Казахын соёлын нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Ахмет Байтурсыновын философи, нийгэм-улс төрийн үзэл санааны товч тойм

2022-12-21
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

А.Жамбыл

 

    Энэ онд Казахстан Улсад Ахмет Байтурсыновын мэндэлсний 150 жилийн ойг ЮНЕСКО (UNESCO)-гийн шийдвэр, дэмжлэгээр өргөн тэмдэглэсний зэрэгцээ, дэлхийн хэд хэдэн оронд, түүний дотор Монгол Улсад ч соёл-хүмүүнлэгийн зарим арга хэмжээ зохион явуулж тэмдэглэв.

            Ахмед Байтурсынов (1873.1.28(15)-1938.12.8) казахын хэл, бичиг, уран зохиол, оюуны соёлын түүхийн судалгааны үндсийг тавьсан нэрт эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, жинхэнэ соён гэгээрүүлэгч, яруу найрагч, орчуулагч бүхий олон талын мэдлэгтэй, авъяас чадвартай, Казах улсыг тусгаар тогтсон, бүрэн эрх улс болгохын төлөө тэмцсэн нийгэм-улс төрийн нэрт зүтгэлтэн байв. Түүний аж төрж амьдарсан, туурвин бүтээсэн, нийгэм-улс төрийн үйл ажиллагаа явуулсан цаг үед казахын ард түмний түүхэнд хүнд бэрх, хувь заяа шийдвэрлэсэн доргио донсолгоотой олон янзын үйл явдал болж өнгөрсөн юм. Тэдгээр нь Ахмет Байтурсыновын амьдрал, үйл ажиллагаанд тусаж нөлөөлсөн түүхэн ээдрээтэй, онцгой цаг үе байв.

            А.Байтурсынов 1905 оны үеэс нийгэм-улс төрийн амьдралд идэвхтэй оролцож, тэр цагийн Хаант Орос Улсын эрх мэдэл, бүрэлдэхүүнд байсан казах түмний хувь заяа, эрх ашиг, уламжлалт соёл, тусгаар тогтнолын талаарх үзэл бодол, байр сууриа тууштай, ил тод илэрхийлэн тэмцэж байсны төлөө дөрвөн удаа 1907, 1909, 1929, 1937 онд баривчлагдан хоригдож эцэст нь 1938 оны 12 дугаар сард улс төрийн хилс хэргээр цаазлагджээ.

            А. Байтурсыновын олон талтай үйл ажиллагаа, эрдэм боловсрол, бүтээл туурвилын нэгэн чухал тал бол тэрээр яруу найргийн бүтээл, өөрийн нь үүсгэн байгуулж үндэслэсэн “Казах” нэртэй тогтмол сонин, бусад хэвлэлд нь нийтлүүлсэн судалгаа, сурталчилгааны өгүүлэл, утга санаа төгөлдөр нийтлэл, казах хэл, араб үсэгт суурилсан бичиг, уран зохиол судлалын томоохон бүтээлүүдээ гүн ухаан, нийгэм-улс төрийн гүн утга агуулгатай үзэл санаагаа илэрхийлэн бичиж ардаа үнэтэй өв үлдээсэн явдал мөн болно.

            Агуу их гүн ухаантан Гегель “Эрхийн философи” зохиолдоо “философи бол сэтгэлгээгээр ойлгож ухаарсан цаг үе мөн” (Философия есть время, постигнутое в мысли”, зарим орос орчуулгад “философия есть эпоха, схваченная в мысли”) гэжээ. Философи сэтгэлгээтэй хамт үүсэн хөгжиж ирсэн нийгэм-улс төрийн сэтгэлгээ ч мөн адил тухайн түүхэн тодорхой эрин цагийн тусгал байдаг. Үүний дагуу А. Байтурсынов өөрөө хэдийгээр мэргэжилийн философич, нийгэм судлагч биш байсан ч гэсэн бичиж илэрхийлсэн философи, нийгэм-улс төрийн үзэл санаандаа өөрийн аж төрж үйл ажиллагаа явуулсан түүхэн цаг үе, тэр цагийн казах түмний нийгэм, оюун санаа, улс төр, аж ахуйн амьдрал, өнгөрсөн түүх, ирээдүйн хувь заяаны асуудлыг эргэцүүлэн бясалгаж илэрхийлэн тусгасан байна. Энэ утгаар нь түүнийг соён гэгээрүүлэгч сэтгэгч байсан гэж үзэж болно.

