Г.ГАНЧИМЭГ
Монгол-Солонгосын эдийн засгийн форум өчигдөр “Их тэнгэр” цогцолборт эхэллээ. Форумд “Корейн Эйр”, “Эрдэнэс Тавантолгой” компани, “Самсунг”, “Дэлим” корпораци, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Ганболд нарын 120 гаруй төлөөлөл оролцож байна. Чуулга уулзалтыг “Монгол-Солонгосын эдийн засгийн форум” ТББ-аас зохион байгуулсан юм.
2015 онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохионо. Өөрөөр хэлбэл, хоёр улс бизнесийн салбарт хамтраад багагүй хугацааг туулжээ. Томоохон бизнесээс нь нэрлэвэл иргэний нисэхийн салбарыг дурдаж болно. Анх 1990-ээд оны эхээр буюу Монголын эдийн засаг маш хүнд байсан үед Солонгосын тал томоохон хөрөнгө оруулалтыг хийсэн юм. Монголд хоёр “Боинг-727” онгоцыг хөнгөлөлттэй нөхцлөөр өгч, далайд гарцгүй, хоёр их гүрний хооронд байгаа Монгол Улс гадагшаа агаарын зам нээсэн түүхтэй. Энэ нь Солонгосын талын эхний томоохон хөрөнгө оруулалт байжээ. Үүний дараа уул уурхай болон бусад салбарт чамлахааргүй хөрөнгө оруулалт орж ирж буй аж.
УИХ-ын гишүүн, “Монгол-Солонгосын эдийн засгийн форум”-ыг үүсгэн байгуулагч Г.Батхүү “Монгол, солонгос хоёр хүн ойлголцохдоо, бие биеэ хүлээж авахдаа, амьдралын хэм хэмжээ, түүх соёл, өв уламжлал нь ойрхон учраас хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь чухал. Нөгөөтэйгүүр, Солонгос улс бол Монголын хувьд том зах зээл. Солонгост уул уурхай, ашигт малтмал ховорхон, хүн ам ихтэй. Тиймээс бид Солонгосоос дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн технологийг нь авч нутагшуулвал энэ зах зээлд бүтээгдэхүүн борлуулах үйл ажиллагаа идэвхтэй явагдах юм” гэлээ.
Солонгос нэг хэсэг эдийн засаг нь хүнд байх үед уулынхаа модыг бүгдийг ашиглачихсан. Одоо Солонгосын уул, өргөн уудам талд ургасан моднууд бүгд таримал. Тиймээс Солонгост мод тайрч биш тарьж амьдардаг. Газар ухаж биш, ногоон байгууламж бий болгодог бизнесийг улс орон нь дэмждэг юм. Монголчууд энэ туршлагаас суралцах хэрэгтэйг тус форумын зарим оролцогч онцолж байсан.
Монголын бизнес эрхлэгчид “Солонгосын томоохон компаниуд цаашид манай улсад гүйцэтгэгчээр биш хөрөнгө оруулагчаар орж ирвэл зүгээр юм. Тухайлбал, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалтыг эрчимтэй хийх шаардлага байгаа” гэж санал бодлоо хуваалцав. Солонгосын бизнесмэнүүд ч дэд бүтцийн салбарт хамтрах боломж бий гэж үзэж байгаа аж. Гагцхүү өнөөдөр техник, эдийн засгийн үндэслэлийг нь хийж бэлэн болгочихсон төслүүд хангалтгүй буюу цөөхөн байгаа юм.
Эдийн засагч Ч.Хашчулуун “Солонгосын эдийн засгаас “Самурай” бонд шиг хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Учир нь Солонгосын бондын нөхцөл нь сайн учраас Монголд оруулж ирэх боломж бий” гэж харжээ. Зарим УИХ-ын гишүүн үүнийг дэмжиж, “Засгийн газар, УИХ-ын зүгээс гадаадын хөрөнгө оруулалт Монголд орж ирэхэд эрх зүйн орчныг нь сайжруулж, тогтвортой болгосон. Цаашид ч хууль, эрх зүйн орчин нь баталгаатай. Энэ бүгдийг Солонгосын хөрөнгө оруулагчдад ойлгуулах ажлыг өнөөдөр зохион байгууллаа” гэв.
Өнөөдөр монгол айл бүрээс нэг хүн Солонгост ажиллаж амьдардаг гэвэл дэгсдүүлсэн болохгүй биз. Өмнө нь Солонгост ажиллаж байсан зарим хүн нийгмийн даатгалаа тооцуулж авсан. Үүнд хамрагдаж чадалгүй хоцорсон хүн ч бий. Тиймээс энэ хүмүүсийн нийгмийн даатгалыг нөхөн тооцуулах талаар хоёр улсын тал хэлэлцжээ. Форумын хүрээнд энэхүү асуудлыг шийдвэрлэж, өмнө нь БНСУ-д ажиллаж амьдарч байсан хүмүүсийг дахин сургаж чадавхижуулах, мэргэжлийн үнэмлэхтэй болгохоор болжээ. Мөн БНСУ-д зорчих визийн нөхцлийг хөнгөрүүлэх арга хэмжээ авсны үндсэн дээр гарч байсан хүндрэлийг арилгасан байна. Энэ мэтчилэнгээр хоёр орны эдийн засаг, хамтын ажиллагааны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулахуйц гэрээ хэлэлцээрүүд байгууллаа.
Мөн үеэр “Эрдэнэс Тавантолгой” компани “Дэлим” корпорацийн удирдлагууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. Иймээс бизнес эрхлэгчдийг “Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой” компани болон Монголд үйл ажиллагаа эрхэлж буй БНСУ-ын компаниудтай танилцуулах аялалыг өнөөдөр зохион байгуулж байна.
Цаашид хамтарсан форумыг жилд хоёр удаа зохион байгуулж, бизнес эдийн засгийн мэдээллээ солилцож, талууд харилцан ашигтай хамтран ажиллахаар боллоо. Ингэхдээ Монгол-Солонгос хоёр улсад ээлжлэн тус арга хэмжээг зохион байгуулах юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин