Ч.ГАНТУЛГА
Үзэсгэлэнт бүсгүй Мими энэлэн шаналж байх юм. Тэрбээр хүнд өвчинд нэрвэгджээ. Түүний сүүлчийн хүсэл нь хайртай залуутайгаа уулзах. Ийнхүү өрөвдөлтэй бүсгүйн сэтгэлийн шаналал, гуниг зовлон тайзан дээр хөвөрнө. Мими сайхан хайртай учирч, аз жаргалтай амьдрахыг л хүссэн. Гэвч Рудольф түүнийг хуурчээ...
Сонгодог урлагийн ноён оргил болж, дэлхийн олон театрт тавигдаж, эмэгтэй дуучдын хоолойн цар хүрээ, чанар чансаанаас илүү сэтгэлийн хөг, бодит мэдрэмжийг шаардсан Ж.Пуччинийн “Богема” дуурийг эх орныхоо театрт шимтэн үзэж байв.
Сэтгэл зүрхэнд үнэн мэдрэмжийг өгч, өөрөө Мимигийн ертөнцөд гүн уусч дүрээ хамгийн тодоор илэрхийлж чаддаг дуучин бол энэ цагийн сонгодог урлагийн тэргүүн хатагтай, Монгол Улсын гавьяат жүжигчин, УДБЭТ-ын гоцлол дуучин Өнөшихбаярын Уянга юм.
Ягаан театрын эрхэмсэг оршихуй үзэгч түмэндээ мэхийн ёслоод тайзны араар ороход театрын торгон улаан хөшиг алгуурхан хаагдлаа. Гэвч үзэгчдийн алга ташилт үргэлжилсээр. Яг л энэ мөч шиг тасралтгүй үргэлжлэх алга ташилт, хүмүүсийн хайр, хүндэтгэлийн дунд Ө.Уянга амьдралынхаа 19 жилийг өнгөрүүлж байна. Уулзаад ярилцахад их энгийн мөртлөө тайзан дээр гарахаараа дэндүү омог бардам, эрхэмсэг түүний дуурь шиг амьдралынх нь гэгээн харгуй, хөг аялгуу сүлэлдсэн түүх, дурсамжийг доор өгүүлэх болно.
Тав дахь үеийн гоцлол дуучин
УДБЭТ-ын уран бүтээлчид ойрын өдрүүдэд тун завгүй байна. Учир нь тус театрын гоцлол дууны анги энэ жил 70 настайгаа золгож байгаа юм. Театраасаа 10 насаар ах тус ангийнхан түүхт ойдоо зориулж “Grand opera” хүндэтгэлийн тоглолтыг амжилттай зохион байгуулсан билээ. Тэр л тайзан дээр жинхэнэ хоолойн цар хүрээ, мэргэжлийн дуучдын чанар чансааг харуулж, ирсэн зочид дэлхийн шилдэг дууриудын ариг нэг тайзан дээрээс чих, сэтгэл баясан сонссон юм. Ийнхүү тоглолтын тухай өгүүлсний учир нь энэ удаагийн нийтлэлийн гол дүр Ө.Уянга гоцлол дууны ангийн 70 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсгийн даргаар томилогдон ажиллажээ. Өөрөө ч энэ цаг үед гоцлол дуучдынхаа тэргүүн эгнээнд алхаж яваа түүний хувьд том хариуцлага бөгөөд нэр төрийн хэрэг байсан тухай онцолж байсан юм.
“Бөмбөгөр ногоон”-оос эхлэлтэй УДБЭТ ирэх жил 60 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Харин 1952 оноос эхлэлтэй гоцлол дууны ангийн 70 жилийн ойн хүрээнд хийх ажлууд ирэх оны хоёрдугаар сард хаалтаа хийх ажээ. Анх 11 хүнтэй байгуулагдаж байсан тус анги нь өдгөө 120 гаруй мэргэжлийн дуучдыг эгнээндээ элсүүлжээ. Энэ л ангиас өнөөдөр дэлхийн дуурийн урлагт гялалзаж яваа Ардын жүжигчин Э.Амартүвшингээс эхлээд үе, үеийн шилдэг дуучид төрсөн байдаг. Түүний нэг нь сонгодог хатагтай Ө.Уянга юм.
