Базарбямбын НЯМСҮРЭН
“Би монгол, казах хоёр үндэстнээрээ аль алинаар нь бахархдаг” хэмээн сэтгэл догдлон ярих Н.Айшолпан. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрж өссөн, арав гаруйхан настайдаа Бүргэдийн баярт оролцон түрүүлж, анх олноо танигдаж байсан жижигхэн охиныг Монголын ард түмэн андахгүй танина. Бидний нүдэнд 13 настай үеийнх нь хэвлүүхэн зураг танил болоод ч тэр үү, тэр өдрүүдээс хойш арван жил өнгөрснийг анзаараагүй болохоор ч юм уу анх Н.Айшолпаныг хараад шууд таньсангүй. Улаахан хацартай жаахан охин маань хацар нь ягаарсан, хөөрхөн бүсгүй болжээ.
Казахстан улсад болсон Төв Азийн орнуудын хэвлэл мэдээллийн анхдугаар форумын хүндэт тайзнаа “Нью-Йорк Таймс”-ын алдарт сэтгүүлч Лиз Вэлчтэй хамтран бичсэн “Бүргэдчин охин Айшолпан” номоо танилцуулан тууз хайчлан зогсох залуу бүсгүй бол бидний мэдэх Н.Айшолпан байлаа.
Анх удаа зохион байгуулагдсан Төв Азийн орнуудын хэвлэл мэдээллийн анхдугаар форумд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцож, илтгэл тавьсан юм. Мөн Казахын алдарт дуучин К.Димаш болон Их Британийн жүжигчин, олон нийтийн зүтгэлтэн Ж.Жереми, Малала охины тухай бичсэн зохиолч, сэтгүүлч Лиз Велч нарын урлаг соёлын алдартнууд хүрэлцэн ирэв.
ДОЛООН ҮЕ ДАМЖСАН БҮРГЭДЧИН УДАМ...
Израйлийн гэрэл зурагчин Ашер Свиденски Н.Айшолпаныг анх Бүргэдийн баярт оролцох үеэр нь олж харсан гэдэг.
Нэг гар дээрээ 7-8 килограмм жинтэй бүргэд суулган, морин дэл дээр ажралгүй тогтоод олон эрчүүдтэй зэрэгцэн тэмцээнд оролцож, ганцаараа эмэгтэй мөртлөө эрчүүдээс илүү амжилт үзүүлэн түрүүлсэн 10 гаруйхан настай эрэлхэг охин гадаадын гэрэл зурагчинд онцгой сэтгэгдэл төрүүлжээ. Ийнхүү Ашер гэрт нь очиж, зураг авах санал тавьснаар бидний мэдэх “Бүргэдчин охин Н.Айшолпан” зураг мэндэлсэн түүхтэй.
Хүүхэд насных нь хамгийн нандин мөчийг дэлхийд таниулж, ирээдүйг нь өөрчилсөн зургийнхаа талаар тэрбээр “Энэ зураг миний амьдралыг ингэж өөрчилнө гэж төсөөлж байгаагүй” хэмээн дурссан.
Н.Айшолпаны аавыг Нургаев гэдэг. Эднийх долоон үе дамжсан бүргэдчин айл. Бүргэд хэмээх хийморилог жигүүртний сүр хүчинд итгэж, долоон үеэрээ бүргэдтэй нөхөрлөн ан агнаж ирсэн өвөг дээдсийнхээ үргэлжлэл болж бүргэдээр ан хийж үзмээр байна гэж охиноо хэлэхэд аав нь анх халгаагаагүй гэдэг. Харин ах нь сургуульд явж, удаах хүүхэд нь болох Н.Айшолпан дэргэд нь хань бараа болж эхэлсэн үеэс аав нь бага багаар зөөлөрсөөр эцэст нь “Бүргэдчин охин” болохыг нь зөвшөөрчээ.
Уламжлал, шашны хатуу дэгтэй казахуудын хувьд үе дамжсан уламжлалыг эвдэж эмэгтэй хүүхэд бүргэдийн ан хийхэд суралцана гэдгийг анх таатай хүлээж аваагүй байна. Харин одоо Н.Айшолпан хэдий нь казах түмний бахархал болжээ. “Надаас хойш лав 15 охин бүргэдчин болсонд маш их баяртай байдаг” хэмээн хэлэх үедээ нүд нь гялалзаж, өөрөөрөө бахархаж байгаагаа ч нуусангүй.
МОНГОЛ ОХИН ОСКАРЫН ХИВСНЭЭ...
