Т.САЙХАН
“Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа хоёрдугаар сарын 2-нд төрсөн өдөр нь тохиож буй "MARS-V” төслийг санаачлагч, АН-ын гишүүн С.Эрдэнэболдыг онцолж байна. Тэрбээр 1983 оны хоёрдугаар сарын 2-нд Дархан хотод төржээ.
Боловсрол: 2001 онд Нийслэлийн 50-р дунд сургууль, 2006 онд МИУС-ийн Хууль зүйн сургууль, 2008 онд АНУ-ын Индианагийн их сургуулийн Хуулийн сургууль, 2016 онд Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын сургуулийг тус тус дүүргэсэн. Эрх зүйч /LLB/, Хууль зүйн ухааны /LLM/ болон Төрийн удирдлагын /МРА/ магистр зэрэгтэй. Мөн Зэвсэгт хүчний бэлтгэл хошууч цолтой. Тэрбээр ажлын гараагаа МҮОНРТ-ийн Хүүхэд, сургалт, танин мэдэхүйн ерөнхий редакцид хөтлөгчөөр эхэлж, нэлээд эртнээс олонд танигдаж эхэлжээ. Түүнээс хойш нээлттэй мэтгэлцээний холбоонд багш, Хууль зүйн үндэсний хүрээлэнд Гадаад харилцаа, хүний нөөцийн ажилтан, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албаны дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч, Ардчилсан намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга, Ардчилсан намын Улс төрийн бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга, Ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч, УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга хүртлээ дэвшин ажилласан юм.
Түүний карьерын нэг хэсэг нь яах аргагүй олон нийт руу чиглэсэн соён гэгээрлийн бүтээлүүд. Мөн "Марс V" төслийг санаачлан хэрэгжүүлж, тэмүүлэгч болсон. С.Эрдэнэболд өнгөрсөн хугацаанд “Эзэнт гүрний туульс”, “Монгол зарчим” зэрэг арав гаруй ном, бүтээл хэвлүүлсэн. Түүх судлалыг дэмжигч “Жак Уэтэрфорд” сангийн тэргүүн, JCI “Дэлхийн залуу үе танхим” байгууллага, Монголын байт харвааны холбооны УЗ-ийн гишүүн, Энхийг сахиулагчдын гэр бүлийг дэмжих төвийг санаачлагч, Афганистан улсын хэд хэдэн хотуудад цэрэг, эх оронч сэдвээр 2013 онд лекц уншиж байсан манлайлагч билээ. Түүнчлэн залуусыг дэмжигч “Хөгжлийн танхим” ТББ болон Монгол хэл бичгийг дэмжигч “Язгуур соёл сан” ТББ-ыг үүсгэн байгуулж байсныг нь ч мэдэх билээ.
“MARS-V” төслийг онцолбол “Vision” буюу алсын хараа, “Victory” буюу ялалт. Мөн “V” гэдэг нь ромбо тавын тоо буюу аж үйлдвэрийн тавдугаар хувьсгал гэсэн агуулгыг илтгэж байгаа юм. Тэрбээр хэдхэн жилийн өмнө "МАРС V" төслөө танилцуулахдаа "Миний одоо ярих юм та нарт хэт агаарын санагдаж магадгүй. Гэхдээ 88 жилийн өмнө, нэгэн найрагч монгол залуу 25-тайдаа "Од" хэмээх шүлгээрээ шинжлэх ухааны долоон том асуултыг хөндөж тавьсан байдаг. Өнөөдөр бол технологийн, инновацын, оюун санааны зуун. Залуус бид төр засгаас дэмжлэг авчихаад, мөнгө босгочихоод том төсөл хэрэгжүүлнэ гэж болохгүй. Түрүүлж ярьж, ойлгуулж, хүн үнэмшихгүй, үнэлэхгүй байлаа ч өөрсдөө итгэл үнэмшил дүүрэн байх ёстой. "Марс Ви" төсөл бол хүн төрөлхтний Марс гарагийг эзэмших хүсэл тэмүүллийн холбоос байх болно. Манай баг сансар судлалын шинжлэх ухааны салбарт ажиллаж буй эрдэмтэн судлаачид, инженер техникийн чадварлаг залуусыг эгнээндээ нэгтгэсэн. Бид Марсын сургуулилалтын академи, сансрын судалгааны чөлөөт бүс, аялал жуулчлалын дагуул хотоос бүрдсэн шинжлэх ухаан технологи, инновацын олон улсын төв байгуулна” гэж байлаа. Тэр ийнхүү Марс руу тэмүүлсээр, алхам алхмаар урагшилсаар яваа.
Өдгөө улс төрд танигдсан 1980-аад оныхон дундаа глобал сэтгэлгээгээрээ гайхагддаг залуу бол С.Эрдэнэболд билээ. Танд төрсөн өдрийн мэнд хүргэе.
Эх сурвалж:www.polit.mn