Ц.Батболд
Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хүсэлтээр ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Чөлөөлөхийн учир Б.Билэгт салбарын сайдынхаа үгэнд ордоггүй, өөрийн итгэл үнэмшил, байр суурьтаа хатуу зогсдог нэгэн. Түүгээр ч зогсохгүй дээрээс нь үүрэг өгөөд байхад өөрийнхөөрөө зүтгэдэг зан чанартай нь холбоотой үл ойлголцол их байдаг гэх юм билээ. Өдгөө түүний оронд ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржавыг үүрэг гүйцэтгэгчээр томилсноор, тэрээр хэсэгхэн зуур ч гэсэн ажиллах болоод байна. Тэгвэл С.Баатаржав гэж хэн бэ гэдэг асуулт бас гарна.
Цагдаагийн албанд насаараа ажиллаж байгаа энэ хурандаа Төв аймагт хэсгийн төлөөлөгч байхаас л энэ салбарт ажлаа эхэлсэн нэгэн юм байна. Хожим Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын дарга, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, УМБГ-ын дарга болж дэвшин ажилласан байдаг. Гэвч ЦЕГ-ын даргаар Б.Билэгтийг томилогдсоны дараа ажилгүйчүүдийн эгнээнд хэсэгтээ нэгдэж байгаад Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын даргаар томилогдсон юм. Гэвч удалгүй Х.Тэмүүжин сайд өөрийн хүнээ Сэлэнгээс татаж ЦЕГ-ын дэд дарга болгосон гэх юм билээ. С.Баатаржав цагдаагийн алба дотроо нэр хүнд сайтай нэгэн гэдгийг мэргэжил нэгт нөхдүүд онцолж байсан юм.