            Казахын ард түмний гүн ухаан, нийгэм-улс төрийн сэтгэлгээ, түүний тодорхой төлөөлөгч сэтгэгч мэргэдийн үзэл санаа эртний түүхтэй бөгөөд тэр нь ялангуяа XV зууны үеэс хойш голцуу яруу найргийн бүтээлүүдээр дамжин илэрч хөгжиж ирсэн онцлогтой юм. Энэ уламжлал яруу найрагч А. Байтурсыновын гүн ухаан, нийгэм-улс төрийн сэтгэлгээ, үзэл санааны төлөвшил, хөгжилд мөн адил нөлөөлсөн байна. А. Байтурсынов хэдийгээр дээд боловсрол эзэмшээгүй, 1891-1895 онд одоогийн ОХУ-ын Оренбург (казахууд Орынбор гэж нэрлэдэг) хотод багшийн сургуульд суралцаж багшийн мэргэжил эзэмшсэн хүн байсан ч гэсэн өөрийн төрөлхийн хурц сод ухаан, авъяас чадвар, эрдэм ухаанд тэмүүлж зүтгэсэн хүч хөдөлмөрийн ачаар уран зохиолын онол, хэл шинжлэл, ялангуяа түрэг, казах хэл судлал, хэл зохиол заах арга, сурган хүмүүжүүлэх ухаан, казахын оюуны соёлын түүхээр дорвитой олон бүтээл туурвиж хэвлүүлсэн бөгөөд тэдгээр нь одоо ч гэсэн шинжлэх ухааны болон практикийн ач холбогдолоо алдаагүй байна. Чухам тэдгээр бүтээлүүдэд соён гэгээрүүлэгч сэтгэгчийн гүн ухаан, нийгэм-улс төрийн үзэл санаа тусгалаа олжээ. Зарим зүйлийг тодруулж хэлбэл А. Байтурсынов 1926 онд Ташкент хотод хэвлүүлсэн “Утга зохиол таниулахуй” гэсэн уран зохиолын онолын чанартай судалгааны томоохон бүтээлдээ роман, тууж, өгүүллэгт гарах үйл явдал, дүр бүхий хүмүүсийн үйл ажиллагаа, бусад асуудлыг авч үзэх явцад хүний амьдралын утга учир, зорилго, эрхэмлэл, тодорхой зорилт, хүсэл тэмүүлэл, тэдгээрт хүрэх арга зам, хэрэгсэлийн тухай өгүүлэхдээ философийн утга агуулгатай, тодруулж хэлбэл хүний оршихуйн талаар экзистенциалист философид яригддаг зарим асуудлыг авч үзэж тайлбарласан нь сонирхолтой юм.  

            А. Байтурсынов эл бүтээлдээ хүүхэд, ер хүний хүмүүжилд нийгэм, сургууль, эрдэм боловсрол, уран зохиол, эцэг эх, гэр бүлийн гүйцэтгэх үүргийг авч үзээд нийгмийн хөгжил хоцрогдсон, соёл, урлаг, сургууль хөгжөөгүй орнуудад хүүхэд, хүний хүмүүжил, төлөвшилд хараа хяналтгүй орчин ахуй урсгал байдлаар ихээхэн нөлөөлдөг, тиймээс уламжлалт нийгмийг өөрчлөн шинэтгэх, соёл, урлаг, хүмүүнлэгийн ухаан, боловсролын байгууллагуудыг хөгжүүлж, тэдгээрийн хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч үүрэг, нөлөөг чухалчлан анхаарах хэрэгтэй гэжээ. Тэрээр мөн дурдсан бүтээлдээ хүний хүмүүжил, үзэл ухамсар, сэтгэл зүй, зан авирын үндсэн хэв шинж, өвөрмөц онцлогуудын талаар бие хүний болон нийгмийн сэтгэл судлалын аспект бүхий утга агуулгатай чухал санаа бодлуудыг хэлжээ. Түүнчлэн Октябрийн хувьсгалаас өмнөх үеийн казахын нийгмийн үндсэн давхраа, бүлгүүдийн зарим төлөөлөл, тухайлбал мал ахуйтай үндэсний харамч баячууд, зугаа цэнгэл хөөцөлдсөн ганган чөлөөтэй эрчүүд, хээл хахуульд дуртай засаг ноёд, шашны эрдэм ном муутай лам нар, ядуусын нийгмийн болон сэтгэл зүй, ухамсар, эрхэмлэлийн хэв шинж, тус бүрийн нь онцдогуудыг гаргаж илэрхийлсэн нь социологийн ухааны утга агуулгатай юм.

