С.Санждорж: Оюу Толгой төсөл Монголд уул уурхайн ажилчдын нэгэн шинэ үеийг бүтээсэн

2022-12-26
Нийтэлсэн: Админ
 20 мин унших

Дэлхийд Монголыг таниулсан нэгэн нэрийн хуудас нь “Оюу толгой” компани.  Манай сэтгүүл  дэлхийн хэмжээний энэ ордыг анх нээлцсэн “Оюу толгой” ХХК-ийн  хүндэт дэд Ерөнхийлөгч, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Самандын Санждоржийг ярилцлагынхаа зочноор урилаа. “Оюу толгойн нэвтэрхий толь” болсон  тэрээр гайхамшигтай олон  түүхийн гэрч болсон  хүн. С.Санждорж геофизикч мэргэжилтэй. Монгол Улсын усны аж ахуйн салбарт 24 жил, “Оюу толгой” компанид 25 жил ажилласан нэгэн. Өргөн уудам их говийн үүцийг задлан Оюу толгойн ордыг нээлцсэн энэ эрхэм  тэртээх хорь гаруй жилийн түүхийг он сар өдөртэй нь, эгээ л өнөөдөр болсон үйл явдал мэт зураглан ярих нь гайхалтай байсныг энд дурдъя.  


-Таны ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн үеэс ярилцлагаа эхэлье. 
-Би 1973 онд Эрхүүгийн  Политехникийн дээд сургуулийг геофизикч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд  Усны аж ахуйн яамны Усны хайгуул төсөл эрдэм шинжилгээний хүрээлэнд хуваарилагдан очиж мал аж ахуйг усаар хангах үүрэг аваад нийтдээ 24 жил ажилласан даа. Үлдсэн 25 жилд нь Оюу толгойд ажилласан байна. Миний мэргэжил амар биш ч их сонирхолтой. Хаврын хавсарга тавьсан хөндий, халуун нар  төөнөсөн говь нутагт жилийн хагасыг өнгөрөөн худаг гаргах цэг  хайж явна гэдэг тийм ч хялбар биш. Гэхдээ дараа нь өнөөх олсон цэг дээр худаг гаргачихсан, хүн мал багшран байгааг харах сайхан. 


-“Оюу толгой” компанид анх орсон түүхээ уншигчтайгаа хуваалцвал?
-Ерээд онд Монгол орон зах зээлийн харилцаанд шилжих үед олон хүмүүс наймаанд явсан. Миний хувьд наймаа хийж  чадахгүй, Усны аж ахуйн хүрээлэндээ үлдсэн. 1997 оноос хойш таван хүүхдийн түрүүч дунд сургуулиа төгсөн их сургуульд орлоо. Их сургуулийн сургалтын төлбөрөөс эхлээд том болсон  таван хүүхдээ  хооллож, хувцаслахад цалин хүрэлцэхгүй болж тэсэхээ байгаад аргагүй ажлаасаа гарсан даа. 1996 оны яг өдийд 12 дугаар сард амралтаа аваад ажлаасаа гарсан юм. Хямд хоол хүнс, цалин мөнгө өндөртэй ажил эрсэн хүн явлаа. Тэр үед Монголд орж ирсэн Канадын нэг компанид очтол аз болоход яг миний мэргэжлээр хүн авна гэлээ. Гэхдээ нэгдүгээр сарын 20-ноос ажилтнаа авч ажлаа эхлүүлнэ гэнэ. Ярилцлагад ороод тэнцсэн. Гэтэл хүүхдийн сургалтын төлбөрөөс эхлээд хоол хүнсний мөнгөгүй болсон миний хувьд дахиад бараг сар гаруй хүлээнэ гэдэг бэрх даваа байв. Нэг найз маань өөр нэг компанид очиж уулз гээд явуулсан нь “Би Эйч Пи” компани байсан юм.   


