Б.БАЯРЖАВХЛАН
Улаанбаатар хотын барилга бүрийн булан тохойд гоо сайхны салон ажилладаг. Гэхдээ ихэвчлэн эмэгтэй хүмүүс гоо сайханч байдаг. Эрэгтэй үсчин бол байдаг. Харин эрэгтэй хүн сормуус хийж байна гэвэл та итгэх үү. “Зууны мэдээ” сонин “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” булангаараа дамжуулан эрэгтэй маникюрчин, цэцэрлэгийн багш, бага ангийн багш, сувилагчдыг сурвалжлан хүргэсэн. Тэгвэл энэ удаад дөрвөн эрэгтэй сормуус артисттай салоноос бэлтгэсэн сурвалжлагаа хүргэж байна.
Өглөөний 10:00 цагт Peace mall худалдааны төвийг зорилоо. Бидний очих газар бол тус худалдааны төвийн найман давхарт байрлах “Сормуус артист Чой”-ын салон юм. Салонд орвол үүднээсээ л маш цэвэрхэн, цэлгэр байдал нь тухтай санагдуулна. Тус салонд дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй гоо сайханч ажилладаг байна. Хөмсөг шивээс, маникюрчин нь эмэгтэй хүмүүс. Харин манай дугаарын зочид болох сормуус артист нь дөрвөн эрэгтэй юм.
ЭХНЭРИЙНХЭЭ ЗӨВЛӨГӨӨГӨӨР СОРМУУС АРТИСТ БОЛЖЭЭ
Биднийг очиход 10:00 цагийн үйлчлүүлэгчид ирсэн байлаа. Харин энэ үед гурван сормуус артист залуу ирсэн байлаа. Тэдний дундаас хамгийн өндөр нуруутай залуу бол тус салоны үүсгэн байгуулагч “Чой” юм. Түүнийг Б.Чоймборолжав гэдэг. 2018 онд СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр төгсжээ. Харин түүнийг сормуус артист болоход эхнэр нь нөлөөлжээ. Энэ тухай “Миний хувьд оюутан байхдаа эхнэртэйгээ танилцаж байсан. Эхнэр маань АШИУС-ийг сувилагч мэргэжлээр төгссөн бөгөөд намайг сургуулиа төгсөхөд гоо сайхны эмнэлэгт ажилладаг байсан. Тиймээс би их сургуулиа төгсөх үеэрээ гоо сайхны үйлчилгээнд орох гээд эхнэрийнхээ ажил дээр очсон юм. Хоёр давхрын эхний хаалганд нэг залуу сормуус хийгээд сууж байсан. Ингээд тэр орой гэртээ хариад эхнэртээ “Эрэгтэй хүн сормуус хийдэг юм уу. Ямар гоё юм бэ. Би сормуус хийдэг хүн болдог юм билүү” гэсэн. Гэтэл эхнэр маань “Сурч болно шүү дээ. Би тэр залуугаас асуугаад өгье” гэсэн юм” гэв. Энэ л санаандгүй явдал түүнийг дуурийн дуучнаас сормуус артист болгожээ. Ингээд Б.Чоймборолжавын эхнэр түүнийг ажлынхаа сормуус артистад хэлж түүнд шавь оруулжээ. Энэ үеэс хойш дөрвөн жил өнгөрсөн байна.
Чоймборолжавын хувьд зураг сайн зурдаг, нарийн чимхлүүр ажилд дуртай ажээ. Мөн хүүхэд байхдаа хэд хэдэн зургийн үзэсгэлэн ч гаргаж байжээ. Тиймээс сормуус хийхийг долоо хоногийн дотор сурч, ажил дээр гарч байжээ.
“Сормуус хийх нь их нарийн чимхлүүр ажил ихтэй. Хүний нүдтэй харьцаж байгаа учраас маш хариуцлагатай ажил. Тиймээс маш нямбай байх шаардлагатай байдаг. Эрчүүдийн хувьд нарийн чимхлүүр ажилд гар нь эвлэхгүй байдаг. Харин миний хувьд зураг зурдаг байсан маань давуу тал болсон байх” гэсэн юм.
