Т.Батсайхан
Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өчигдөр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Түүний байр суурийг хүргэе.
-Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд олон удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ. Энэ удаагийнх юугаараа онцлог вэ?
-УИХ-ын таван гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг хуулийн төслүүдийг боловсруулж дууслаа. Хоёр дэд ажлын хэсэг ажилласан. 1992 онд Бага хурлаас Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг баталсан байдаг. Уг хууль нь Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг зохицуулж, Үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн.
Хууль батлагдсанаас хойшхи хугацаанд зарим нэмэлт, өөрчлөлт орсныг эс тооцвол Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчим, нийгмийн хөгжлийн чиг хандлага, эрх зүйн шинэтгэлийн үйл явцтай уялдсан дорвитой өөрчлөлт хийгдээгүй байсан. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг анх 23 зүйлтэй баталж байсан ч 1996-2024 оныг хүртэл нийт 12 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, өнөөдрийн байдлаар 13 зүйл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Ингэж олон нэмэлт, өөрчлөлт орсон нь 1992 оноос өмнө Монгол Улсад Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлж байсан туршлага байгаагүй. Энэ нь суурь болон харьцуулсан судалгаа хангалттай хийгээгүй байсантай холбоотой. Мөн хуулиар зохицуулбал зохих зарим харилцааг зохицуулаагүй орхигдуулсан байна. Түүнчлэн давхардал, хийдэл, хуулийг хэрэгжүүлэх явцад үүссэн тулгамдсан асуудлыг хуулиар шийдвэрлэх шаардлага тухай бүр гарч байсан учраас олон удаа нэмж, өөрчилж байсан.
-Цэцийн тухай маргаантай асуудал нэлээд байдаг. Хуулийн өөрчлөлтөөр ямар асуудлууд шийдэгдэх вэ?
-Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь таван бүлэг, 23 зүйлээс бүрдэж байна. Цэцийг Үндсэн хуулийн шүүх болох талаас нь холбогдох зохицуулалтыг тусгасан. Мөн цэц нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах баталгаа болж, Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үндсэн хуулийн 64,66 дугаар зүйлд заасны дагуу Цэц бүрэн эрхийнхээ хүрээнд маргаантай асуудлыг хянан шийдвэрлэж дүгнэлт гаргах, дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргах, үндсэн эрхийн маргааныг магадлан шийдвэрлэх эрх зүйн орчныг бий болгохоор тусгасан.
-Цэцийн гишүүнд тавигдах шаардлага өөрчлөгдөж байна уу?
-Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг хуульд хэт ерөнхий тусгасныг өөрчилж, цэцийн гишүүний хараат бус, мэргэшсэн, хариуцлагатай байдлыг хангах, улс төрийн болон бусад зүй бус нөлөөллөөс ангид байлгах зорилгоор гишүүнд тавих болзол, шаардлагыг Үндсэн хуулийн шүүхийн шүүгчид тавих шаардлагад ойртуулж тогтоосон. Мөн цэцийн гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох хугацааг Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө, эсхүл гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон өдрөөс хойш 45 хоногийн дотор эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг хангасан иргэнийг нэр дэвшүүлж, саналаа УИХ-д хүргүүлэхээр нарийвчилж заасан. УИХ-д санал болгохоосоо өмнө Цэцэд нэр дэвшигчийн танилцуулгыг таваас доошгүй өдрийн хугацаанд олон нийтэд мэдэгдэх, нэр дэвшигчийн сонсголд оруулах зохицуулалт хийж байна. Цэцийн гишүүний хараат бус байдлыг баталгаажуулах, мөн бусад гишүүнийхээ хараат бус байдалд хүндэтгэлтэй хандах үүрэг хүлээлгэж, түүний хараат бус байдлыг хамгаалах механизмыг тусгасан. Тухайлбал, Цэцийн гишүүн маргаан хянан шийдвэрлэх явцад бусад этгээдээс үзүүлэх аливаа нөлөөллийг хориглох, ийм үйлдэл, эс үйлдэхүйг баталгаажуулж, хариуцлага хүлээлгэдэг болгох зорилгоор нөлөөллийн мэдүүлэг хөтлөх тогтолцоог тусгайлан зохицуулсан нь манай улсын ердийн шүүхийн хүрээнд хэрэгжиж ирсэн сайн туршлага юм. Одоогийн хуульд Цэцийн гишүүний хориглох зүйл, хариуцлагыг зохицуулаагүй байснаас практикт зөрчигдөх тохиолдол гардаг. Иймээс, Цэцийн гишүүний баримтлах зарчим, хүлээх үүрэг, хориглох, хязгаарлах зүйлийг тодорхой зааж, Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх болон түүнийг эгүүлэн татах үндэслэл, журмыг нарийвчлан хуульчлах замаар Цэцийн гишүүний хариуцлагыг дээшлүүлэхийг зорьсон.
-Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн тухайд?
-Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг анх 1997 онд 36 зүйлтэйгээр баталсан бөгөөд 2005-2024 онд нийт есөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Цэцийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх арга замыг хэт явцууруулснаас болж, тодорхой тохиолдолд иргэний үндсэн эрх зөрчигдсөн тухай өргөдлийг хүлээн авч хянан шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдээгүй гэж үздэг. Иргэдийн үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэхгүйгээс Монголд үндсэн эрх ноцтой зөрчигдөж, эдгээр зөрчил Үндсэн хуулийг хэрэглэж шийдвэрлэгдэж чаддаггүй. Тиймээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, бусад акт өөрийнх нь үндсэн эрхийг зөрчсөн хэвээр байна гэж үзвэл Цэцэд өргөдөл гаргах боломжийг тусгасан. Цэц нь Үндсэн хуулийн шүүх болохын хувьд хянан шийдвэрлэх маргааны агуулгыг “хамаарлын зарчмын” хүрээнд томьёолж, маргаан хянан шийдвэрлэх зарчмыг баримтална.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 43 (7287)