Б.ОД
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 98 хувь нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаардаг. 1995-2009 онд нийт 600 гаруй сулавтар хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Үүний зэрэгцээ нийслэлд 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөхөд төвийн зургаан дүүргийн барилга байгууламжийн нурах магадлал, хохирлын хэмжээ 22-48 хувьтай, гэр хороололд 81 хувьтай хэмээн тооцоолсон нь бий. Тиймээс газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах хүрээнд барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Арга хэмжээнд барилгын салбарын эрдэмтэн судлаач, инженер, зураг төсөл зохиогч, барилгын материал үйлдвэрлэгч зэрэг мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ, төслийн нэгж, төрийн холбогдох байгууллага гэсэн нийт 70 гаруй байгууллагын 220 гаруй төлөөлөл оролцсон юм.
Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нээж үг хэллээ. Тэрбээр “Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн зургаан хагарал, хотын төвд нэг хагарал байгаа нь тогтоогдсон. Тэгэхээр үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц аюул учрах магадлал өндөр байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт нийт 335105 барилга байгууламж байна. Эдгээр барилгын чанар стандартын шаардлага хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хандан 2021-2022 онд иргэдээс ирүүлсэн нийт гомдлын 75 хувь нь барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, барилгын норм дүрэм зөрчиж буйг шалгуулах, барилга байгууламжийн зориулалтыг хянуулах, барилга байгууламжийн ажлыг зогсоох тухай байсан. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг чанд мөрдөөгүйгээс барилгын ажлын угсралт, улсын комисст хүлээн авах хүртэлх бүх үе шатанд хууль, журам, норм дүрэм зөрчигдсөөр байна. Тиймээс эдгээр тулгамдсан асуудлыг хэлэлцэх, шийдэл олоход бүх талын оролцоог хангахаар энэ зөвлөгөөнийг зохион байгуулж байна” гэсэн юм. Түүнчлэн иргэн, хуулийн этгээдэд шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулахад хээрийн судалгаа хийдэггүй, гэрээний үүргийн биелэлтийг дүгнэдэггүй, баталгаажуулсан талбайн хэмжээгээр газрыг ашиглаж байгаа, эсэхэд хяналт тавьдаггүй олон асуудал тулгамдаж байгааг Хотын дарга онцолж байлаа. Тухайлбал, голын сав, усны эх үүсвэр, дулааны цахилгаан станц болон инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас, нийтийн эзэмшлийн зам, талбайд хууль зөрчин газар олгох явдал цөөнгүй гарсныг тэрбээр тэмдэглэсэн.
Тулгамдаж буй асуудлууд
Барилгын чанар, аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, гарц шийдлүүдийн талаар салбарын төлөөлөл, судлаач мэргэжилтнүүд хэлэлцлээ.
Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр Турк улсад болсон газар хөдлөлтийн үеэр эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон туршлагаас хуваалцсан юм. Тэрбээр “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах хүрээнд тавдугаар сарын 24-26-нд Монгол Улсад үндэсний хэмжээний сургуулилт зохион байгуулна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайд, НЗДТГ, Онцгой байдлын ерөнхий газар хамтран анх удаа зохион байгуулах энэ арга хэмжээний үеэр газар хүчтэй хөдөлсөн үед бид ямар арга хэмжээ авах вэ гэдэг асуудлыг хөндөх юм. Одоогийн нөхцөл байдлаас харахад, жишээлбэл I хороололд есөн давхар барилга нурахад аврах ажиллагаа зохион байгуулж дийлэхгүй байж мэднэ. Тиймээс гамшгийн үед олон улсын тусламжийг хэрхэн авах, ямар байдлаар ажиллах вэ, хүн хүчний нөөц байна уу зэрэг олон асуудлыг ярилцан, төлөвлөгөө гаргах юм” гэв.
