Хүн бүрийн мэдрэмж, дүр төрх, бодол давтагдашгүй

2022-12-22
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Нөхөр нь орой гэртээ ирэхдээ түргэн хоол болох бургер, пицца бариад орж ирвэл “Ямар сайн аав, халамжтай нөхөр вэ” хэмээн ярьдаг. Харин эхнэр нь ажлаасаа тараад ирэхдээ мөн л түргэн хоол авчирвал “Залхуу эхнэр, халамж муутай ээж. Эрүүл мэнддээ огт санаа тавьдаггүй” хэмээн дүгнэх нь элбэг.  
Бас нэгэн туршилт байдаг. Цэцэрлэгт хүрээлэнд хүүхдээ салхилуулангаа утсаа оролдож яваа эрэгтэйг харсан хүмүүс “Гар утас бидний ажлыг их хөнгөвчилж, олон чадварыг олгосон” хэмээн сайн, эерэг талаас нь ярьсан байна. Харин хүүхдээ тэргэн дээр суулгаад түрээд явахдаа гар утсаараа оролдсон эмэгтэйг харсан эргэн тойрныхон нь “Одоогийн ээжүүд хүүхдүүдээсээ илүү гар утсанд цаг зарцуулж байна. Утасны дэлгэц их хортой туяа ялгаруулдаг” хэмээн сөрөг өнцгөөс ярьжээ. Ижил дүр зургийг харсан атлаа өөр байдлаар хүлээн авсан нь эмэгтэйчүүд хүүхдээ асарч, тэднийг илүү их халамжлах ёстой гэсэн хэвшмэл ойлголтоос үүдэлтэй юм. 
Үүнээс гадна Англи хэлний “he, she” хэмээх үгийг  Монгол хэлнээ “тэр” хэмээн орчуулдаг. Тодруулбал, эрэгтэй, эмэгтэй хэмээх энэ үгсийг  Монгол хэлэнд хүйс ялгалгүйгээр “тэр” гэж хөрвүүлдэг. Ийн “google translate”-д “Тэр сансрын нисгэгч, тэр зоригтой, тэр сувилагч, тэр гал сөнөөгч, тэр аймхай, тэр ичимхий, тэр цэцэрлэгийн багш” хэмээн бичихэд Англи хэлнээ орчуулахдаа сансрын нисгэгч, зоригтой, гал сөнөөгч гэсэн үгсийг эрэгтэйд хамааруулан “He” хэмээн орчуулжээ. 
Харин ичимхий, аймхай, сувилагч гэсэн үгсийг эмэгтэй хүйсэд хамааруулан “She” хэмээн орчуулсан байна. Энэ бол бид хүчирхэг, зоригтой, чадалтай хэмээх үгсээр эрэгтэйчүүдийг төлөөлүүлж ичимхий, сул дорой гэсэн үгсээр эмэгтэйчүүдийг төлөөлүүлэн хэрэглэдгийн тод жишээ юм. Учир нь “google translate” буюу хиймэл оюун ухаан нь хүмүүс ихэнхдээ ямар үгийг хэнтэй хамааруулан ойлгож, хайлт хийдгээс шалтгаалан орчуулга хийдэг юм. 


Нийгэмд тогтсон энэ л өрөөсгөл хандлагыг өөрчлөхийн тулд “Зууны мэдээ” сонин “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” булан нээж мэргэжил сонголтод хүйс хамааралгүй гэдгийг уншигчдадаа ойлгуулахаар зорьж байгаа билээ. Энэ удаа бид хэвшмэл ойлголтын төрөл болоод тэдгээрийг хэрхэн таних мэдэх талаар нийтлэл бэлтгэлээ.

 


САЙХАН ЗАЛУУ, САЙХАН ЭМЭГТЭЙ ГЭСЭН ТОГТСОН СТАНДАРТ БАЙХГҮЙ

 

Хэвшмэл ойлголт буюу өрөөсгөл хандлага нь хэд хэдэн төрөл байдаг. Эхнийх нь гадны хүчин зүйлээс бурууг хайх юм. Хоцорсонд түгжрэл буруутай, ажил бүтээгүйд буруу өдөр болон бусад зүйлс буруутай хэмээн бодох юм. Мөн хүү, охин нь олимпиадад түрүүлвэл “Би багадаа толгой сайтай байсан.Хичээлийнх нь хажуугаар олон давтлагад суулгасны ач” хэмээн ярьдаг. Харин асуудал үүсгээд чих халууцуулвал “Манай удамд тийм хүн байхгүй. Монголын боловсролын систем, багш нарын чадвар муу. Цахим хичээлээс боллоо” гэж ярьдаг.  Энэ нь хэвшмэл ойлголтын нэг хэлбэр юм.


