн дээд шагнал Цэцэн Ярославын одонг Монголоос хүртсэн хүн ердөө хоёр байдгийн нэг нь Г.Занданшатар.
- Долоогийн тоо түүний амьдралд учир холбогдолтой юм шиг харагдах нь бий. 1970 онд төрсөн, 1977 онд 7 настайдаа сургуульд орсон, нийслэлд шилжиж ирэхдээ 77 дугаар сургуульд элссэн. 1987 онд 10-р ангиа дүүргэсэн. УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгийн 7-р тойргоос дэвшиж ялалт байгуулж байсан.
Стэнфордын их сургуульд
2013 оны 12 сараас АНУ-ын Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнд судлаачаар ажиллаж, Монгол зэрэг хөгжиж буй орнуудын ардчилсан хөгжлийн загварыг хөгжингүй орнуудын ардчилалтай харьцуулан судалжээ. Улмаар зөвлөлдөх ардчиллын онолыг Монголд нэвтрүүлэхээр ихээхэн хүчин чармайлт тавьж буй бөгөөд орчин цагийн ардчиллын судалгааны тэргүүлэх эрдэмтдийн нэг Ларри Даймонд, Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал Жэймс Фишкин, тус сургуулийн профессор Карл Айкенбэри нарын нэр хүндтэй эрдэмтдийг Монголд урьж лекц уншуулахын сацуу ном бүтээлийг нь монгол хэлээр орчуулан хэвлүүлж байна.
Эх сурвалж:www.polit.mn