Африкийн баруун хэсэгт дэлгэрсэн эбола вирусийн халдварын талаар иргэдэд тодорхой ойлголт өгөх зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдээллийг тоймлон хүргэж байна.
Баруун Африкт дэгдсэн хоёр дахь “хүчирхэг” вирус
Эбола вирус дэгдсэн цагаасаа хойш Африк тивийн түүхэнд байгаагүй хохирол учруулж болзошгүй эрсдэл нүүрлээд байна. Одоогоор энэхүү вирусын халдвар Ливи, Гвиней, Сьерра Леон зэрэг орнуудад тархаж өнгөрсөн гуравдугаар сараас хойш 1300 хүний аминд хүрээд байна. Эбола тархсанаас хойш анагаах ухаан түүнийг зогсоох, тархалтыг нь саармагжуулах бэлдмэл гаргаж авч чадаагүй л байгаа. Энэ нь Баруун Африкт дэгдсэн хамгийн “хүчирхэг” вирусын хоёрдугаарт бичигдэж байна. Мэдээж одоо хүртэл эмчлэгддэггүй ДОХ өвчин тэргүүнд нэрлэгдэнэ.
Зарим өвчтөн эболаг давж гарчээ
Эмч нарт найдвар төрүүлж байгаа нэгэн мэдээ бол эбола вирусаар өвчилсөн зарим иргэн эдгэрчээ. Тиймээс эболаг усгүйжүүлэлтийн аргаар эдгээх арга байгааг эрдэмтэд онцолжээ. Эбола нь тун онцлогтой вирус бөгөөд маш удаан хугацаанд, лабораторийн хүнд нөхцөлд саармагжуулах эм бэлдмэл бэлтгэж байгаа ч амжилт дагуулахгүй байна. Эдгэсэн өвчтөнүүд бүгд биеийн дархлааныхаа хүчээр үхлийн өвчнийг давж гарсан гэнэ.
Эбола туссан өвчтөний бие маш хурдан мууддаг
АНУ, ДЭМБ-ийн мэргэжилтнүүд эбола өвчин тусахаас сэргийлж урьдчилан сэргийлэхийг өвчний халдвар тархсан бүс нутгуудад сэрэмжлүүлж байна. Эболагийн халдвар авсан хүнд толгой эргэх, булчин зангирах, бөөлжих, ухаан алдах зэрэг онцгой шинж тэмдэг илэрдэг. Хэдийгээр Африкт булчин задрах, малиар зэрэг халдварт вируст өвчнүүд байдаг боловч эбола нь харьцангуй аюултай, шууд биед сөрөг нөлөө үзүүлдэг юм. Өөрөөр хэлбэл, эболагийн вирус маш богино хугацаанд үхэлд хүргэдэг нь эмчлэх арга хайж байгаа өнөө үед эмч нарыг бүр ч хүнд байдалд оруулж байгаа аж.
Эбола жижиг бүс нутагт тархжээ
Эрдэмтэн, судлаачдад эболаг дарж авах нэгэн давуу тал байгаа нь тус вирусын тархалт маш жижиг бүс нутагт бий. Хэрэв эбола тив дамжин, эсвэл олон сая хүн амтай улс орны төвлөрсөн хотод дэгдсэн бол үүнээс илүү аюул дагуулах байв. Агаар дуслын замаар халдварладаг энэ өвчин Африкийн хүн ам цөөн сийрэг бүс нутагт тархсан тул хохирол бага үзүүлж байна.Анагаах ухаан аль болох хурдан хугацаанд эболаг зогсоохын тулд хорио цээрийг чанд сахих хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Эбола нь цус, агаар дусал, нус, цэр, бөөлжис, шүлс, ам хамрын хэрэглэлээр дамждаг учир өвчин дэгдээд буй бүс нутагт ариун цэврийг өндөр түвшинд сахих ёстой аж.
Зарим иргэдэд мэдээлэл дутмаг байна
Хэдийгээр эбола Африкийн гурван оронд тархаад байгаа ч тус бүс нутагт амьдардаг хэдэн мянган хүнд эболагийн хор хөнөөлийн тухай эцсийн үнэн мэдээлэл хүрэх байдал сул байна. Засгийн газрууд сануулсаар байгаа ч Ливи, Сьерра Лионд иргэний дайн дэгдээд байгаа тул эболад таатай нөхцөл байдал үүсгэж байгаа юм. Эболагийн халдвар авсан нэгнийгээ гэр бүлийн бусад гишүүд нь эмнэлэгт хүргэж өгөхдөө өөрсдөө халдвар авснаа мэдээгүй байдаг явдал даамжирсан аж. Мөн эболаг устгахын тулд барууны боловсрол өндөр, доктор професорууд үгүйлэгдэж байгаа тухай ДЭМБ сануулжээ.