Тэрбээр анх 2003 онд энэ театрт гоцлол дуучнаар орсон, тав дахь үеийн уран бүтээлч юм. Түүнээс өмнө дөрвөн үе солигдоод амжжээ. Тэрбээр анх театрын гоцлол дуучин болоод л 203 дугаартай өрөөнд суудаг болжээ. Одоо ч энэ л өрөөндөө байна. Хуучны төгөлдөр хуур, жижигхэн буйдан, өнгө будаг нь хуучирсан ч эдгээр эд хогшил залуухан дуучнаас эхэлсэн түүний амьдрал, авьяас билэг, ур чадварын хувьд өсч дэвшсэн цаг хугацаа бүхнийх нь нэгэн гэрч ажээ. Анх 203 нойморт гавьяат жүжигчин Б.Пүрэвсүрэн, А.Бүтэд, Б.Уртнасан, Б.Баадайжав зэрэг алтан үеийн шилдэг дуучид сууж байв. Харин Ө.Уянга дуучныг анх энэ өрөөнд ирэхэд өнөөдөр сууж байгаа суудал дээр нь Ардын жүжигчин О.Долгор суудаг байжээ. Өөдөөс нь харсан ширээнд Ардын жүжигчин Б.Жавзандулам, хажууд нь Ардын жүжигчин Б.Мөнхшүр гээд тухайн цаг үеийн шилдэг дуучид энэ жижигхэн өрөөнд уран бүтээлээ туурвиж байв. Эдгээр дуучин шинэхэн гоцлол дуучнаа ээжийн, эгчийн сэтгэлээр тосон авч, нүүрээ хэрхэн будах, үсээ яаж шуухаас эхлээд дуурийн дуучны анхан шатны мэдлэгийг, өөр олон ч зүйлийг зааж сургажээ. Одоо ч энэ гинжин хэлхээ тасраагүй байна. Учир нь Ө.Уянга ч ялгаагүй өөрөөсөө хойш орж ирсэн залуу дуучиддаа уламжлалын дагуу зөвлөж, зааж, чиглүүлж явна.
Кыргизийн театрт “Риголетто” дуурьт дуулав
Дуучин Ө.Уянга энэ жил “Яг түүн шиг” шоунд оролцож, өөрийгөө өөр нэг өнцгөөс харуулж чадсан билээ. Хоёр сар гаруй үргэлжилсэн тус шоу нэвтрүүлэг түүний хувьд сонирхолтой мөртлөө хүндхэн даваа байсан тухай хуучилж байсан юм. Үзэгчдийн хувьд ч хайрлаж, хүндэлдэг дуучнаа дэлхийн шоуны тайзан дээрээс харахад таатай, зугаатай байсан нь лавтай. Харин тус шоуны дараа дуучин маань алс орныг зорьжээ. Тодруулбал, хоёр орны театрын хамтын ажиллагааны хүрээнд Кыргизийн театрт “Риголетто” дуурийн Жильдад дуулжээ. Дуучин Ө.Уянгын хувьд гадны театруудад дуулж байсан туршлагатай ч энэ удаад Кыргизийн театрт анх удаа дуулсан нь энэ ажээ. Тэрбээр гадны театрт очих бүртээ өөрийнхөө театртай харьцуулж, уран бүтээлчдээс нь суралцаж, туршлага солилцдог уламжлалтай. Кыргизийн театрын хувьд өнгө төрх, үзэмж сайтай байсан тухай ярьж байсан юм. Харин уран бүтээлчдийнх нь хувьд нас нэлээд өндөр болсон, яг нэг үе солигдох гэж байгаа театр ажээ.