-Та англи хэлтэй  байсан  болохоор гаднын компанид ажилд орж чадсан байх?
-1987 онд Усны аж ахуйн хүрээлэнд ажиллаж байхад НҮБ-ийн тусламжаар, усны судалгааны нэг төсөл  хэрэгжүүлэхээр болж бидний хоёр хүнийг МУИС дээр гурван сарын англи хэлний курст  суралцуулсан юм. Өдөрт дөрвөн цаг ажлаас чөлөөлөгдөн хичээлдээ суудаг байлаа. Миний хувьд орос хэлний суурь гайгүй. Гэхдээ тэдний англи хэл заах арга барил орос хэл заах аргаас  өөр байлаа. Дүрэм ер заахгүй шууд л өглөөд ингэж мэндэлнэ. Хариулт нь ийм гэж зааж өгөөд маргаашаас нь заасан үгээрээ харилцан ярилцаж эхэлсэн. Шинэ хичээл заах бүртээ түүгээрээ яриад байхаар мэддэг үгийн тоо даруй өсөөд явчихдаг юм билээ. Хүүхэд хэлд орохдоо дүрэм заалгалгүй    ярьж эхэлдэг биз дээ. Дүрэм сураад дараа нь хэлд оръё гэдэггүй. Тэгэхээр дүрэм гэдэг зохиомол зүйлд баригдсанаас хэл сурах үйл явц удааширдаг. Сайн ярьж сурсны дараа дүрмээ үзэх нь илүү дээр гэж би боддог. Гурван сарын хугацаанд үзсэнээ давтаж ярьсаар овоо гайгүй болсон ч дууссаны дараа ажил ажил гэсээр нөгөө сурсан зүйлээ давтсангүй. Гэтэл 1988 оны арванхоёрдугаар сард гэнэт НҮБ-ээс цахилгаан ирсэн. Манайд ажиллаж байсан Мурат бид хоёрыг “1989 оны гурадугаар сарын 12-ны өдөр Австрийн Вена хотод бэлэн ир. Билетээ  Монгол дахь НҮБ-ийн байгууллага дээр очиж ав” гэсэн утгатай. Бид хоёрын ой тойнд үлдсэн зүйл бараг алга. Хоёул амралтаа арванхоёрдугаар сард авч, Тэрэлжид очоод 14 хоног завсар зайгүй давтсан даа. Курст суралцаж байхдаа бүх хичээлээ соронзон хальсанд хуулсан байв. Бас үзэж байсан англи номоо фото зургийн аппаратаар авч, түүнийгээ буулган зузаан гэгч гэрэл зурган  англи хэлний ном хийлээ. Энэ бүгдийн хүчээр сүрхий сайжраад  Австрид очсон. Тэнд зургаан сар суралцсан. Сүүлд нь усны судалгааны сэдвээр Олон улсын Атомын энергийн Агентлаг дээр эрдэм шинжилгээний хуралд оролцон хоёр удаа илтгэл тавьж байлаа.  Бас компьютер ашиглаж cурсан.


-“Эрдэнэт Маагма” компани “Оюу­толгой” компанийн эхлэл үү?
-“Маагма Коппер” компани “Эрдэнэт үйлдвэр”-тэй 50:50 хувийн хөрөнгө оруулалттай хамтарсан “Эрдэнэт Маагма”  компанийг анх байгуулсан. Энэ компани 1990-ээд оноос өмнө Монголын нутагт зэстэй гэж бүртгэгдсэн газруудад хийгдсэн хайгуулын ажлын тайлангуудыг нягталж үзээд 72 газрыг сонгон авч газар дээр нь очиж шалгасан байлаа.  Гэтэл 1996 оны дунд үед  “Маагма Коппер” компанийг Австралийн “Би Эйч Пи” компани худалдан авснаар “Эрдэнэт Маагма”-ын Оюу толгойн ажил  “Би Эйч Пи” компанид шилжсэн  түүхтэй.  Харин 1997 онд “Би Эйч Пи”  Эрдэнэт-Маагма хамтарсан компаниа татан буулгаж өөрийн хөрөнгөөр “Би Эйч Пи Минералс” ХХК-ийг байгуулж, 1997 оны нэгдүгээр сард улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсан юм. Миний хувьд 1997 оны нэгдүгээр сарын 2-нд “Би Эйч Пи” компанид геологичоор  анх ажилд орсон. Усны аж ахуйн хүрээлэнд 24 жил хээрийн хайгуулын анги удирдсан намайг гаднын нөхөд энэ ажлыг  хийж чадна гэж найдсан хэрэг. 