Кинон дээрээс л хардаг байсан Оскарын шагнал гардуулах улаан хивсний ёслолд оролцоно гэдэг Н.Айшолпаны хувьд хэзээ ч зүүдэлж байгаагүй сайхан мөрөөдөл байлаа.
10 гаруй настай эрэлхэг бүргэдчин охины зураг дэлхийд танигдаж эхлэх үед найруулагч Отто Белл ч мөн зоригт охины түүхийг дэлгэцэнд үлдээхээр сэтгэл шулууджээ. Тэрбээр Монгол нутгийн баруун хязгаарт амьдран суух казах түмний өвөрмөц соёл, уламжлалын нэг болох Бүргэдийн баярыг нүдээр үзэх, Н.Айшолпан охины тухай кино хийх хүсэл өвөртлөн Монголд хүрэлцэн иржээ. Дэлхийд алдартай “Sony Pictures”-ийн бүтээсэн “Бүргэдчин охин” кино гарсны дараа олон улсад шуугиан тарьж, 2016 онд Оскарын шагналд нэр дэвшсэн юм. Өөрийнх нь тухай кино хийж, тэр нь Оскарт нэр дэвшинэ гэдэг жирийн монгол охины хувьд мэдээж асар их бахархал бөгөөд хариуцлага байх нь ойлгомжтой. Монголын казах Н.Айшолпан охины тухай кино дэлхийн 50 гаруй оронд нээлтээ хийсний 30 гаруй удаагийнхад нь аав ээжийн хамт оролцжээ. Мөн тэрбээр 2016 онд дөнгөж 16 настайдаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Алтангадас” одон хүртсэн билээ.
Олон улсын хэмжээнд Азийн нийгмийн сайн сайхны төлөөх “Asia game changer” шагналын эзэн болж, “Harper’s Bazaar” сэтгүүлийн “Эрэлхэг эмэгтэй” жагсаалтад АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтонтой зэрэгцэн багтсан зэрэг нь Монгол охин маань хэдийнээ дэлхийн иргэн болсныг батлан харуулсаар байна.
“АЙШОЛПАН” САН ОДООГООР 100 ГАРУЙ ХҮҮХДЭД ТУСЛААД БАЙНА
Баян-Өлгийн буйдхан суманд мэндэлсэн тэрбээр алдрын тавцанд гарлаа гээд нутгаа орхихыг хүссэнгүй. Баян-Өлгийнхээ дунд сургуульд суралцаж байгаад Бүгд Найрамдах Казахстан улсын урилгаар тус улсын “Spectrum” дунд сургуулийг төгсчээ. Харин одоо Алматы хотын их сургуульд багш мэргэжлээр суралцаж байна. Багаасаа багш болох мөрөөдөлтэй байсан учраас эргэлзэлгүй энэ мэргэжлээ сонгосон хэмээн ярих тэрбээр сангаа ч байгуулаад амжжээ.
Алтанцөгц сумынхаа амьдралын боломж тааруу хүүхдүүдэд туслах зорилгоор анх байгуулсан сангаа цаашид илүү өргөжүүлэх хүсэл мөрөөдөл дүүрэн явна. Түүний нэрээр нэрлэсэн сан одоогоор 100 гаруй хүүхдэд туслаад байгаа юм.
“Энэ бол миний монгол хүүхдүүдийнхээ төлөө заавал хийх ажил. Бас Монголын ард түмнийхээ өмнө хүлээх ёстой хариуцлага юм” хэмээн хэвлүүхэн өгүүлэх тэрбээр их сургуулиа төгсөөд Америк эсвэл Япон улсад магистрын зэрэг хамгаалах том зорилго өвөртлөн Алматы хотноо суралцаж байна.
“ТАНАЙХ ӨНДӨР БАЙШИНТАЙ, МАНАЙХ СҮРЛЭГ УУЛТАЙ”
Хоёр жилийн өмнө хэвлэгдсэн ч цар тахлын улмаас албан ёсоор нээж амжаагүй байсан номынхоо нээлтэд үг хэлэн, баяртай зогсох Н.Айшолпантай цөөн хором ярилцсан юм.
-Анхны номоо өлгийдөн авсанд баяр хүргэе, Н.Айшолпан. Ном бичих тухай саналыг хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Маш их баярлалаа. Сэтгэл их хөдөлж байна. Баримтат кино гараад удаагүй байхад Америкийн сэтгүүлч Лиз Велч миний талаар ном бичих хүсэлтэй байгаа гэдгээ хэлэхэд нь их баяртай хүлээж авсан. Дараа нь Лиз Монголд зочилж, манай гэрт ирээд, бид 2-3 долоо хоног хамт байсан. Мөн үүнээс хойш онлайнаар олон удаа ярилцсан.