Мөн Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор С.Батсайхан “Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Тэрээр “Сүүлийн 10-15 жилд Улаанбаатар хотод барьсан барилгуудын ихэнх нь ууланд байна. Гадаргуугийн налуу 15 градусаас хэтэрсэн тохиолдолд хүчтэй газар хөдлөлтийн үеэр барилгад ирэх цохилт хоёр дахин нэмэгддэг. 2013 онд Улаанбаатар хотод хийсэн эрсдэлийн үнэлгээгээр газар хөдлөлт болбол төвлөрсөн орон сууцны 11 хувь, хувийн орон сууцны 33 хувь нурж, хотын төвд 7552 хүн, гэр хороололд 38 мянган хүн амь үрэгдэх эрсдэлтэй гэж гарсан. Гэхдээ энэ тоо сүүлийн арван жилд өөрчлөгдсөн байх. Учир нь нийслэлд 1950-иад онд барьсан барилгуудыг нурааж, шинээр барьж эхэлсэн. Үүнд эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгууд багтаж буй. Сургуулийн анги дүүргэлт, даац хэтэрсэн тул энэ нь газар хөдлөлтийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм. Мөн гэр хороололд мэргэжлийн бус хүмүүс барьсан 3-5 давхар байшин их болсон нь эрсдэлийг мөн ихэсгэнэ” гэсэн юм.
Тиймээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хөрсний хурдатгал бичигч станцын сүлжээг өргөтгөх, хот орчмын газар хөдлөлтийг бүртгэх, станцын тоог нэмэгдүүлэх, Эмээлт, Хустай, Гүнж, Авдар уул, Шархай, Мөнгөнморьт болон хот орчмын газар хөдлөлтийн голомтууд дээр нарийвчилсан судалгаа эхлүүлэх шаардлагатай гэж үзэж буйгаа тэрбээр илэрхийлсэн.
Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, чанар аюулгүй байдлын талаар Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг мэдээлэл өглөө. Манай улс барилгын материалын 37 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг ханган нийлүүлэлт, цаашлаад үнэ ханшид тээвэрлэлттэй холбоотой асуудлууд тулгардгийг онцолсон. Тэрбээр “Цаашид бид дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлбэл барилгын материалын үнэ тогтворжих, ханган нийлүүлэлт нэмэгдэх, улмаар чанарт нь тавих хяналт сайжрах зэрэг олон давуу тал бий болно. Ерөөс барилгын материалын чанарын хяналтыг сайжруулах, үүнд бүх талаас анхаарч ажиллах шаардлагатай” гэлээ.
Зөвлөгөөнөөр барилга байгууламжийн зураг төсөл, зохиогчийн хяналт сэдвийг хөндлөө. “Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, “Эдшил” ХХК-ийн дэд захирал Г.Алдарсайхан “Барилга чанартай байна уу, үгүй юү гэдэг нь хяналт хэр байсан бэ гэдгээс хамаарна. Монгол Улсын хувьд аливаа барилгад дөрвөн төрлийн хяналтыг хэрэгжүүлж ажилладаг. Зохиогчийн хяналтын хувьд түгээмэл гардаг хэд хэдэн хүндрэл бий. Жишээлбэл, барилгын ажил эхэлсэн эсвэл эхлэх хугацаа тодорхойгүй байдаг. Тэгэхээр зохиогч барилгын ажлын явцад хяналт тавих боломжгүй болно. Мөн захиалагч өөрөө гүйцэтгэгч болчихдог.Үүнээс шалтгаалаад хяналтын тогтолцоо алдагддаг. Мөн зохиогчийн өгсөн зөвлөмж, тавьсан шаардлагыг үл хэрэгсэх, улмаар зохиогчийн шийдвэрийг дур мэдэн өөрчилдөг явдал олон гарч байна. Захиалагчийн шийдвэр эцсийнх үү, зохиогчийн шийдвэр эцсийнх үү гэдэг нь хууль эрх зүйн хувьд тодорхойгүй” гэж тулгамдсан асуудлуудыг онцолж байлаа.
Мөн энэ үеэр Монголын барилгын Инженерүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч, Монгол Улсын зөвлөх инженер, доктор Э.Ганзориг “Турк Улсад болсон газар хөдлөлтийн урьдчилсан тайлан, сургамж” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Өнгөрсөн хоёрдугаар сард Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон барилга байшин сүйдэж, хүний амь эрсэдсэн. Энэ гамшгийн үеэр учирсан хохирол, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар тэрбээр “Энэ үеэр хуучны барилгууд олноор нурсан, үүнээс болж олон хүн бэртэж гэмтсэн, амь насаа алдсан. Нөгөө талаас хот төлөвлөлт муу, төлөвлөлтийн хэрэгжилт сул байсан нь гамшгийн үеэр их хохирол учрах шалтгаан болсон. Газар хөдлөлтөд өртсөн барилгуудын цөөнгүй гөлгөр гадартай арматур ашиглан барьсан, бетонийн чанар муу байсан нь ч нөлөөлсөн” гэв.