 

            А. Байтурсынов 1910-1920-иод оны үед тэр цагийн орос-зөвлөлтийн томоохон хэл шинжлээчид, түрэг судлалын эрдэмтэдэд үнэлэгдсэн хэлний онолч, хэл шинжлэгч нэрт эрдэмтэн байв. Тэрээр “Хэл судлал” гэдэг судалгаа-сурах бичгийн чанартай томоохон бүтээлдээ хэлний гарал үүсэл, хөгжил, нийгэм, соёлд гүйцэтгэх үүрэг, хэл ба сэтгэхүйн холбоо хамаарал, түүний үндэстний онцлог шинж, казах хэл ба уран зохиолын онол, практикийн чухал асуудлуудыг авч үзэж хэлний онол ба философийн утга агуулгатай чухал санаа бодлуудыг илэрхийлжээ. Тэрээр “хэл бол нийгэм, соёлын үүсэл хөгжлийн явцад, хүмүүсийн хоорондын амьд холбоо харилцааны хэрэгцээ шаардлагаар, хүмүүсийн өдөр тутмын аж амьдарлын тогоонд буцлан бий болж, боловсрон гардаг, нийгэм-соёлын болон түүхийн үзэгдэл болно. Хэлийг хэн ч, ямар ч эрдэмтэн, суут ухаантан өөрөө дангаараа үүсгэн бий болгож хөгжүүлж чадахгүй, тийм бололцоо ч байхгүй. Харин нэгэнт үүсэн бий болж төлөвшсөн хэлийг хэл, утга зохиол судлагч эрдэмтэд шинжлэх ухааны үндэстэйгээр судалж таньж мэднэ. Тэгэхдээ хэл шинжлэл өөрийн баримталсан онолдоо хэт хөтлөгдөж ард түмний дотор хэрэглэгдэж буй амьд хэлнээс тасарч болохгүй, ерөөс хэл, түүний дотор үндэсний хэл бол тухайн ард түмэн, үндэстэн өөрийн угуул шинж чанар, уламжлалт соёл, ярилцаж харилцах, бодож сэтгэх үндэсний онцлог шинжээ хадгалж соёлжин хөгжих, тусгаар тогтнох нэн чухал хэрэгсэл мөн. Тиймээс хэл, уран зохиолын үнэн зөв, ухаалаг хөгжилд байнга анхаарч байх ёстой гэжээ.

            А. Байтурсынов Оросын хаант засгийн харьяанд байсан казах түмний боловсрол, соёлыг хөгжүүлэх асуудалд ихээхэн анхаарч бага, дунд шатны сургуулиудыг олшруулах, тэдгээрт казах  ба орос хэлийг заахдаа казахуудын уламжлалт соёл, үндэсний хэл, уран зохиолыг хадгалан хөгжүүлэх зорилгод нийцүүлэх шаардлагатай, гэтэл хаант засаг казахууд болон орос бус угсаатан, ард түмнүүдийн хэл, соёл, боловсролын талаар явуулж буй бодлого нь тэднийг аажмаар оросжуулан уусгахад чиглэж байна гэж шүүмжлэж байв. Түүний сургууль, сургалт боловсрол, сурагчид, тэдний хүмүүжлийн талаарх үзэл бодол, гаргаж тавьсан санал нь бүхэлдээ боловсрол судлал, сурган хүмүүжүүлэх ухаан, нийгэм ба соёл судлалын утга агуулгатай байв.

