Б.Уран
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Бүрэнхаан уулын бэлд Сэлэнгэ мөрөн орчмын Ивэн хөндийд орших Амарбаясгалант хийдэд жил бүр уламжлал болгон зохиодог бумбаны их тахилга маргааш эхлэх гэж байна. Нэг хэсэг мартагдсан Гонгорын Бумба тахих ёслолыг Амарбаясгалант хийд нь сүүлийн 10 жил тасралтгүй зохион байгуулж байгаа юм. Бумбаны тахилга маргааш буюу 21-нд эхэлж 23-нд дуусна. Гонгор бурхан нь шашныг хамгаалагч арван хангал бурхдын нэг бөгөөд саад тотгорыг арилгахаас гадна эд хөрөнгийг арвижуулагч, хамгийн хүчтэй баян болгогч бурхан гэдэг.