-Тэр үед Оюу толгой том орд болно гэдгийг мэдсэн болохоор хайгуулын тусгай зөвшөөрөл авсан юм уу? 
-Америкийн геологич Денис Кокс, манай Д.Гарамжав гуай, Т.Мөнхбат гурав 1996 оны есдүгээр сард Оюу толгойд очсон юм.  Манай Д.Гарамжав гуай насаараа зэсийн орд судалгаан дээр ажилласан хүн. Эрдэм мэдлэгээр эдгээр эрдэмтнээс ер дутахгүй. Гаднынхан манай хүнээс юугаар илүү байв гэхээр дэлхийн бүхий л том ордууд дээр биеэр очиж үзсэн хүмүүс. Тэд Оюу толгойг үзээд “Том ордууд яг ийм байдаг. Энэ газар хайгуулын тусгай зөвшөөрлөө ав” гэж зөвлөсний дагуу компани Геологийн яаманд өргөдлөө өгсөн байлаа. 
Тусгай зөвшөөрөл олгох шийдвэр 1996 оны арванхоёрдугаар  сарын 31-нд  гарсан  ч бид 1997 оны хоёрдугаар сарын 17  хүртэл гэрчилгээгээ гар дээрээ авч чадаагүй юм. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ аваагүй болохоор компанийн удирдлага итгэдэггүй. “Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ   хэрэгтэй. Түүнийг авсны дараа хөрөнгө оруулалт хийнэ” гээд хөдөлдөггүй. Би өдөр бүр яаманд  очиж тусгай зөвшөөрлөө асууна. Хоёр сар гаруй хугацаанд өдөр бүр очиж асуухаар сүүлдээ нарийн бичиг  нь намайг таньдаг болсон. Дараа нь хэд гурван үг сольдог болно биз дээ. Яагаад гарахгүй байгааг асуутал тусгай зөвшөөрөл бичдэг гоё бичигтэй хүн нь ажлаар хөдөө яваад ирээгүйг хэлсэн. Тэгэхээр нь “Би гоё бичиж чадна” гэж бараг хашхирах шахам хэлэхээр нөгөө нарийн бичиг өрөвдсөн байх.  “За тэгвэл та биччих” гэхээр нь түүний ширээний өмнө зогсож байгаад хоёр тусгай зөвшөөрлийнхөө маягтыг бөглөж байлаа. Намайг бичсэний дараа нарийн бичиг сайд руугаа авч ороод гарын үсэг зуруулаад гараад ирсэн. Тэгээд  сейфээ онгойлгоод тамгаа падхийтэл дарж билээ. Одоо ч тэр сейфний хаалганы  чахрах дуу сонсогдох шиг болж байна. /инээв/ Эрт мэдсэн бол хоёр сар яам сахихгүй байсан даа. 


-“Би Эйч Пи” яагаад Оюу толгойгоос гарсан юм. Эхний нөөц нь бараг тогтоогдчихсон  үед гарсан гэж сонссон?
-400 мянга орчим тонн хүдэр байна гэсэн таамаг нөөцтэй гэж тооцоолж байсан үед  1999 онд дэлхий нийтэд эдийн засгийн хямрал болсон. Түүнээс болж “Би Эйч Пи” компани бараг дампуурах шахаж Монголын оффисоос гадна Хонконг, Хьюстоны оффис гээд дэлхийн таван тивийн жар гаруй оронд байсан олон оффисоо  хаасан. Шинэ хөрөнгө оруулалт шаардлагатай болж Сергей Диаков  Торонтод болсон PDAC-ийн хурлын үзэсгэлэнгийн танхимд  Оюу толгойн ордын бүдүүвч зураг, эхний 23 цооногийн дээжийг танилцуулж зогсох үед Айвенхоу Майнз компанийн хайгуулын хэсгийн дэд ерөнхийлөгч Дуглас Кирвин ирж сонирхож.  Дараа нь Дуглас Кирвин Монголд ирж Оюу толгойд очсон. Яг ажил зогссон үед таарсан.  Оюу толгойд ирж  гурван хоног ажиллаад бидний өрөмдсөн кернийг бүгдийг үзэж судаллаа. Энэ хүний  зөвлөсөн дагуу Роберт Фридланд Оюу толгойн төсөлд хөрөнгө оруулж хайгуул хийх болсноор манай төсөлд “Айвенхоу Майнз” компани орж ирсэн юм. 


-Дутуу өрөмдсөн цооногийн тухай сонсож байсан? 
-1997 оны намар бид Оюу толгойд зургаан цооног өрөмдсөн юм. Тавдугаар цооногийг  өрөмдүүлэх болоход  Д.Гарамжав гуайн  өрөмдүүлэх гэсэн цэгийг манай удирдлагууд зөвшөөрсөнгүй.  “Дэлхийн хамгийн том ордыг олох гэж байж  хэдэн цооногоо нэг дор шахам өрөмдүүлж болохгүй”  гээд хоорондын зайг нь томсгосон.  Эхний таван цооногт бүгдэд нь хүдэр олсон. Харин зургаадугаар цооногт хүдэр  байдаггүй. Зургаадугаар цооногийг 220м-ээс илүү гүн өрөмдсөн  бол  хүдэртээ хүрэх байсан гэдгийг хожим ойлгосон юм. Зулайд нь дөхөөд л хаасан юм билээ.


-“Би Эйч Пи” болоод “Айвенхоу Майнз”  компанийн хооронд байгуулсан гэрээг сонирхуулаач. “Би Эйч Пи” яагаад гэрээгээ “Айвенхоу Майнз” компанид шилжүүлсэн юм бэ? 
-“Би Эйч Пи”, “Айвенхоу Майнз” компанитай гэрээ хийхдээ “Та нар хоёр жилийн хугацаанд дөрвөн сая доллар зарцуулж хайгуул хий. Бидний сонирхолд нийцэх хэмжээний том орд олбол бид дөрвөн сая ам долларыг гурав дахин үржүүлж өгнө. Тэгээд өөрийн ордыг буцааж авна”гэсэн нөхцөлийг оруулжээ. Тэд энэ мэт олон хувилбарыг авч үзэн “Айвенхоу Майнз”-тай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2000-2002 оны хооронд “Айвенхоу Майнз” компани 183 цооног өрөмдсөн юм. Тэр үе хайгуулын ажлын ид үе байлаа. “Айвенхоу Майнз” компанийн Ерөнхийлөгч Роберт Фрийдланд тэр үед Чарли Форстер, Девид Крейн,  Питер Терри, Имантс, Дейл Скетчли, Сирил Орсич  нарыг урьж авчирсан. Манай Д.Гарамжав гуайтай нийлээд эдгээр зургаан хүн   бидний ажлын удирдагч нар байлаа. Оюу толгойн зэсийн илрэлийг дэлхийн хэмжээний орд болгосон хүмүүс бол тэд. Энэ хоёр жилийн хугацаанд бид хайрцагтай кернээ өрж тавиад судалж гарна. Геологичид ажлаа дуусган бүх ажлаа баримтжуулсны дараа геотехникүүд нэмж судлаад кернийг алмаазан хөрөөгөөр хөндлөн хувааж нэг хэсгийг дээж болгон лабораторид явуулна. Нөгөө хэсгийг баримт материал болон хайрцагт үлдээдэг байлаа. “Би Эйч Пи” компанийн төлөөлөгчид бидний хийсэн ажлын тайланг хүлээж аваад хөндлөнгийн компаниар дүгнэлт гаргуулахад илрүүлсэн нөөц нь “Би Эйч Пи” компанийн сонирхож байсан хэмжээнд хүрээгүй юм. Ингээд “Би Эйч Пи” өөрийн  зөвшөөрлөө гэрээний нөхцөлийн дагуу “Айвенхоу Майнз” компанид шилжүүлэн өгсөн. 


-“Би Эйч Пи” компани 150 дугаар цооногийг өрөмдүүлээгүй гэсэн яриа  сонсож байсан юм байна?
 -150 дугаар цооног бол өнөөгийн ил уурхайн нээлтийн цооног л доо. 1997 оны намар Д.Гарамжав гуай энэ цэгт өрөмдөх саналтай байсан боловч удирдлага зөвшөөрөөгүй юм. Харин энэ цэгийн ойролцоо “Би Эйч Пи” компани нэг цооног өрөмдөж  алт зэсийн агуулгатай хүдэржилтийн бүс илрүүлсэн боловч техникийн шалтгаанаар үргэлжлүүлж чадаагүй зогсоосон юм. 1997 онд 150 дугаар цооногийг өрөмдүүлсэн бол мэдээж “Би Эйч Пи”-гийн нээлт болж, Монголд үлдэх байсан байх. Гэхдээ бүр цаанаас, бурхнаас “Би Эйч Пи”  Оюу толгойн ордыг ашиглах тавилангүй байсан байх. Харин энэ цооногийг 2000 онд “Айвенхоу Майнз” компани “Би Эйч Пи” компанийн цооногийн доогуур хавуулж өрөмдсөн юм. Өнөөдөр манай ил уурхай Дондогийн Гарамжавын нэрэмжит болсон. Оюу толгойд одоогоор нийт 2500 орчим цооног өрөмдсөн. Нийт урт нь ойролцоогоор нэг сая зургаан зуун мянган метр болох байх.  Хамгийн гүн цооног  нь Херуга ордод 2800 гаруй метр буюу ойролцоогоор гурван км өрөмдсөн байдаг. 


-Хайгуулын зардлын дийлэнхийг өрмийн ажил эзэлдэг үү. Өрмийн явцад сонирхолтой зүйл их гарна биз?
-Тийм ээ, өрмийн ажил өртөг өндөртэй. Цооногийн гүн нэмэгдэх тусам өрөмдлөгийн үнэ нэмэгдэнэ. Жишээлбэл 100 метр өрөмдлөг хийхэд нэг  метр керн 30 ам.доллар байлаа гэхэд цаашаа 200 метр хүрэхэд 150 ам.доллар гээд талийж өгнө. Одоо бол өрөмдлөгийн зах зээлийн үнэ бүр өссөн байх аа. Геологийн зураглал, геофизикийн аргуудад үндэслэн хийсэн геологичдын таамаглал зөв болох нь өрөмдлөгөөр батлагдвал тэд үнэхээр баяр хөөртэй байдаг. Бидний цаашдын ажилд ч урам өгдөг. Зэсийн агуулга өндөртэй керн гар дээрээ барих ямар гоё гээч. Оюу толгойн хүдэрт алт байгааг лабораторийн шинжилгээгээр илрүүлдэг. Бид ажиллаж байхдаа 365 дугаар цооногийн 572 метрийн гүнд  алтны  мөхлөг байгааг анх удаа харсан юм. Гурван мм хүрэхгүй зузаантай судал дээр  шар будааны хагастай тэнцэх хэмжээний алтыг томруулахгүйгээр нүдээрээ харсан. Оюу толгойд ийм алт тэр бүр ингэж харагдахгүй.  Алт бол зэсийн элемент  дээр зөвхөн түрхэц  маягаар байдаг. 


-Одоо Оюу толгой ордын гүний хэмжээ ямар болсон бол. Мөн баяжуулах үйлдвэрийн талаар сонирхуулбал?
-Одоо Оюу толгойн ил уурхайн хэмжээ ойролцоогоор 1км*1.2 км гүн нь 400 метр болоод байгаа. Бид 900 метр хүртэл ил уурхайгаар олборлоно. Одоо ил уурхайгаа ашиглахын зэрэгцээ гүний уурхайгаасаа хүдэр олборлох, чиглэлээр ажиллаж байна. Манай ил уурхайн хүдрийн дундаж агуулга нь 0,5 хувьтай. Энэ нь нэг тонн хүдэр олборлож тээрэмдээд дотроос нь таван кг зэс ялгаж авах боломжтой гэсэн үг. Тэгэхээр 995 кг нь хаягдал байгаа биз. Таван кг-ын төлөө 995 кг хог тээвэрлэхгүйн тулд баяжуулах том үйлдвэр барьсан. Баяжуулснаар баяжмал дахь зэсийн агуулга 20 хувь болно. Энэ нь нэг тонн баяжмалаас  200 кг зэс гаргана гэсэн үг. Тэгэхээр хаягдал нь 800 кг болж буурч  байгаа биз. Гэхдээ шинжлэх ухаан улам хөгжиж байна. Энэ хаягдал дотор үлдсэн өчүүхэн хэмжээний зэсийг ч авдаг болно. Харин жаахан хугацаа шаардах болов уу. Тэр үед манай Оюу толгойн хаягдал овоолго дахин боловсруулагдана.


