Б.БАРС
Хойд их хөрш, ЗХУ-ын төрийн тэргүүн манай улсад ганцхан удаа 40 жилийн өмнө 1974 онд айлчилсан. ЗХУКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Брежнев Владивосток хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Фордтой стратегийн зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг харилцан хязгаарлах тухай хүндхэн хэлэлцээр хийснийхээ дараа манай оронд 1974 оны арваннэгдүгээр сард улс тунхагласны 50 жилийн ойг тохиолдуулан албан ёсны айлчлал хийсэн билээ. Түүнийг дагалдан ЗХУ-ын Гадаад хэргийн сайд А.Громыко болон бусад нам, төрийн өндөр албан тушаалтнуудын хамт хүрэлцэн иржээ.
Манай улс энэхүү түүхэн айчлалд маш өндөр ач холбогдол өгч, хөрш орны төлөөлөгчдөд дээд зэргийн хүндэтгэл үзүүлэн хүлээн авсан бөгөөд Ю.Цэдэнбал Л.Брежневт БНМАУ-ын баатар цол олгосон юм. Чухам энэ айлчлалын үеэр уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулах тухай хоёр орны Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зуржээ. Үүний дараа Монголын эдийн засагт урьд өмнө үзэгдээгүй их хөрөнгө оруулалт цутгаж, асар том бүтээн байгуулалтын ажил өрнөн ердөө дөрвөн жилийн дараа тус үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орсон билээ.
Л.Брежнев айлчлалынхаа үеэр Соёлын төв өргөө, III, IV хорооллыг ЗХУ-ын бэлгийн хөрөнгөөр барьж өгөх болсон тухай мэдэгджээ. Үүгээр зогсохгүй тухайн үеийн Монголын тэргүүн хатагтай А.Цэдэнбал-Филатовагийн ятгалгаар хуримын ордон, залуу техникчдийн ордонг мөн бэлгийн хөрөнгөөр барихыг зөвшөөрсөн гэдэг.
ЗХУ-ын төрийн тэргүүний Монголд хийсэн энэхүү айлчлалаас хойш 26 жилийн дараа, 2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мөн л арваннэгдүгээр сард манай оронд төрийн айчлал хийсэн түүхтэй.