Мэндэлснийх нь 90 жилийн ойд
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч
Т.БААСАНСҮРЭН
Улсын уянгын туужийн нэрт мастер Дэмбээгийн Мягмарын мэндэлсний 90 жилийн ой энэ жил тохиож байна. Зохиогчийн уянгын туужуудын дүр дүрслэл, ур чадвар онцгой юм. Энэ тухай баримт түшиж ярья. “Их мөрний тохойн чийглэг хөрсөнд тэжээгдэн, тэнгэр өөд түмэн мөчрөө сарвайн ургаж, он жилийг элээхдээ амьдралын хатуу зөөлөнг эдэлсэн хөгшин буурал улиас, хэд хоногийн турш догшрон шуугисан үерийн усанд, орвонгоороо булгаран, урсгалын дагуу нам цохиулан унахдаа бас ч ул мөргүй алга болохгүйг мэрийсэн мэт, нүцгэн шар үндсээ үерийн усны эсрэг сарвайлган сэрвийлгэсэн нь аймшигт хүчийг хориглон тогтоох гэж арга буюу алгаа сарвайлган хамгаалсан амьтан шиг ажээ” гэсэн 60 гаруй үгтэй нэг урт өгүүлбэрээр “Үер” тууж эхэлж байна. /”Уянгын таван тууж”. Дэмбээгийн Мягмар. Шилмэл бүтээлүүд. УБ. “Savan” хэвлэлийн газар. 2022. 7 дахь тал/. Энэ нэг өгүүлбэрийг дотор нь ангилж задлан утга агуулгыг улам тодотгох үүднээс харах юм бол:
-Их мөрний тохойн чийглэг хөрсөнд тэжээгдэн, тэнгэр өөд түмэн мөчрөө сарвайн ургасан;
-Он жилийг элээхдээ амьдралын хатуу зөөлөнг эдэлсэн хөгшин буурал улиас;
-Хэд хоногийн турш догшрон шуугисан үерийн усанд, орвонгоороо булгаран;
-Урсгалын дагуу нам цохиулан унахдаа бас ч ул мөргүй алга болохгүйг мэрийсэн мэт;
-Нүцгэн шар үндсээ үерийн усны эсрэг сарвайлган сэрвийлгэсэн нь;
-Аймшигт хүчийг хориглон тогтоох гэж арга буюу алгаа сарвайлган хамгаалсан амьтан шиг хэн бүхний нүдэнд тусах ажээ.
Дээрх зургаан зүйлийн ухагдахууныг нэг өгүүлбэрт шингээгээд, түүгээрээ амьдралын төлөөх тэмцэл гэдэг чинь энэ юм гэсэн улаан шугамын гол санаагаа илэрхийлжээ. “Үер” туужийн үндсэн санаа ерөөсөө энэ юм. Цааш нь үхэтхийн унасан хөгшин моддын үндсийг үерийн ус ууртайгаар эрчлэн мөргөж улаан хөөс цахруулан шуугиж буйг дүрслээд “Их мөрний хөвөөнд үнэт эрдэнэ гээчихээд эрж яваа юм шиг урагш хойш тонголзон холхих нэгэн хүний хэлбэр төрхийг алсаас харахад, нар шингэх үеийн модны сүүдэр шиг тахир агаад нэн өндөр. Түүний нүцгэн хөлний ариухан урт шилбэ, голын эргээр загас жараахай шүүрдэн яваа хөх дэглийн мөч чацыг санагдуулна. Ойртон очвоос тэр өвгөний урагш ягжийсан хөх эрүү нь он удаан жил элэгдэж, усанд байн байн бамбайтлаа хөөж, наранд яхиршан хатаж хөв хөх болсон завины эрүүтэй нэн төстэй ажээ” /номын 7-8 дахь тал/ хэмээн залгуулж бичсэн байгаа юм.
Эхлээд он жилүүдийг элээж, амьдралын хатуу зөөлнийг эдэлсэн хөгшин буурал улиас хэд хоногийн турш догшрон шуугисан үерийн усанд орвонгоороо булгаран ер бусын хүчтэй үерийн урсгалд нам цохиулж унасан ч ул мөргүй алга болохгүйг хичээж нүцгэн шар үндсээ үерийн усны эсрэг сарвайлган сэрвийлгэж аймшигт хүчийг хориглон тогтоох гэж арга буюу алгаа сарвайлган хамгаалсан амьтан шиг харагдаж байв гэж зохиогч зурж дүрслээд, залгуулж туужийн гол баатар Дэнзэн өвгөний гадаад төрхийг наран сөрөг харснаар модны сүүдэр шиг тахир агаад нэн өндөр гэж тодотгоод, түүний нүцгэн хөлний ариухан урт шилбэ, голын эргээр загас жараахай шүүрдэн яваа хөх дэглийн мөч чацыг санагдуулна гэжээ. Ойртон очвоос тэр өвгөний урагш ягжийсан хөх эрүү нь он удаан жил элэгдэж, усанд байн байн бамбайтлаа хөөж, наранд яхишран хатаж хөв хөх болсон завины эрүүтэй нэн төстэй ажээ гэсэн байна.
Энэ хоёр гуравхан өгүүлбэрээс хэд хоногийн турш догшрон шуугисан үерийн усанд орвонгоороо булгаран унасан өвгөн буурал улиастай яг адилхан их мөрөн, их усыг бараадан нэг насаараа Сэлэнгэ мөрөнтэй хувь заяагаар холбогдсон, урагш ягжийсан хөх эрүү нь хүртэл он удаан жил элэгдэж, усанд бамбайж, наранд яхишран хатаж хөв хөх болсон завины эрүүтэй адил төстэй усчин өвгөн Дэнзэнгийн дүр уншигчдын өмнө тодрон товойн босч ирж байна. Зохиогч гол баатартаа зүрх сэтгэлээсээ хайрлан хандаж буй нь загас жараахай шүүрдэн яваа хөх дэглийн мөч чацыг санагдуулсан хэмээн адилтгасан усчны нүцгэн хөлийг “ариухан урт шилбэ” гэснээс мэдрэгдэнэ.