-Ирэх онд гүний уурхай ашиглалтад орно. Гүн рүүгээ орохоор хүдрийн агуулгад өөрчлөлт орох уу?
-Гүний хүдрийн биет дэх зэсийн агуулга ил уурхайн  хүдрийн дундаж агуулгаас ойролцоогоор гурав дахин өндөр байна. Өнөөдөр бид өдөрт 110 мянган тонн орчим хүдэр авч боловсруулаад ойролцоогоор 600  тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж байна. Гүний уурхайгаас хүдэр олборлохоор бүтээгдэхүүн нэмэгдээд явна. Долоон жилийн дараа бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл өдөрт боловсруулж байгаа хүдэр нь 110-150 мянган тонн боллоо гэхэд гаргаж авч байгаа бүтээгдэхүүн нь гурав дахин ихэснэ. Тэгэхээр жилд 600-650 мянган тонн зэсийн баяжмал гаргаж авах болно. Манай улсад өгөх ашиг өгөөж нь тэр хэрээр  нэмэгдээд явна.


-Эдийн засгийн энэ өгөөжөөс гадна чадварлаг  боловсон хүчнийг бэлтгэж  байна уу?
-Оюу толгой компани уул уурхайн ажилчдын нэгэн шинэ үеийг бэлтгэж бий болгосон. Манай инженерүүд  дор хаяж хоёр хэлээр чөлөөтэй харилцана. Зарим нь дөрвөн хэл эзэмшсэн нөхөд байна. Туслан гүйцэтгэгчид маань ч гэсэн асар их туршлага, мэдлэгийг хуримтлуулж байна. 1997-2000 онд өрмийн туслахаар ажиллаж байсан залуус одоо бүгд  туршлагатай мэргэжилтнүүд болсон. Тэдний олонх нь ШУТИС төгссөн залуус байлаа. Тэднээс олон хүн Австрали, Өмнөд Африкт ажиллаж байна. Зүйрлэвэл хуучин жаран ес ухдаг байсан жолооч нарт шинэ Тоёота ланд крүйзер  өгвөл  тоос татуулаад алга болно биз дээ. Барууны өрмийг анх эзэмшиж байхад тэд өрмийн туслах хийж байсан бол  одоо дэлхийн хамгийн сайн өрөмдөгч, гадаадын мэргэжилтнүүд болсон. Австралид сар ажиллаад Монголдоо ирж амраад, буцдаг олон залуучууд байна. Мөн Дархан, Эрдэнэт, Налайх, Дорнод гээд мэргэжлийн олон сургуульд 3000  гаруй хүн бэлтгэсэн. 265 хүнийг “Оюу толгой” компанид Австралийн сургалтын хөтөлбөрөөр бэлтгэжээ. Тэднээс олон  хүн  Оюу толгойд ажиллаж байна. Манай баяжуулах үйлдвэр, ил уурхай дээр ажиллаж байгаа залуус Өмнөд Африк, Австралийн ижил төстэй уурхайнуудад  жилээр, хэдэн  сар, хоногоор  очиж ажиллан мэргэжил дээшлүүлсэн.  Мөн  эдгээр уурхайтай танилцах аялал хийж байна.  Саяхан гэхэд цахилгаанчид, механикууд яваад ирсэн. Манай “Оюу толгой” компанид бүх үйл ажиллагаа нь олон улсын стандартыг 100 хувь баримтлан ажилладаг. Туслан гүйцэтгэгч өөр компанийнх гэхгүйгээр бүгд тэдгээр стандартыг баримтлан ажиллана. Монгол гэр барих аргыг хүртэл өнөөх стандартдаа оруулан өндрийн бүс зүүх ёстой гээд  оруулж ирж байсан удаатай. 


