Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Монголчууд бид ус чандмань эрдэнэ гэдэг. Тэгвэл цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22-т эрэмбэлэгддэг ч усыг хуримтлуулж, нөөцлөн ашигладаггүй учраас усны нөөц хамгийн бага 20 орны тоонд багтдаг. Мөн ундны усны нөөц маань жилээс жилд багассаар байна. Тухайлбал, Бид өдөрт 1.5 сая шоо метр ус ашигладаг. Дээрх усныхаа 80 хувийг газрын гүнээс авдаг. Харин усаа хэмнэх, саарал ус ашиглахдаа тааруу. Ялангуяа авто угаалга, үйлдвэрүүдийн хувьд цэвэр ус ихээр ашигладаг боловч дахин ашигладаггүй. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Бид, Тэд” буландаа автомашин угаалгын газрын усны хэрэглээг харьцууллаа.
Нийслэлийн хэмжээнд 240 автомашин угаалгын газар бий. Тэд нэг автомашин угаахад 100 литр ус зарцуулдаг байна. Ингэхээр авто угаалгын газрууд өдөрт 2000 тонн орчим цэвэр ус хэрэглэдэг гэсэн үг. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны хажуу талд байрлах авто угаалгаар орвол өөртөө үйлчлэх болон угаалгаар үйлчлүүлэх гэсэн сонголттой аж. Хоёр машин угаалгын газраар, харин нэг нь өөртөө үйлчилж байв. Угаагч залуу Б.Батням “Өдөртөө 10 гаруй машин угаалгадаг. Нэг машин угаахад ойролцоогоор 80-100 литр ус зарцуулдаг. Манайх саарал ус хэрэглэдэггүй, цэвэр усаар угаадаг. Машин угаасан ус тоос, шороо, тос, маслотай маш бохир болдог. Хүний эрүүл мэндэд хортой ч байж магадгүй” гэсэн юм.
Энэ талаар УСУГ-ын хэвлэлийн төлөөлөгч н.Солонго “Бид 2010 оноос шинээр нээгдэж байгаа авто угаалгуудад цэвэр ус татахыг хориглосон. Манайхтай хамтран ажилладаг авто угаалгын газрууд саарал ус ашигладаг” гэв. Бид 10 гаруй авто угаалгаар орсон боловч нэг нь ч саарал ус хэрэглэж байсангүй.
Авто угаалгууд саарал ус хэрэглэх тогтоол гарсан ч үр дүнд хүрээгүй
2019 оны тавдугаар сарын 1-ээс бүх авто угаалгын газрууд саарал ус хэрэглэх Нийслэлийн Засаг даргын тушаал гарч байсан. Гэвч энэ тогтоол одоог хүртэл хэрэгжихгүй байна.Үүний нэг жишээ бол нийслэлийн хэмжээнд 34 автомашин угаалгын газар саарал ус дахин ашиглах тоног, төхөөрөмж суурилуулжээ. Гэхдээ 100 хувь үүнийгээ ашиглаж байгаа эсэхийг анхаардаггүй байна. Харин саарал усыг цэвэршүүлэн, дахин ашиглаж байгаа аж ахуй нэгжүүд бий. Тухайлбал, MCS, АПУ, "Би Цэ Трейд "ХХК саарал усыг цэвэршүүлэн, нийслэлийн ногоон байгууламжийн усалгаанд ашигладаг байна.
Саарал усыг хэрэглээндээ нэвтрүүлсэн улс орнуудад нэг автомашин угаахад зарцуулдаг 60-90 литр усны 70 гаруй хувь нь цэвэршүүлсэн ус байдаг байна.