“Шил рүү нь унжсан тав гэзэгний шодон үзүүрийг даруулан сүлжсэн нарийн суран боолт нь гээгдсэн бололтой. Салхинд савигнан хийсэх буурал үс нь хавар цагийн хагд өвсийг санагдуулна... Үнээнд долоолгосон тугалын үс шиг усны долгионд илбүүлэн ханарсан ногоон зүлгэн дээр бурзайн хоцорсон хөөсийг нүцгэн хөлөөрөө ажигч үгүй гишгэлэхэд үерийн усны сэвсгэр хөөс, өвгөний ясархаг тавхайд наалдан замхарна...түүний янхигар цээжний хавирга сүврэг арьсныхаа цаана зуралзан хөдөлж, бүүр хэнхдэг цээжий нь халхлах юмгүй болоод ч тэрүү, нүд дальдрам атлаа нэн сүртэй ажээ. Энэ ханхар цээжийг одоо яг наран сөрөг харуулаад сайтар ажиглабал уушги зүрх нь арьсаа нэвт харагдаж мэдэхээр агаад аягүй бол тэр цээжинд ганц зүрх... тэгэхдээ аврага том зүрх ч, энэ үерийн ус шиг булгилж байгаа ч юм билүү, хэн мэдэх билээ. Өвгөний нүцгэн хэнхдэг дээр хэдгэнэ шумуул улайран суувч тэр дороо нисэн одохыг нь харахад арьсны цаадах ясанд хошуугаа булгалхаас болгоомжилсон болов уу гэлтэй” /номын 8-9 дэх тал/ хэмээн зохиогч туужийн гол баатраа дүрслэн зурж тодотгожээ.
Их мөрний тохойд цагийн уртыг илээж амьдралын хатуу зөөлнийг ханатлаа эдэлсэн өвгөн буурал улиас, их ус бараадаж насыг барсан ягжийсан хөх эрүүтэй, янхигар өргөн цээжтэй, арьсных нь цаана хавирга сүврэг нь нэвт зуралзан хөдөлсөн, хэдгэнэ шумуул улайран суувч хэдрэг ясанд нь хошуугаа булгалхаас болгоомжлон тэр дороо нисэн одох өвгөний дүрийг ийнхүү дүрслэн үзүүлснээр “Үер” тууж эхэлж байгаа юм. Туужийн эхлэл нь өөрөөр хэлбэл уншигчийг татах анхны алхам, түүний дүр дүрслэлд өөлөх юм алга. Яг утга зохиолын онол, практикт заасан ном дүрмийн дагуу үгээр өрж, өнгө будгаар тодотгон шаглаж урласан байна.
Усч өвгөн хуурай газар хэмжиж байгаа юм шиг усны гөвөлзөн хүрэнтэх толиог алдлан хэмжиж явна. Тэгээд усны гүнд зоосон шонгийн дэргэд хүрч очоод “гучин нэгэн алд” гэж амандаа бувтнаснаа “ганцхан алдаар зөрүүлчихэж” гэж арай гунигтайхан дуугарав. Хүн орчлонг хэмжих дуртай. Тэгэхдээ янз бүрээр хэмжинэ. Харин энэ өвгөний хувьд бол алдлан хэмжиж явна. Орчлон ч бас хүнийг хэмжих дуртай. Тэгэхдээ он жилээр хэмждэг нь нэг бодоход болхи бүдүүвтэр хэмжүүр гэлтэй. Орчлон энэ хүнийг жаран таван жилээр хэмжчихээд байгааг усч өвгөн ер анзаарахгүй зогсч байгаа нь энэ” /номын 9-10 дахь тал/ хэмээжээ.
Энэ үг өгүүлбэрүүд уншигчдын нүдийг соронздон татаж яахнав, яагаад тэр билээ хэмээн сонирхуулан хорхойсуулж ахиулан уншиж учир начрыг олох дур хүслийг оргилуулна. Өөрөөр хэлбэл зохиогч тэднийг хөтлөж үйл явдал руу дагуулан оруулж санасандаа хүрч чадаж байна гэсэн үг юм. Энэ бол үгийн мастерын ур чадварын тод илэрхийлэл. Эхлэл зөв тавигдаж үйл явдал аяндаа л бадран өрнөж байна.
-Дөчин жил усны эрэг сахисан гэхэд даанч дээ. Бас л болоогүй байгаа юм байна даа. Уг нь би гучин алд нэмсэн гэж итгэж байсан, гэтэл гучин нэгэн алд нэмэгдчихжээ. Нэг алдаар зөрүүлчихэж хэмээн өөрийгөө голж зогсоо Дэнзэн өвгөн;
-Тэртээ дээрээс нэг морьтой хүн усны хөвөө даган өөр рүү нь яаран давхиж айсуйг хараад “Энэ хүн зүгээр яваагүй дэгээ. Лав амьтан хүн осолдсон дог шүү” гэж сандран буй төрх байдал;
-Тэгтэл тэр хүн нь Дориг! Тэгээд өвгөнд “Дэнзэн гуай манай хоёр улаан авдар усанд урсчихжээ, голын хөвөө дагаж бараг өртөө газар давхилаа. Та хараагүй биз” гэж асуугаад “Би ус хэр зэрэг нэмснийг мэдэх санаатай” хэмээн өвгөнийг өчихөд “Муу зөнөг толгой чи, ус нэмэхийг ч үзэх гэж ирээгүй байхаа” гэж Дориг дотроо өвгөнийг хардаж байгаа;
-“Чи ч ер нь үерт автсан айлын авдар савны олзонд гэлдэрч яваагаас зайлахгүй дэгээ. Бас тэрнийгээ нуух санаатай. Хоёр улаан авдар гэнэ шүү. Хэзээ танайх тийм авдартай байлаа. Тэр жил чи бас л эд хөрөнгөний хойноос хорхойсч явж усанд живж үхэх дөхсөн. Чи ч намайг уржнин жил энд байгаагүй бол өдийд олз хайж явах нь байтугай, орчлонгийн тоос хөдөлгөхгүйгээр Сэлэнгэ ээжийн ёроолд живх байсан байхаа. Өөдгүй амьтан ноднин зун бүр зэвүү хүрч билээ. Доригийнх тогоо нэрж байсан мөртлөө намайг ороход балга сувс харамласан шүү гэж усчин Дэнзэн бодож байгаа;
-Тэгтэл тэдний майхны гадаа хоёр морьтон ирж бууж буй. Эхнэр нь жирэмсэн, сумын эмнэлэг бараадах санаатай яваа, Сэлэнгэ мөрөн үерлээд гарах гатлах аргагүй болчихоод байгаа;
-Эмгэн яаруулж өвгөн тэднийг гол гаргахаар шуударч буй, зам зуур тэр хоёр залуу хоёулаа оюутнууд, зуны амралтаараа ахындаа амрах гэж ирсэн. Нөхөр нь эмч, эхнэр нь багш мэргэжилтэй болох гэж байгаа, амрахаар ирсэн айл нь өнөөх Дориг болох;
-Үерлэсэн их голыг хэрхэн гатлан гаргаж байгаа дүрслэлт хэсгүүд;
-“Өвгөн гуай одоо ч горьгүй нь дээ гэтэл жирэмсэн бүсгүй дахин холбирон эргэж усан дунд бөхийсөн бургасны үзүүрээс шүүрэн бүх тэнхээгээрээ чангаахад завь дэр дороо хүрд шиг эргэлдэн далбилзан хөвөв. Үерийн усан дээр ув улаан тэргэл саран унаад ирсэн юм шиг тэр бүсгүйн царай зэс шиг улайн мэнчийсэн харагдав. Өвгөн Дэнзэн завиныхаа тэнцүүрийг алдахгүйг хичээн чамархайныхаа судсыг лугштал хоёр сэлүүрээ ягштал доош дарахад өвгөний гар бадайран чинэрч байв” /номын 31 дэх тал/;
-Дэнзэн өвгөний бодол, 40 жилийн өмнө Сэлэнгэ мөрний Бүдүүний тавиланд болж өнгөрсөн үйл явдал, залуу зандан насны дурсамжаар өгүүлсэн хэсгүүд;
Энэ бүгд бол туужийн өрнөл үйл явдал юм. Уншигчдыг шууд хөтлөн дагуулж байна. Хойш тавих аргагүй ажээ. Ганц гарц нь туужийг түргэхэн уншиж дуусгах. Өөр арга алга.