Барилгын чанар, аюулгүй байдлыг сайжруулах хүрээнд хийх ажлуудыг тодорхойллоо
Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, салбарын хяналтын тогтолцоо, хууль, эрх зүйн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Мэргэжлийн байгууллагуудын танилцуулга, мэдээлэл, оролцогчдын санал хүсэлтийг зөвлөгөөний төгсгөлд нэгтгэж, дүгнэлт гаргасныг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулсан.
Хэлэлцүүлэгт оролцогчдоос ирсэн саналуудын 60 гаруй хувь нь шат шатны хяналтыг сайжруулж, хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр, мөн барилга барих зөвшөөрөл олгох, комисс хүлээн авах үйл ажиллагааг нээлттэй болгож, мэргэжлийн аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтарч ажиллах чиглэлээр давхардсан байна.
Дүгнэлтийг хууль, эрх зүйн шинэчлэл хийх, хяналт шалгалт хийж хариуцлагыг дээшлүүлэх, зохион байгуулах гэсэн гурван хүрээнд гаргасан юм.
Хууль эрх зүй шинэчлэлийн хүрээнд:
• Барилгын чанар, аюулгүй байдал, стандартыг хангуулахад чиглэсэн хуулиас эхлээд стандарт, норм, дүрэм, журмуудыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх.
• Барилгын материал импортлогч, ханган нийлүүлэгчийн чиг үүрэг, хүлээх хариуцлага, тавих хяналтын тогтолцоог сайжруулах. Улсын хилээр заавал тохирлын баталгаанд хамрагдсан бараа бүтээгдэхүүнийг импортолдог болох.
• Барилгын аюулгүй байдлыг барилгын чанараар хангахын тулд бүх үе шатанд төрөөс хяналт тавих үйл ажиллагааны нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгох.
• Шинээр баригдаад ашиглалтад оруулах боломжгүй барилга байгууламжийг ашиглалтад огт хүлээн авахгүйгээр албадан буулгах, орон сууцны барилгад иргэдээс хөрөнгө төвлөрүүлэхээс сэргийлж олон нийтэд мэдээлж, олон нийтийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг бий болгох.
•Хууль зөрчдөг, ажил цалгардуулдаг, төрийн албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал бий болгодог, хувийн ашиг сонирхлын зөрчил үүсгэн хуулийн хариуцлага хүлээлгүй ажлаас халагдаад өнгөрдөг байдлыг таслан зогсоож, ажлаас халагдсан ч нөхөн хариуцлага хүлээлгэдэг болгох.
• Төрийн хяналтын үйл ажиллагааг чанартай болгохын тулд гарсан хохирлыг санхүүгийн болон эрх зүйн хувьд дааж чадахуйц хөндлөнгийн хяналт хийх тогтолцоог бүрдүүлэх.
• Барилга байгууламжийг хүчитгэх, бэхэлгээ хийх харилцаанд оролцогчид, тэдний үүрэг хариуцлагыг тодорхой болгож, эрх зүйн орчныг бүрдүүлэх.
•Захиалагч барилга байгууламжийг барихдаа өөрийн хөрөнгөөр тухайн орчны авто замыг шинээр барих, өргөтгөх, хүрэлцээтэй авто зогсоол байгуулах, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн барилга байгууламж бүхий цогц төлөвлөгөөний дагуу барилгажуулах зохицуулалтыг бий болгох.
• Барилгын материалын сорьцын лабораториор шалгагдсан материал нийлүүлэгч тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бараа материал нийлүүлэх тогтолцоог бий болгох.