-Оюу толгойн ордыг та 100 жил ашиглах нөөц бий гэж байсан. Харин усны нөөц нь хэр бол?
-Тэр үед хайгуулыг удирдаж байсан Чарли Форстер усны хайгуулын ажлыг надад даалгасан. Би Улаанбаатарт ирээд Оюу толгойн ойр тойронд хийсэн усны хайгуулын  бүх тайланг авч үзлээ. Австралийн нэг компанитай гэрээ хийгээд жолооч, орчуулагч, дарга гээд бүх ажлыг өөрөө хийдэг байлаа. Тайлангуудаас авсан анхан шатны мэдээллийг гадаад нөхдөдөө орчуулж өгөх, төсөл, тайлан боловсруулах, хайгуул судалгааны ажлаа хийх гээд  маш их ажилтай. Урьд өмнө хийсэн хайгуулын ажлын үр дүн, сансрын зураг ашиглан  усны хайгуул хийх  гурван газраа сонгосон. Галбын говь гэдэг 300 км сунасан том хөндий. Би хэмжилтийн багажаа машиныхаа суудалд бэхлээд явна.  Миний туслах дөрвөн залуу зуу, зуун метрийн кабель чирч яваад гогцоо болгож тавина. Би түүнийг багаждаа холбоод нэг цэг дээр 20-30 минут орчим суугаад хэмжиж дуусна. 500 метр яваад дахиад л хэмжинэ. Өглөө долоогоос ажлаа эхлэн өдөрт арван цаг ажиллана. Нийтдээ  мянга гаруй  км урт шугамын дагуу ингэж хэмжиж байж өрөмдөх цэгүүдээ сонгож байлаа.  Хэмжих газартаа очих ирэхэд хамаг цагаа зарцуулах учраас хол газруудад зуур хоногоор явж ажиллана. Тэр үед коммунизм байгуулах гэж байгаа юм шиг тун ч шаргуу ажилласан даа. Хэмжилтийнхээ үр дүнд  бид газар зүйн тогтоц, ус байх цэг, хаана өрмөө тавьж, хэдэн метр гүн өрөмдөх вэ гэсэн нэгдсэн мэдээлэлтэй боллоо. Энэ ажлын үр дүнд Галбын говь болон  Гүний хоолойд 140 гаруй цооног өрөмдсөн. Устай цооногуудад туршилтын шавхалт хийж тухайн  цооногоос хэчнээн хэмжээгээр ус авбал усны түвшин хэр хэмжээнд доошлох, худаг байгуулсны дараа ямар горимоор ашиглах вэ гэх мэт бүх туршилтыг хийсэн. Гүний хоолойн усны нөөц Оюу  толгойн ордыг ашиглах хугацаанд хангалттай хүрэлцэнэ. Харин их шорвог, шүүж цэвэрлэхгүйгээр хүний унданд хэрэглэх боломжгүй. 


-Одоо Оюу толгойд хэдэн худаг ажиллаж байна вэ. Өдрийн усны хэрэглээ, мөн усны нөөцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Оюу толгойн хэрэгцээнд зориулж Гүний хоолойд  28 худаг байгуулсан. Ус нь хангалттай хүрэлцэж байна. Малчдын худагт нөлөөлсөн зүйл алга. Бид эдгээр худагтаа сар бүр мониторинг хийж усны түвшин, чанарыг хэмждэг. Улирал бүр усны дээжийг авч химийн шинжилгээ хийнэ. Усны газрын шинжлэх ухаан техникийн зөвлөл 2008 онд Гүний хоолойгоос ашиглах усны хэмжээг нэг секундэд 870 литрээр баталж өгсөн. Бидний тооцоогоор ордоос авч болох усны нөөц  6800 сая шоо метр . Сүүлд нь нэмэлт хайгуулаар энэ нөөц нэмэгдсэн байхаа. Авч болох уснаасаа өдөрт 100 мянган куб метр ус авлаа гэхэд дөчин жилийн хугацаанд 1440  сая куб метр ус ашиглана. Өөрөөр хэлбэл, дөчин жилийн хугацаанд авч болох усныхаа 21.1 хувийг л ашиглах юм. Өнөөдөр манайх хэрэглэсэн усныхаа 89 хувийг эргүүлэн ашиглаж байна. Оюу толгойтой ижил төстэй үйлдвэр дунджаар нэг тонн хүдэр боловсруулахдаа 1200 литр ус хэрэглэдэг. Манайх нэг тонн хүдэр боловсруулахдаа 430 орчим литр ус хэрэглэж байна. Гурав дахин бага ус ашигладаг гэсэн үг. Энэ хэмжээгээр нь үржүүлэхээр 40   биш 120 жил ашиглах нөөц байна.