Одоо зохиогч үйл явдлыг хэрхэн туйлд нь хүргэн улам хурцалж өгснийг бүгдээрээ харцгаая.
-“За болохоо болилоо. Ус нь гарчихлаа гэж залуу шивэгнэв. Бүсгүйн аймшигт дуу үерийн усны шуугианд үл дарагдана. Өвгөн эргэж ч харсангүй. Оволзон хөвж яваа завиа хүчлэн сэлсээр... Нэг харсан өрөөсөн халбага нь зэлтрэн цуурсан байв...
Гэтэл өвгөний зүүн гарын шөрмөс татчих нь тэр. Одоо завиныхаа хоёр сэлүүрийг ганц гараараа ээлжлэн татаж, шөрмөс татсан гартаа уурсан шүдээ хавиран нулимтал хэдийнэ ганхаж байсан соёо нь булга үсрэн шүлстэй нь хамт үерийн усанд унав. Өвгөн Дэнзэн өрөөсөн гараараа сэлүүрдэж яваагаа хажуугийнхаа залууд мэдэгдэж сэтгэлийг нь зовоохоос болгоомжлов.
-Хүүхээ одоо ч ширүүн урсгалаас гарах дөхлөө дөө гэж хэлтэл ард нь нялх хүүхдийн часхийн орилох дуу өвгөний ясанд янгинатал хадав...
-Өвгөн гуай! Хүүхдийн хүй боочихмоор юм байна уу? гэх дуунаар цочин, эргэж харах гэснээ болиод завин доторх юу байдаг цөмийг эргэцүүлэн бодсоноо, дал мөр рүүгээ унжсан шодон буурал гэзэгнээсээ хуруундаа ороон гэнэт угзран татсанд өвдсөн ч үгүй зөвхөн шархийх чимээ гаран туг үс өвгөний гарт сулран ирэв. Өвгөн чичирсэн гараа мөрөн дээгүүрээ давуулан сарвайхад түүнийг авах шиг болох нь мэдэгдэв. Залуу хүүгийн хүйг боолоо. Боох боохдоо яг номын ёсоор боов. Үнэхээр ч залуу оюутанд өнгөрсөн жил эх барихын хичээлд багшаар заалгасан бүхэн нь тус болов...
Тэгээд залуу эцэг, шийдэмгийгээр хүй рүү тонгойв. Дараа нь хүүгээ цамцандаа боов. Одоо эхийн орилох дууны оронд нялх хүүгийн часхийх дуу чихэнд хадсаар... Өвгөн сая нэг эргэж харлаа... Өвгөн юуны өмнө нөгөө бүсгүйн царай руу харлаа. Зэс шиг улайсан царай нь шингэрэн ягаарсан харагдав” /номын 32-33 дахь тал/.
Үйл явдал өрнөж туйлдаа, бүр оргилдоо хүрч байгаа нь энэ. Аргагүй л дадлага туршлага зааж туйлд нь тултал өрнүүлж чаджээ. Энэ бол гоц гойд ур чадвартан, үгийн жинхэнэ мастер ид шидтэний хийдэг ажил. Хэр баргийн хүн чадахгүй. Авьяаслаг аавын хүү, эрдэмлэг ээжийн охин л ард нь гарч магадгүй. Барах ажил бараг биш.
-“За хүүхэд минь, одоо санасан хэрэг бүтлээ. Та нар түр хүлээж бай. Би тэр дэнж дээрх айлуудаас унаа хөсөг олоод ирье гээд үерийн усыг амар мэнд туулсандаа хүч зориг нэмэгдсэн бололтой, завинаасаа үсрэн бууж амьсгаадан хэд алхсанаа үерийн усанд орвонгоороо булгаран ойчих хөгшин улиас мэт намаг шавар дунд намсхийн унав.
Зуны нар ямар нэгэн юманд хоргодсон шиг аажуухан шингэн шингэсээр...баруун уулын цаад руу тонгойн сүүлчий нь туяа замхрахад бараан сүүдэр бууж, Сэлэнгэ мөрний үерийн хүрэн өнгийг тас харлуулав. Их мөрний догшин урсгал ч санаа алдах мэт намуухнаар гүвэлзэн долгиолж, үүл манан нэгэн их энгүй хөшиг лугаа адил Сэлэнгэ мөрний усыг нөмрөн хучиж, тунарсан үүлнээс хэдэн ширхэг бороо тов тов дуслав. Нялх үрээ элгэндээ тэвэрсэн залуу эцэг хөөрхий өвгөнийг сая харж, хүүгээ тэвэрсэн хэвээр завинаас үсрэн бууж өвгөний дэргэд харайлган хүрээд босгох гэж өрөөсөн гараараа өргөхөд нялх хүүхдийн час хийх дуу дахин хадав. Орчлон ертөнц түм буман жил эргэлдсэн хуучин замаараа тэнхлэгээ тойрон эргэсээр...” /номын 34 дэх тал/.