Хоёрдугаарт, бусдыг дагах хандлага буюу олны ярьсныг үнэн гэж бодох юм. Зам гарах гээд зогсож байхад олон хүн улаан гэрлээр гарвал “Бүгд дүрэм зөрчиж байхад би ч бас болно” хэмээн бодож дагах нь үүний илрэл юм. Аливаа мэдээллийг олон хүн ярьж, олон удаа цахимд орчинд хуваалцсан байвал үнэн гэж боддог нь өрөөсгөл ойлголт юм.


 Гуравдугаарт, өнгөцхөн зүйлд татагдах хандлага буюу шууд хараад дүгнэх юм. Тухайлбал, 1800-аад оны уран зурагт үзэсгэлэнтэйгээр дүрсэлсэн эмэгтэйчүүд махлагдуу байсан. Харин орчин үед 90:60:90 биеийн харьцаатай туранхай, алаг нүдтэй эмэгтэй бол сайхан бүсгүй, 1 метр 80 см-ээс өндөр, ханагар цээжтэй бол сайхан залуу гэж боддог. Энэ бичигдээгүй стандартдаа нийцүүлж амьдрах гээд хичээгээд байдаг нь бидний том алдаа.


Учир нь бодит байдал дээр сайхан залуу, сайхан эмэгтэй гэсэн тогтсон стандарт байхгүй. Харин бид нүд, чихэндээ хууртаад өрөөсгөл хандлага гаргах гээд байдаг юм.
Энэ талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн зөвлөх, сургагч багш Э.Энхчимэг “Бидний тархи аливаа мэдээллийг хүлээж аваад боловсруулахдаа залхуурдаг. Гал сөнөөгч гэсэн үгийг сонсоод шууд эрэгтэй хүн л байх ёстой гэж бодох нь тархины залхуурлын хэлбэр юм. Хүний тархи автомат, механик гэж хоёр төрөл байдаг. Хүмүүсийн үйлдлийн 40 хувийг автомат тархи үйлддэг. Ийм шийдвэр, үйлдэл ухамсаргүйгээр үйлдэгддэг, шинжлэх ухаанч, логик үндэслэлгүй байдаг.  Энэ нь хэвшмэл ойлголтыг дэвэргэх үндэс болдог. Аливаа зүйлийг бүлэглэж ойлгох нь тархины залхуурал юм.Нэг Вьетнам ундаа анх уугаад амт нь таалагдахгүй бол Вьетнамчууд ундаа хийж чаддаггүй гэж бодох нь залхуурлын хэлбэр” гэв.

 

ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫГ БИЙ БОЛГОДОГ

 

Бүх хүнийг өөртэйгөө ижил байлгахыг хүсдэг нь бидний гаргадаг хэвшмэл ойлголтын түгээмэл хэлбэр юм. Хүн бүр өөр гэж ярьдаг ч бодит байдал дээр үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Тухайлбал, өвлийн улирал, цасанд дургүй гэж хэн нэгэн ярьвал “Ямар сонин юм бэ, цас орох сайхан. Чи их хачин хүн юмаа” гэж ярьдаг. Мөн ижил нэртэй хүнтэй таарвал, нэг нутаг, нэг анги байвал эелдэг харьцаж, илүү их анхаарал хандуулах гээд байдаг. Үүнээс үүдэн хэн нэгнийг ялгаварлан гадуурхах, хандлага өөрчлөгдөх гээд тохиолдол гардаг. Үнэн хэрэгтээ хүн бүр өөр өөрийн гэсэн давтагдашгүй онцлогтой. Тиймээс бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх нь чухал юм.