Ө.Уянгын Кыргизийн театртай хамтрах уран бүтээл нь ингээд дуусахгүй ажээ. Учир нь дуучин маань ирэх нэгдүгээр сард өөрийн нэрийн хуудас болсон “Травиатта” дуурьт дахин очиж гоцлох хуваарьтай байгаа юм байна. Түүний хувьд энэ дуурьт 10 гаруй жил дуулсан туршлагатай билээ. Дуучин Ө.Уянгын хувьд театрт ороод “Чингис хаан” дуурийн туслах дүрээр анх тайзнаа гарсан байдаг. Харин хамгийн анх бүтээсэн сонгодог, гол дүр нь “Богема” дуурийн Мими билээ. Энэ дүрээр дуучин маань театрын тайзнаа хоолойн чадал, жүжиглэх авьяасаа харуулснаар үзэгчид болон мэргэжлийнхэнд өөрийгөө албан ёсоор хүлээн зөвшөөрүүлсэн байдаг.
Цасан охин болох мөрөөдлөө биелүүлжээ
Гавьяат жүжигчин Ө.Уянга Хөвсгөл аймгийн уугуул, айлын том охин ажээ. Аав ээжийнх нь хувьд түүнийг заавал урлагийн хүн бол гэж шаардаж байсангүй. Өөрийнх нь авьяас билэг хаа хүрнэ тэр зүг рүү явж, хүсэл мөрөөдлөөрөө амьдрах боломжийг өөрт нь олгожээ. Аав Өнөшихбаяр нь зургаан хүүхэдтэй айлын дунд хүү бол ээж Наранцэцэг оёдлын чанар шалгагч, техникч бөгөөд найман хүүхэдтэй айлын том охин юм байна. Ө.Уянга багаасаа л ээжийнхээ урлаж өгсөн хувцсаар гангарч өсчээ. Харин Ө.Уянгын хувьд зургаан дүү дагуулсан том охин. Айлын том хүүхэд үүрэг хариуцлага ихтэй. Тиймээс багаасаа л дүү нартаа үлгэрлэж, зөв бодолтой явж, зөв хүн байхсан гэсэн зорилгыг өөртөө тавьжээ. Зорилгодоо ч хүрсэн учир өдгөө дүү нар нь эгчийнхээ үгийг сонсдог, хүндэлдэг, өөр өөрийн замаар, салбар бүрт амжилттай ажиллаж, амьдарч байгаа гэнэ.
Хүүхэд бүхэн багадаа шинэ жилийн баярыг хүсэн хүлээдэг. Өвлийн өвгөнд хүслээ шивнэж, ууттай бэлэг мөрөөддөг. Харин бяцхан Ө.Уянгын хувьд цав цагаан даашинз өмсөөд, цасан охин болохыг мөрөөддөг байжээ. Тэрбээр хоёрдугаар ангийн сурагч байхдаа энэ мөрөөдлөө биелүүлсэн байна. Охиноо цасан охин болох сургаар ээж нь түүнд урдаа халаастай дэрвэгэр даашинз оёж өгчээ. Чимэглэл бүхнийг нь гараар урласан гэнэ. Тухайн үед өнөөгийнх шиг бэлэн цасан ширхэг байгаагүй учир ээж нь шөнөжингөө дэвтрийн цаасыг цасан ширхэг шиг болгон хайчилж суужээ. Хэрэв цасан ширхэг нь дуусчихвал хэрэглээрэй гээд даашинзных нь хажууд бяцхан богц оёж өгчээ. Охин нь ээжийнхээ энэ их сэтгэл, хайрын хүчээр хамгийн хөөрхөн цасан охин болж, хүүхэд насныхаа гэгээн мөрөөдлийг биелүүлсэн түүхтэй.