-Гүний уурхайн бүтээн байгуулалт гэдэг газар доорх том байгууламж юм билээ?
-Хонгилын хөндлөн огтлол дунджаар хааш хаашаагаа таван метр. Энэ замаар бүх ажилчид явна, ажил үүгээр гүйцэтгэнэ. Доор байгаа бутлуурын суурь барихын тулд 1200 метрийн гүнд   25м*25м*45метрийн хэмжээтэй агуй ухсан. Энэ агуй дотроо бутлуураа барьсан. 1300метрийн гүнээс олборлож байгаа хүдэр баяжуулах үйлдвэр рүү цахилгаан шат болон налуу хонгилд байгуулсан туузан дамжуургаар гарч ирнэ. Энэ туузан дамжуургын нийт урт 6км гаруй гээд боддоо. Хэдэн жилийн дараа бид гүний уурхайгаас хоногт 90 орчим мянган тонн хүдэр гаргадаг болно. 


-Та Д.Гарамжав гуайг олон удаа дурдлаа. 22 жил хамт ажилласан  энэ хүний тухай олон сайхан дурсамж хүүрнэх байх? 
-Манай Гарамжав гуай насаараа зэсийн орд судалсан асар их туршлагатай хүн байлаа. Бид Оюу толгойн ордын зарим биетийг аль хэдийн олчхоод  байхад Гарамжав гуай баруун урагш хайгуулаа үргэлжлүүлж өрөмдөх хэрэгтэй гэнэ.  Өрөмдөхийг зөвшөөрөхгүй болохоор бухимддаг байж билээ. Тэр хүний мэдрэмж, зөн билэг гэдэг гайхалтай. Хожим нь геофизикийн хэмжилт хийж илрүүлсэн газар дээр  өрөмдөөд Херуга ордыг олсон доо. Гарамжав гуай хадны сүг зураг, чулуун зэвсэг  гээд эртний бүх зүйлсийг сонирхоно. Тэр бүхэн бас туслах мэдээлэл болдог. Ханбогдын шүлтлэг боржингийн массивын хуйлралын бүтцийг бүрэн судална гэвэл  хэдэн зуун хүнтэй  институт ч хэдэн арван жил зарцуулах байх. Гэтэл манай хүн энэ  ажилд  ганцаараа зүтгээд зөндөө зүйл хийсэн. Гэвч ганц хүн яаж бүгдийг хийж амжих вэ.  Анх уул бий болохдоо “эргтэй хадаас” шиг газрын гүнээс дээш эрчлэн хуйларч гарч ирсэн гэх онол дэвшүүлэн  судалсан. Дэлхий дээр ийм бүтэцтэй газар гарын таван хуруунд багтахаар  цөөхөн.  Аргентинд явж байхад мань хүн ваннанд ус дүүргэж байгаад цоргыг нь онгойлгон ус доош хэрхэн орж байгааг ажиглан судалж байсан нь сонин. Тийм л бүтээлч хүн байв. Энэ мэт дурсах зүйл тун их.


-Уул уурхайн салбарын 100 жилийн ой тохиож байна. Та мэргэжил нэгт нөхдөдөө мэндчилгээ дэвшүүлнэ үү?  
-Өнгөрсөн зуун жилийн хугацаанд Геологи, Уул уурхайн салбарт хүчин зүтгэж олон орд илрүүлсэн, уурхай байгуулсан олон төрлийн мэргэжилтэй ахмадууд, одоо ч гэсэн энэ салбарт ажиллаж байгаа болон энэ талын мэргэжил эзэмшихээр зориг шулуудсан залуу үеийн бүх хүмүүст баярын мэнд дэвшүүлж эрүүл энх, аюулгүй ажиллагаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 


Эх сурвалж  Mongolian Mining Journal.

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

22 цаг 43 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

22 цаг 43 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

22 цаг 43 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

22 цаг 43 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

22 цаг 43 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

22 цаг 43 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

22 цаг 43 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

22 цаг 43 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

22 цаг 43 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

22 цаг 43 мин