
Т.САЙХАН
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр дараах хэлэлцүүлэг өрнөв.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг: -Тамхины гаалийн татварыг 30 хувиар бууруулахаар хэлэлцээрийн төсөлд оруулж ирсэн. Тамхинаас шалтгаалсан хавдрын өвчлөл нийт нас барж байгаа хүмүүсийн 17 хувийг эзэлж байна. Жилд 4300 хүн нас барж байна. Тамхины хэрэглээнээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал 801 тэрбум буюу ДНБ-ий 2.1 хувьтай тэнцэж байгаа. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улс орнуудаас манай импортын тамхины 35 хувь нь орж ирдэг. Гэтэл импортын тамхинаас хамааралтай энэ зах зээлийг хамгаалахгүй тамхины гаалийн 30 хувийн татвараа тэглэх гээд байгаа юм бэ. Онцгой албан татвараа нэмчихнэ гээд байгаа. Гэтэл онцгой албан татварыг улс улсаар нь ялгамжтай тогтоож болохгүй. Тиймээс татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй.
Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр: -Бидний зүгээс тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн. Энэ жил Евразийн эдийн засгийн холбоог Казахстан улс тэргүүлж байгаа. Тус улсын Монголтой хийж байгаа худалдаанд тамхи өндөр хувь эзэлдэг юм байна. Аль ч улс өөрсдийнхөө зарж чадах барааг хамгаална. Тиймээс тамхийг хасах бидний саналыг хүлээж аваагүй. УИХ-аас тамхийг хасах зөвлөмж гаргавал бид дахиад л саналаа тавина" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn