IT салбарын залуу эрдэмтдийн түүчээ, дэд профессор Б.Наранчимэг

2023-03-06
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

 

Монгол Улсад интернэт орж ирээд дөнгөж найман жил болж байх үед математикийн хичээлдээ толгой цохьдог Болдын Наранчимэг МУИС-ийн Математик, компьютерийн сургуульд орохоор зорьж очсон ч урт дараалалтай байжээ. Тиймээс Мэдээлэл технологийн шинэ салбар сургууль элсэлт авч байгаатай танилцаж, энэ чиглэлээр суралцахаар шийдсэн аж.  


“Тухайн үед мэдээллийг сонин, зурагтаас л олж авдаг байлаа. Цөөн интернэт кафетай, дуртай дууны үгээ олж авах гэж интернэт ордог байсан үе” хэмээн Б.Наранчимэг дурсаад, Мэдээллийн технологийн сургууль (МТС)-ийн бүртгэгч багш IT мэргэжилтний онцлог, ирээдүйд хэрхэн эрэлттэй болох талаар сайн тайлбарлаж өгсөн нь түүнд гүн сэтгэгдэл үлдээснийг онцлов. 


Ийм нэгэн санаандгүй тохиолдлоор IT салбартай хувь заяагаа холбосон Б.Наранчимэг эдүгээ дараагийн үеийн мэдээллийн технологийн шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэх үйлсэд зүтгэж явна. МУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн доктор, хамгийн залуу дэд профессорт тооцогддог тэрбээр IT салбарт судалгаа хийх, боловсон хүчнийг бэлтгэхийн төлөө 16 дахь жилдээ ажиллаж байна. 


Түүнийг анх оюутан болоход IT-гийн ангийн 25 хүүхдийн зургаа нь эмэгтэй, электроникийн ангийн 25-ын хоёр нь л эмэгтэй байж. Технологийн салбарт эрэгтэйчүүд л ажилладаг гэх ойлголттой цаг үед Б.Наранчимэг энэ чиглэлээр суралцан, олон охидод үлгэр дуурайл болсон залуу эрдэмтэн болтлоо өөрийгөө хөгжүүлж чаджээ. Тэрбээр 2007 онд МУИС-ийг мэдээлэл технологийн инженерээр төгсөөд, 2010 онд БНСУ-д IT инженерээр магистраа хамгаалсан. Мөн  2020 онд Японы Иватэ их сургуульд компьютерийн ухааны доктороо 33 настайдаа хамгаалжээ. 

 

ЯПОН БАГШИЙН АНХНЫ ЭМЭГТЭЙ ДОКТОРЫН ОЮУТАН

Монгол-Японы стратегийн түншлэлийн хүрээнд Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл 2014 оноос хэрэгжсэн. Үүний үр дүнд технологийн салбарын олон магистр, доктор Японд бэлтгэгдсэний нэг нь Б.Наранчимэг багш юм. 
Тэрбээр Японд суралцахдаа дипломын ажил удирдсан багшийнхаа анхны эмэгтэй докторын оюутан болж очжээ. “Хоёр хүүхэдтэй болсныхоо дараа доктороо хамгаалахаар Японд очиход багш их гайхаж хүлээж авсан” хэмээн Б.Наранчимэг яриад, тус улсад эмэгтэй хүн хүүхдээ хараад гэртээ суудаг гэсэн хэвшмэл ойлголт байдгийн зэрэгцээ эмэгтэйчүүд IT инженерийн чиглэлээр судалгаа шинжилгээний салбарт ажиллах нь ховор гэдгийг хэлэв. 
Сургуулиас нь нэг сэтгүүлийн өгүүлэл, олон улсын хурлын нэг өгүүлэл бичих шаардлага тавьсан ч Б.Наранчимэг хоёр сэтгүүлийн өгүүлэл, нэг олон улсын хурлын өгүүлэл бичиж амжилттай төгссөн байна. Төгсөх үед багш нь “Эмэгтэй оюутан, тэр дундаа монгол оюутан чадварлаг, аливаа зүйлийг зохицуулах чадвар өндөр, хүчирхэг юм байна” гэж урам өгч байж. Б.Наранчимэгийн дараа багш нь хятад доктор эмэгтэйг төгсгөсөн нь Японы Акита мужийн их сургуульд туслах профессороор ажилд оржээ. 