Дэмбээгийн Мягмар гэдэг уянгын туужийн нэрт мастер өөрийн “Үер” туужаа эдгээр үг, өгүүлбэрээр зангидан төгсгөжээ. Эл туужийн тайлал нь энэ.
Усчин өвгөн Дэнзэн үерийн усанд орвонгоороо булгаран ойчих хөгшин улиас мэт намаг шавар дунд намсхийн унаж байна. “Үер” туужийн эхлэл ба төгсгөл яг нэг цэг, нэг шугамд ингэж давхацжээ. Гэвч орчлон ертөнц түм буман жил эргэлдсэн хуучин замаараа тэнхлэгээ тойрон эргэлдсээр л байх ажгуу.
Уран зохиолын бүх төрөл, түүний дотор туужийг сонин эхлэлээр эхлүүлж, сонирхолтой өрнөлөөр үйл явдлыг өрж, содон туйлд хүргэн хурцалж, соронздон татсан хүчтэй тайллаар гайхалтай бөгөөд гайхамшигтайгаар шигтгэн урлаж төгсгөх ёстой. Эл сонгодог дүрмийг Дэмбээгийн Мягмар яс баримталсан нь энэ юм. Зохиомжийн энэхүү алтан зарчим зохиогчийн бусад уянгын туужуудаас ч тод мэдрэгдэж байгаа болно.
“Газар бид хоёр” ба “Тээрэмчин” туужаар нь жишээлж харьцуулан хэдэн үг хэлье. “Газар бид хоёр” тууж “Бор эсгийгээр эв хавгүй нэлмийтэл хучиж, хайш яйш барьсан хэдэн бор гэр бол сангийн аж ахуйн Нарангийн бригадын төв ажээ. Урагшаа өцийж, хойшоо нагжийтал суучихсан гэрүүдтэй, тэр хээрийн буудалд машин тракторын хүржгэнэн, мод төмөр харшин хангинах чимээ өдөр шөнөгүй нижигнэсээр бараг хоёр сарын нүүр үзэж байгаа нутаг билээ” /номын 35 дахь тал/ гэж эхэлж байгаа бол “Тээрэмчин” тууж нь охиныхоо үгийг сонсоод “Намайг тэр зүг ширтэн зогсож байхад жолооч маань замын хажуугаар ирвэгнэн хоржигнох Шувуутайн горхиноос радиоторынхоо буцалсан усыг сэлбэж хөргөөд, хөвөөн дээр нь ядарсан бололтой лагхийн сууж,
-Таны төрсөн нутаг ч ёстой диваажингийн орон юмаа гээд нялх амьтны сэвлэг үс шиг ногоон зүлгийг тос болсон гараараа зөөлнөөр илж, ингэхэд очих айл маань одоо хол уу гээд эвшээлгэлээ” /номын 77 дахь тал/ хэмээн эхлүүлжээ.
Урагшаа өцийж, хойшоо нагжийтал суучихсан гэрүүдтэй Нарангийн бригадын төв, нялх амьтны сэвлэг үс шиг ногоон зүлэг, замын хажуугаар ирвэгнэн хоржигнох Шувуутайн горхи аль аль нь дэлгэцнээ уран зураг адил тодрон дурайж нүдэнд өнгө ялгаран харагдаж байна. Энэ бол зохиолч Дэмбээгийн Мягмар уран бүтээлийнхээ эхлэл хэсэг, түүний дүр дүрслэлд торго нэхэх адил, тоосго өрж байшин барилга, гэрэлт цамхаг сүндэрлүүлэх адил туйлын нягт нямбайгаар ханддагийн тод илэрхийлэл юмаа. “Үер” туужийн жишээн дээр би зохиогчийн тууж бичлэгийн агуулга ба хэлбэр, зохиомж, хайрцаглал, дүр дүрслэл, ур чадварын онцлогийг дэлгэрэнгүйгээр дэлгэн үзүүлэх гэж оролдсон. Өөрийнхөө хэмжээнд задлан шинжилж, санаа бодлоо та бүхэнтэй хуваалцсан тул “Газар бид хоёр” ба “Тээрэмчин” туужийг давтан авч үзэх шаардлагагүй гэж бодож байна.
“Газар бид хоёр” туужид амьдралдаа алдаж онож, тэнцэж ядан тэмцэн зүтгэж яваа тракторч залуу Доржийн дүрийг зохиолч гаргахдаа, түүнийг энэ зиндаанд хүртэл өсч өндийхөд заяаны хань Дулмаа бүсгүйн гүйцэтгэсэн үүргийг учир шалтгааны нарийн холбоон дунд нь дүрслэн үзүүлжээ.
Газар шороондоо амь шигээ хайртай, зөөлөн сэтгэлт эерэг баатар Доржийн дүрийг сөрөг баатар Доригийн үйл хөдлөл, догшин хэрцгий ааш авир улам тодотгон товойлгож өгсөн нь тун сонирхолтой.
-“Чи миний бодол санааг огт ойлгохгүй юм. Би хар бага наснаасаа газар шороонд дуртай болчихсон юм. Зургаан настайгаасаа эхлэн хөөрхий муу аавыгаа даган, модон анжсаар газар хагалахад нь тусалж, анжисны ялаархсан шар тууж, өдөр шөнөгүй хоёр хөлөө саарьтан хагартал зүтгэдэг байлаа. Тэр цагаас... гэж ярих гэтэл Дориг миний үгийг элэглэн дооглож таслаад,
-За за битгий хээнцэр зан гаргаж гонгиноод бай. Чи намайг арай өөрийнхөө ярианд уярна гэж бодоогүй биз. Түүх намтаргүй хүн хаана байгаа юм бэ. Ярих юм бол надад ч гэсэн бий. Чинийхийг бодвол арай сонин байх. Чи сонсоно уу? гээд,
-Би хар багаасаа мөнгөнд дуртай болчихсон хүн. Анх мөнгө гэж хэлд орсон юм гэнэ билээ. Чи лав үнэмшихгүй байгаа биз. Аав минь надад хожим тэгж ярьдаг байсан юм.
Аав минь өдөр шөнөгүй мөрийтэй даалуу тоглоно, хожно ч гэж ёстой үзүүлээд өгнө дөө.
