“Ёстой хүний тухай тууж”-ийн амьд баатар Пунцагийн Батаа 

2023-01-01
Нийтэлсэн: Админ
 13 мин унших

Биднийг  хүүхэд байхад  эр зориг, эх оронч хүмүүжлийн сэдвээр уншуулдаг  хоёр  ном байж билээ. Нэг нь  Оросын зохиолч  Николай Островскийн  “Болд хэрхэн хатаагдсан нь”,  нөгөө нь Борис Полeвойн  “Ёстой хүний тухай тууж”.

Хүнд өвчинд баригдаж, хоёр нүд нь хараагүй болсон   Н.Островский тэрхүү том романаа өөрөө хэлж   хүнээр бичүүлэн дуусгасан бол, В.Полевой, нисгэгч хүн онгоцтойгоо сөнөж, тахир дутуу болсон хэдий ч хиймэл эрхтэн хийлгэн хөл дээрээ боссон  хатан зоригийн тухай номууд л даа. Харин тэднээс дутуугүй амьдрал тэмцэл үзэж амьдын туулсан эрхмийг Пунцагийн Батаа гэдэг. Энэ хүн бол жинхэнэ “Ёстой хүний тухай  туужийн”   амьд баатар бөлгөө.

                      “Ёстой хүний тухай тууж”-ийн амьд баатар  Пунцагийн Батаа 

      Сэтгэлийн хаттай, хэр баргийн бэрхшээлийг тоолгүй давдаг, тэвчээртэй, зоригтой  хүн зовлонг амархан давдаг байхад  тийм чанаргүй нэг нь санаа сэтгэлээр унаж, зовлонг улам хүчтэй   аюултай  болгодог.                    Гавьяат багш П.Батаа

Одоогоос 70-аад жилийн өмнө буюу тэртээ 1955 оны арванхоёр дугаар сард Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн сургуулийн  нэг багш, хоёр сурагч “Энхрий хайрт МАХН”-ын 12 дугаар их хурлын үзэл санааг сурталчлах  цанын аялалаар аймгийн  төвөөс  120 км  зайнд орших Малчин сум руу цана хөлөглөн гарцгаажээ. Дүн өвлийн  хүйтэнд хоёр хоног аялаад өлсөж ядарсан тэд  зорьсон газраа хүрч чадалгүй шөнөөр төөрч  хэрэг мандсан нь тэр.

Ингэж төөрсөн гурвын нэг, энэхүү хөргийн баатар  Монгол Улсын гавьяат  багш П.Батаа хэмээх энэ эгэлгүй  “амьтан” өдгөө 86 насыг  зооглон бүтээл туурвилаа хийсээр сууна. Өвлийн тэсгим хүйтэнд төөрч 2 хоногийн дараа олдсон тэд гурваас хамгийн гүн хөлдөлт авсан нь Батаа хөвүүн. 10 дугаар ангийн хүүхэд байхдаа ингэж золгүй явдалтай учраад гар, хөл дөрвөн мөчнөөсөө салсан түүний амьдрал үнэхээр эгэлгүй аж.

Хөлдсөн хоёр хөл, хоёр гараа  эмнэлэгт хүргэгдэн тайруулснаас хойш өдий хүрэхдээ ахин дахин хагалгаа хийлгэж нийтдээ 8 удаа тайруулсан гэхэд л элэг эмтэрмээр.  ОХУ, Эрхүүгийн эмнэлэгт хиймэл хөл, гар хийлгэхээр очиход эмч нар нь энэ хүний  хоёр гар нь чацуу биш байна. Протез чинь хоёр гар тэгш байж хийдэг хэмээн дахин тайрсан байна. Бүр хожим 30 гаруй жилийн дараа хиймэл эрхтэндээ холгогдож  шархалсан хөлөө дахин тайруулснаар ажил дууссан гэж байгаа. Энэ бол зөвхөн  махан биед нь тохиолдсон зовлон. Энэ хүний хатан зориг тэвчээрийг юутай ч зүйрлэшгүй, тэр олон  тайруулахдаа ч, эмчлүүлж, шархаа боолгож байхдаа ч нэг ч удаа ёо гэж хэлж байгаагүй гэх.    

