
Т.САЙХАН
УИХ-ын чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж /04.24/ эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: -Өмнөх парламентын үед баруун аймгийнхан маш үнэтэй гурил хэрэглэж байна. Гадаадаас орж ирж байгаа гурилын квотыг байхгүй өгөөч гэдэг байр суурийг олон удаа илэрхийлж байсан. Тэгвэл бид гурилыг хоёр дахин бага үнээр авах боломжтой. Сонгууль дөхөж байсан учраас МАН даваадуулаад тэр квот байхгүй болж, татварыг нь бас байхгүй болгосон. Татварыг нь байхгүй болгосны үр дүрд иргэд хямд гурил идсэн. Мөн сонгуульд МАН саналаа өгсөн. Одоо МАН нэгэнт ялсан учраас буцаад гурилын үнээ нэмэх гэж байна. Евразийн хэлэлцээрт орвол дахиад гурилын татвар нь тэглэгдэнэ. Ингэхээр ямар нөхцөл байдал үүсэх юм. Гурилын татварыг буулгаснаар дотоодын гурилын үйлдвэрүүдийг яах гэж байгаа юм бэ. Лениний 1910-аад оны үед бичсэн нэг ном байдаг даа. Тэр номон дээр "Коммунистууд нэг алхам урагшилж хоёр алхам хойшоо хойшилдог" гэдэг үг байдаг. Яг тэрэн шиг л байна. Нэг сайн зүйл хийчихээд засч байгаан гэж улам доройтуулаад байна. ХХААХҮЯ-нд маш их мөнгө эргэлтэд байгаа. Хөнгөлттэй зээл компаниудад олгодог. Гэтэл танил талтай, дарга нартай ойрхонууд нь авч байна. Ховдод гэхэд хэдэн төгрөг хуваарилсан юм хэл дээ.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: -Евразийн хэлэлцээрийн түр гэрээнд гурил ороогүй. Хамгаалагдсан, хэлэлцээрээс гадна гэсэн үг. "Цагаан алт" хөтөлбөрийн гол зорилго бол арьс шир ноос ноолуур. Жишээлбэл Монгол Улсад арьс ширний 27 үйлдвэр ажиллаж байна. Хоёр үйлдвэр Дархан-Уул аймагт, нэг үйлдвэр нь Өвөрхангай аймагт, үлдсэн 24 үйлдвэр Улаанбаатар хотод ажиллаж байгаа. Ховдын Үйлдвэр технологийн паркийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулж байгаа.
Эх сурвалж:www.polit.mn