Мөнгө гэдэг чинь аавын түрийвч рүү ус шиг урсаад л байдагсан. Би одоо болтол нэг зүйлийг огт мартдаггүй юм. Намайг долоон настай байхад билүү дээ. “Аавыгаа даалуу тоглох үед, аав минь хожоосой. Энэ хүн хоосроосой” гэж амандаа шившлэг уншиж залбирч бай гэж зааж өгч билээ.
Түүнээс хойш би аавыгаа хэн нэг хүнтэй мөрийтэй тоглох үед нь торгон хөнжлөөс толгойгоо цухуйлгаж, амандаа шившлэг уншиж, залбирч хэвтдэг болсон юм. Тэгээд аав минь хожиж, мөрийгөө авсны дараа миний толгойг илж “Нялх амьтны аз хийморь гэж цаанаа л өөр юм. Аав нь хүүгийнхээ л аз хиймориор хожлоо” гээд надад өчнөөн төчнөөнөөр нь мөнгө өгдөгсөн. За ямар байна. Чинийхээс дутахгүй түүх байгаа биз. Би ингэж мөнгөнд дуртай болсон хүн дээ. Тэр цагаас хойш мөнгө гэдгээр ч тасарч үзэлгүй явсаар л энэ дээ гээд нүд нь гялалзлаа.
-Хүний хувь заяа өөр өөр юм чинь гэж хэлээд намайг бостол
-Чи юу гэлээ гэнээ. Бид хоёрын хувь заяа одоо юугаараа өөр байна вэ? Өөр нь чухам юундаа байна? Аль вэ чи хэлээд орхи гээд нүдээ жартайлган над руу дөхөж ирлээ. Би юу ч хэлсэнгүй. Гэтэл,
-Чиний хэл татчив уу? Чи тэгээд миний амьдралын замаас сэжиглэж байна уу? гээд давшилж ирэнгээ улаан нүүр рүү минь байдаг тэнхээгээрээ дэлсээд авлаа. Нүднээс гал бутрах шиг болсон авч би байрнаасаа огт хөдөлсөнгүй. Доригийн уур хилэн улам шатаж дахин чамархай руу минь буулгаад авлаа. Би дагтаршсан цасан дээр хальтирч хунгарт хөл алдан шургаж уналаа. “Ах нь хэн болохоо чамд аль эртнээс үзүүлье гэж бодож явсан юм. Одоо урдаас гөлөг шиг цор цор хийдгээ болиноо гайгүй” гээд ажил хийж ядарчихсан хүн шиг уухилан амьсгаадаж байхыг нь сонслоо. Элий балай хэвтсэнээ уртаар амьсгаа авч, газар тулан арай чамай өндийлөө. Цастай зууралдан хөлдсөн ногоон хөвд атгачихсанаа би сая мэдлээ.
Газар... газар...намайг эх хүн шиг зөөлөн өвөр дээрээ тосон авчээ. Хэрэв өндөр хадан хясаа руу, эсвэл цээлийн гүн ус руу цохиулж унасан бол би ингэж өндийн босож яахан чадах билээ. Газар минь чи хэрэв орчлонд байхгүй байсан бол ер нь амьдрал гэж энэ дэлхийд юу байх билээ дээ гэж бодоход сэтгэл уужрах шиг боллоо. Дориг хэдийнээ явчихсан байв.
Шартсан архичин аяга пивоор шараа тайлдаг шиг, уур хилэнгийнхээ шарыг надаар тайлж сэтгэл нь амарсан бизээ” /номын 49-51 дэх тал/ гэх зэргээр зохиогч туужийнхаа эерэг ба сөрөг баатрыг эсрэгцүүлэн сөргөлцүүлж, зөрчилдүүлэн тэмцэлдүүлэх хэлбэрээр дүрслэн үзүүлсэн байгаа юм. Та бидний өмнө гал, ус шиг харшилдаж тэрсэлдсэн тэнгэр, газар адил ялгаатай хоёр өөр дүр амилан босч ирж байна. Энэ бол зохиолчийн том ур чадвар юм.
“Дорно зүгийн гүн тэнгэрийн хаяанаас улбар туяа татаж үүр цайж, алсын бараа тодров. Нарангийн энгэрт чогчиго шулганан жиргэлээ.
Миний бодол ч үүрийн гэгээнд хөөгдөн замхрав. Би эргэн тойрноо харлаа. Өчигдөр орой анхныхаа тойргийг хагалж байсан Нарангийн энгэрийн атаржсан хөрснөөс өчүүхэн зурвас газар үлджээ.
Намайг одоо хоёр тойроход энэ газар алтан тариа халиурах шимт хөрс болно. Атар гэдэг чинь үнэндээ энгэр зөрүүлж үзээгүй жавхаалаг жаахан бүсгүй юмуу даа. Үнэхээр чи эх мөн. Чийглэг хөрсөнд үр соёолохыг харахад, чи бие жирэмсэн эх хүний намбыг олдог билээ. Тэгээд мөнгөлөг сортой тариагаа намрын хонгор салхинд сагсалзуулах үедээ алтан нарыг ширтэн эх хүний баярын мишээлтээр мишээх шиг надад санагддаг. Тэгэхэд би ч чамтай хамт баясан инээдэг шүү дээ гэж сэтгэл хөөрөн бодлоо.
Хагалж дуусаж яваа энэ газар, миний амьдралтай үнэхээр төстэй ч юм шиг санагдав. Дөрвөн жилийн өмнө Нарангийн энгэр омголон атар байж билээ. Тэгээд ургац муухан өгсөөр хүч сэлбэн дахин атаршжээ. Энэ жил улам ч их ургац өгнө. Би ч гэсэндээ дөрвөн жилийн өмнө мөн л атар газар шиг омголон амьтан явлаа. Амьдрал гэдгийг санаснаар бүтчих өндөг шиг өөгүй юм гэж бодож явж, гэвч би амьдралын шалгуурыг давж яваа хүн. Хойшид ч давах болно. Би бүтэн гурван жил зүтгэж байж одоо л нэг санасандаа хүрч явна шүү дээ. Гэтэл дөрвөн жилийн өмнө би юу гэж санаж явлаа. Энэ бүгдийг ганцхан хавар цөмийг бүтээчих юм шиг бодож явж, үнэхээр томоогүй хүүхдийн бодлоо доо гэж санаад инээмсэглэв. Гэтэл нөгөө хагарсан уруул минь хөндөгдөн хорсов. Шөнө жихүүцэхдээ өмссөн богино дээлнийхээ халаасыг тэмтэртэл өчигдөр олоогүй уруулынхаа будгийг оллоо. Тэгээд бүхээгнийхээ толинд нүүрээ харах гэтэл Дулмаагийн минь зураг өмнөөс харан “Дорж минь наад нүүр царайгаа хараач, чи минь ядарч шүү” гээд инээмсэглэх шиг боллоо. Би хайрт гэргийнхээ өгсөн будгийг уруулдаа түрхэв.
Өглөөний нар урд шөнийн минь хагалсан газрыг сонирхох гэсэн шиг уулын дээгүүр дээш хөөрлөө. Би трактороо зогсоогоод бүхээг дээрээ үсрэн гарч ургах нарыг удаанаар ширтлээ. Гэтэл яагаад ч юм бэ, нөгөө Дориг гэнэт санаанд оров. Тэр үнэхээр ургахын ийм улаан нарыг ингэж мандахыг хараагүй юм шиг санагдав. Хэрэв Дориг одоо дэргэд минь байгаа бол түүнд “Чи энэ нарыг хараач! Нар мандана гэдэг чинь ийм л байдаг юм шүү дээ. Бас манай сангийн аж ахуйнхны хагалсан, нүд алдам хүрэн зоот талыг хараач! Энэ бүхэн миний хүсэн тэмүүлж явсан амьдрал биш гэж үү” гэж уул талыг цуурайттал бүх тэнхээгээрээ хашгирмаар санагдлаа /номын 74-75 дахь тал/ гэсэн үг өгүүлбэрээр зохиогч “Газар бид хоёр” туужаа төгсгөжээ. Энэ бол 1965 онд бичсэн тууж.
Одоо “Тээрэмчин” туужийн талаар хоёр гурван үг хэлье. “Тээрэмчин” туужид Дэлхийн II дайны сүүдэр Монгол орныг нөмөрч монголын ард түмэн, хүн ардад түмэн гаслан, мянган зовлон авчирсныг тээрэмчин хүү Шагдар, тээрмийн эцэнхий хар морь хийгээд тэндхийн айл амьтны гэрийн бүрээс, будаа тариахан хадгалдаг хэдэн муу навтгар шавар байшинг харж сахиж байдаг ухаантай Долгор эмгэн, түүний 17 настай Жанжаа охин нарын дүрээр нээн үзүүлжээ. Дайны сэдэвт манай цөөхөн шилдэг зохиолын нэг юм. Шагдар тэр хавийн бүх айлын хэрэгцээт буудайг тээрэмдэн гурилаар хангахын тулд хоёр гуяа хөндүүрэлтэл гурилын шигшүүр талхиж, туранхай хар морь нь толгойгоо эргэтэл шөнөжин тээрэмд зүтгэнэ.
Хүн бүр түүнийг гуйна. “Сумын бага сургуулийн захирал манайд ирж, сургуулийн хүүхэд идэх гурилгүй болсныг, бас сумын захиргаанаас энэ тээрмээр гурил татах зөвшөөрөл өгсөн тухай ярьж “Шагдар минь, чамаас өөр гуйчихаар хүн манай багт алга. Одоо хүүхдүүд үсэлсэн арвайн шөл л ууж байна. Чи л бидэнд хэдэн шуудай гурил татаж тус болохгүй бол тун горьгүй нь дээ, үнэ өртгийг нь бид бэлэн өгнө шүү” гэхэд би хоол ундгүй болсон бяцхан хүүхдүүдийг өрөвдөж үнэ өртөг гэж сүйд болоод ч яах вэ, хожим та нөхдөөс гуйх юм зөндөө л гарна. Харин надад тээрэмд ордог ганц морь олж өгөөрэй. Миний морь ганцаараа дийлэхгүй байх. Маргаашаас эхлэн гурилыг чинь татаж өгье дөө” /номын 101 дэх тал/ гэлээ гэж Шагдар хэлж байна.
Хонгил шиг хүйтэн тээрмийн байшинд “Чш гэж чимээ өгмөгц хар морь, тээрмийн дүгрэг дүгрэг чулууг харшуулан эргүүлж, хад хайрга нь ил гартлаа ховилтон элэгдсэн, эх ч үгүй төгсгөл ч үгүй, тээрэм тойрсон нарийн жимээр гэлдэрч эхэллээ. Хад чулуу цухуйсан хатуу хөрсий нь зөөллөж тэгшлэх санаатай асгасан шороо маань морины хөлд тарж, хар морь минь хатуу чулуунд туурайгаа салбартал элээж, бүдчин гэлдэрсээр байв. Дэнгийн үелзэн сүүмэлзэх гэрэлд тээрмийн чулуу үерийн ус шиг асгарах улаан буудайг харахад... дайны тухай бодол төрнө” хэмээн зохиогч бичжээ. “Энх тунх цаг ирж, үр хүүхэд маань хэзээ нэг сэтгэл амарна даа. Шамбалын дайн гэдэг ч яггүй юм гэнэ билээ” хэмээн Долгор эмгэн санаа алдана гэх зэргээр зохиогч цааш нь үргэлжлүүлжээ.
Их дайны сүүдэрт нэрвэгдэн зовж зүдрэвч ижилдэн дассан Шагдар, Жанжаа хоёр дэр нэгтгэн гал голомтоо бадрааж, энэ хооронд бас сумын захиргаанаас эр хүйстэй бүхнийг дайчлан цуглуулж хагас сараар дайн байлдааны бэлтгэл сургууль хийж байна. Жанжаа бүсгүйд сэмхэн санаархаж явсан баян айлын хүү Дондог тулалдааны бэлтгэл сургуулилтыг далимдуулан Шагдар руу довтлон хүнд хусан сэлмээрээ хүзүүн дундуур нь тас буулгаж баруун мөрийг нь хүнд гэмтээж бэртээнэ. Бэртэл нь насан туршийнх болж сорвилон үлдэнэ. Энэ хооронд хадам эх Долгор насан өөд болж, Шагдар, Жанжаа хоёр үр хүүхэдтэй болж хөөрхөн охин төрүүлсэн ч төрөлтийн хүндрэлээс эх нь нас барж, хувь заяаны тавилангаар Шагдар “Өлгийтэй нялх амьтны эх нь, эцэг нь, эмэг эх нь болж” гав ганцаархнаа хоцорч байна. Охиноо өсгөж хүн болгохын тулд Шагдар хамгийн түрүүнд үнээ сааж сурч, бас оёдол хийдэг болж, улмаар арьс нэхий элдэн амь зогоож “Охин минь! Чи наддаа огторгуйн наран, байгалийн хавар, чи миний зүрх сэтгэл, чи миний амьдрал жаргалан” /номын 109 дэх тал/ хэмээн зүтгэж хөл дээр нь босгож хүн болгож байгаа тухай “Тээрэмчин” туужид өгүүлжээ.