Анх би таны тухай ном бичмээр байна гэхэд, багш маань яах нь вэ, хүн уншихгүй  шүү дээ гэж цааргалаад, би улайран зүтгэж, юу яриад байгаа юм бэ, та битгий хэл цаана чинь ганц гар хуруугүй хүн, -Би тахир дутуу хүн гээд ажил хийхгүй,  сэтгэлээр унаад архи уугаад явж байна. Та бол юун  “Болд хэрхэн хатаагдсан”-ны Павел Корчагин бэ?, юун  “Ёстой хүний тухай тууж”-ийн Алексей Мересьев вэ?. Тэд бол уран зохиолын баатрууд. Та бол жинхэнэ нь гэж  зүтгэж байж зөвшөөрүүлээд тэр номондоо орж байж  билээ.

Энэ хүний сүүлийн 60 гаруй жилийн амьдралыг  адал явдлаар дүүрэн  гэж хэлж болно. Тэрээр тийм бие хаатай болсон хойноо  гэр бүлтэй  болж  гурван сайхан  хүүхдийн эцэг болж чадсан хүн. 120 мянгатын лифтгүй, халуун хүйтэн усгүй   таван давхрын  2 өрөө  байранд амьдарч байхдаа орой бүр хүүхдээ салхилуулахаар түрдэг тэрэгтэй  тэмтчин шатаар буулган гаргадаг байлаа гэж ярих. Батаа гэдэг энэ хүнд тохиолдсон болгоныг яаж тоочиж барахсан билээ.

Тэрээр 1969-1970 оны хичээлийн жил  Москвад мэргэжил дээшлүүлэхээр 10  сар ганцаараа яваад иржээ. Хооллож хувцаслах, хувцсаа угааж индүүдэх, усанд орон энэ тэр гээд өдөр бүрийн ажилбар, хичээл сургууль, ном зохиол гээд унших бичихээс авахуулаад нарийн хар ажил бүрийн цаана  ямарч асрагч, харгалзагчгүйгээр гарч ирсэн гээд бодоход хэцүү.  

Хань Эрдэнэчимэг нь нэг удаа эмнэлэгт хэвтэхэд Батаа багш бага насны гурван хүүхдээ өглөө босгож, хооллож, хувцаслаад цэцэрлэг, сургуульд  нь хүргэж өгчихөөд, өөрөө ажилдаа явж байсан гэдгийг хань нь ярив. Манай дөрөв намайг гараад ирэхэд дажгүй гэрээ сахиж чадаж байсан шүү гээд инээв. Ийм л халуун ам бүлийн тэргүүн.

Батаа багш ХААИС-д 45 жил багшаар ажиллаад   өндөр насныхаа тэтгэвэрт суусан. 2-3 автобус дамжин  1 дүгээр хорооллоос  Зайсанд гарч хичээлээ заачихаад, бас үдэш оройн цагаар лекц, семинарь удирдаж, өглөө эрт улс төрийн сонсгол, нам улсын суртал нэвтрүүлгийн ажил эрхэлсээр, ёстой ээлж халаагүй  хагас зуун жил ажилласан  П.Батаа 2007 онд Монгол улсын гавьяат багш цол хүртжээ.

 Багш маань тохойгоороо энгэрээ түлхэн үзгээ гарган  толгойг нь амаараа сугалж гарган  эргүүлж углаад  мөн л тохойгоороо хөдөлгөн бичнэ. Түүний цэвэрхэн, гаргацтай бичлэг нь тодхон. Компьютер гэдэг юм ямар байсан биш, гэхдээ тэр цагт  бүгдийг гараараа бичиж, дараа нь бичгийн машинаар цохиж амжуулдаг байсан үе.