Д.Банди багшийн гарын шавь
Дуучин Ө.Уянга таван настайдаа сургуульд оржээ. Үеийнхнээсээ сэргэлэн цовоо, адтайгаас гадна үсгээ нүдэлчихсэн байсан учир ийнхүү эрт сургуульд элсэж, 16 настайдаа 10 дугаар ангиа төгссөн аж. Түүний хувьд багаасаа л урлагт дуртай, дуулахаас гадна эвлэгхэн бүжиглэчихдэг охин байжээ. Харин наймдугаар ангид орох жил нь сурагчдыг хүсэл сонирхлынх нь дагуу төрөлжсөн ангиудад хуваарилсан байна. Тухайн үед Ө.Уянга хөгжмийн боловсрол олгох ангид оржээ. Ийнхүү тэрбээр ахлах ангиа төгсөхдөө гоо зүйн хичээлийн мэдлэгтэй, хөгжмийн онолоо судалчихсан, суурь мэдлэгтэй төгссөн гэнэ. Харин сургууль төгсөх жилээ СУИС-д шалгалт өгсөн ч насанд хүрээгүй гээд аваагүй гэнэ. Харин насанд хүртлээ зүгээр суухыг хүсээгүй учир Соёлын коллежид суралцаж байгаад 18 нас хүрээд хүсэж мөрөөдсөн сургуульдаа элсжээ. Түүний хувьд шалгалт өгөхдөө Ардын жүжигчин О.Долгорын дуунуудаас дуулжээ. Комиссын хувьд ч түүнд шууд дуурийн дуулаачийн ангийг санал болгосон аж.
Өнөөдрийн гавьяат жүжигчин Ө.Уянгын өдий зэрэгтэй дуурийн дуучин болох суурийг тавьсан хүн бол дуурийн дуучин, энэ цагийн шилдэг дуучдын багш Д.Банди агсан билээ. Д.Банди багшийн хувьд өөрийн заах арга барил, сургалтын тусгай дэгтэй хүн байжээ. Тодруулбал, зарим багш зөвхөн нэг хоолойг дагнаж, дуучин төрүүлдэг бол Д.Банди агсан бүх хоолойнд жигдхэн тавилт тавьдаг, хоолой бүхэнтэй ажиллаж чаддаг школтой байсан тухай шавь нь болон өдгөө ч СУИС-ийн багш нар дурсан ярьдаг билээ. Ихэвчлэн эрэгтэй дуучинтай ажиллаж байсан багшийнхаа цөөхөн эмэгтэй шавийн нэг нь Ө.Уянга юм. Багш нь түүнийг үргэлж сайн дуучин болно гэж хурцалдаг байв.
Ө.Уянга дөнгөж сургууль төгссөн жилээ нярайлжээ. Том хүүгээ өлгийдөж аваад 10 хоноогүй байтал гэрийнх нь хаалгыг хүн тогшжээ. Хаалгаа нээтэл Д.Банди багш нь цэцэг, бялуу барьчихсан хайртай шавиа хамгийн эхэнд эргэж ирсэн нь энэ. Тухайн үед багш нь шавьдаа нэг их удалгүй уран бүтээлдээ ороорой гэж аминчлан захисан гэдэг. Багшийнхаа хэлснээр Ө.Уянга хүүгээ дөнгөж хоёр сар хүргээд уран бүтээлдээ орж, “Морин хуур” наадмаас Гранпри шагнал хүртсэн түүхтэй. Мөн Д.Банди багш нь түүнд хэзээ ч чи том дуучин болно гэж хэлж байсангүй. Харин “Миний охин театрын дуучин болохоороо үүднээс нь л эхлээд анх тааралдсан хүн бүртэйгээ үргэлж мэндэлж яваарай” гэж захисан нь өдгөө хэвшил болжээ.