“Ганцхан хүсэл минь ертөнцөд дайн дажингүй л байгаасай билээ. Би дайнд гар биеэрээ оролцоогүй ч гэлээ гэсэн дайны жилүүдэд амьдарч үзсэн хүн” /номын 112 дахь тал/ гэсэн хоёрхон өгүүлбэрээр шигтгэж зохиогч уянгын туужаа төгсгөжээ.
Дэмбээгийн Мягмарын “Үер”, “Газар бид хоёр”, “Тээрэмчин” хэмээх уянгын гурван туужийн зохиомж, баатруудын дүр дүрслэл, өсөлт хөгжилт, зохиолын ур чадварын тухай товчхон өгүүлэхэд ийм байна. Үйл явдал нь өөр өөр боловч зохиомж хайрцаглал нь, өөрөөр хэлбэл зохиолын эхлэл, өрнөл, туйл, тайлал нь адил төстэй. Орон зай, цаг хугацаа, хэмжээ багтаамжаараа ч ойролцоо. Ер нь өнгөрсөн зууны жар, дал, наяад оны монгол туужийн ерөнхий дүр зураг иймэрхүү аж. Гэхдээ бусдаас ялгарах онцлог бас байнаа. Зөвхөн Дэмбээгийн Мягмарын уянгын туужуудад л ажиглагдаж байгаа, өөр бусад зохиолчийн бүтээлд тэр бүр мэдрэгддэггүй бичлэгийн өвөрмөц хэлбэр мөн байгааг дээрх гурван туужийн жишээн дээр товч өгүүлбэл:
-“Үер” туужийн сөрөг талын гол баатрын нэр Дориг гэж байгаа бол “Газар бид хоёр” туужийн муу талын гол баатрын нэр нь мөн л Дориг юм. Дориг гэдэг энэ нэр Дэмбээгийн Мягмар зохиолчийн хувьд муу муухайн төлөөлөл, түүний төвлөрсөн илэрхийлэл мөн бололтой. Мөн “Тээрэмчин” туужийн сөрөг талын гол баатар нь баян айлын хүү Дондог юм. Тэр Доржийн мөрийг бэртээж гэмтээсэн гол буруутан. Туужийн төгсгөлд машин нь эзгүй хээр хөдөө хоёр хоног шаварт суугаад ядарч зүдэрч байхад нь гурилын үйлдвэрийн мастер Шагдар тааралдаж тусална. Дондог түүний татанхай гар руу харж сэтгэл нь эвгүйцэн царай нь хувьсан барайж байдаг. Гэтэл “Тээрэмчний охин” туужийн гол баатар Нэргүйг буруу замд уруу татагчийн нэр бас Дондог. Тэгэх тэгэхдээ “Тээрэмчин” туужийн гол баатар Шагдартай яг адилхан өнчирсөн нялх хүүхэдтэй. Ингэхлээр Дориг дээр Дондог гэдэг нэрийг бас нэмэх хэрэгтэй болж байгаа юм.
“Газар бид хоёр” туужийн гол баатар Доржийн эхнэр Дулмаа гэдэг нэрээр гарч байгаа бол “Тээрэмчин” туужийн гол баатар Шагдарын охин Нэргүй “Тээрэмчний охин” туужид төл бойжуулахаар малчин Пүрэвийнд очиж эхнэр Дулмаатай нь ойртон ханьсах агаад сүүлд Дулмаа эмгэн сумын төвд очиж байцаагчтай тас зөрөлдөн Нэргүйг хамгаалан өмгөөлж буйгаар дүрсэлжээ. Дулмаа гэдэг нэрээр гол төлөв эмэгтэй хүний эерэг талын баатрыг төлөөлүүлж гаргасан нь сонирхолтой юм. Дорж нэртэй баатар “Газар бид хоёр” ба “Тээрэмчний охин” туужийн нь аль алинд нь тааралдана.
-“Тээрэмчин” тууж том, бага 15 хэсгээс бүрджээ. Уншигч танд туужийн 13 дахь хэсгийг бүрэн эхээр нь сонирхуулъя. Зохиогч түүндээ:
“Охин маань хоёр ойноосоо өнгөрч хүний хэл мэддэг боллоо. Харин айл аймгийн хүмүүс заримдаа охины минь өхөөрдөн “Чиний аав хэн бэ? гэхэд охин маань намайг заана. Чиний ээж хэн бэ гэхэд бас л намайг зааж амьтныг инээлгэдэгсэн. Би охиныхоо шулганах дультраа хэл, над руу заах могжгор хурууг нь хараад элэг эмтэрдэг байж билээ” /номын 108 дахь тал/ хэмээжээ. Тус бүр нь 7-14 хүртэлх үгтэй дөрөвхөн өгүүлбэр байна. Ийм зохиомжтой та урд өмнө нь тааралдаж байсан уу, би бол үгүй юм байна. Бүхэл бүтэн тууж, романы бие даасан нэг хэсэг гэдэг чинь юу билээ, яаж бид бичдэг билээ гээд бодоход тун сонин.
Тэгсэн атлаа “Би охиныхоо шулганах дультраа хэл, над руу заах могжгор хурууг нь хараад элэг эмтэрдэг байж билээ” гэсэн сүүлчийн ганц өгүүлбэр зүрх зүсэх шиг болгож байгаа юм. Хамгийн том санааг хамгийн товчоор илэрхийлэн гаргаж чадсан байнам бусуу. Яах ч аргагүй Дэмбээгийн Мягмар зохиолчийн ялгарах нэг онцлог энэ мөн.
-“Газар бид хоёр” туужаас бас нэг сонирхолтой баримт олж үзэв. Түүнийг эрхэм хүндэт уншигч танд мөн бүрэн эхээр нь сонирхуулъя. “Эрхэм хүндэт уншигчид аа! Зохиолын маань баатрууд алсад цэнхэрлэх зэрэглээт талыг ширтэн нэгийг бодон яваа энэхэн завшааныг ашиглан өчүүхэн зүйлийг тайлбарламаар санагдлаа. Хүний сэтгэл баясахын туйлд хүрсэн үед, ээрүү хүн байтугай огт хэлгүй хүн, хэл орж болдог тухай нэг номонд жишээ татаж бичсэнийг уншсан юм. Сэтгэл бодлын туйлын тайвшрал, хүний хэл яриатай холбоотой байдаг болохоор ийм тохиолдол байж болдог ажээ. Харин үүнийг зохиолын маань баатар Дорж ч гэсэн, одоогоор хэн гэдэг нэртэй нь мэдэгдэхгүй яваа турьхан охин ч ерөөсөө мэдэхгүй гайхаж яваа бололтой. Яах вэ, зохиолын маань баатрууд гайхвал гайхаг. Харин тэр охин сэтгэлийнхээ дээд туйлд хүртэл баярлан баясаж яваагаа өөрөө ойлгож байгаа болохоор бүх юм гүйцэх нь тэр. За ингээд зохиолын маань баатрууд яриагаа үргэлжлүүлж санал бодлоо солилцог доо” /номын 69-70 дахь тал/ гэжээ.
Эхлээд би нүдэндээ ч итгээгүй, энэ хэсгийг уншаад. Туужийн зохиогч уншигч тантай, надтай шууд ярилцаад эхэлж байгаа юм. Намайг худлаа юм бичлээ, байж болшгүй зүйл хэллээ гэж битгий бодоорой. Ийм юм, тийм тохиолдол амьдралд байдаг гэнэ шүү. Битгий гайхаарай гэж ятгаж байна. Ингэж хэлчихээд “За ингээд зохиолын маань баатрууд яриагаа үргэлжлүүлж санал бодлоо солилцог доо” гээд өгүүлэмжээ цааш нь үргэлжлүүлжээ.
Яг энэ хэсэгт уран зохиолын өрнөл зохиомж биш, харин нийтлэлийн хэл хэллэг, бүр тодруулбал шинжлэх ухааны үндэслэлтэй байж болох тайлбарлал ороод ирж байгаа юм. Тэглээ гээд туужийн амт шимт огт суларсангүй. Харин ч улам сонирхолтой болгосон ч юм шиг. Жүжгийн зохиолын нэг хэсгийг үзэж хамтдаа хөөрөлдөж байгаа ч юм шиг сэтгэгдэл төрөхөөр байгаа юм. Яах ч аргагүй Дэмбээгийн Мягмар гэдэг зохиолчийн бусдаас ялгарах бичлэгийн нэг онцлог энэ мөн байна.
х х х
Энэ хүний бүтээж туурвиж монголын утга зохиолд үлдээсэн “Үер”, “Газар бид хоёр”, “Тээрэмчин” уянгын туужуудыг ахин дахин уншиж эргэцүүлэн шинжилж үзэхэд зохиогч нь:
-Жигтэйхэн ажигч гярхай, амьдралыг ажиглан шинжигч,
-Жижиг зүйлээс их том санааг ургуулж урладаг,
-Жирийн хүмүүсийн үнэн амьдралыг тод томруун дүрслэн үзүүлэхийг /усчин, тракторч, тээрэмчин, малчин гэх зэрэг чухалчлан/ чухалчлан эрмэлздэг,
-Их боддог, бодож бодож “За одоо боллоо” гэсэн хойноо бичиж эхэлдэг,
-Сэдвийн зохиомж, хайрцаглал, үгийн сонголтод онцгой гойд анхаардаг, хөлс дуслуулж хөдөлмөрлөдөг болох нь мэдрэгдэж байна
Манай өмнөх үеийн зохиолчид ерөнхийдөө иймэрхүү арга барилтай байсан бололтой. Залгамж залуу үеийнхэндээ ч ийм шаардлага тавьдаг байж. Тэрхүү шалгуураар нь орж шүүсээ шахуулан шүүрдүүлж явсан хүний нэг нь би өөрөө байгаа юм. 1978 онд Монголын Зохиолчдын Эвлэл хэмээх уран бүтээлчдийн их гэр бүлд гишүүнээр элсэн орж жагсаалын цэрэг болоход минь “Энэ залуу хөвгүүн ирээдүйд зохиолч болж чадна” гэж батлан даалт гаргаж, гарын үсэг зурсан хоёр зохиолчийн нэг нь Дэмбээгийн Мягмар билээ. Нөгөө нь Жамбын Дашдондог.
Мэндэлснийх нь түүхт 90 жилийн ой тохиож буй энэ торгон мөчид “Таны тэр гүн итгэл найдварыг алдахгүйгээр батлан харуулахыг хичээсээр яваа шүү” гэж Д.Мягмар зохиолчид хэлэхийг хүсч байна. Шидэт үгийн шилдэг мастер Дэмбээгийн Мягмар, өчүүхэн бичгийн хүн Тугалхүүгийн Баасансүрэн бид хоёр хоёулаа Дорнын их зохиолч Донровын Намдагийн гарын шавь нар нь юмаа.
Үнэлэлт дүгнэлт:
1. Дэмбээгийн Мягмарт “Тээрэмчний охин”, “Үер” тууж бичсэний учир Монголын Зохиолчдын Эвлэл 1966 онд нэрэмжит шагналаа олгожээ. Уран бүтээлийн эвлэлийнх нь үнэлгээ энэ.
2. 1973 онд Дэмбээгийн Мягмар “Цомирлогоо нээсэн цэцэг” туужаараа Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит шагнал авсан байна. БНМАУ-ын Засгийн газар ингэж үнэлжээ.
3. “Үер”, “Газар бид хоёр”, “Тээрэмчин” шилдэг туужууд туурвисных нь төлөө 1983 онд түүнд БНМАУ-ын Төрийн шагнал хүртээжээ. Энэ бол Монголын төр, монголын ард түмний хамгийн өндөр дээд үнэлэлт юм.
Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, манай хүүрнэл зохиолын нэрд гарсан том төлөөлөгч Дэмбээгийн Мягмар өөрийн уянгын туужуудаараа монголын утга зохиолын тууж бичлэгийн төрлийг баяжуулж, түүний цаашдын хөгжилд хүчтэй түлхэц үзүүлж чадсан байна. Энэ бол маш тод мөр, том гавьяа мөн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 65 (7050)