 Их Пушкины орос хэлийг сурсан тэр цаг, Эрхүү хотын “Научно-исследовательский институт ортопедии и восстановительской хирургии (Тулах, хөдлөх эрхтний гэмтлийг эмчлэх, сэргээн засах мэс заслын эрдэм шинжилгээний  хүрээлэн) гэсэн урт нэртэй эмнэлэгт хэвтэж хиймэл эрхтэн хийлгэж байхаас эхтэй.  Эрхүүгийн эмнэлэгт байхдаа орос ном маш олныг уншжээ. Өөр хийх юухан байхав, “өвдөх”-өөс өөр  ажилгүй. хүн. Эхний үед тэр орос номуудын хуудсыг хэлээрээ эргүүлэн уншдаг байснаа сүүлд хиймэл гар, хуруугаараа эргүүлэх болж.

Та бидний сайн мэдэх Томос Морын “Утопи арал”,  Кампанеллагийн “Наран хот”,  Г.Мартиновын “Каллисто гараг” зэрэг адармаатай хэллэг бүхий романуудыг  эх хэлнээ буулган  уншигч олныхоо гар дээр тавьсан Батаа багш энэ их ном зохиол орчуулахдаа хиймэл гараараа л хийсэн.

Тэрээр “Хүний гар хөл гэр орондоо орлого оруулж байдаг бол миний дөрөв дандаа зарлага гаргаж байдаг” хэмээн хошигноно.  Юу гэсэн үг вэ гэвэл, хиймэл эрхтэнийг 2-3 жил болоод л сольж байдаг эд гэнэ. Гэхдээ л  тэрээр хиймэл гараараа бичиж 250 гаруй хэвлэлийн хуудас ном орчуулж, редакторложээ. Бүр сүүлд Булгаковын  “Мастер Маргарита хоёр” гэдэг романыг орчуулж хэвлүүлэн гаргасан нь бас учиртай. Уул нь аль 1988 онд хэвлэгдчих  байсан  ном атал нэг нөхрийн төлөвлөгөөнд оруулалгүй мартчихсаны хар гайгаар өдий  хүртэл хэвтэж. Харин ГЯЯ-ны сайд асан  нэрт орчуулагч Ц.Гомбосүрэн “Өнөөдөр” сонинд өгсөн нэгэн  ярилцлагандаа “Мастер Маргарита хоёр”-ыг орчуулж байгаа гэсгийг уншаад, аль 10 жилийн өмнө орчуулж байсан норгоо авч янзлаад  яаран сандран хэвлүүчихжээ. Гүн ухааны маш өндөр хэмжээнд бичигдсэн гэх эл роман бол  нэгэн үе дэлхийг шуугиулсан  бестселлер ном байлаа.  Ингээд ийм том роман монголд хоёр өөр хөрвүүлэгчийн буянаар анх удаа зэрэг хэвлэгдэн гарсан түүхтэй.  

Егөө:  Эрдэнэчимэг  энэ  дэлхийн хамгийн  тууштай эхнэр

Тэгэхээр миний багшийн  хиймэл хоёр гар, хөл  олз ч олдог, орчуулга ч хийдэг мундаг эд зохицоод байгаа хэрэг. Энэ хүнд  амралт гэж юм  ер байхгүй. Та бидний төсөөлдгөөр ийм хүн гэртээ хэвтэж баймаар. Үгүй гэнэ ээ. Хань Эрдэнэчимэг нь ингэж ярив.. Манай Батаа “Манай улсад боолчлол нийгэмд арилсан ч  гэрт арилахгүй байна. Байгалиас туяхан заяасан  эмэгтэй хүн хэт их ажиллаж байна” гээд миний ажилд маш их тусална. Угаалгын машинд угааж болох бүх зүйлийг угаагаад индүүдчихнэ. Хоол маш сайн хийнэ. Цай бол гойд сайхан чанана. Гурилтай хоол, цуйван  энэ тэр бол санааных гэлээ.