-Киноны бүх үйл явдал номон дээр бичигдсэн гэсэн үг үү?
-Номон дээрх миний бага насны хэсгийг аав, ээж минь ярьж өгсөн. Харин нэгдүгээр ангиасаа хойшхи үйл явдлыг би бичсэн. Ном маань одоогоор зөвхөн англи хэл дээр хэвлэгдсэн байгаа. Удахгүй монгол болон казах хэл дээр орчуулан гаргана.
-Чиний түүх анх дэлхий нийтэд хүрснээс хойш 10 гаруй жил өнгөрсөн байна. Анх бүргэдчин охин болж байсан түүхээ эргээд дурсахгүй юу?
-Олон жил өнгөрсөн ч гэсэн хүмүүс намайг үргэлж бүргэдчин охин гэж хүлээж авдаг. Анхны зураг авалт санаандгүй болсон. Гар дээрээ бүргэд суулгаад авахуулсан зураг маань дэлхий даяар алдаршина гэж төсөөлж байгаагүй. Дараа нь баримтат кино хийж, тэр нь Оскарт нэр дэвшсэн нь амьдралын маань хамгийн дурсамжтай үе юм. Зөвхөн кинон дээрээс хардаг хүмүүстэй зэрэгцэж зогсоод зургаа авахуулна гэдэг надад зүүд шиг л санагдаж байлаа.
-Дэлхийн олон орноор аялж, киноны нээлтэд оролцсон. Хүмүүс Монгол болон казах ахуй амьдралын талаар их асуудаг байх. Монголынхоо юуг нь илүү онцлон хэлдэг вэ?
-Би Монголд төрсөндөө маш их бахархдаг. Олон хүн Монгол гэж ийм улс байдаг юм байна. Тэнд казах хүмүүс амьдардаг гэдгийг энэ киноноос мэдсэн гэж хэлдэг. Бас надаас Монгол ямар вэ гэж их асуудаг. Би тэр үед нь “Танайх өндөр байшинтай, манайх сүрлэг уултай” гэж хариулдаг байлаа. Надаас хойш 15 охин бүргэдчин болсонд баяртай байдаг.
-Бидний мэдэх жижигхэн Н.Айшолпан аль хэдийнэ оюутан болчихсон багш болохоор суралцаж байна. Цаашдын зорилгоосоо хуваалцвал?
-Би Монголдоо дунд сургуулиа төгсөөд Казахстанд ирж суралцаж байгаа. Тухайн үед Оксфорд, Харвардад суралцах урилга ирсэн ч ковидоос болж хойшилсон. Одоогоор Алматы хотод багшийн мэргэжлээр сурч байгаа. Цаашид энэ мэргэжлээсээ гадна байгаль орчны чиглэлээр гадаадын аль нэг оронд магистрт суралцана гэж бодож байгаа.
"Нью-Йорк таймс"-ийн сэтгүүлч Лиз Велч: НОМЫН ҮГ БҮР НЬ Н.АЙШОЛПАНЫХ БАЙГААСАЙ ГЭЖ ХҮССЭН
-Н.Айшолпаны талаар ном бичих болсон анхны түүхээсээ сонирхуулахгүй юу?
-Өнөөдөр бид энд зогсож байгаа нь гэрэл зургийн гайхамшигт хүч юм. Н.Айшолпантай анх түүний тухай баримтат кино хийсэн найруулагч Отто Беллээр дамжуулан танилцаж байлаа. Тэр надад “Монголд ийм мундаг хүчирхэг охин байдаг” гэж хэлж байсан. Миний хувьд энгийн түүхүүдийг олонд таниулж ном гаргадаг. Би тухайн үед таван ном хэвлүүлчихсэн байсан. Н.Айшолпан гэдэг энэ зоригтой, хүчтэй казах охины түүх үнэхээр сэтгэл хөдөлгөм санагддаг. Тэр харахад жаахан охин мэт боловч хөвгүүдээс дутахгүй эр зоригтой, чадвартай.
Баримтат киног анх үзэхэд хүн байгалийн хоорондын холбоог гайхалтай илэрхийлснээс гадна аав охины сайхан харилцааг гаргасан учраас надад их таалагдсан. Бүргэдийн ан буюу эрэгтэй хүн голдуу хичээллэдэг спортыг охиндоо зааж, анхны бүргэдчин охин болгоно гэдэг аав хүний хувд хязгааргүй баяр бахдал байх нь ойлгомжтой.