 

ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЭЭЛТЭЙ ТЭНХИМ

МУИС-д 20 гаруй жил ажиллаж байгаа, Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн дэд профессор Б.Сувдаа Б.Наранчимэгийг оюутан байхаас нь үнэлжээ. “Хичээлдээ идэвхтэйгээс гадна спортын олон уралдаан тэмцээнд оролцдог, ур­лагийн авьяастай оюутан байлаа. Мэдээл­лийн техно­логийн сургуу­лийн 10 жилийн ой болоход амьд хөгжимтэй дуулж байхыг нь хараад бахархсан” хэмээн Б.Сувдаа багш ярив.


Эдүгээ багш шавийн биш, хамтран зүтгэгчийн хувьд Б.Сувдаа дэд профессор түүний асуудалд хөнгөн ханддаг, ачаалал их байсан ч эрч хүчтэйгээр ажиллах чадварыг нь тодотгож байна. “Харин оюутнууд хичээлээ ойлгомжтой заадаг, дүн гаргаж байгаа үйл явц нь тодорхой, ил тод, шударга гэдгээр нь их үнэлдэг” хэмээн тэрбээр нэмж хэлэв. 

 


МУИС-ийн компьютерийн ухааны II курсийн оюутан Б.Туул үүнийг бататгаж, Б.Наранчимэг багшийнхаа талаар “Код бичихийг заахдаа амьдралд шууд хэрэгжүүлж болохоор амархан тайлбарладаг. Ойлгомжтой, хял­бар, хөн­гөн байд­лаар заадаг нь би­дэнд маш их урам зориг өгдөг” гэлээ. 
Б.Наранчимэг шиг манлайлагч, эерэг хандлагатай, эрч хүчтэй эмэгтэйчүүд энэ салбарт ажиллах нь охид IT мэргэжлийг сонгон суралцахад чухал нөлөө үзүүлж байна. МУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны  тэнхимийн 42 багшийн 17 нь эмэгтэй. “Эмэгтэйчүүд их сэргэлэн, нарийн чимхлүүр ур чадвар шаарддаг ажлыг чамбай хийдэг нь энэ салбарт тохирдог” хэмээн Б.Сувдаа дэд профессор онцлов. 


МУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимд 2020 онд суралцагчдын  32 хувь нь эмэгтэй байсан бол 2021, 2022 онд 35 хувь болж нэмэгджээ. Энэ нь Монголд төдийгүй олон улстай харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Тодруулбал, манай улсын 88 их дээд сургуулийн 37 нь мэдээлэл технологийн чиглэлээр оюутан бэлтгэдэг бөгөөд элсэгчдийн 20 орчим хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Тэгвэл АНУ-ын Боловсролын статистикийн үндэсний төвөөс гаргасан судалгаагаар компьютерийн шинжлэх ухаанаар төгсөгчдийн 19 хувь нь эмэгтэй байна.  


Жилээс жилд IT сонирхох охидын тоо тасралтгүй өсөж байгаа бөгөөд тус тэнхимийн программ хангамжийн ангийн арван оюутан тутмын дөрөв нь эмэгтэй болжээ.  Эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, идэвх нэмэгдэж, тэдний авьяас чадвар, хичээл зүтгэлийг нийгмээрээ хүлээн зөвшөөрөөд эхэлсэн учир IT-гийн эмэгтэй инженерийн тоо өсөхийг дэд профессор Б.Наранчимэг тодотгов.

 

ХҮЙСИЙН ХАРЬЦАА 50:50 БОЛОХОД...