            А. Байтурсынов өөрийн яруу найргийн болон судалгаа, сурталчилгаа, соён гэгээрүүлэлтийн талаарх бүтээлүүддээ чухалчлан анхаарч, философи, нийгэм-улс төрийн утга агуулгатай үзэл санаагаа дэвшүүлэн тавьсан гол асуудал бол өөрийн нь аж төрж байсан үеийн казахын нийгэм, казахуудын амьдрал, соёл, боловсрол, аж ахуйн үйл ажиллагаа нь тухайн цаг үеийн шаардлага, урагшлах хөдөлгөөнөөс ихээхэн хоцрогдсон, зүйрлэж хэлбэл нойрмог, цаг төрийн өөрчлөлт, шинийг мэдэрч ухаарах, урагшлан хөгжиж дэвших хүсэл тэмүүлэл, мэдрэмж, үзэл ухамсар нь нээгдээгүй унтаа байдалтай, тэнгис далайн усанд сэлүүр залуургүй завиар салхи шуурганд туугдаж яваа мэт байсан тухай юм. Тиймээс тэрээр казах түмнийг нойрноос нь сэрээж тэдэнд аж төрж буй нийгэм нь,  мөн өөрсдөө ямар байдалтай байгааг нь мэдрүүлж ухааруулах, нүд, ухааныг нь нээх ёстой, цаашдаа тэгж амар тайван, бодох санах юмгүй нойрмог байсаар байх аргагүй болсон гэдэг үзэл санааг хурцаар илэрхийлэн тавьжээ.

            Соён гэгээрүүлэгч энэ санаа бодлынхоо дагуу 1911 онд хэвлүүлсэн шүлэгийн түүврээ “Шумуул” (“Маса”) гэж нэрлээд түүндээ зориулж шүлгээр бичсэн өмнөх үгэндээ “Миний энэ номонд орсон шүлгүүд нойрсож буй казах түмнээ жийгэх шунгинах шумуул болж хатгаж сэрээх, нийгэм, соёл, оюун санаа болон ахуй амьдралын хоцрогдлоос салах, эрдэм боловсрол, соёл, шинэ цагийн амьдралыг хүсэж тэмүүлэн тэмцэхэд уриалан дуудах явдал юм” гэжээ. А. Байтурсынов энэхүү номонд орсон шүлэг, мөн 1910-аад онд “Казах” сонин, бусад сэтгүүлд нийтлүүлсэн өгүүллүүддээ казах түмний нийгэм, соёл, ахуй амьдралын хоцрогдол, хүдлэг байдал, оюун санааны мунхаг, харанхуй байдлыг хурцаар шүүмжилж, тэдгээрийн гол шалтгаан нь туулж ирсэн түүхэн замналын явцад эрдэм мэдлэг, боловсрол, соёл, гар урлал, аж ахуйгаа хөтлөн явуулах шинэ арга ажиллагааг ухаан, нүд нээгдээгүй, юм мэдэхгүй, ухаарахгүйн харгайгаар үл ойшоож, хоцрогдож хуучирсан ахуй амьдрал, мунхаг санаа бодолдоо он удаан жил идээшин дасаж, тэдгээрээс ангижран салахыг хүсэхгүй, санаж сэдэхгүй байсаар өдгөөд хүрсэн явдал юм гэсэн санаа бодлыг хэлжээ. Тэрээр ард олныг ийм байдлаас ангижруулж шинэ цагийн амьдралд сургаж хүргэх гол бөгөөд нэн чухал арга хэрэгсэл бол тэднийг соён гэгээрүүлэх, эрдэм боловсролтой болгох, мал аж ахуйгаа хөтлөн явуулах шинэ арга ажиллагаанд сургах, гар урлал болон машинт үйлдвэрлэл нэвтрүүлэх явдал мөн гэж үзжээ.

            А. Байтурсынов 1909 онд “Дөчин ёогт үлгэр” нэртэй номоо хэвлүүлсэн бөгөөд түүндээ Оросын нэрт ёгт үлгэрч И.А.Крыловын нэлээд ёогт үлгэрийг орчуулж үлгэр бүрийн төгсгөлд өөрийн санаа бодлыг дөрвөн мөр шүлгээр нэмж илэрхийлсэн, үүний дээр өөрөө нийгэм-улс төрийн далд утгатай ёогт үлгэрүүд зохиож тэдгээрт Оросын хаант засгийн эзэрхэг, дарангуй бодлого, хүмүүсийн ахуй амьдрал, ухамсар зан авир, үйл ажиллагаанд байдаг муу муухай үзэгдэл, үйл явдлыг далд утгаар ёожлон шүүмжилж хүн ардыг ухааруулах, муу зүйлийг жигшүүлж хүмүүжүүлэх үзэл санаануудыг уран бөгөөд чадварлаг тусгаж илэрхийлсэн байна.