Айшолпаны гэрэл зураг жинхэнэ амьд байгалийг харуулж чаддаг учраас хүний сэтгэлд их хүрсэн байх. Зургийг нь хараад, баримтат киног нь үзсэний дараа би энэ бол миний хайж байсан энгийн бөгөөд бодит түүх мөн байна гэж ойлгож ном бичихээр шийдсэн. Ингээд 2015 онд Монголд ирээд гурван долоо хоног Н.Айшолпаны гэр бүлийнхэнтэй хамт байж, ярилцлага авч, номын бүх мэдээллүүдээ цуглуулж эхэлсэн. Бид хамтдаа “Бүргэдийн баяр”-т оролцсон. Энэ үе миний амьдралын хамгийн үнэ цэнтэй бөгөөд дурсамжтай аяллын нэг байсан. Би Нью-Йоркт ирснийхээ дараа түүнтэй онлайнаар ярилцаж, бид номоо бичиж байлаа.
-Номыг Н.Айшолпан та хоёр хамтдаа бичсэн гэж танилцуулсан. Хоорондоо сайн ойлголцож, нэг хүн шиг болж бичсэн болохоор дотно сайхан эгч дүүгийн харилцаа бий болсон байх?
-Тэгэлгүй яахав. Би энэ номын үг бүр нь Н.Айшолпаны хүсэл мөрөөдөл, амьдралыг үзэх үзэл, түүний дотоод сэтгэлээс гараасай гэж хүссэн.
Ном анх 2020 онд хэвлэлтээс гарсан. Харамсалтай нь тухайн үед ковидын хөл хорионоос болоод Н.Айшолпан маань Америкт очиж чадаагүй. Харин өнөөдөр бид хамтдаа энэ сайхан номын нээлтээ хийж байгаад баяртай байна.
-Монголд аялсан сэтгэгдлээсээ хуваалцаач. Монгол орны юу нь таны сэтгэлд хамгийн тод үлдсэн бэ?
-Сэтгүүлч хүний хувьд Монгол руу аялсан минь маш онцгой сэтгэгдэл үлдээсэн. Анх ирэхэд цагийн зөрүүнээс болоод амаргүй байсан ч би монгол гэрт хонож, казах болон монгол үндэсний хоол идэж, байгалийн сайхныг үзэж биширсэн. Нью-Йоркийн охин Монголын нүүдэлчин амьдралтай танилцаж, Монголд өссөн казах охины түүхийг дэлхийд хүргэнэ гэхээр маш их догдолж, их хичээсэн.
Би маш олон зүйлийг энэ аяллаасаа сурсан. Ялангуяа хүн төрөлхтөн байгаль дэлхийгээсээ бага багаар холдсоор байгаа өнөө үед Монголын нүүдэлчин казах айлд зочилсноороо амьдралын энэ өвөрмөц хэв маягийг илүү олон хүн олж мэдээсэй, ойлгож хүндлээсэй гэж чин сэтгэлээсээ хүссэн.
-Та бүргэдээр ан хийхийг туршиж үзсэн үү?
-Н.Айшолпан надад морь яаж унахыг заасан. Би морь унаж, бүргэд гар дээрээ суулгаж үзсэн. Үүнээс цааш үргэлжлүүлэх зориг хүрээгүй. (инээв). Тэр том бүргэдийг гар дээрээ суулгаад ан хийлгээд, бүргэдийн баярт түрүүлнэ гэдэг үнэхээр санаанд багтамгүй зориг шаардах юм билээ. Тэр үед Н.Айшолпанаар чин сэтгэлээсээ бахархаж байсан. Би амьтдад их хайртай.
-Та Малала охины түүхийг бас анх бичиж байсан юм билээ. Таны номуудаас харахад залуу эмэгтэйчүүдийн талаар голчлон бичдэг санагдсан. Залуу уншигчдадаа хандаж юу хэлэх вэ?
-Баярлалаа. Номыг минь уншсан хүн бүр илүү их урам зориг аваасай гэж хүсдэг учраас энгийн мөртлөө гайхалтай түүхүүдийн талаар хуваалцахыг хичээдэг. Н.Айшолпан бол үүний хамгийн тод жишээ. Түүнийг анх бүргэдчин охин болно гэхэд гэр бүлийнхэн нь аав, ээж нь зөвшөөрөөгүй. Гэхдээ тэр хүсэл мөрөөдлөө орхиогүй, бүргэдчин болж чадна гэж өөртөө итгэж байсан учраас аавыгаа зөвшөөрүүлж чадсан. Тэгэхээр залуу уншигчдадаа ч бас түүн шиг тууштай, хүсэл мөрөөдлийнхөө төлөө зоригтой байж, өөртөө итгээрэй гэж хэлмээр байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 2 (6987)