 Би багшаараа бахархан ярих тун дуртай. Энэ туулж ирсэн амьдрал тэмцэл, түүний хатан зориг тэвчээр, ер ам хуурай байх аргагүй магтаад баймаар гайхамшигч чанаруудыг нь яана аа. Миний яриа сонсож суусан хүн, Энэ хүн тусгай хүн. Харин ийм  хүнтэй ханилаад, энэ насаа өнгөрөөж яваа тэр Эрдэнэчимэг гэдэг эмэгтэй  үнэхээр гайхамшигтай  хүн юм аа гэдэгсэн. Тэр нь үнэн. Ханьтайгаа учирсан дурсамж нь ч хөөрхөн. Тэр жил  Москвад мэргэжил дээшлүүлж байхад Эрхүүгийн эмнэлэгт хамт хэвтэж эмчлүүлж байсан   найз  Цэндийн Банзрагчаас нь дотроо нэг хүүхний зурагтай захидал иржээ. Дүрлэгэр алаг нүдтэй залуухан тэр бүсгүйн төрх сэтгэлд хоногшиж бушуухан  нутаг руугаа буцаж уулзахын хүслэнд автжээ. Гэвч уулын согоо шиг тэр бүсгүй ийм тахир дутуу намайг яаж  тооно гэж бас биеэ голно. Гэвч  “Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана” гэгчээр  би чинь эр хүн шүү хэмээн өөрийгөө  зоригжууулна.

Мөнөөх бүсгүй нь Дархан хотын политехникумын  хүнсний үйлдвэрийн технологийн анги төгссөн, Улаанбаатарын чихэр боовны үйлдвэрт ажилладаг,  Богд уулын зүүн ам, Хонхорт гэртэй Эрдэнэчимэг хэмээх бүсгүй байв. Тэр хотоос хол Хонхорт гэртэй ч хүргэн  дүү Дуламдорж, ах Чогдон хоёрынхоо мотоциклийн ард  ээлжлэн сууж явсаар  очиж уулзаж. Хамгийн гол нь анх зурагтай захиа явуудсан Банзрагч нь мөнөөх Эрдэнэчимэгийн ээжийн  эгчийнх нь хүүхэд,  манайхны хэлцээр  бөөсөө хуваадаг бөлүүд, өөрөө ч бас тахир дутуу хүн аж. Тэгээд  Батаад  манай Эрдэнэчимэг л хань болж мэдэх хүн хэмээн танилцуулах эхийг тавьсан “хэргийн эзэн, хэнгэргийн дохиур”.  Ингээд л Москвад элчин сайдын яаманд ажилладаг  байсан авга ах Эрдэнээ нь нутагтаа чөлөө аван ирж, бэр гуйж, бас бэр буулгаж, ингээд л Батаагийнх гэдэг айл гал голомтоо бадрааж эхэлсэн түүхтэй. Сайхан дурсамж, сайхан эхлэл.

Хүний амьдралд бэрхшээл зовлон бишгүй л тохиолдоно. Эд хоёрт ч адилхан. Тэр бүрийг тэд ер дурсахгүй. Асууж шалгааж, ам хэлийг нь сугалчих гэж байж ганц нэг юм яриулна. Эрдэнэчимэг  нь нэг юманд зорихоороо их шийдэмгий гэнэ. Амьдралдаа  тэр ингэж хандаж ирсэн. Хайр сэтгэлээ илэрхийлээд  тэртээ холоос мотоциклийн ард суугаад хэдэнтэй ирсэн тэр хүнийг хүлээж авахдаа ч шийдэмгий хандсан. Нугаршгүй хатан зориг гэдэг  няцашгүй сэтгэлээс л ургадаг байх. Би ямархан  гар хөлтэй хүнтэй амьдрах гэж байгаа билээ гэдгээ ч тэр сайн мэдэж байсан. Гэвч шийдсэн.  Шийдсэн түүнд эргэж буцах зам байсангүй. Эрдэнэчимэг гэж ийм  л  бүсгүй.