АЖИЛ ОЛГОГЧ БОЛОХООС ГАДНА ОЛОН ШАВЬ НАР БЭЛТГЭН ГАРГАЖЭЭ
Б.Чоймборолжав 2018 онд сургуулиа төгссөн бөгөөд сормуус хийж сураад жижиг өрөө түрээслэн ажиллах болжээ. Энэ талаараа “Анх салон нээгээд өдөртөө ганц нэгхэн үйлчлүүлэгчтэй байв. Заримдаа бүр хүнгүй байх тохиолдол ч бий. Мөн зарим хүмүүсийн хувьд “Өө эрэгтэй хүн юм уу” гээд гарах нь ч олон байсан. Гэхдээ энэ бүхний эцэст уйгагүй хөдөлмөрийн үр дүнд өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болсон. Мөн өөрөөсөө гадна гурван залууд ажил олгогч боллоо” гэсэн юм. Түүний хувьд эхний нэг хоёр жил ганцаараа ажиллаад үйлчлүүлэгчид нь өдөртөө багтахаа больсон байна. Тиймээс эрэгтэй артистуудтай салон нээе гэж шийдээд эрэгтэй артистууд бэлтгэж эхэлсэн байна. Түүний шавь нар өдгөө 20 гаруй болжээ. Тэд орон нутаг болон Улаанбаатар хотод ажиллаж байгаа ажээ.
Харин эрэгтэй артистаар үйлчлүүлэх ямар байдаг талаар үйлчлүүлэгчээс нь сонирхлоо.
ЦЭВЭРХЭН ТОГТОЦ САЙТАЙ ХИЙДЭГ
11 цагийн үйлчлүүлэгч болох 50 орчим насны эмэгтэй орж ирэв. Түүнийг Б.Оюунбаяр гэдэг. Б.Чоймборолжаваар үйлчлүүлээд гурван жил болж байгаа юм байна. Тэрбээр “Миний хувьд өмнө нь олон эмэгтэй сормуус артистаар үйлчлүүлж байсан. Эмэгтэйчүүдийн хувьд жаахан хайнга, сэтгэл гаргаж хийдэггүй юм шиг санагддаг. Харин Чоймборолжав бол сэтгэлээсээ, маш цэвэрхэн тогтоц сайтай хийдэг. Тиймээс яармагаас түүнийг зорин ирж үйлчлүүлдэг” гэв.
ХИЧЭЭЛИЙНХЭЭ ХАЖУУГААР АЖИЛЛАХ БОЛОМЖ ОЛГОДОГ
Харин тус салоны артист Э.Түмээгийн хувьд хичээлийнхээ хажуугаар ажилладаг байна. Түүний хувьд ажилд ороод хоёр жил болж байгаа аж. Тэрбээр “Миний хувьд МУИС-ийн гуравдугаар курсийн оюутан. Хичээлийнхээ хажуугаар надад ажиллах боломжийг олгосон. Тиймээс би ажилдаа сэтгэл зүрхээ шингээн ажилладаг. Мөн өндөр цалин олгодог” гэсэн юм.
Мөн эмэгтэйчүүдийн хувьд цээж нүцгэн залуусаар үйлчлүүлэхийг хүсдэг гэдгийг энэ үеэр артист залуучууд хэлж байсан юм. Тухайлбал, тэд цээж нүцгэн сормуус хийж байгаагаар зурагаа даруулан цахим хуудастаа байршуулсан байна. Гэтэл сошиал дээрээ цээж нүцгэн байсан биз дээ. Одоо пудволкоо тайлаад сормуус хий гэх эмэгтэйчүүд ирдэгийг тэд хэлж байсан юм.
Нэг удаа сормуус хийхэд 35-80 мянган төгрөгийн үнэтэй юм. Б.Чоймборолжавын хувьд чөлөөт уран бүтээлч бөгөөд зургаан уран бүтээлийг үзэгчдэдээ хүргээд байгаа дуучин бөгөөд цаашид өөрийн уран бүтээлээ хийнэ гэдгээ хэлж байсан юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 1 (6986)