Б.ОД
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажил тавдугаар сарын 1-нээс эхлэхээр болжээ.
Мөн АНУ-ын Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийн ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Зүүн хойд, Тасган, хорооллын усан сангуудыг холбох гол магистраль шугамын ажлыг хийх юм байна.
Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Балдандорж “Зуны улиралд хийж буй засвар шинэчлэлийн ажлын хүрээнд иргэдийн халуун усыг хязгаарлах шаардлага үүсдэг. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад сүүлийн 20-30 жилийн хугацаанд дэд бүтцийн чиглэлээр буюу шугам сүлжээний томоохон шинэчлэлийн ажил хийгээгүй. Дан ганц дулааны шугам сүлжээ гэлтгүй цахилгаан эрчим хүч, ус суваг гэх мэтчилэн дийлэнх дэд бүтцийн эх үүсвэрийн ачаалал хэтэрсэн. Тиймээс эдийн засгийн нөхцөл байдалдаа тааруулаад жил бүр бага хэмжээгээр засвар, шинэчлэлийн ажил хийх шаардлага үүсдэг гэдгийг иргэд ойлгож, хүлээн аваасай" гэв.
Эх сурвалж:www.polit.mn