Б.Туул
Нийслэлийн хэмжээнд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа цөөнгүй зохион байгуулагджээ. III, IV хороололд байрлах “Оргил” худалдааны төв болон Баянзүрх дүүрэгт байрлах “Sky” их дэлгүүр хичээлийн шинэ жилийг угтсан үзэсгэлэн худалдаагаа уламжлал ёсоор зохион байгуулсан байна. Мөн Сүхбаатар дүүрэгт байрлах драмын театрын өмнөх задгай талбай болон Дүнжингарав худалдааны төвд “Хичээлийн шинэ жил-2014” өргөтгөсөн худалдаа энэ сарын 10-наас эхлэн гарчээ. Харин энэ сарын 22-нд Тусгаар тогтнолын өмнөх талбайд төгрөгийн ханшийг хазаарласан нэгэн үзэсгэлэн гарах гэж байна. “UB Expo-2014”үзэсгэлэн хичээлийн шинэ жилийг угтаад эцэг, эхчүүд, оюутан залууст ном, дэвтрээ хамгийн доод үнээр худалдаалах аж. “Уг арга хэмжээнд оролцож буй бизнес эрхлэгчид үнийн хамгийн доод хязгаарыг тогтоохоор энд нэгдэнэ. Улаанбаатар хотын төв цэгт жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах хамгийн олон салбарыг хамарсан намрын анхны хамгийн том үзэсгэлэн худалдаа байх болно” гэв.