“IT салбар жилээс жилд хөгжиж байгаа учир өрсөлдөөнөө дагаад элсэх оюутны тоо, охидын оролцоо нэмэгдэж байна” хэмээн Б.Наранчимэг онцлоод, технологийн салбарын цалин өндөр байдгийг, мөн хичээл зүтгэл гаргавал тийм ч хэцүү мэргэжил биш болохыг хэллээ. 


Түүний шавь МУИС-ийн программ хангамжийн II курсийн оюутан М.Оюу-Эрдэнэ “Хамгийн эрэлттэй мэргэжил болохоор ажлын байр элбэг, хаанаас ч ажиллах боломжтой  давуу тал нь таалагддаг. Цаг үеийн шаардлагатай уялдуулан хиймэл оюун ухааны чиглэлээр гүнзгийрүүлэн суралцахаар зорьж байна” гэсэн юм. Тэрбээр мөн Б.Наранчимэг багшийнхаа талаар “Онолыг нь заасны дараа шууд кодоо бичээд харуулдаг учир ойлгож, хэрэгжүүлэхэд амар байдаг. Тухайн хичээл дээр үзэж байгаа кодыг IT мэргэжилтнүүд ажил дээрээ хэрхэн ашигладаг, энэ нь амьдралд ямар үр ашигтай вэ гэдгийг нарийн тайлбарладаг учир хичээл хэцүү санагддаггүй” гэв. 


Аж үйлдвэрийн IV хувьсгал өрнөж буйтай холбоотойгоор шинэ технологиуд гарч, технологийн салбар өргөжиж байгаа учир Монголд төдийгүй олон улсад мэдээллийн технологийн салбар боловсон хүчний дутагдалд оржээ. Тиймээс сайн инженерүүдийг бэлтгэвэл Монголдоо төдийгүй дэлхийд гарч ажиллах боломжтойг Б.Наранчимэг онцлов.


Түүний шавь нараас БНСУ-ын “Chungbuk” их сургуульд доктороо хамгаалж, одоо Солонгосын шинжлэх ухаан, технологийн томоохон их сургууль болох KAIST-д  судлаачаар, Нидерландын “Thermo Fisher Scientific” компанид дата инженерээр, мөн тус улсын “Rabobank”-д software/BI инженерээр ажиллаж байна.
Мөн IT салбарын ажилтны хүйсийн харьцаа 50:50 болчихвол хүндээ чиглэсэн технологи илүү ихээр бий болохыг Б.Наранчимэг хэлэв. “Эмэгтэйчүүд ээжийн хувиар энэ технологи миний хүүхдэд яаж нөлөөлөх бол, үүнийг хэрхэн шийдвэл хүүхдийг хамгаалах вэ гэж аливаа бүтээгдэхүүнийг хөгжүүлэх учраас гэгээлэг, байгаль, хүүхдэд ээлтэй технологиуд гарах болов уу. Эмэгтэйчүүдийн нийгмийн идэвх нэмэгдэхийн хэрээр тэдэнд олон төрлийн бүтээгдэхүүн, технологи хэрэгтэй болсон. Ийм технологиудыг эмэгтэйчүүд өөрсдөө хөгжүүлж бүтээнэ” хэмээн Б.Наранчимэг тэмдэглэв. 
Өөрт болоод нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг технологийн тусламжтайгаар шийдвэрлэх боломж олгодог нь IT салбарын гол онцлог. Тиймээс техник технологийн эрин зууны хамгийн эрэлттэй мэргэжлээр суралцаж, дэлхийн түвшинд өндөр цалинтайгаар ажиллах өргөн боломж охид, хөвгүүдэд эн тэнцүү байгааг “Зууны мэдээ” сонин энэхүү нийтлэлээрээ харуулахыг зорилоо.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 47 (7032)

crush
crush<3
Болормаа
Iluu ih amjilt husey, Mundag yumaa :)
Мундаг багш нар. Ажилт хүсье
amjilt husye ohidoo
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22