            А. Байтурсынов 1910-аад онд бичиж нийтлүүлсэн бүтээлүүддээ казах түмэн XIX зуунд төр улсынхаа тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөгөө алдаж Оросын эзэнт гүрний эрхшээлд орсны учир шалтгааныг нэг талаас тус гүрний бусдыг эзлэн эрхшээх бодлого, үйл ажиллагаатай холбож, өөр нэг талаас нь казахын хад ноёд улс гэрээ холын бодлоготой авч явах ухаан дутасан, хоорондоо өрсөлдөн тэмцэлдэж хүч суларсны улмаас Орост дагаар орох болсон юм гэж тайлбарласан байна.  Тэрээр хэд хэдэн шүлэг, нийтлүүлсэн өгүүлэлдээ казахууд тийнхүү уудам бөгөөд асар их баялагтай газар нутагтаа эзэн болж, эрх чөлөөтэй оршин сууж аж төрөх бололцоогоо алдаж эзэрхэг гүрний эрхшээлд орсны нийгэм-улс төр, эдийн засгийн үр дагавар, хор холбогдолыг болон ер нь үндэстэн, ард түмэн туурга тусгаар төр улстай, үндэсний эрх чөлөөтэй, соёлжиж хөгжин дэвжсэн ахуй амьдралтай байхын үнэ цэнэ, утга учрыг казахын ард түмэнд сургамж сануулга болгож өгүүлэн бичжээ.

            А. Байтурсыновын улс төрийн үзэл санаа 1905 онд казахын оюунлаг бодрол сэтгэлгээтэй нийгэм-улс төрийн хэсэг зүтгэлтэнтэй хамтран боловсруулж 14500 хүн дэмжиж гарын үсэг зурсан, Оросын хаант төрд илгээж хүргүүлсэн өргөх бичиг; казахын ард түмнийг тусгаар тогтносон төр улстай болгохын төлөөх тэмцэл хөдөлгөөнийг зохион байгуулан удирдаж түүнийг 1917-1920 онд амжилтанд хүргэж оршин тогтож байгаад большевикуудад хавчигдан тараагдсан казахын үндэсний улс төрийн анхны нам болох “Алаш”-ын мөрийн хөтөлбөрт тусгалаа олсон байдаг. А. Байтурсыновын улс төрийн үзэл санаа түүнчлэн Октябрийн хувьсгалын дараах казах түмний түүхэн хувь заяа, казахууд ЗХУ-ын бүрэлдэхүүнд үндэсний язгуур эрх ашгаа бүрэн хамгаалж хэрэгжүүлж чадах өөртөө засах субьект байх тухай, мөн казахын ард түмний талаар большевикуудын төлөвлөж явуулж эхэлсэн бодлогыг шүүмжилсэн үзэл санаа агуулсан В.И.Ленинд 1920 онд бичиж хүргүүлсэн хоёр захидал зэрэг бичиг баримт, мөн 1910-аад онд бичиж нийтлүүлсэн хэд хэдэн өгүүлэл, нэлээд шүлэгт тусгалаа олж томъёологдсон байна. А. Байтурсыновын улс төрийн үзэл санаа бүхэлдээ казах түмний үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, өөрийгөө засаглах засаг захиргааны хэлбэр, хууль эрх зүйн механизмын тухай юм.

            А. Байтурсыновын философи, нийгэм-улс төрийн үзэл санаа ХХ зууны эхний гуч гаруй жилийн үе дэхь казахын нийгмийн сэтгэлгээний түүхэнд тус ард түмний нийгэм, соёл, улс төр, оюун санааны амьдралын чухал асуудлуудыг өмнөх үеийн нийгмийн сэтгэлгээний үзэл санаанаас ихээхэн ялгаатай байдлаар дэвшүүлэн тавьж тэдгээрийг цаг үеийн шаардлагын түвшин эргэцүүлэж бодож бясалгасан хариу тайлбар, нэгтгэн дүгнэсэн үнэлгээ дүгнэлт өгсөн сэтгэлгээний үнэт өв болохыг өнөөгийн казахстаны философич, нийгмийн сэтгэлгээг судалдаг эрдэмтэд авч үзэж өндөр үнэлж байна.

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

Өчигдөр 06 цаг 00 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

Өчигдөр 06 цаг 00 мин