Монголын “ABBA” буюу “Классик жем”
Дуучин Ө.Уянгын уран бүтээлийн замналыг “Классик жем” хамтлагаас салгаж ойлгох боломжгүй. 2000 оны дундуур тухайн хамтлаг Монголын хөгжмийн ертөнцөд томоохон байр суурийг эзэлсэн билээ. Театрын залуухан дуучин Ө.Уянгын хувьд энэ хамтлагт дуулснаар хүмүүст илүү танигдаж, дуучныхаа хувьд өсөж дэвжсэн он жилүүд байсан юм. Хэдийгээр хамтлаг гурван жил л уран бүтээлээ хийсэн ч өдгөө энэ хамтлагийн тухай дурсамж яриа дундаршгүй их. Ө.Уянгын хувьд анх хамтлагт орохдоо л дуурийн урлагаа орхихгүй гэсэн бат байр суурьтай байсан гэдэг. Тиймээс таван жил сурсан мэргэжил, дуурийн дуучны карьераа илүүд үзэж, энэ л театртаа үнэнч үлдэх сонголтыг хийсэн тухайгаа ярьж байсан юм. Тиймээс сонголтдоо хэзээ ч харамсдаггүй гэдгээ онцолж байв.
Ө.Уянгын хувьд одоо ч хамтлагийнхантайгаа холбоотой байдаг гэнэ. Хамтлагт хамт дуулж байсан дуучин Б.Туяа ч өдгөө УДБЭТ-ын гоцлол дуучнаар ажиллаж байна. Зэргэлдээ өрөөнд сууж, нэг салбарт ажиллаж байгаа тэд амьдралынхаа алтан үеийн нэг “Классик жем” хамтлагийнхаа тухай үргэлж дурсаж, сэтгэлдээ нандигнаж явдаг ажээ. Дуучин Ө.Уянга дуурийн урлагаас уран бүтээлчээс гадна хувь хүнийхээ хүмүүжилд олон авууштай зан чанарыг суулгажээ. Энэ урлаг түүнд тэвчээртэй байх, багаар ажиллах, хүнээс үг даах, хэн нэгнийг хууран мэхлэхгүй байх зэрэг хүний амьдралын өдөр тутамд хэрэг болдог олон сайхан зан чанарыг төлөвшүүлсэн аж.
Сайн ээж, халамжит хань
Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянгын нэр алдар, өнөөдрийн карьерийн ард чимээгүй нуугдаж, ажлаа хийх боломжоор нь бүрэн хангадаг хүн нь түүний хань Б.Баатархүү юм. Адилхан дуучин мэргэжилтэй учир нэг нэгнээ илүү ойлгож, дэмждэг тухай ярьж байсан юм. Дуучин бүсгүйн хань нь “Улаанбаатар” чуулгын дуучин ажээ. Тэд оюутан байхаасаа нэг нэгнээ мэддэг байсан бөгөөд нэлээд хожуу амьдралаа холбосон юм. Ханийнх нь хувьд бүхий л зүйлийн эхэнд гэргийгээ тавьж, ар гэрийн ажилд санааг нь чилээхгүйгээр ажилдаа сэтгэл зүрхээ зориулах боломжоор бүрэн хангадаг ажээ. Тиймээс ч дуучин Ө.Уянга сэтгэл амар дууриа дуулаад, инээд хөөр аз жаргалтайгаар амьдарч байна. Хэдийгээр сонгодог урлагийн тайзан дээр эрхэмсэг оршдог дуучин маань бусад цагт бол сайн ээж, халамжит хань байхыг хичээдэг гэсэн. Учир нь том хүүгээ багад нь төдийлэн цаг, зав гаргаж чадаагүй учир одоо чөлөө гарвал хоёр бага хүү болон гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөхийг эрмэлзэх болсон ажээ. Ийнхүү дуурь шиг адармаатай, асаж дүрэлзсэн амьдралтай дуучин бүсгүйн амьдралын түүхээр аялсан тэмдэглэлээ энд хүргээд өндөрлөе. Сонгодог театрын эрхэмсэг оршихуй, дуурийн дууч шувуухай минь илүү өндөрт тэмүүлж, алтан гургалдай шиг хоолойгоо дэлхийн тайзнаа гайхуулж амьдраарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 240 (6972)