Т.САЙХАН
Экологийн цагдаагийн алба 2023 оны эхний гурван сарын байдлаар хууль бусаар ан агнах 42 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтийн шалган нэвтрүүлэх постоор ховор амьтны жагсаалтад орсон алтайн хойлог шувууг агнаж, хууль бусаар худалдан борлуулах гэж байсан этгээдүүдийг илрүүлсэн байна.
Ховор ан амьтныг хууль бусаар агнасан тохиолдолд, Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5,400,000-27,000,000 тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг заалттай.
Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дэх хэсэгт “...амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ”-гээр нөхөн төлүүлэхээр заасан байдаг.
Эх сурвалж:www.polit.mn