Батаа багш өдөрт наад зах нь 6 цаг сууж компьютер дээр номоо бичнэ. Сүүлийн үед зүйр үгээр их “занимаалдаж” байгаа гэнэ. “Зүйр үгийн сурган хүмүүжүүлэх увьдис”, “Хүн чанар, оюун ухаан, хүмүүжлээр харагдана”, “Хүн чанар ажилсаг чанар, амьдралын арчаагаар харагдана”, “Хүн чанар санаа сэтгэл, зан аашаар харагдана”  зэрэг хүн чанарын 5 боть  цуврал том хэмжээний  13-18  хэвлэлийн хуудас номын 3 дахийг  саяхан хэвлэлтээс  гаргасныгаа  надад бэлэглэв.

Үүнийг тэрлэж суухдаа миний бие  6 жилийн өмнө  бичиж хэвлүүлсэн “Зүйрлэшгүй их хатан тэвчээр” гэдэг номынхоо редактор Доктор профессор Н.Бандийн бичсэн  “Сэтгэлийн хат-амьдралын чиг заагч” гэсэн  оршлыг уншиж үзэв. Түүнд, “Хуруугаа эсгээд боочиход ганц гараар юу ч хийж болохгүй, ямар их төвөгтэй байдаг билээ. Гар оролцохгүй ямар нэг үйл хөдлөл хүмүүнд байдаг бил үү. Нүүр гараа угаах, хувцсаа өмсөх, хоол унд идэж уух, бие засах эл бүгдэд гар оролцоно. Үгүй ядахад загатнахад ч гараараа маажна. Гэтэл амьдралын их замын дөнгөж гараан дээр арван наймхан насандаа  хоёр гаргүй болж, түүнээ гарын дүрстэй резинээр орлуулчихсон, тэр нь тун ч “дуулгаваргүй”, санасны зоргоор ердөө ч үл хөдөлдөг, бас хоёр хөл хоёулаа хиймэл энэ хүн их сургуулийг онцгойлох улаан дипломтой төгсөж, өчнөөн олон жил их сургуульд багшилж, өдий төдий ном зохиол туурвиж, орчуулж, эрүүл саруул хүнээс огт дутахгүй, харин ч зарим талаар хамаагүй илүү үр бүтээлтэй ажиллаж, сайн сайхан аж төрж явааг юу ч гэлтэй билээ... гээд бараг 40 жилийн тэртээ, тэрээр “Түүний амьдралын агшин бүр нь амьдралтай хийсэн тэмцэл тулаан байж, сэтгэлийн асар их хүч, хатуужил, зоригоор тэр тулаанд дандаа ялан дийлж иржээ”  хэмээн өөрийн эрхгүй дуу алдсан байдаг. Энэ хүн ийм хувь заяатай таарсантайгаа  бүрэн эвлэрсэн хүн. “Бууж өгөх гэж өргөх гаргүй юм чинь юунаас нь айж бууж өгөхсөн билээ” гэнэ.   

 Егөө:   Би орчлонгийн хамгийн сайн багш

   Хэдий нэг хүнээс гарч болох хатан зориг, тэвчээр, хамтын амьдралаа аваад явж байхдаа туулсан цаг хугацааны дунд юу эс тохиолдож, өөртөө болоод өрөөлд гомдох, хувь заяандаа өширхөх, сэтгэл зүрхээ сэмлэх түмэн учрал ёстой  одоогийн залуучуудын хэлдгээр “хар мянгаараа” байсан хэдий ч  үүнийг энэ хоёр, хүн гурван хүүхдийнхээ хамтаар, түмэн олон сайн нөхөд, сайхан хамт олон, хүрээлэл дотор  зөвхөн сэтгэлийн хат дааж туулж  ирсэн юм  даа.