 Тавдугаарт, хэн нэгнийг амьдрал, ажил, ур чадварыг бусад зүйлстэй нь хамааруулан ойлгож харилцаагаа өөрчилдөг өргөх, буулгах гэсэн өрөөсгөл хандлага байдаг. Хэн нэгэн ажилтан чадварлаг байсан ч “Удам судар нь сайн биш юм билээ. Хүмүүс нэг их сайнаар ярьдаггүй” гэсэн шалтгаанаар тушаал дэвшүүлэхгүй байх. Эсвэл нэг их зүйл чаддаггүй, хариуцлагагүй ажилтныг ээж, аав нь сайн хүн, манай ангийн хүүхэд, нэг нутаг хэмээн огт хамааралгүй шалтгаанаар дээш татах, магтах нь хэвшмэл ойлголтын нэг хэлбэр юм.


Энэ талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн зөвлөх, сургагч багш Э.Энхчимэг “Залилуулсан хүмүүсийн мэдүүлгийг уншихаар “Нүдэнд дулаахан, настайвтар эгч байхаар нь итгээд мөнгөө шилжүүлчихсэн. Мэдээллээ өгчихсөн” гэж ярьдаг. Нүдэнд дулаахан гэдэг нь хүний зөн совин. Орон нутагт явж байхад нэг газрын хамгаалагч “Хулгайч шиг царайтай хүн байхаар нь хөөгөөд явуулчихлаа” гэж ярьж байсан. Түүний зөн совин ямар ч гэмгүй хүнийг хөөхөд хүргэсэн байна. Ийн хэвшмэл ойлголт ялгаварлан гадуурхалтыг бий болгодог” гэв.


Зургадугаарт, мэдээллийн аль нэг хувилбарт хэт найдах нь өрөөсгөл ойлголт юм.Төрийн албанд нийт 208 мянга гаруй хүн ажилладаг. Нийтээр нь авч үзвэл эмэгтэй 62, эрэгтэй 37 хувийг эзэлж байна. Үүнээс харвал төрийн албанд эмэгтэйчүүд давамгайлж байна. Гэхдээ нарийвчлан харвал улс төр, төрийн тусгай албанд ажиллагсдын 70 гаруй хувь нь эрэгтэйчүүд байгаа бол үйлчилгээ, захиргааны албанд эмэгтэйчүүд давамгайлжээ. Мөн ахмад түшмэлийн тоо эрэгтэй, эмэгтэй 50:50 хувь буюу тэнцүү байдаг. Өнгөц харахад ижил тэгш байгаа боловч энэ албан тушаалд хүрэх эмэгтэй албан хаагчийн замнал, цаг хугацаа эрэгтэйгээс огт өөр. Иймээс аливаа зүйлд буурь суурьтай хандах нь чухал юм.


Эрэгтэй хүүхэд төрвөл цэнхэр, эмэгтэй хүүхдэд ягаан өлгий авдаг учир хүүхдүүд төрсөн цагаасаа хэвшмэл ойлголтоор “өлгийдүүлдэг” байна. ЕБС-ын сурагчдын сурах бичигт эмэгтэй хүүхдийг гэр цэвэрлэж, эрэгтэй хүүхдийг мал хариулж, ямар нэгэн эд зүйлс засварлаж байгаагаар дүрсэлдэг. Мөн түүхэнд гавьяа байгуулсан хүмүүсийг эрэгтэйгээр сурах бичигт дүрсэлдэг нь эрэгтэй хүн л гавьяа байгуулдаг гэдэг ойлголтыг хүүхдэд төрүүлдэг. Эдгээр хэвшмэл ойлголт хүүхэд төрсөн цагаас эхлэн  өвлөгдсөөр байдаг. Тиймээс хэвшмэл ойлголтоо халахын тулд бусдыг шүүх бодол, таамаглалаа байнга эргэцүүлж тунгааж байх, бэрхшээлийг даван туулахын тулд “шаардлагагүй сэтгэл хөдлөлд” автахгүй байх, эргэн тойрны хүмүүс, хүрээллээ ажиглаж, зориудаар олон янз, ялгаатай хүмүүстэй ажиллаж, харилцах замаар бүх талын оролцоог хангах зан төлвийг хэвшүүлэх нь чухал гэдгийг “Хэвшмэл ойлголтыг таньж мэдэх нь” сургалтын үеэр онцолсон юм.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 248 (6980)

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

Өчигдөр 06 цаг 00 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

Өчигдөр 06 цаг 00 мин