БНСУ: Уурын шүршигч ашиглан 300 грамаас-1.2 литр усаар машин угаадаг
БНСУ-ын тухайд уураар ажилладаг төхөөрөмжийг машин угаалгадаа ашигладаг. Угаах, ариутгах үйлчилгээтэй уурын шүршигч ашиглан нэг машиныг угаахад 300 граммаас 1.2 литр ус ашигладаг учир байгальд хамгийн ээлтэй хэмээн олон улсад үнэлдэг байна. Ус бага ашиглахаас гадна химийн бодис, угаалгын нунтаг хэрэглэхгүйгээр машины дотор болон гадаад бохир, нян бактерийг устгадаг учраас уураар шүршигч машин нь ихэд сайшаагддаг гэнэ. Мөн тус өндөр даралтын уурын машиныг тоггүй газар ч ашиглах боломжтой гэдгээрээ онцлог ажээ.
Манай улсад энэ төрлийн хоёр угаалгын газар шинээр нээгдсэнийг дуулгах нь зүйтэй.
Австрали: Машин угаалгад саарал ус хэрэглээгүй бол өндөр торгууль төлдөг
Австрали улсын тухайд ус хэмнэдэг машин угаалгын технологийг нэвтрүүлээд олон жил болж байна. Тодруулбал, машин угаалгын “Istobal” төхөөрөмж усны хэрэглээг 45 хувиар бууруулсан агаад жилд хоёр сая литр усыг хэмнэдэг юм байна. Учир нь байгальд ээлтэй тус төхөөрөмж хэрэглэсэн усныхаа 85 хувийг дахин ашигладаг тохируулгатай юм.Усыг хэмнэдэг энэ автомат машин угаалгын төхөөрөмжийг дэлхийн 75 орон ашиглаж, хүрээлэн буй орчноо хамгаалах үйлсэд нэгдээд байна.Үүнээс гадна Австрали улс дахин боловсруулсан усаа газар тариалан буюу жимс, хүнсний ногоо тариалахад, ариун цэврийн өрөөний бохирыг зайлуулах болон гал унтраахад ашигладаг байна. Саарал ус ашиглаагүй тохиолдолд өндөр торгууль төлдөг байна.
Герман: Машин угаасан усныхаа 80 хувийг дахин ашигладаг
Европын орнуудад машин угаалгадаа дахин боловсруулсан ус ашиглахыг хуулиар зохицуулсан байдаг. Тухайлбал, Австри болон Германд машин угаалгын газрууд ашигласан усныхаа 80 хувийг дахин боловсруулсан байх хуультай. Харин Бельгид ашигласан бохир усныхаа 70 хувийг дахин боловсруулах хуулийг батлахаас ч өмнө тус улсын машин угаалгын газрууд хэрэглэсэн усаа дахин боловсруулан ашигладаг байжээ.
Үүнээс харахад дэлхийн улсууд саарал усыг хэрэглээндээ нэвтрүүлээд олон жил болжээ. Харин манай улс стандарт, дүрэм журам баталсан ч эс хэрэгжүүлсээр байна.
“Тогтвортой хөгжлийн зорилго”-доо 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болно гэсэн байдаг. Гэвч экологийн тэнцвэртэй байдал цөлжилт, усны асуудал өдрөөс өдөрт доройтсоор байна.
2019 оны байдлаар 264 гол мөрөн, 704 булаг шанд, 286 нуур тойром, 12 рашаан ширгэжээ. Улаанбаатар бол хот дотроо рашаантай дэлхийн хоёр нийслэлийн нэг. Хэрэв усаа хэмнэх энгийн дадал хэвшилд суралцахгүй бол 2030 он гэхэд Улаанбаатар хот ундны усгүй болох магадлалтай гэсэн судалгаа ч гарсан байдаг. Тиймээс бид усаа хамгаалах эхний алхам бол авто угаалгын газрууд саарал ус хэрэглэх технологийг нэвтрүүлэх юм. Мөн монголчууд бид хэрэглэсэн усныхаа 58 хувийг дахин ашиглах боломжтой буюу саарал ус болгох боломжтой гэдгийг салбарын мэргэжилтнүүд нь тогтоожээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 21 (7006)