 Одоо мань хоёрт зовох зүйл алга, гурван хүүхэд нь бүгд гэр бүл, үр хүүхэд,  ажил амьдралтай. Бага хүү Эрдэнэбат нь аавынхаа багш мэргэжлийг өвлөж, МУИС-ийн эдийн засгийн сургуулийн доктор профессор болсон гэнэ.

   МУИС-д  сурч байхад  биеийн тамирын багш нь шүүлэг тавьж өгөхгүй хэдэн жил гүрийж,  гүйж хариасангүй хэмээн хатуурхаж, хожим  их сургууль төгсдөг хавар нь тэнд багшаар очсон  Спортын гавьяат багш Ишдорж нь шүүлгийг нь хааж санааг нь амраасан гэх.  Оюутан П.Батаа 3 курст орж, олон улирал дараалан  онц сурсан учир  Сүхбаатарын нэрэмжит цалин авах  болзол биелүүлчихээд байхад  “Олон нийтийн ажил, субботникт оролцдоггүй” хэмээн хасагдаж, 4 дүгээр дамжаанаасаа Сүхбаатарын нэрэнжит цалин (стипенд) буюу 400 төгрөг авч эхэлсэн гэдэг.

Групп тогтоолгох үед Сонгинохайрхан дүүргийн үйлдвэрчний байгууллагын нэг төлөөлөгч бүсгүй ”Архи ууж яваад л гар, хөлөө тайруулаа биз” хэмээн 70 хувийн групп тогтооно гэсэн эмч нартай марган 45 хувиар тогтооно хэмээн зүтгэж байжээ. Тэр 70 хувь ч бага байгаа юм биш үү. Энэ хүн 100  хувь хөдөлмөрийн чадвараа алдсан хүн гэдгийг олоод харж чадахгүй байна гэдэг юутай гаслантай. Үүнээс улбаалаад орчлонд хамгийн хатуу юм юу  вэ гэсэн асуултанд бид мэт нь  Алмаз, ган, болд, төмөр  чулуу гэх биз. Тэгвэл үгүй гэнэ ээ. Хүний хахир хатуу сэтгэлээс хатуу юм  энэ орчлон дээр байхгүй ажээ.

Ядарч явахад энэ мэт нь  хичнээн  их дарамт болдог нь гар хөлөө тайруулахаас ч дутуугүй сэтгэл янгинааж  өвтгөдөг байсны зах зухаас нь дурсан ярих. Тэгээд хамгийн эмзэг юм бол хүний сэтгэл. Явж явж хөл гарын шарх, тайруулах, хөрөөдүүлэх энэ тэр бол “нохойн” наадам  аж. Харин сэтгэлийн шарх анихгүй их зовооно шүү гэнэ    Ийм эгэлгүй хүн бидний дунд ажигч үгүй аж төрж,  хийсээр, бүтээсээр, туурвисаар явна. Энэ цагийн эгэл баатар, энэ дэлхий дээрх 8,0 тэрбум гаруй хүн дотор ч давтагдахгүй гайхамшигтай хатан зориг тэвчээр, хайрлам сайхан үлгэрийг үзүүлэн амьдарч явна. Үүнээс илүүг Батаа багшаас   юуг хүсэхсэн  билээ. Төгсгөлд нь энэ аугаа их хатан зоригт баатарлаг  хүнээр Монголчууд бахархах ёстой.             

                                      Байгаль орчны гавьяат ажилтан, доктор Б.Чимэд

                                                   “Open door”  сонин №43 (221)   

зочин
Ёстой агуу хүн юм аа. Ийм хүнийг л төр засаг олж хараад баатар болгомоор юм даа.
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

21 цаг 36 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

21 цаг 36 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

21 цаг 36 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

21 цаг 36 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

21 цаг 36 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

21 цаг 36 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

21 цаг 36 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

21 цаг 36 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

21 цаг 36 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

21 цаг 36 мин