Хяналт шалгалт хийж хариуцлагыг дээшлүүлэх хүрээнд:
• 2002 оноос хойш баригдсан, санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон барилгуудаас газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон барилгын газар олголтоос эхлээд улсын комисст хүлээн авсан бүх үе шатны зөвшөөрөл олголт, хяналт хийсэн эрх бүхий төрийн албан хаагч болон барилгын захиалагч, гүйцэтгэгч аж ахуйн нэгж, иргэдэд хариуцлага тооцох.
• Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын ажлын зөвшөөрөлгүй барилга угсралтын ажлыг эхлүүлсэн барилгыг буулгах хүртэл арга хэмжээг авч, цаашид дахин зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлэхийг таслан зогсоох.
• Ашиглагдаж байгаа барилгад давхар нэмсэн, үндсэн хийц бүтээцэд өөрчлөлт оруулсан, барилгын даацын ханыг нурааж газар хөдлөлтөд тэсвэргүй, галын аюулгүй байдлын шаардлагыг зөрчсөн барилга байгууламжийн нэгдсэн судалгаа, дүгнэлт гаргаж, хууль, дүрэм зөрчсөн хуулийн этгээдэд хариуцлага тооцох.
• Гаднаас импортоор орж ирж байгаа болон дотооддоо үйлдвэрлэж байгаа барилгын үндсэн хийц бүтээцэд ашиглах материал болон зах зээл дээр жижиглэнгээр бэлэн зарагдаж байгаа барилгын туслах материалын чанар, аюулгүй байдалд байнгын хяналт тавих, гарал үүслийг шалгадаг нэгдсэн тогтолцоог бий болгох.
• Барилга захиалагч, гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагын дотоодын хяналтыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх.
Зохион байгуулалтын ажлын хүрээнд:
• Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хөрсний хурдатгал бичигч станцын сүлжээг өргөтгөж, хот орчмын газар хөдлөлтийг бүртгэх станцын тоог нэмэгдүүлэх.
• Газар хөдлөлтийн голомтуудын нарийвчилсан судалгааны ажлыг эхлүүлэх.
• Барилгын материалын эрүүл ахуйн үзүүлэлтийг тодорхойлох лаборатори байгуулах.
• Эх орны түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэж, чанарын лабораториор баталгаажсан барилгын материалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх.
• Барилга байгууламжийн мэдээллийг нэгтгэн, нэгдсэн мэдээллийн санг байгуулж, олон нийтийг бодит мэдээллээр хангах.
• Барилгад газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварын үнэлгээ хийж, бэхлэн хүчитгэх, барилга байгууламж ашиглалтын явцад тогтмол засвар үйлчилгээ хийх, мөн ашиглалтын шаардлага хангахгүй олон нийтийн зориулалттай болон орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах ажлыг эрчимжүүлж, холбогдох мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн оролцоог хангаж, хамтран ажиллах.
• Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагааг сайжруулж, цонхны чанар, стандартын шаардлагыг үл эвдэх сорилын аргаар шалгаж, тодорхойлдог хөндлөнгийн техникийн хяналтын байгууллагын төлөөллийг улсын комиссын бүрэлдэхүүнд оруулж хамтран ажиллах.
• Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, комисс хүлээн авахдаа орон нутаг, дүүргээс санал авч, зөвшилцөх.
• Орон сууцны зориулалттай байранд өргөтгөл, засвар шинэчлэлт хийх замаар барилгын үндсэн хийц бүтээцийг өөрчлөх, өргөтгөл барих, үйлдвэр үйлчилгээ явуулдаг байдлыг зогсоож, буруутай этгээдээр сэргээн засварлуулж, хүчитгүүлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах.
• Зураг төсөл зохиогч, барилгын ажил гүйцэтгэгч компаниудад зориулсан сургалтыг тогтмол зохион байгуулж, чадавхижуулах.
• Хууль тогтоомж, норм, дүрэм, стандартыг хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр дамжуулан нийтэд сурталчлан таниулах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах.
Зөвлөгөөний дүнд гаргасан эдгээр дүгнэлтэд үндэслэн цаашид авч хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, шат шатны төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаач, иргэд хариуцлагатайгаар хамтран ажиллах нь чухал гэдгийг оролцогчид онцолж байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 23. ПҮРЭВ ГАРАГ. № 59 (7044)